УРЛАГ

Өнөөдрийн онцлох: "Илиада", "Одисей"-г орчуулсан Д.Цахилгаан энэ удаа "Тэнгэрлэг туульс"-ыг өргөн барилаа

Данте Алигьеригийн “Тэнгэрлэг туульс” бүтээлийн нээлт боллоо.

Шинэхэн орчуулгын эзэн Хомерийн “Илида”, “Одисей”-г Монголд анх удаа бүрэн хэмжээнд монголчилсон, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан юм.

Д.Цахилгаан гуай “Илиада”, “Одисей”-г орчуулснаараа маргаангүй "легаси" үлдээсэн.

Эдгээр бүтээлд хамтран ажилласан “Монсудар” хэвлэлийн газрын захирал Р.Энхбат энэ удаа түүнд дахин “даалгавар” өгсөн нь “Тэнгэрлэг туульс” байжээ.

“Тэнгэрлэг туульс” өмнө нь монголчуудад Ц.Хасбаатарын орчуулгаар хүрч байсан удаатай. Д.Цахилгаан уншихад төвөгтэй, хүнд гэж бодогддог олон зууны өмнөх хөлгөн туульсыг үнэнхүү задгай, яруу, чөлөөтэй орчуулдаг. Энэ нь зөвхөн өнөөгийн төдийгүй дараа, дараагийн үеийн уншигчдад монгол хэлээр дэлхийн сэтгэлгээний сонгодогтой шууд танилцах томоохон боломжийг олгож байгаа юм.

“Илиада”, “Одисей” гэхэд л манай тооллын өмнөх үе, 20 гаруй мянган мөр шүлэглэлийн тухай асуудал яригдана.

Д.Цахилгаан номын нээлтэд хэлэхдээ, “Илиада, Одисейг орчуулж байхад манай Гэсэр, Жангар л бодогдоод байдаг. Харин “Тэнгэрлэг туульс”-ын зарим хэсэг эрхгүй Монголын нууц товчоог санагдууллаа” хэмээв.

Цаг хугацааны хувьд Данте Алигьери 1307-1321 оны хооронд “Тэнгэрлэг туульс”-аа бичсэн байна.

Д.Цахилгаан “Өнөөдөр арванхоёрдугаар сарын 12 юм. Энэ өдрийн 12.00 цагт номоо нээлээ. Сая хүнээс сонсоход, билгийн тооллоор мөн 12 юм гэнэ. 2024-ийг хоёрт хуваахад хоёр 12 болчихно. Ингээд бодохоор таван 12 давхацсан өдөр таарлаа шүү.

Энэ бол нинжин оршихуй, цэвэр сэтгэл, сайн санааны тухай хөлгөн туульс. Сайн санаа, муу санаа юунд хүргэх вэ гэдгийг маш тод томруунаар үзүүлдэг баатруудтай. Данте өөрөө маш их зовлон үзсэн хүн. Тэгэхдээ эх оронч сэтгэлийг орхиогүй. Флоренцыг, нутаг орноо, өөрийн эцэг эхийг маш дэлгэрэнгүй бичсэн. Хөлгөн их туульс бол сонгодог яруу найраг шүү дээ. Ёс суртахууны дээд хэмжээ гэдэг зүйлийг тэнгэрлэг байдлаар гаргаж ирсэн. Аймаар л гэж хэлье дээ, хамгийн сайхан үгээр.

Дэлхийн утга зохиолыг манай агуу их хөршүүд эрт сайтар мэджээ. 1842 онд оросууд анх “Там” хэсгийг нь үргэлжилсэн үгээр, тайлбар маягаар орчуулсан юм байна. 1910-аад онд долоо, найман орчуулагч хэсэгчилж оролджээ. Октябрын хувьсгал гарч ном манатай юм болсон. Гэтэл, 1932 онд агуу их Максим Горький Академын ректор байхдаа нэгтгээд, бүтнээр нь орчуул гэж даалгасан. Хүн олдохгүй байсаар их эрдэмтэй яруу найрагч Лозинский Михаил Леонидович барьж аваад 10-аад жил нухсан байна. Ингээд 1945 онд хэвлэж гаргажээ. Энэ бол Дэлхийн хоёрдугаар дайны үе шүү дээ. Бидэнд баярламаар жишээ. Ингээд түүнд И.Сталин 1946 онд Төрийн шагнал өгсөн. Ийм юманд гар хүрлээ гэж баяртай байгаа шүү” гэлээ.

Мөн номын нээлт, хэлэлцүүлгийн үеэр СГЗ, зохиолч Г.Аюурзана,

“Энэ бүтээлийг томоохон хэвлэлийн газар эрхлэн хэвлэхгүй л бол хүн уншихгүй. Ц.Хасбаатар гуай анх монголчуудад танилцуулсан. Уншихад тун хэцүү. Би ч хоёр гурав оролдсон. Гэхдээ агуу ажил болсон. Сая эхэн хэсгийг зориуд уншлаа, үнэхээр сайн орчуулга болж. Гурван мөртэй шүлэглэлийн энэ хэлбэр монголчуудынх. Монголын нууц товчоо гурван мөрөөр шүлэглэх жишээтэй. Ертөнцийн гурваар бодсон ч тэр, монголчууд 16-р зуунаас хойш сая дөрвөн мөрт хэлбэрт шилжсэн.

