Top StoriesУРЛАГЯрилцлага

"Хэрэв би КУЗ-д орсон бол өөр баг бүрдүүлэх байсан. Энэ бардамнал ч байж мэднэ"

“Салхи Дамбий”, “Ноён солиот” зэрэг тайз дэлгэцийн олон дүрээрээ үзэгчдэд хэдийн танил болсон Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин, найруулагч Дашнямын Бямбацогттой уншигч та бүхнийг уулзуулах гэж байна. 

Биднийг очих үед өдрийн 13.30 цаг болж байлаа. Хаа сайгүй хөгжим, дуу эгшиглэсэн, тоглолтын гэмээр хачин, чамин хувцас хэрэглэлээр дүүрэн урлагийн сургууль биднийг угтлаа. Зочинтойгоо товлосон цагтаа тухайн сургуулийн “Оюутан театр”-ын үүдээр орвол эгээ л таньдаг хүн өөдөөс “Хуушуур идэх үү. Яах вэ дээ хүний л амьдрал” гэж хэлээд инээснээр бидний яриа эхэлсэн билээ.

Тэрбээр СУИС-д 1996-1998 онуудад жүжигчний ангийн багш хийж байсан бөгөөд энэ удаа харин тухайн сургуулийн оюутнуудын урилгаар зөвлөгөө өгөхөөр ирсэн нь энэ байжээ. 

-Таны бага нас хаана хэрхэн өнгөрөв. Танай гэр бүлд урлагийн хүн бий юу?

Миний аав, ээж хоёр Завхан аймгийн Сонгино сумын уугуул. Би Тосонцэнгэлд төрж, зургаа долоон нас хүртлээ тэнд байсан. Миний өссөн газар бол Гандан, Модны хоёр, Зурагт, Тасганы овоо орчмоор л өссөн дөө. Аав маань дөрөвдүгээр ангийн боловсролтой, цэрэгт таван жил явсан, шинэ үсгийн багш, багийн даргын алба хашиж байсан намын гишүүн, морь сайхан унадаг “ганган” Дашням гэдэг хүн байлаа. Тосонцэнгэлийн модны үйлдвэрт суурь машины слесарь-механикчаар ажилладаг техник сэтгэлгээ сайтай хүн байсан. Ээж эмийн санд насаараа ажилласан. Урлагийн ямар ч хамааралгүй гэсэн үг. Ёстой л бусдын адилаар социализмын үеийн дэг сургууль, хүмүүжлээр л өссөн. Цэцэрлэг, сургууль, цэргийн албаар хүмүүжиж хүний л үзэх амьдралыг туулж ирлээ.  Алдах үедээ алдаж, онохдоо онож л.

-Таныг хөдөлгөөнтэй сахилгагүй хүүхэд байсан гэж дуулсан.

-Би их сахилгагүй хүүхэд байсан нь үнэн. Нөгөө хүмүүсийн хэлдгээр “тосны шар өт” шиг л. Их л гялалзсан, шаламгай хөдөлгөөнтэй, хаана бол хаана л явж байдаг тийм нөхдүүд байдаг даа. Гэхдээ тийм хүн нэг талаараа их хэцүү, бэртчих гээд байдаг талтай. 

Ах бид хоёр насны хувьд хоорондоо зайтай л даа. Би бараг ганцаараа шахуу л өсчихсөн юм. Тийм болохоор аль болох хүн хөл ихтэй газар байх “дон”-той гэх үү дээ. Олон хүн харахаараа онгод нь орчихдог./инээв/

-"Тосны шар өт" шиг гялалзсан хүү тухайн үед юуг мөрөөдөж байв?

-Алиалагч болно гэж боддог байсан шүү. Тэр дундаа циркийнх. Эргээд санахад гурав, дөрөвдүгээр ангидаа юм уу даа. Яагаад тэгж боддог байсан юм бүү мэд. Үүний дараагаар ахлах ангидаа хуульч болон сэтгэлзүйчийн мэргэжлийг сонирхож эхэлсэн. Гэхдээ тэр үед сэтгэлзүйч гэх мэргэжил монголд хөгжөөгүй байсан. Харин хуульч болох гэж зүтгээд бараагүй, ер нь шударгаар хэлэхэд толгой хүрээгүй гэх үү дээ.

Мөн биеийн тамирт сонирхолтой байсан. Гимнастик, хөгжим, гар бөмбөгийн гурван ч дугуйланд зэрэг хичээллэж гар бөмбөгийн мастер болж, гимнастикийн спортын гуравдугаар зэрэгтэй тамирчин байлаа. Их л саваагүй, юмс бүрд савчиж байдаг хүүхэд байж дээ.

