"Телеграм залиланд ихэвчлэн 20-45 насны хувиараа хөдөлмөр эрхлэгчид хохирсон"
Телеграм, "Тik Тok, We chat, whats app" зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Өчигдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр ЦЕГ-аас "Иргэн А телеграм дээр даалгавар биелүүлэх зорилгоор гэмт хэрэгтэн рүү нийт 238 сая төгрөгийг шилжүүлж, хамгийн өндөр дүнгээр хохирсон" гэх мэдээллийг өгсөн. Бид энэ төрлийн гэмт хэргийн талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн цагдаагийн хошууч М.Мөнхгэрэлтэй ярилцлаа.
-Цахим гэмт хэргийн талаар мэдээлэл өгөөч, мөн ЦЕГ-т он гарснаас хойш энэ төрлийн гэмт хэрэг хэчнээн бүртгэгдэв?
-Нийт залилангийн гэмт хэргийн 60-70 хувийг цахим орчинд залилуулах гэмт хэрэг эзэлж байна. Он гарснаас хойш залилах гэмт хэрэг 8100 орчим бүртгэгдсэн. Үүний 5300 орчим цахим гэмт хэрэгтэй холбоотой хэрэг байгаа юм.
Ялангуяа телеграм орчинд даалгавар биелүүлж мөнгө өсгөхтэй холбоотой гэмт хэрэг долоон сараас хойш эрчимтэй бүтгэгдэж байна. Ойролцоогоор нэг өдөрт 3-5 орчим хэрэг бүртгэгдэж байгаа. Энэ хэрэг бол шинэ тутам өсөн нэмэгдэж буй залилангийн гэмт хэрэг.
Энэ хэргийн үйл явц хэрхэн эхэлдэг вэ гэвэл, даалгавар биелүүлээд мөнгө ав, цахимаар хаанаас ч хийх боломжтой гэх зарын дагуу хүмүүс холбогдоход яг ажилд оруулж буй мэтээр анкет бөглүүлж, товч мэдээллийг авч бүртгэлээ баталгаажуулдаг байна. Дараагаар нь эхнийхээ багц даалгавруудыг хүлээн авч биелүүлж эхэлдэг гэсэн үг.Нэг багцад тав орчим даалгавар багтдаг бөгөөд эхнийх нь бидний мэдэх 1-5 хүртэл одоор үнэлгээ өгөх гэх мэт хялбархан даалгавар байдаг. Улмаар тус даалгаврыг биелүүлснийхээ төлөө 20 мянган төгрөг байршуулж, 22 мянга болгон арван хувиар өслөө хэмээн зураг илгээдэг. Ингээд эхний даалгаварт хожсон мөнгөө хоёр дахь даалгавраа биелүүлснийхээ дараагаар аваарай гэх замаар үргэлжилдэг гэсэн үг.
Дараачийн даалгаврын хувьд байгууллагын реклам дээр лайк дарах, шэйр хийх, эсвэл бараа худалдан авч байгаа мэт сагсанд хийх зэрэг энгийн амархан даалгавар санал болгодог. Ингээд хүмүүс хэд хэдэн даалгавар биелүүлэх бүртээ мөнгөө тухайн залилагчийн явуулсан дансанд байршуулаад байдаг.
-Юунд итгэж хүмүүс мөнгөө байршуулаад байна вэ?
-Залилагчийн зүгээс "та хэр хэмжээний мөнгө байршуулна, түүнээс хамаарч өснө. Хэрвээ 10 сая төгрөг хийвэл 40 хувиар өсөж 14 сая болно гэх зэргээр хүмүүсийн санхүүгийн хэрэгцээ дээр дөрөөлөн тоглолт хийдэг.
Хүмүүст хэрхэн итгэл төрүүлж байна вэ гэхээр "таны мөнгө ийм болж өслөө" гэх зураг, бичлэгийг хуурамчаар үйлдээд илгээчихдэг. Үүнд итгэсэн хүмүүст "Миний мөнгө ингээд өсчихлөө" гэх итгэл төрж эхэлдэг. Ингээд залилагч этгээд маань хэд хэдэн удаагийн давтамжтайгаар мөнгө явуулахыг хүсэж, хүмүүс хүссэнээр нь байршуулж эхэлдэг.
Сүүлийн үед байгууллага, аж ахуй нэгжийн нэрийг барьж залилах тохиолдол нэмэгдсэн. Жишээлбэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, элдэв сүлжээний байгууллага, дэлгүүрийн нэрийн өмнөөс таныг урьж байна, онлайн цагийн ажилд урьж байна гэх зэргээр зурагт хуудсыг хуурамчаар үйлдэн хүмүүст тарааж байна.
-Ямар данс ашиглан мөнгөө авч, цааш хэрхэж байна, шилжүүлэг хийгдсэн дансны мэдээллийг шалган хэрэгтэнг барих боломж байдаг уу?
-Мөнгө орж ирэх болгонд өөр өөр хүмүүсийн олон банкны данс ашигладаг. Тухайн хүн даалгавар биелүүлж эсвэл цахимаар ажил хийж байгаа хэмээн итгэж эцэст нь 50-238 сая хүртэл алдсан тохиолдол бүртгэгдээд байна.
