Speak out: УИХ-ын Намрын чуулганыг гишүүд хэрхэн дүгнэв

УИХ-ын намрын чуулган сүүлийн хуралдаануудаа хийж байна. Иймд зарим УИХ-ын гишүүдээс энэ намрын чуулган болон 126 гишүүнтэй шинэ парламентын хагас жилийн үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа талаарх байр суурийг сонслоо.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Улс орны хөгжилд ахиц гаргах түүхэн шийдвэрүүдийг энэ парламент гаргалаа-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-Шинэ парламент шинэ үндсэн хуулийн зохицуулалтын дагуу явлаа. Холимог тогтолцоогоор орж ирсэн УИХ анхны ээлжит чуулганаа хийлээ. Энэ хугацаанд бид хуулийн хугацаанд батлах ёстой төсвөө баталсан. Бид улсын төсвийг үр ашигтай, мэргэжлийн байх тал дээр нь анхаарч ажилласан. Гэхдээ төсвийг маш сайн болсон гэж хэлэхгүй. Эргэж харах зүйлс байгаа. Дээрээс нь энэ намрын чуулганы ач холбогдол нь эдийн засгийн агуулгатай томоохон төслүүдийг хөдөлгөх ажил дээр Хамтарсан Засгийн газрын оруулж ирсэн бодлогыг УИХ цаг алдалгүй хуралдаж, шийдвэрүүдийг нь гаргаж өглөө. Өнөөдрийн байдлаар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын том төсөл хөдөлчихсөн явж байна. Дээрээс нь бас газрын тосны төслүүдийг бид цаг алдалгүй урагшлуулахаар ажиллаж байна. Мөн өнөөдрийн байгуулагдсан ураны хэлэлцээ байна. Цаашид бас төмөр замын хил холболтын цэгүүдийн асуудал орж ирж байгаа. Эдгээрээс жишээлээд бодоход улс орны цаашдын хөгжилд томоохон хувь нэмэр оруулах төслийг урагшлуулж, энэ парламент түүхэн шийдвэрүүдийг гаргалаа гэж харж байна.
-Таны хувьд энэ намрын чуулганд ямар ажлуудыг хийж амжуулав. Мөн хийж амжаагүй ажил нь юу байв?
-Би УИХ-ын даргын байгуулсан хуулийн 10 гаруй ажлын хэсэгт орж ажиллаа. Энэ хүрээнд тодорхой ЦЭЦ-ийн хуралдаанд УИХ-ыг төлөөлж ажиллах ажил. Эргээд бас нийтийн сонсголын буюу тэр дундаа эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх, хүнтэй хүнлэг бус зэрлэг хандах эрхийн хэрэгжилттэй холбоотой нийтийн сонсголыг даргалж, олон нийтийн анхаарал хандуулаад байгаа асуудал дээр УИХ нээлттэй сонсож, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг ажлууд дээр гол төлөв оролцлоо. Бас саяны томоохон хөрөнгө оруулалтын төслүүдийн ажлын хэсэгт орж ажилласан. Тодорхой хуулийн төслүүдийг боловсруулах ажлууд дээр одоо ажиллаж байна.
Өнөөдөр бас хаврын чуулганд хууль зүйн салбараас нэлээд олон хуулийн төслийг өргөн барилаа. Хэлэлцэх эсэхийг бол шийдэж чадсангүй. Энэ төслүүдийг хаврын чуулганаар хэлэлцэж батлах байх. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, жагсаал цуглааны хууль, хэвлэлийн эрх чөлөөний зэрэг хуулиудыг тун удахгүй өргөн барих гэж байна. Эдгээр хуулиудыг цаг алдалгүй хаврын чуулганд хэлэлцүүлэхээр явж байна. Дээрээс нь Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлж, засаглалыг сайжруулан ил тод байдлыг хангах гээд төрийн өмчит компанийг дагасан авлигал хүнд суртлыг багасгах, төсвийн үргүй зардлуудыг багасгах чиглэлүүд дээр томоохон хууль эрх зүйн реформ өргөн баригдлаа. Энэ төсөл бас хаврын чуулганд хүлээгдэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд эдгээр хуулиудыг сайжруулах, санал дүгнэлт гаргах чиглэлд ажиллана гэж үзэж байгаа.
