"Тусгай хэрэгцээт хүүхдэд туслах, хайрлах, хамгаалах хандлага соёл болон төлөвшиж байна"
Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь 1, 2” төслийг хэрэгжүүлэгч Ховд аймгийн Жаргалант сумын 7-р сургуулийн захирал Ц.Алтантунгалагтай ярилцлаа.
- Та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулна уу?
- Миний нэрийг Ц.Алтантунгалаг гэдэг. Боловсролын салбарт 28 дахь жилдээ ажиллаж байна. Тус салбарт багш, нийгмийн ажилтан, Боловсролын газарт мэргэжилтэн гэх мэт ажлыг хийж ирсэн. 7-р сургуулийн захирлаар 2013 оноос эхлэн одоог хүртэл ажиллаж байгаа Монгол улсын Зөвлөх багш зэрэгтэй.
-Танай сургууль дээр хэрэгжүүлж буй “Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь” төсөл хэчнээн эцэг, эх сурагчдад хүрсэн бэ?
-“Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах зарчмыг дэмжих нь 1” төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй болон ямар нэгэн ялгаатай хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах зорилготой байв. Эхний төслийг 2018 оноос эхлэн зорилтот бүлгийн сургуулиудад хэрэгжүүлсэн бөгөөд бага ангийн багш, сурагч, эцэг, эхчүүдийг хамруулсан. Үүний үр шимийг 780 сурагч тэдний эцэг, эх 1000 гаруй эцэг эх, 30 багш хүртсэн.
Одоо уг төслийн хоёрдугаар үе шатыг 2021-2024 онд дунд ангид үргэлжлүүлэн хэрэгжүүлснээр 6-9 дүгээр ангийн 420 хүүхэд тэдний эцэг эх, 45 багш, 70 ажилчид төслийн үр дүнг хүртэж тэгш хамруулах соёлыг сургуулийн орчинд түгээн дэлгэрүүлж байна. Тодруулбал, бид өнгөрсөн хугацаанд Ховд аймгийн 25 сургууль болон уг төслийг хэрэгжүүлдэг Баян-Өлгий аймгийн II сургууль, Говь-Алтай, Өвөрхангай, Улаанбаатар хотын 75, 39 дүгээр сургуульд сайн туршлагаа хуваалцсан. Гол зорилго нь тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийг бага ангиас дунд ангид дэвшин суралцах бэлэн байдлыг хангах, тэдний суралцах орчныг сайжруулах, бага дунд ангийн багш нарын тэгш хамруулан сургах мэдлэг, арга зүйг сайжруулах, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, тэгш хамруулан сургах боловсролын төрийн бодлогын зохицуулалтад нөлөөлөхөд тус дэм болох зорилготой үйл ажиллагааг зохион байгуулахад чиглэж байна.
-Төсөлд хамрагдаж, сургалтад суусан эцэг, эхчүүдээс ямар санал сэтгэгдэл ирүүлж байна вэ?
7-р сургуулийн хувьд ХБХ-ийн оношлогооны салбар комиссын хурлын шийдвэрээр оношлогдсон 17 сурагч байдаг. Үүнээс бага ангид 11, дунд ангид 6 хүүхэд суралцаж байна. Эдгээр сурагчдад хүүхэд бүрд тохирсон хөтөлбөрөөр буюу ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж ажиллаж байна. Эцэг эхчүүдийн хувьд сургууль багш нартаа сэтгэл хангалуун байдаг. Мөн манай сургуулийг сонгон ирж буй хүүхдийн тоо ч нэмэгдэж байгаа юм. Эцэг эхчүүд чин сэтгэлийн баярласан үгээ хэлж манай багш нарт урам өгдөг. Тусгай хэрэгцээт хүүхдүүд хамт олон, хүүхдүүд дунд хөгжиж, бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх чадвартай болж ямар ч хүнд санаа бодлоо зөв ойлгуулдаг болсон зэрэг ахиц амжилтыг хараад тэдний эцэг эхчүүд баярлаж талархаж байгаагаа байнга илэрхийлдэг. Үүнээс гадна энэ сургуулийн 1000 гаруй сурагч багш, ажилчид хөгжлийн онцлогтой гэж харахгүй энэ хүүхдүүдийг хайрлах хамгаалах, тэдэнд хандах хандлага өөр болсонд эцэг эхчүүд баяртай сэтгэл хангалуун байдаг.