Тухайн хохирогч залилуулж байна гэдгээ мэдэгдэхгүйгээр мөнгөө шилжүүлчхээд удаан хугацааны туршид хүлээдэг. Гэтэл нөгөө талд таныг залилсан этгээд танаас ирсэн мөнгөний валютыг өөрчлөөд бэлэн мөнгө болгон авсан эсвэл өөр өөр данснуудад байршуулан ор мөргүй болгож байдаг.
Энэ данснууд хэрхэн бий болдог вэ гэхээр, өмнө нь тухайн дансыг залилж авсан л гэсэн үг. Жишээ нь та мөнгө хожсон байна, бид таны данс руу шилжүүлэх гэж байна. Та дансны мэдээллээ өгнө үү, банкны нэвтрэх нэрээ өгнө үү, эсвэл карт нээлгээд энэ хаяг руу илгээнэ үү гэх зэргээр цуглуулсан данснуудыг ашигладаг.
Бидэнд хандаж буй хохирогчид мөнгө илгээсэн дансны мэдээллийг өгч, түүний дагуу шалгалт хийхэд тухайн дансны эзэмшигч "Мөнгө олгоно гэсэн зарын дагуу холбогдоод дансны мэдээллээ өгчихсөн. Гэтэл банкнаас холбогдоод гадаад гүйлгээ хийгдсэн байна, та мөн үү хэмээн асуухад л дансаа ашиглуулснаа мэдлээ" гэх зэрэг хариултыг өгдөг.
Ингээд тухайн залилагч энэ дансаар оруулсан мөнгөө цааш гадаадын олон орны данснуудад түгээх замаар явсаар бэлэн валют болгоод өөриймшүүлчихдэг гэсэн үг.
-Хэрэгтэнг олох боломжтой юу?
-Телеграм орчинд хийгдэж буй энэ төрлийн залилах гэмт хэрэг ихэвчлэн гадаад улсаас хийгдэж байна. Цахим ертөнц бол орон зай, цаг хугацаа, байршил хамаарахгүйгээр дэлхийн бүх хүмүүс хэрэглэж буй. Тухайн залилагчид олон банкны өөр өөр хүмүүсийн дансыг ашиглан дараагийн хохирогчоо агнаад байгаа хэрэг.
Бид энэ төрлийг залилах хэргийг олон улсын гэрээ конвецэд заасны дагуу элчин сайдын яам, Монгол банк зэргээр дамжуулан эрэн сурвалжлах замаар шалгахад хариу уддаг. Ингэснээр цаг хугацаа шаардагддаг. Иймд гадаад улс руу хийгдсэн гүйлгээний хэргийг илрүүлэхэд хүндрэл учирч байгаа юм. Бусад төрлийн гэмт хэргүүд долоо хоног, магадгүй нэг сарын дотор илэрдэг бол энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд цаг хугацаа их шаардагдаж байна.
Залилах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад нийт 8100 гаруй бүртгэгдсэнээс 50 хувийг буюу 4000 гаруй хэргийг илрүүлээд байна.
-Хохирогчдын хувьд?
Хохирогчдын хувьд 20-45 насны бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэд өртөөд буй. Хүйсийн хувьд тэнцүү тооны, ихэвчлэн хувиараа ажил хөдөлмөр эрхэлдэг иргэд гэртээ байх үедээ цахим залилангийн хохирогч болсон байна.
Тухайн иргэдийн зүгээс "Байгаа бүх хөрөнгөө алдчихлаа. Мөнгөө хурдан өсгөхийн тулд хадгаламжаа барьцаалаад, ах дүү танилаасаа мөнгө зээлээд, гэр орноо зараад, элдэв зээл аваад шилжүүлсэн" тухайгаа илэрхийлээд буй.
Гэтэл тухайн хүнийг залилсан этгээдийн хувьд таны ямар хугацаанд хэрхэн хөдөлмөрлөж тэр мөнгийг олсон, зээлсэн эсэх нь ямар ч хамаагүй. Ямар нэгэн байдлаар мөнгө аваад ор мөргүй алга болох нь л гол зорилго нь байдаг.
-Иргэд тухайн залилангаас хэрхэн сэргийлэх вэ?
-Ямар нэгэн байдлаар ганцхан товчлуур дарчихвал мөнгөө 10,20 хувиар өсгөөд аваарай гэх амлалт бол таныг эцэс төгсгөлгүй залилах нэг арга гэдгийг санах хэрэгтэй.
Мөн амар хялбар аргаар мөнгө олох боломжтой гэсэн зүйлд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байх нь зүйтэй. Таныг залилж буй тэр хаягийн ард ямар хүн байгааг мэдэхгүй бол энэ залилагч байж магадгүйг санаж, өөрийгөө хохироохгүй байхад анхаарах нь зүйтэй.
Тиймээс алив санхүүгийн үйлчилгээг мэргэжлийн бус байдлаар телеграм орчинд авахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв хохирсон нөхцөлд шууд цагдаагийн байгууллагад хандах хэрэгтэй.
Цаашлаад ийм залилах хэрэгтэй холбоотой мэдээллийг авсан бол ойр тойрны хүмүүстээ мэдээллээ хуваалцаж, шаардлагатай бол анхааруулах хэрэгтэй байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Gexdee Mongol xuvi xunii medeelliig xen gaduur taraagaad baidag yum be. Ner, utas, geriin xayag ogt tanixgui xynii gart orchixson baix yum.