Шинэ гишүүний хувьд нэлээд суралцах зүйлтэй байлаа. 16 ажлын хэсэгт орлоо. Эдгээрээс зарим зүйлүүд дээр идэвхтэй дуу хоолойгоо хүргэхийг зорьж ажиллаа гэдгийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Э.Болормаа:

-Шинэ гишүүд асуудалд маш шинэлгээр хандаж, зарчмыг маш сайн барьж олонх болж чадлаа-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-126 гишүүнтэй анхны чуулган маань төсвийг нэлээд дэлгэрэнгүй хэлэлцлээ. Мөн хамтарсан Засгийн газрын өргөн барьсан мега төслүүдээр гацаанаас гаргах зүйлс дээр нэлээд их хэлэлцүүлэг өрнөлөө. Гишүүдийн олонх яах араггүй анх удаа сонгогдсон гэдэг нь мэдэгдэж байлаа. Энэ бол сайн ч, муу ч талтай зүйл шүү дээ. Анх удаа учир бид мэдээж дэг, процессын хувьд учраа олох зүйлс байсан. Харин нөгөө талаас шинэ гишүүд асуудалд маш шинэлгээр хандаж, зарчмыг маш сайн барьж шийдвэр гаргах дээр олонх болж чадаж байна гэж харсан. Энэ намрын чуулган дээр төсвийн хэлэлцүүлгийг бүр онцолж хэлмээр байна. Нээлттэй, нийгмийг дагуулж чадсан хэлэлцүүлэг болж чадлаа. Бас бидний өмнө хийх ёстой ямар их ажлууд байгаа нь харагдлаа. Татварын багц реформ, НӨАТ-ын асуудал, НДШ-ийн асуудал гэхчлэн эдгээр зүйлсэд багц шинэчлэл шаардлагатай гэдэг нь хэлэлцүүлгийн үеэр маш тодорхой харагдлаа. Мөн бид 16 жил гацсан төмөр зам, 27 жил гацсан Орано гэхчлэн томоохон төслүүд яагаад гацаж байсныг мэдэж авлаа. Ингэснээрээ цаашид бид томоохон төслүүд дээр төр иргэдийн хооронд итгэлцлийг яаж бэхжүүлэх вэ. Яаж төслүүдээ гацалтгүй явуулах вэ гэдэг талаас олон зүйл хэлэлцүүллээ.
-Таны хувьд ямар ажлын хэсэгт орж, ажиллав?
-Намрын чуулганаар УИХ-ын даргын захирамжаар 60 орчим ажлын хэсэг байгуулагдсан. Миний хувд эндээс уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох. Ногоон санхүүжилтийн тогтолцоог босгох, Ногоон шилжилтийн бодлогыг тодорхойлох ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Үүнээс гадна усны асуудлын ажлын хэсэг, ЭМД-ын ажлын хэсэг, хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэг, төрийн албаны тухай хуулийн ажлын хэсэг гээд бусад ажлын хэсгүүдэд гишүүнээр ороод ажиллаж байгаа. Мөн миний хувьд баруун бүсээс сонгогдсон гишүүний хувьд анхаарах нэлээд томоохон хэлэлцүүлэг нь уул уурхайн салбартай холбоотой асуудал. Тухайлбал газрын ховор элементтэй холбоотой асуудал. Намрын чуулган завсарлаад миний хувьд энэ асуудал дээр хуулийн нэмэлт өөрчлөлтүүдийг санаачилж тойрогтоо иргэдийн дуу хоолойг сонсож, санал бодлыг нь тусгаад явах дээр анхаарч ажиллана.