-Сурагчдын хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?
-Урьд нь багш, сурагчид хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах, харилцах арга барил, арга зүйгээ олохгүй тулгамдсан асуудал үүсдэг байсан. Төсөл хэрэгжсэнээр нөлөөллийн, хандлага өөрчлөх, мастер багш бэлтгэх сургалтанд удаа дараа хамрагдаж өөрт тулгамдсан асуудлаа багаараа, ангиараа, хамт олноороо ярилцаж, асуудлаа шийдвэрлэдэг дадал хэвшил тогтсон. Мөн сургууль аливаад багаараа ажиллах арга хандлагад суралцаж байна.
Манай хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдүүдийг эергээр хүлээж авдаг. Ямар нэгэн гадуурхал ялгаварлал байдаггүй, байгаагаар нь хүлээж авдаг, хүлээн зөвшөөрдөг гэвэл илүү ойлгомжтой болох байх. Олон төрлийн зан ааш гаргадаг хүүхдүүд ирдэг боловч сарын дараа анги хамт олондоо дасаад, төлөвшөөд, сургуулийн дүрэм журмыг дагаж мөрдөөд нийгэмшдэг, бас их хариуцлагатай болдог. Манай сургуульд төслөөс “Хүүхэд хөгжлийн 2 танхим” байгуулж өгсөн. Энэ танхимд хуваарийн дагуу хичээлийн бус цагаар багш нар хүүхдүүдэд давтлага өгөх, хичээл нөхөх, сонгон суралцах дугуйлан хичээллүүлдэг. Энэ танхимд заавал тусгай хэрэгцээт хүүхдүүд ордоггүй бүх хүүхдэд нээлттэй байдаг. Ер нь хүүхдүүд тусгай хэрэгцээт хүүхдэд туслах, дэмжих, хайрлах, бас хамгаалах ёстой гэдэг үзэл хандлага соёл болж төлөвшиж байна.
-Төслийг хэрэгжүүлсэний давуу талыг та хэрхэн харж байна вэ?
-Тэгш хамруулах гэдэг нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн үйл ажиллагаа биш. Боловсролын гадна үлдэж байгаа эсвэл ямар нэгэн шалтгааны улмаас хоцрогдож байгаа хүүхдүүдэд бүгдэд нь хамаатай.
Уг төслийг хэрэгжүүлснээр багш нар хүүхдийн ялгаатай байдал болон хүүхдийн тусгай хэрэгцээнд тулгуурлаж хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулдаг болсон. Ингэснээр багш нарын арга зүй, технологи, мэдлэг ур чадвар нь сайжирч мөн харилцаа хандлага нь өөрчлөгдөж байна.
Энэхүү төсөл нь эцэг эх, хүүхдүүдэд чиглэсэн олон төрлийн модуль сургалт арга хэмжээ явуулдаг. Жишээлбэл, “Хамтдаа дэвшин суралцья” гарын авлагыг ашиглан давхардсан тоогоор 6-9 дүгээр ангийн 400 гаруй сурагчдад нөлөөллийн сургалт явуулсан. Мөн 32 удаагийн сургалтаар 600 гаруй эцэг эхэд харилцаа хандлага өөрчлөх сургалт хийсэн.
-Багшийн ур чадварт хэрхэн нөлөөлж байна вэ?