-Таны юмс бүрд сонирхолтой, өөрийгөө сорьдог чанар олон сайн чадвартай болгож дээ янз нь?

-Тийм шүү. Хувь заяа гэдэг чинь тэр байхгүй юу даа. Хэрэв миний сахилгагүй зан “буруу замаар будаа тээсэн” бол би одоо шоронгийн ялтан ч байж мэднэ. Ер нь ямар ч байсан байж мэднэ. Хувь заяанаас гадна ээж аавын хүмүүжил ихээр нөлөөлсөн нь гарцаагүй. 

Одоо бодоход муу ээж минь л миний хойноос их хөөцөлдсөн дөө. Шилжилтийн насанд юу эсийг хийх вэ дээ. Айлын гэрийг шатааж явлаа шүү дээ. Гэхдээ арай ч шатаачхаагүй юм аа, шатаахын наагуур л /инээв/

 -Яагаад урлагийн хүн болохоор шийдэв?

-Яг ч урлагийн хүн болно гэж шийдээгүй юм л даа. 

Намайг бага байхад нагац ах соёлын ордны эрхлэгч хүн байлаа.  Манайхтай нэг хашаанд амьдардаг. Гэрт нь орж харвал, унинд нь лимбэ, орон доор нь ёочин, харин орны хөлд ятга байдаг сан. Тэр хөгжмөөр л би л оролдоно шүү дээ. “Дон дон” гээд л гарч өгнө дөө. Элдэв дууны ая оруулах гэж үзнэ. Тэр оролдлогууд намайг хөтөлсөөр урлагийн замд нийлүүлсэн байх. 

-Жүжигчин болох гэж цэргээс оргож гараад шалгалтаа өгч байлаа-

-Таныг цэрэгт байхдаа зугтаагаад урлаг руу орсон гэдэг байх аа. 

-Тийм ээ. Би цэргийн албанд байхдаа урлагийн сургуульд шалгалт өгөөд тэнцсэн юм.

Би барилгын цэргийн халагдах цэрэг байлаа. Шинэ журмаар цэргийн алба гурав биш хоёр жил болсон. Гэтэл дүү он халагдсан ч бид халагдаагүй. Тухайн журамд нь багтаагүй, хамраа таслуулчихсан л гэсэн үг. Ядахдаа барилгын цэрэг найман сард халагддаг учир бараг дөрөвдөх жил рүүгээ сунаж байв.

Намайг ивээсэн нэгэн аз бол цэргээс бүрэн дунд сургуулийн боловсрол эзэмшсэн хүн их сургуульд орж болно гэх журам яг тэр жил гарсан юм. Яг тэгж байтал гадна цагаан хоолойгоор “кино драмын ангид элсэлт авна” гээд зарладаг юм байна. Тэр зарыг сонсоод Баянхошуунд байрлах цэргийн ангиасаа оргочихсон юм л даа. Багшийн дээд дээр ард хувцас өмсөж ирээд л яаж бүртгүүлдэг тэр журмаар нь бүртгүүлж, шалгалтыг нь өгөөд тэнцчихдэг юм байна, томилолт миний гарт ирэх нь тэр.

Бөөн баяр болдог юм байгаа биз дээ. Амьдралдаа эргэлт хийчихсэн хүн чинь. Ямартай ч цэргээс халагдмагц их сургуульд орно гэсэн бодол өвөртлөөд л явж өгсөн. Гэтэл сургуулиас долоон сард сангийн аж ахуй руу явна гэж байна. Заавал очихгүй бол болохгүй. Гэтэл би халагдаагүй, хоёр сар үлдсэн байсан. Ингээд л зориг шулуудан штабын даргад ороод томилолтоо үзүүлээд учраа тайлбарлав. Аз болж манай дарга надад сайн байсан. Яагаад гэвэл би чинь волейболын багийн ахлагч байлаа шүү дээ. 

Дарга “чи ёстой мундаг байна. Чи яв, цэргээс халагд. Харин найман сард тушаал унших үеэр заавал ирээрэй” гэж хэлээд мөрөн дээр алгадаад л гаргасан. Ингээд л даргын хийж өгсөн бичгийг аваад ангид ирэхдээ өмсөж байсан хувцасаа өмсөөд гэр рүүгээ алхаж байлаа шүү дээ. Их сонин мэдрэмж. 

-Та оргосон гэлээ. Яаж баригдчихаагүй юм бэ?