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Бид эвлэлдэн нэгдэж, санал нэгтэйгээр олон жил гацсан томоохон ажлуудаа урагшлуулж чадсан. Цаашид яг энэ эрчээрээ явах хэрэгтэй-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-Монголчууд бид эвлэлдэн нэгдэж байж л урагшаа алхаж чаддаг. Хамтарсан Засгийн газар байгуулагдаж, шинэ 126 гишүүнтэй парламент байгуулагдаж хагас жил хоёр долоо хонож байна. Энэ ер нь их богино хугацаа болов уу. Энэ хугацаанд мега төслүүдийг хэрэгжүүлэх дээр хууль эрх зүйн орчныг нь зөв, засаж залруулах ажил дээр УИХ талдаа ч, Засгийн газар талдаа ч маш идэвхтэй, эрчимтэй ажилласан. Бодитоор яривал 14 мега төсөл дээрээс гурав нь энэ хавар хэрэгжиж эхлэх боломж нь бүрдчихлээ. Эхнийх нь Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын ажил. Бид өргөн, нарийн цариг гэж 16 жил хэрүүл хийсэн. Уг ажил одоо бодитоор хэрэгжихээр болж байна. Хамтарсан Засгийн газар байгаа болохоор л үүнийг хэрэгжүүлж чадаж байгаа болов уу гэж харж байгаа. Хоёр дахь нь Орано майнингийн гэрээ хэлэлцээрийг хэлэлцээ хийх түвшинд авч ирлээ. Бид гуравдагч хөршийн бодлогоо заавал бодитоор хэрэгжүүлж байх ёстой. Оюу толгойгоос хойш ийм том хэмжээний төсөл үнэндээ байсангүй. Энэ ажлаа бид эвлэлдэн нэгдэж, санал нэгтэйгээр урагшлуулж чадлаа. Гуравт нь Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төсөл байна. Манай эрчим хүч хомсдолтой. Дандаа эрэлт нь нийлүүлэлтээсээ давчихсан байдалтай байгаад байдаг. Үүнээс болоод ААН-үүд үйлдвэр барьж чаддаггүй. Тэрнээс болоод ажлын байр нэмэгддэггүй. Тиймээс ажлын байрыг нэмэгдүүлж уг ажлаа урагшлуулъя гээд Эрдэнэбүрэнгийн УЦС-ын санхүүжилтийг шийдэж чадсан. Ийм байдлаар бид хамтраад зоригтойгоор шийдлүүд гаргаад хэрэгжүүлээд явж байна. Хагас жилийн хугацаанд гэхэд нэлээд хэдэн ажлуудыг амжуулж чадсан болов уу гэж бодож байна.
-Таны хувьд ямар санал, санаачилга гаргаж ажиллав. Ямар ажлууд хэрэгжиж амжилгүй ард үлдэв гэж харж байгаа вэ?
-Нөгөө талдаа 14 мега төслийн хэрэгжиж амжаагүй 11 төслийг хамтарсан Засгийн газар тогтвортой байж байгаад яг энэ маягаараа эрч хүчтэй ажиллаж чадвал удахгүй хийнэ байх. Эвлэлдэн нэгдэж, хамтарч чадвал бидэнд хүрэхгүй газар, хийж чадахгүй ажил байхгүй болов уу гэж харж байна. Миний хувьд хоёр үндэсний хороо дээр ажиллаж байгаа. Мөн хоёр ажлын хэсгийг ахалж байна. 10 гаруй ажлын хэсэг дээр гишүүнээр ажиллаж, хоёр байнгын хороонд байгаа. Өөрийнхөө ажлын тайлангаа фейсбүүк хуудсандаа хагас жилийн тайлан байдлаар тайлагнасан. Төр түмнээ төлөөлөөд ажиллаж байгаа УИХ-ын гишүүн тогтмол ажлын тайлангаа тайлагнах гэдэг үүргээ биелүүлэх ёстой болов уу гэж бодож байна. Би аль болох богинохон байдлаар тайлагнасан л даа. Яг бодитоор хийсэн ажлууд гэвэл 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2025 оны хөгжлийн төлөвлөгөө дээр нийтдээ 27 зарчмын зөрүүтэй санал гаргасан.