-Багшийн хувьд ангитай ажиллах, эцэг эхтэй харилцах арга барил, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг чиглүүлэх гээд олон идэвхтэй арга зүйд суралцаж байна. Бид анх төслийг хэрэгжүүлж эхлэхэд юу хийх ямар арга зүйгээр ажиллах вэ гэдгээ олохын тулд их ачаалалтай ажиллаж байсан ч төслийн зүгээс зохион байгуулсан олон удаагийн сургалт, чиглүүлгээр маш хурдан арга барилаа олж ажилласан. Одоо багш нар маань хүүхэд бүрт тохирсон арга зүйгээ боловсруулаад цаашид хүүхдийн ялгаатай байдлыг тодорхойлоод тэгш хамруулах үйл явцыг ээлжит хичээлдээ яаж тусгавал зохистой гэдэг хөтөлбөрийн тохиргоогоо хийгээд өөрсдөө ч ажлын байран дээрээ хөгжиж байна. Мөн хүүхэд бүрийг оношилж тохирсон хөтөлбөр боловсруулах арга зүйд суралцах зэргээр багш нарын маань ур чадвар мэдэгдэхүйц дээшилж байна.
-Хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулахтай холбоотой боловсролын бодлого орон нутагт хэрхэн хэрэгжиж байна вэ?
-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн тухай хуулинд “Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусад хүмүүсийн нэгэн адил бүх шатны боловсролд сурах эрхтэй” гэж заасан. Ер нь сүүлийн жилүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд рүү чиглэсэн тэдний эрх зүйн орчин нөхцөл, нийгмийн халамжийг сайжруулахад төрөөс анхаардаг болсон.
Жишээлбэл, Боловсрол шинжлэх ухааны сайдын 2019 оны А/292 болон 2022 оны А/206 тоот тушаалаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд сургуулийн орчинд дасан зохицоход туслах, тэдний хөгжлийн онцлог, давуу тал, сурч боловсрох, хөгжих хэрэгцээний судалгаа хийх, багш, эцэг эх, асран хамгаалагчдад хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйн дэмжлэг үзүүлэх дэмжлэгийн баг ажилладаг болсон. Засгийн газрын 208 тоот тогтоолоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид 10 хувийн нэмэгдэл олгодог болсон, ялгаатай хүүхдэд зориулсан ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулж ажилладаг гэх мэт эрх зүйн орчин жилээс жилд сайжирч байна. Манай сургуулийн хувьд багш бүр өөрийн ажлын төлөвлөгөөнд хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт хүүхэдтэй яаж ажиллах талаар, мөн тэдний ахиц амжилтыг тооцож үр дүнд хүргэх тухай зорилго зорилт дэвшүүлж ажиллаж байгаа нь төслийг цаашид тогтвортой хэрэгжүүлэх нэг үндэс.
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш нарт урамшууллын тогтолцоо байгаа юу? Үүнийг танай сургууль яаж шийдэж байна вэ?
-Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2019 оны А/292 дугаар тушаалд тусгай хэрэгцээтэй хүүхдийн сурах үйл явцыг дэмжих сургуульд дэмжлэгийн баг ажиллана гэж заасан. Тус дэмжлэгийн багийнханд тухайн сард хэрхэн үр бүтээлтэй ажилласныг харгалзан таван хувийн нэмэгдэл олгодог.
Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид Засгийн газрын 208 тоот тогтоолын дагуу 10 хувийн нэмэгдэл үндсэн цалин дээр нэмж олгодог.
Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөөгөөр ажиллаж байгаа багшийн ажлын үр дүнг тухайн хүүхдийн хөгжил ахиц амжилтаар үнэлж тооцон дэмжлэгийн баг дүгнэлт гаргадаг. Тус дүгнэлтийг үндэслэн мөн дотоод журамд заасны дагуу багшийн ур чадварын нэмэгдлийг 25 хувь хүртэл тооцож өгдөг. Гэхдээ энэ ур чадварын нэмэгдэл нь тухайн багшийн ажлын үр дүнгээс хамаардаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.