-Энэ талаар яривал их сонин түүх. Бараг кино шүү /инээв/

Эхлээд оргож яваад баригдсан. Бүр камерт нь хүртэл орсон гээд боддоо. Өдөрт камераас гаргаад тоо авдаг байсан юм. Тэр үед нь цэргүүдийн захад зогсож байгаад л буцаж камерт орох мөчид нүдийг хариулж байгаад зугтаачихсан. 

Элдэв хаалганы араар нуугдах, жишимгүй алхах гээд тэр хашаанаас гарах хүртэлх зам адал явдлаар дүүрэн. Бүсээ хураалгачихсан ч итгэлтэй урагшаа алхаад л байсан. Үүдний харуулын байр хүртэл 100 метр орчим. “Заа тэр хаалгаар гарчихвал боллоо” гээд л алхаад байв. Гэтэл яг гарахын даваан дээр цаанаас том дуугаар “наад цэргээ” гээд л орилдог юм байна. Намайг мэдчихэв. Гэтэл би тоохгүй “намайг гарга гэнээ” гээд л шалганы цэргэд хэлээд түлхэж орхиод гараад гүйчихсэн. 

Нэлээд гүйж байгаад эргээд харахад тав зургаан цэрэг нэхэж ирж байгаа харагдав. Би зогсолтгүй гүйсээр нэг байрны орцоор ороод хоёр давхрын айлын хаалга нүдээд орчхов. Чи юун хүн бэ хэмээн асуухад нь “би цэрэг байгаа юм аа, намайг хөөж байна гэж хэлээд хаалгыг нь хааж орхив. Тэгээд тэндээ хоёр гурван цаг болсон. Тэр үед ардууд цэрэгтэй хайртай байсан. Тэгээд л аврагдсан. Тэгээд л шалгалтдаа орсон хэрэг. 

-Буцаад яаж оров, баригдсан уу?

-Буцаад орох бол асуудал байгаагүй. Цэргийн ангийн ойролцоох айлд хувцсаа тавьчихсан байсан учир өмсөөд л юу ч болоогүй мэт алхаад орчихсон. Хал цэрэг байсан учир хамаагүй л байж. 

Би баригдаагүй. Худлаа мэдүүлэг л өгсөн байх. Их сэргэлэн тул өөрийгөө аваад л гарсан байх даа. Хэрэв баригдсан бол хэрэгт унана. Оргосон, дээрээс нь шалганы цэргийн биед халдчихсан байдаг. 

-Хэрвээ тэр үед тийм аз тохиож жүжигчин болоогүй бол одоо хаана, хэрхэж яваа бол?

-Төмөр замын техникумын техник механикийн ангид элсэн орж нэг жил сурсан. Тэгээд тэндээсээ зугтаагаад л цэрэгт явчихсан юм.

-Их л зугтаадаг хүн байж дээ.

Харин тиймээ. Би хичээлийг нь мэдэхгүй их хэцүү байсан. Би тоо харахаар толгой өвдөөд байдаг хүүхэд байсан. Учрыг нь олохгүй болохоор толгой өвдөөд байсан юм байлгүй. Цэргийн зарлан ирэхэд нь уриалгахан яваад өгсөн хэрэг.

-Амьдралдаа шинэ эргэлт хийгээд их л адал явдлыг туулж их сургуульд оржээ. Яг хэдэн он юм бэ, мөн хэн багшийн удирдлага дор сургуулиа дүүргэв?

-Хуучнаар Улсын багшийн дээд сургуулийн харьяа Кино урлагийн факультет гэж байхад би тэнд 1988 онд элсэн орж, 1990 онд СУДС, 1992 онд өөрийн гэсэн байртай СУИС болоод байхад нь төгссөн анхны төгсөгч. Доржсамбуу багш өлгийдэж авсан ч Лхаасүрэн багш төгсгөсөн. Тухайн хоёр багшид минь адилхан зүйл нь хоёулаа жүжигчин мөртөө найруулагч байсан. Хоёр өөр үзэл санаанд дунд ёстой л хэрчүүлж байлаа. Зарим үед нь зөрчилдөөд ойлгохгүй байна гээд том дуугарах боловч их зүйл сурч байгаадаа баярладаг байсан. Тэр ч утгаараа манай ангийхан их чанартай төгссөн юм шүү.

-Хамгийн анхны уран бүтээл тань юу байв?

-Оюутан байхдаа анх “Хүн чулууны нулимс” кинонд тоглож байлаа. Мөн хамгийн анхны клипэнд жүжигчин Өлзийхүүтэй хамтарч тоглож явсан удаатай. 06.45 гээд Чингис хаан хамтлагийн Жаргалсайханы дуунд болзоот залуу  болоод тоглож байв шүү дээ /инээв/. Одоос тэр клипээ нэг олж харах юм сан.