Ер нь би үг хэлэхдээ нэг зүйл дээр л төвлөрч хэлдэг. KPI буюу шалгуур үзүүлэлт л яриад байгаа.
Өдийг хүртэл 30 жил бид төсвийн зарцуулалтынхаа үр дүнг хэмжиж чадахгүй. Эвсэл буруу хэмжээд яваад байгаа. Үүнээс болж утаа, түгжрэл, ажилгүйдэл орлого дутагдалтай байгаа. Орон байр хангалтгүй байгаа асуудлууд ургаж гарсан. Тэгэхээр аль болох чанартай бодлогын бичиг баримтуудыг зохиохын тулд бид үр дүнд суурилсан буюу зөв КPI шалгуур үзүүлэлттэй байх ёстой. 27 зарчмын зөрүүтэй саналын маань 23 нь нэгдсэн чуулган дээр дэмжигдсэн. Эдгээрийн ихэнх нь КPI буюу шалгуур үзүүлэлтэд чиглэсэн санал байсан. Олон гишүүд надтай санал нэгдсэн. Яах араггүй бодлогын бичиг баримтууд төсвийн зарцуулалтын үр дүн гэдэг зүйлийг сайжруулж байж л сайд, УИХ-ын гишүүн, улс төрчөөс хамааралгүйгээр Монгол улс хөгжих боломж нь бүрдэнэ. Тэгэхээр бид энэ бодлогын бичиг баримтаа зөв зохиож явах ёстой. Энэ дээр жишээ дурдвал, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зөвхөн PM 2.5-аар хэмжээд байсан. тэрийг нь бид хүхэр, азот PM 10 гээд ялангуяа бага насны хүүхдүүд хамгийн их хорддог энэ шалгуур үзүүлэлтээр оруулж ирж хэмжиж байж аль нь хэдэн хувиар буурсан юм бэ гэдгийг харж, төсвийн хөрөнгө оруулалтын тайлан дээр цуг оруулж ирэх ёстой. Энэ саналыг олон гишүүд дэмжиж төсвийн нэгдүгээр хавсралтад оруулсан. Харамсалтай нь нэг санал дэмжигдээгүй. Тэр нь Дархан, Эрдэнэт хот болон 21 аймгийн агаарын бохирдлыг хэмждэг больё гэсэн. Түүнийгээ төсвийн зарцуулалтын үр дүнгийн хавсралт дээр тусгадаг болгоё гэсэн санал оруулсан. Зарим нэг гишүүд дэмжилгүй унгасан. Гэхдээ дараагийн чуулган дээр ч гэсэн тусгах ёстой заалтуудыг нь тусгаад явъя гэж бодож байгаа.
Бас нэг өөр чухал зүйл байгаа. Шинэ хоршоо хөдөлгөөн гэдэг зүйлд 500 гаруй тэрбум төгрөг зарцуулж байгаа боловч түүнийхээ үр дүнг зээл олгосон тоогоор хэмжих гээд байсан. Мөнгө олгох нь л зорилго болчхоод байна гэсэн үг л дээ. Үүнийг засах ёстой гээд зээл авсан хоршооны ашигт ажиллагааны тайлан хэдэн хувь байгаа юм бэ гэдэг шалгуур үзүүлэлтийг оруулж ирэх ёстой гэсэн санал гаргаж, олон гишүүд энэ саналыг маань дэмжсэн. Ийм байдлаар ажиллаж байна. Ногоон санхүүжилтийн, хот тосгоны, орон сууцны ногоон санхүүжилтийн тогтолцоог зөв болгож залруулах ажлын хэсгийг би ахалж байгаа юм. Энэ хүрээнд миний зорьж багаараа хамтран хийж байгаа зүйл бол утааг бууруулах цогц бодлогыг боловсруулах ажил. Утааны сонсгол дууссаны дараа манай ажлын хэсгээс боловсруулсан цогц арга хэмжээ, төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө Засгийн газрын энэ жилийн төлөвлөгөө нь дээр тусгаад явна. 2025 оныг нийслэлийн асуудлыг шийдэх жил болгон зарласан байгаа. Тэгэхээр энэ асуудал шууд тусгагдаад явах боломжтой. Гол төвлөрөөд байгаа зүйл нь дулаалга. Дулаалга гэдэг бол хэмнэлтийн бодлого. Хэмнэлтийн бодлого гэдэг нь хэрэгжүүлэх тусам зардал багсдаг зүйл. Тэгэхээр ашигтай гэсэн үг. Одоо яриад байгаа цахилгаанаар халаах, түлш сайжруулах, газ руу шилжих зэрэг нь бүгд хэрэглээний бодлого. Хэрэглээний бодлого руу бид төвлөрөх тусам урсгал зардал нь ихсээд байна гэсэн үг. Тэгэхээр хэмнэлтийг дэмжих бодлого, хэрэглээг дэмжих бодлого хоёр бодлогын хувьд тэнцүү. Аль болох хэмнэлтийг дэмжих бодлого нь их байж байж утааны асуудлыг Улаанбаатар гэлтгүй орон даяар шийдэх боломжтой болно. Өөр бас нэг ахалж байгаа ажлын хэсэг нь 20 минутын үндэсний хороон дээр 20 минутын үзэл баримтлалыг боловсруулах ажлыг хэсгийг ахалж байна.