Үнэхээр тансаг, задгай аясаар орчуулж. “Илиада”, “Одиссей”-г орчуулсан хүн аргагүй. Туульсын яруу найргийн төрөлд энэ хоёр бол онцгой дээд орчуулга болсон. Зөвхөн бүрэн эхээр гэдэгтээ биш юм. Одоогийн яриагаар, жаргаж уншихаар хэмжээнд болсон.

Ц.Гомбосүрэн гуай “Гэм зэм”-ийн дараа “Карамазовын хөвгүүд” рүү орсон шиг бэлтгэл ханасан нөхцөлд тэр “Тэнгэрлэг туульс”-ыг барьж авсан тул аргагүй.

Ц.Хасбаатар гуай яруу найрагч биш. Илүү судлаач, философич хүн. Итали хэлтэй тулгахад утгын алдаа мадаг гараагүй гэдэг. Ерөнхий бүтэц, структурын хувьд ойлголт өгсөн. Гэхдээ туульсын яруу найраг гэдэг өөр зүйл. Үнэхээр монголчууд өнөөдөр ид хавтай, сайхан орчуулгатай боллоо.

Уран зохиолд агуулга, үзэл санаа, ач холбогдол гэж ярих гээд байдаг. Үнэндээ аль нь ч үнэ цэнтэй яриа биш. Ач холбогдол гэдэг үг өөрөө харьцангуй ойлголт. Хамгийн гол нь, орчин үед боловсрол гэж нэг юм байна. Уран зохиолтой холбоотой ч бай, үгүй ч бай, хувь хүн зайлшгүй мэддэг байх ёстой зохиолуудын нэг бол энэ.

Данте анх үүнийг бичихдээ өөрийгөө зориуд тунхагласан. Хомер, Виргилий зэрэг таван яруу найрагчтай уулзаж буйгаар шүлэглэж, өөрийгөө зургаа дахь дээр нь тунхагласан. Энэ дунд ёс зүй, үзэл санааны агуулгыг ухаж харвал асуудал бий, тусдаа. Харин яруу найргийн онцгой бүтээл мөн. Эдгээрийг мэдэхгүй мөртлөө өөрийгөө орчин үед боловсролтой гэж хэлэх аргагүй. Бид гурван саяулаа. Ойрын жилүүдэд ч цөөн хэвээр байна. Тийм учраас нэг монгол хүн нэжгээд гадаад хүнийг нийлүүлсэн шиг хэд дахин илүү боловсролтой байхгүй бол болохгүй. Иймд монгол хүний заавал уншчихсан байх ёстой номын нэг энэ мөн” хэмээн онцлов.

Ийнхүү Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цахилгаан хүн төрөлхтний оюун сэтгэлгээний түүхэн дэх хамгийн том өвүүдийн нэгийг дахин монголчууддаа өргөн барилаа.

Санхүүгийн ашиг харвал “Тэнгэрлэг туульс” таатайхан сонголт биш. Гэхдээ Ц.Хасбаатарын өмнөх орчуулга өдгөө олдохоо байсныг ч хэлэх үү, Монголын залуус “Тэнгэрлэг туульс”-тай танилцах боломжоор хомстоод байв. Энэ орон зайд чухам “бодлого”-оор хандсаныг нь үнэлж, “Монсудар”-ын Р.Энхбатад Д.Цахилгаан гуай дахин дахин талархал илэрхийлж байсныг онцолъё.

Данте Алигьери амьдралынхаа сүүлчийн жилүүдийг “Тэнгэрлэг туульс”-даа зориулж, Там, Ариуслын орон, Диваажин гэсэн гурван хэсэгтэйгээр бичсэн. Өөрөө гол баатар нь. Нийтийн тооллын 1-р зуунд Энейн дууллыг бичсэн их найрагч Виргилий, хүмүүн заяаг огоорч, гэгээн дүрд хувилсан Беатриче дагинын хамт ариусахын тулд дээрх гурван оронг бядан туулдаг. Данте өөрөө цөлөгдөн даяанчилж явсаар амьдаар шатаах ялд оноогдсон нэгэн. Тэрхүү хүнд хэцүү жилүүддээ “Тэнгэрлэг туульс”-ыг туурвижээ.

Шинэхэн “Тэнгэрлэг туульс”-ын өмнөтгөлд “Хүнлэг энэрэнгүй нинжин үзлийн тунхаглал, шударга тэгш нийгэм цогцлоохын төлөө уриа дуудлага, ариун үнэнийг олж, ариусаж гэхээрэхийн дуулал юм” гэж бичсэн байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 12, 2024 22:01

Д.Цахилгаан бол хувaлз. Хүү нь тагнуул хийсэн, эх орноосоо урвасан хэргээр 14 жилийн ял авч байсан. Энхтайвны ордонг хувьдаа авч, Пистовер барьсан луйварчин.

Зочин хүний хөдөлмөрөөр хүүдэшнэгчид
Зочин хүний хөдөлмөрөөр хүүдэшнэгчид
12 сар 13, 2024 11:34
Reply to  Зочин

Монголын үндэсний аюулгүй байд�##�тай холбоотой маш нууц баримт сэлтийг гх яаманд байхдаа олж аваад хүүдээ өгч хятадуудад зарж хүүгээ барьж идсэн хөсрий толгойт шүүдээ цахилгаан бол. Сүүлийн үед хүний орчуулсан номыг давтан орчуулж төрийн шагн�##�ын тэмдэг зүүдэг моод Гомбосүрэн цахилгаан мэтийн хүний оюуны өмч хулгайлагчид гарч иржээ.

Холбоотой мэдээ

Back to top button