-“Ноён солиот”-ыг давахуйц дүр бүтээж чадсангүй-

-Таныг “Ноён солиот” киноны Паанаг дүрээр хүмүүс сайн таньдаг. 

-Тэр киног сайн кино болсон тухайн үедээ “бүүм” болсон л гэж ярьцгаадаг юм байна лээ. Гэхдээ тэгж “бүүм” болсон юм байдаггүй. Кино театрт гараад долоо хоноод л буусан юм даг. Реклам байхгүй байсан цаг. Давуу дээр киноныхоо зарлалыг гаргадаг байлаа шүү дээ. 

Харин Бат-Өлзий найруулагч тэр үед дараагийнхаа киногоо рекламдуулах үүднээс л телевизүүдэд өгсөн байсан. Улмаар телевизээр л олон нийтэд хүрч намайг тэр дүрээр минь мэдэж эхэлсэн хэрэг. Үгүй бол хэн ч анзаарахгүй өнгөрч болох л байсан.

- “Ноён солиот” кино гараад 22 жил болсон байна. Энэ хугацаанд “Ноён солиот”-ыг давж чадахаар дүрд тоглож чадсан уу?

-“Ноён солиот”-ыг давахуйц уран бүтээл гаргасан гэж хэлж чадахгүй. Хэдийн 22 жил өнгөрсөн ч тийм дүр гаргаж чадаагүй л байна. Чи бодоод үз. Би ноён солиотоос хойш өчнөөн дүрд тоглосон. Гэхдээ чи заримыг нь үзээгүй л байгаа биз дээ. Тийм л байна.

Би залуу байхад “Гамлет”-д тоглох юм сан, Ромеогийн дүрийг бүтээх юм сан гэх бодол тээж явлаа. Харин одоо бол тоглосон дүрээ аль болох утга учиртай, мөн чанарыг нь үзэгчдэд хүргэх юм сан л гэж л эрмэлзэж байна. Харин үлдэх үлдэхгүйг би биш үзэгчид л шийднэ.

-Та урлагт амьдралаа зориулсан хүн шүү дээ. Одоогоор тайз дэлгэцийн урлагт хэчнээн бүтээлд дүр бүтээв. Тоолж үзсэн үү?

-Өмнө нь тоолж байсан. Одоо харин тоолохоо больсон. Кино бол 100 гарсан. Тайзны уран бүтээл бол 50, 60 орчим. Цаашлаад шоу тоглолт зэргийг тоолох юм бол барагдахгүй л юм болно. 

Эхэн үедээ тайзны урлагт хүч зүтгэж байсан бол сүүлийн жилүүдэд кино урлагтай ойр байна. Ардчилсан хувьсгалаас хойш хөл толгойгоо олохоо больсон. Тухайн үед хаашаа орохоо мэдэхгүй л байсан үе. 

Миний цахим сүлжээндээ нийтэлсэн  бичвэр дор хүмүүс өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр л байн. Үүнийг хараад би ганцаараа энд орилохгүй байгаагаа ойлгож байна. 

Кино урлагийн хувь заяа дан ганц урлагийнханд хамааралтай зүйл биш. Бүгдэд хамааралтай. Ингээд хэлэхээр бүгд кино хийх гээд “давхиад” байдаг. Хүн болгоны тархин дотор кино бий. Миний, чиний, түүний амьдрал кино болгоход сонин. Гэхдээ кино уран бүтээл гарах хүртлээ асар олон замыг туулж байж дэлгэцээр гардгийг тэд харин ойлгохгүй. Үүнд боловсруулалт, аргазүй, технологи гээд олон зүйл бий. Үүний нэг хэсэг нь гажих үед кино биш болно. Өөрийнхөө эрх ашгийг түр түдгэлзүүлж байгаад бусдын эрх ашгийг дээр тавиад хэрэлдье л дээ. Тэгвэл өөр болно. Зөвхөн минийх л яригдаад байвал болохгүй, наймаа минь ч явахгүй.

-Ярилцлагын эхэнд алдах үедээ алдаж явсан гэсэн шүү дээ. Таны гаргасан хамгийн том алдаа юу байв?

-Тиймээ, алдах үедээ алдаж, онохдоо онож л өдийг хүрлээ. Гэхдээ нэг олзуурхууштай зүйл бол уран бүртээлч хүний алдаа хэзээ ч алдаа болдоггүй байхгүй юу. Харин уран бүтээлийн туршлага болж хуримтлагддаг юм л даа.