ВИДЕО:
Мэргэжлийн хүний хувьд олон улсын хот төлөвлөлтийн стандартууд ямар байгаа юм. Түүнийг нь Монгол Улсад яаж нэвтрүүлэх ёстой юм. Бидэнд цаг уур, соёлын гээд олон онцлог бий. Тэр болгоныг тусгаж өгөх ёстой.
Одоо манайх нийслэлийн 2040 оны төлөвлөгөө чуулганаар хэлэлцүүлэх гээд өргөн бариад байна. Үүнтэй адил бусад аймгийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, сумдын ерөнхий төлөвлөгөө гэж байх ёстой. Гэтэл энэ төлөвлөгөөг боловсруулахад ямар чиг баримжаа байх юм гэдэг үзэл баримтлалын бодлогын чиг баримжаа байхгүй. Тиймээс манайх бүсчилсэн хөгжилгүй, орон нутагт ажлын байр нэмэгдээгүй. Орон сууц, ажлын байр дутагдалтай байгаад байдаг. Нөгөө талдаа Улаанбаатар хотод гурван ээлжээр сургуулиуд хичээллээд байдаг гэсэн асуудлууд бий. Тэгэхээр бид үндэсний хэмжээнд ямар хот байгуулах вэ гэдэг үзэл баримтлалаа сайн боловсруулах ёстой. Би энэ асуудал дээр ажиллаж байгаа. Сая ярьсан хоёр төсөл хөтөлбөрүүд цэгцрээд дууссан. Энэ хавар бид олон нийтийн санал, шүүмжийг авч хэрэгжүүлээд хаврын чуулганаар оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Бид нэгдэх үедээ нэгдэж, буруу зүйлийн төлөө хамтдаа дугарч чаддаг олон урвальч үзэлтэй парламент болжээ-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-Энэ намрын чуулган. Энэ парламент гишүүдийн хувьд болон нийгэмд парламент бас нэг арай өөр өнгө аястай. Өөр динамиктай. Өөр бас олон ургальч үзэлтэй дуу хоолой гардаг парламент болжээ гэдгийг илэрхийлсэн чуулган болсон болов уу гэж бодож байна. Бид тангаргаа өргөснөөсөө хойш нэг чуулганы хугацаад гурван удаа төсөв баталсан. Өмнө нь төвийг ингэж олон баталж байгаагүй. Энэ дээр гишүүдийн дуу хоолой ямар байдгийг харуулж, өмнө нь тоогоор бариад явчихдаг байсан зүйлс болохоо байж гэдгийг харж чадлаа. Нөгөө талаас зөв зүйтэй зүйлийн төлөө энэ 126 гишүүн нам харгалзахгүй нэгдэж, дуу хоолойгоо өргөж чаддагийг бас харуулсан байх гэж бодож байна. Засгийн газраас өргөн барьсан олон жил бугшиж, зогсонги байдалтай байсан томоохон гэрээнүүд болох Монгол, Францын ураны гэрээ, төмөр замын хил холболт гээд том асуудлууд дээр УИХ нэгдмэл байр суурьтай байж эдгээрийг зөвшилцөж, баталж чадсан гэж харж байгаа. 126 гишүүний 3/2-оос дээш нь шинээр сонгогдсон гишүүд байгаа. Салбар салбарын мэргэжилтнүүд байгаа. Бид нэгдэх үедээ сайхан нэгдэж, буруу зүйлийн төлөө хамтдаа дугарч чаддаг олон урвальч үзлийг илэрхийлсэн парламент болжээ гэж дүгнэж байгаа. Өмнө нь 76 гишүүнтэй парламентын үед ч гэсэн би парламентын тамгын газар ажилладаг байсан. Тиймээс гишүүд, шийдвэр гаргалтын ялгааг өөр дээрээ мэдэрсэн чуулган боллоо.