Манай багш нэг удаа ”нохойн амьдралаар амьдарвал чи уран бүтээлч болно шүү” гэж хэлж байсан. Тиймээс алдаа гэж боддоггүй. Намайг уран бүтээлч болгох гээд амьдрал сургаж байсан л гэсэн үг. Харин энэ туршлагаа жинхэнэ бүтээлдээ тусгах нь чухал.

Залуу насны алдаа янз бүр л байдаг. Гэхдээ алдаа бүхнийг шүүх аргагүй ч хүн гомдооно гэдэг бол эргээд бодлоос салдаггүй юм байна лээ. 

Тэр хүн хэн ч байж болно. Эмэгтэй хүн… аав, ээж, найз нөхөд хэн ч байж болно. Бусад алдааг бол засаж болно. Архи уух, тамхи татахыг бол зогсоох боломжтой. Харин хүн гомдоочих юм бол сэтгэлийн мухарт бодогдоод байдаг юм байна лээ. Түүнийг насан туршдаа тээж явна гэдэг бол хүнд ачаа. Би залуудаа тамхи татаж, архи ууж, хов жив их л ярьдаг байсан. Тэдгээрийг бүхэлд нь тодорхойлно гэвэл зохиол бичсэн нь дээр байх. 

Та  урлагийн гэр бүлд төрөөгүй ч өөрийн гэсэн залгамжлагчтай. Таны хүү “Тагнуулч аав” кинонд дүр бүтээгээд амжсан?

-Хүү Балжинням маань СУИС-ийн жүжигчний ангийг төгссөн. Уран бүтээлд тоглоод л, цаашид хэрхэхээ бусадтайгаа яриад л  явж байгаа харагддаг. Саяхнаас миний үгийг чих тавин сонсдог болсонд баярлаж байгаа. Өмнө нь ер анзаардаггүй л байсан юм л даа.

-Таны өмнө нь хэвлэлд өгч байсан ярилцлагуудыг уншсан. Таны хувьд “Монголд од байхгүй харин олны танил хүмүүс л бий” гэсэн байсан. Энэ бодол хэвээрээ юү?

-Хэвээрээ, хэвээрээ. Өнөөдөр Монголд од байхгүй. Зүгээр л олонх нь таньдаг, цөөнх мэддэг гэдгээрээ л ялгарах байх. Яагаад гэхээр зах зээлийн нийгэмтэйгээ урлаг нь уялдаж байж л од болно биз дээ. Ямар нэгэн продюсерийн компаниар дамжиж, сурталчилгаа хийлгэж, нэг талаараа тэр байгууллагын эд эс “бараа бүтээгдэхүүн” болж байж л од болох эхлэл тавигдана. Ингээд тухайн компани од болгох ажлаа гүйцэтгэнэ. Гэтэл бор зүрхээрээ туулж буй биднийг хэн од гэх билээ дээ. 

-Муу кино байж болно гэхдээ чөдөр тушаа болох шаардлага үгүй л юм шиг-

-"Баавгай болохсон" киног КУЗ-ын эхний дүгнэлтээр Оскарын кино наадамд оролцох эрхээ түтгэлзүүлээд, дараагаар нь олон нийтийн дунд санал асуулга явуулснаар наадамд оролцох болсон. Тус асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаад байх шиг харагдсан?

-Би тэр бүр зүйлс дээр дуугараад, цахим сүлжээнд идэвхтэй байгаад байдаг хүн биш шүү дээ. Гэхдээ саяны асуудал дээр дуугархаас өөр арга байсангүй. Ер нь нөхцөл байдал надад таалагдаагүй. Юу таалагдахгүй байна вэ гэхээр манай улс Соёлын яамтай болсны дараагаар кино урлагийн зөвлөлтэй болсон. Улмаар киноны хуультай болсон учир зүгшрээд, учраа олчих болов уу гэсэн хүлээлт надад байсан. Гэтэл КУЗ байгуулагдсан хэдий ч миний хүлээлтэд бол хүрсэнгүй.

Муу кино байж болно гэхдээ ямар нэгэн уралдаан тэмцээнд өөрийгөө хүч сорих гэж байхад нь чөдөр тушаа болох шаардлага үгүй л юм шиг. Тийм учраас энэ асуудалд жаахан шүүмжилтэй хандсан. Яагаад гэвэл уран бүтээлч залуучууд болоод Монголын кино урлагийн ирээдүйд маш хор хөнөөлтэй юм шиг санагдсан.

- КУЗ шийдвэрээ буцаасан шүү дээ.
"Баавгай болохсон" кино "Оскар"-ын кино наадамд тухайн кино хүч сорихоор болсон. Гэхдээ би энд мөчөөгөө өгөхгүй л тэмцэж байна.

КУЗ өөрөө гаргасан шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргасан байна лээ. Анх "Манай гишүүд энэ киног үзээд явуулахаа больсон" гэчхээд санал асуулга, гарын үсэг цуглуулаад өгөхөд шийдвэрээ буцаасан шүү дээ. Үүнээс харахад тухайн зөвлөл буурь суурьгүй байгаагийн тод илрэл. Үзэл бодлын хувьд, дотоод бодлогын хувьд зөрчилдөөнтэй баг л бүрдчихсэн юм байна гэж хараад байгаа. 

Би ганцаараа энд дуу гаргаад санал бодлоо илэрхийлээд байгаа юм биш. Олон нийт тэр чигтээ л өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн байна лээ. Энэ өөрөө их утгагүй санагдаж байна. Монголын кино урлагийн зөвлөл гэх байгууллага киночдын эрх ашгийг хамгаалах ёстой байтал буурьгүй энэ үйлдэл нь өөрсдийнх хэр хэмжээний хүмүүс вэ, хэр хэмжээний байгууллага вэ гэдгийг л тодоор харууллаа. 

-"Баавгай болохсон" киноны хувьд Улаанбаатарын 70 хувийг эзлэх гэр хорооллын амьдралыг хачиргүйгээр гаргаж ирснээрээ онцлог. Энэ ч утгаараа Оскарын наадамд явах эрхээ хасуулсан байх гэсэн шүүмжлэл олны дунд байсан шүү дээ. Магадгүй бид өөрсдийнхөө үнэн төрхийг харуулахаас халгаасан байж болох уу?

-”Баавгай болохсон” кино бол баримтат шинжийг агуулсан хийцтэй. Дүрүүд, тэдний жүжиглэлтийн хувьд энгийн бүтэцтэй. Монголын кино урлагт бас нэг өөр өнгийг гаргах гэж хичээсэн залуу найруулагчийн л ажлын үр дүн. Үзэл санааны хувьд КУЗ-ийн эхний саналаар оскарт явуулахгүй болсон юм болов уу гэж зарим хүмүүс дүгнээд байсан. Энэ талаар би сайн мэдэхгүй юм.

Гэхдээ "Баавгай болохсон" гэх кино гайхамшигтай сайн кино ч байж мэднэ, эсвэл муу ч байж болно. Энэ асуудал биш. Найруулагч Золжаргалыг би мэднэ. Японд сургуулиа төгсөөд ирэх үед нь нэг студидэд ажиллаж байсан юм. Тэр охины хөдөлмөрч зан чанарыг би үнэлдэг. Эмэгтэй хүүхэд хэр нь уйгагүй.

Энэ бол чанар шүү дээ. Монгол уран бүтээлч хүсэл мөрөөдлөөрөө бүтээл туурвиад явж байхад нь дэмжих ёстой байхад ямар ч тодорхойгүй шалтгаанаар чөдөр тушаа л болмооргүй байгаа юм. Одоо Золоогийн минь ч нас нь яваад л байна.

-Тэгвэл таны бодлоор КУЗ ямар байх ёстой вэ?

-Тэр зөвлөлд миний таньдаг хүмүүс олон бий, миний уран бүтээлийн найзууд, багш нар гээд. Тэдгээр хүмүүс нэгдэж нягтраад, зөвлөл өөрөө монголын киночидын эрх ашгийг хамгаалах хэмжээнд очих хэмжээнд л хүрчих хэрэгтэй байгаа юм. Гол нь нэгдэх нь чухал. Би кино урлагийн зөвлөлийг татан буулгая гээд байгаа юм биш. Энэ байгууллага манай оронд байх л хэрэгтэй. Тийм ч учраас байгуулагдсан гэж бодож байгаа. Кино урлагийнхны эрх ашгийг хамгаалах энэ байгууллага яг үнэндээ өнөөдрийг хүртэл хөлөө олохгүй явж байна.

1990-ээд оноос хойш л янз бүрийн байгууллага байгуулагдаад эвээ олох гэж хичээсээр ирсэн ч сая л мэргэжлийн байгууллагатай болж чадлаа хэмээсэн нь КУЗ шүү дээ. Гэтэл байгаа царай нь энэ.

Өмнө нь олон удаа оролдсон ч чадаагүйд олон шалтгаан байсан байх. Магадгүй мөнгө санхүүгийн гачигдал, багийн ажиллагаа гээд л. Олон талаас цугласан улс үзэл бодол нийлэхгүйгээр замын голоос буцсан байж болно.Гэхдээ байгуулагдсан.

Бид чинь эрхээ хэн нэгнээр хамгаалуулахгүйгээр бор зүрхээрээ бөнжгөнөөд яваад байх юм бол яав ч болохгүй болчихсон л байсан. Киногоо хулгайд алддаг, уран бүтээлээ гадагш зах зээлд гаргах боломж зэрэг бодлогын хүрээнд тусламж хэрэгтэй байдаг. Кино урлагийн тухай хууль гараад КУЗ байгуулагдсанд хувь уран бүтээлчийн зүгээс баяртай байсан. Одоо л нэг хөл гараа олох нь дээ гэж. Тэр бүү хэл “хэрвээ намайг тоовол наад зөвлөлд чинь ороод ажилласан ч яах вэ” гэдэг хүсэлтээ би өгч л байсан. Одоо өнгөрсөн л дөө.

-Өнгөрсөн гэлээ, хэдэн онд тийм хүсэлтээ илгээж байсан юм бэ?

-Хоёр жилийн өмнө. Анх байгуулагдаж байхад нь. Би өөрийнхөө тодорхойлолтын доод талд бүр “би олон жил чөлөөт уран бүтээлч хийж явлаа. Харин одоо төртэйгөө хамтрах нь зүйтэй юм байна гэдгийг ойлголоо. Олон жил уран бүтээл хийсэн туршлага байна. Энэ хүсэлтийг минь хүлээн авна уу” гэх агуулгатай бичвэр хүртэл бичиж байв шүү дээ/инээв/. Гэхдээ намайг тэр зөвлөлдөө авсангүй гэж гоморхоод байгаа зүйл байхгүй.

Гэхдээ би тэр багт орсон бол өөр баг бүрдүүлэх байсан ч юм билүү гэж боддог. Энэ бардамнал байж мэднэ. Гэхдээ хүний л бодох бодол. Өөрийгөө би л өргөхгүй юм бол хүн намайг өргөхгүй шүү дээ.

Сая гарсан асуудал дээр дуугарахад минь гэр бүлийн зүгээс “Чамайг КУЗ гишүүнээрээ аваагүй болохоор ийм үйлдэл гаргаж байна уу. Чи татан буулгах бодолтой байгаа юм уу” гэж хэлсэн. Үгүй л дээ. Би хэнийг ч огцруулах гээгүй, КУЗ-ийг хүртэл татан буулгах гэсэнгүй. Энэ байгууллага байх хэрэгтэй. Ингэж байж Монголын кино урлаг хөгжинө.

-Яаж?

-Нэг хүн өөрийн эрх ашгийн төлөө байх нэг өөр, олуулаа нэг зорилгын төлөө дуу хоолойгоо хүргэх ч бүр өөр хэрэг. Ядаж олуулаа байж төр засаг анхааралдаа авч, асуудлыг бодлогын хүрээнд авч үзнэ шүү дээ.

КУЗ одоогоор төрөөс цалинждаг төрийн бус байгууллага шүү дээ. Бас л сонин статус. Төрийн бус байгууллага иргэдийн татварын мөнгөөр цалинжаад яваад байгааг би эсэргүүцэж явсан удаатай. Энэ буруу. Ямар нэгэн байдлаар санхүүжилт авч байна гэдэг чинь өртэй болж байна л гэсэн үг. Тэр өрөндөө баригдаад ямар нэгэн үзэл суртлын зэвсэг болчих вий хэмээн халгааж л явдаг. Ингээд л нөгөө “долоогч, суганы үс” гэдэг яриа гарчих вий. Ер нь хардах, шалгах эрх иргэд, олон нийт, мэргэжлийн шатныханд бүрэн нээлттэй шүү дээ. Энэ талаар би ярих нь илүүц биз.

-Та КУЗ-ийн эсрэг олон дуугарсан гэгддэг.

-КУЗ-аас зохион байгуулж байсан хурал, семинарт би олон ч удаа өөрийн байр сууриа илэрхийлсэн. Зарим нь чи зөв зүйл хэллээ гэж байсан. Бас дэмий ч юм хэлчихлээ дээ гэж халгааж байсан удаа ч бий. Эргээд харахаар харахаар тухайн байгууллагын төлөө сайнд ч тэр мууд ч тэр би дуу хоолойгоо хүргэж л явж.

Энэ байгууллага илүү мэргэжлийн болж, бодлого зохион байгуулалтын хувьд цэгцрээд Монгол киноны хөгжлийн төлөө л байх хэрэгтэй. Хэрэв үнэхээр болохгүй байгаа бол өөр аргаар л үзэх хэрэгтэй. Би энэ талаар удаан бодож яваа хүн. Зах зээл бага байна, гэхдээ манай кино урлагт маркетинг, продюсерын үйл ажиллагаа сайжрах шаардлагатай байгааг мэдрээд байна.

Олон продакшн байгуулагдсан. Залуус ч түрээд ороод ирлээ. Гэтэл бид хоорондоо өрсөлдөөд байх нь чухал уу, эсвэл хэрхэх талаар мэдэхгүй. Энэ талаарх бодлого зохион байгуулалт байхгүй хэвээр. Улам сайжирч хөгжих хэрэгцээ хаа хаанаа хэрэгтэй л байна.

-Хөгжихийн тулд?

-Хөгжил өргөн цар хүрээтэй шүү дээ. Бид ахмад үеийнхэн гэж ярих дуртай. Гэтэл тэд чинь бас л бартаат замыг туулж өнөөг хүрсэн.

Жишээ нь нэг намын үзэл суртлыг тахин шүтсэн агуулгатай уран бүтээл туурвих, өөрсдийн харж үзэж буй бодит өнцгөө бүтээлдээ шингээх эрх нь тэдэнд байсангүй. Олигтойхон дуугарсан уран бүтээл бариад очихоор уран сайхны зөвлөлөөр хэрчигдчихдэг. Ингээд л хэвлэгдэх, нийтлэгдэх, дэлгэцээр гаргах эрхээ хасуулж байсан туршлагууд бидэнд байдаг.Тийм л хөгжлөөр явж ирсэн кино урлаг шүү дээ.

Ер нь кино уран бүтээлчид хийх юм аа хийсэн шиг хийгээд үзэгчдийнхээ үнэлэмжид нийцэж, хэнээс ч хараат бус л баймаар байна. Монголчууд хэлдэг дээ “хоёр идэхгүй, хоосон хонохгүй” л амьдарчих. Кино хэрэв зах зээлд бизнес, социализмын үед үзэл суртлын хэрэглүүр болж байсан бол одоо нийгмийн ёс суртахууны хэрэглүүр л байх ёстой. Угтаа бол. Кино ч гэлтгүй урлаг бүхэлдээ.

Хүн байя, нийгмийн ёс суртахуун доройтоод байна, хүн чанар үгүй болчихлоо гээд л яриад байдаг. Эцэстээ кино урлагт хандах нийгмийн сэтгэл зүй төлөвшөөгүйтэй л холбоотой гэж боддог. Урлаг гэхээр л янз бүрийн хошин шог, алиа үзүүлбэрээр төсөөлөөд, тэр хэмжээнд үнэлээд байдаг. Яах вэ дээ сайн муу зүйл зөндөө л байна.

-Уран бүтээлчдэд хандаж юу гэж хэлмээр байна?

-Би уран бүтээлч хүн маш том хариуцлагатай байх ёстой гэдгээ ухамсарладаг байх ёстой. Гэхдээ худлаа амьдар гэж хэлээд байгаа юм биш. Ийм л чиг шугамыг бариад явахад урлаг гэлдэг гайхамшигтай зүйл гэдэгт бүгд гараа өргөх болно.

Урлаг уран сайхангүйгээр ер хүн төрөлхтөн урагш алхахгүй л болчихсон. Нийгмийн сэтгэл зүйд нөлөөлөх маш том зэвсэг шүү дээ. Бид уламжлалаа гээхгүйгээр авч үлдээд хэлбэр агуулгын хувьд орчин үежүүлээд ахмад, залуу уран бүтээлчдийн хамтын ажиллагааны үр дүнд цааш алхах ёстой.

Зарим залуус "Оскар" мөрөөдөж насыг барж байхад нөгөө тал "Оскар" юу юм бэ, юу ч биш гэх мөнгөтэй залуус байна. Үүнээс харахад өрсөлдөөн л хэрэгтэй. Үүнийг КУЗ-ийн л хийх ажил болчхоод байна.













Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ыг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ц. Эрдэнэбат
Ц. Эрдэнэбат
2024-10-01 09:18

*Тосны шар өт* гэж �##�ь нутгийнхан хэлдэг юм бол доо!
Монгол ардын зүйр цэцэн үгэнд *Өрөмний өт* шиг гэж нэрлэдэг...

Холбоотой мэдээ

Back to top button