-Гишүүний хувьд энэ намрын чуулганаар ямар санаачилга гаргаж ажиллав?
-УИХ-ын гишүүн эхлээд мэдээж төлөвлөх хэрэгтэй. Хоёрдугаарт хууль тогтоох. Гуравдугаарт хяналт шалгалт хийх гэсэн чиглэлээр ажилладаг. Тиймээс өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд болон хуваарилагдсан байнгын хорооныхоо хүрээнд хэд хэдэн ажлыг хийсэн. Хамгийн томоос нь дурдвал бид хяналт шалгалтын чиглэлээр ялангуяа хүний эрхтэй холбоотой сонсголууд дээр ажиллаж байна. Ялангуяа эрүүгийн шүүлттэй холбоотой хүний эрхийг зөрчиж байгаа гурван ажлын хэсэгт оролцоод иргэд, хэлмэгдэгсдийн дуу хоолойг сонсож уг асуудал дээр хууль зүйн орчныг нь сайжруулах санал дүгнэлтийг гаргаж ажиллаж байна. Мөн хамгийн сүүлд батлагдсан төсвийн ажлын хэсэгт орж ажилласан.
Түүнээс гадна нийслэлд байхад л иргэдээс маш их санал гомдол ирүүлдэг байсан электрон тамхины зохицуулалт, тамхины хяналтын хуулийн асуудал дээр ажлын хэсэг ахалж байгаа. Энэ асуудлаараа нэлээд томоохон дүгнэлтийг хийж хаврын чуулганаар хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барихаар ажиллаж байна.
Мөн хотын орон сууцанд амьдардаг иргэдэд тулгамдсан асуудал болох СӨХ-ийн хууль гэж байгаа. СӨХ-ийн хуулиа бид бичээд хаврын чуулганаар өргөн барьж хэлэлцүүлнэ гэсэн зорилготой байна. Мэдээж өөрийн харьяалагдаж байгаа байнгын хорооны асуудлууд дээр байр сууриа илэрхийлж оролцсон.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

-Парламентын 80 гаруй гишүүн шинэ учраас хэлбэрт баригдахгүйгээр явж байна-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-Шинэ гишүүн учир их олон зүйл сонин, содон байсан. Улс төрийн туршлага байхгүй учраас буруу зөрүү бодож байсан өөр төсөөллүүд бас байсан байна лээ. Бас энэ парламентын хувьд дэвшилттэй зүйлүүд байгаа харагдсан. Энэ нь төсвийн хэлэлцүүлэг дээр тод харагдсан. Төсвийн хэлэлцүүлэг дээр олон нийтийн оролцоог нэлээд сайн хангаж ажилласан. Төсвийг бүхэлд нь хүлээж аваад дахин боловсруулна гэдэг нийт гишүүдийн асуудал. Энэ дээр алдаа гаргавал түүнийгээ залруулах чадамж энэ парламентад байна гэдгийг харуулсан. Мөн асуудал гарвал намын, улс төрийн хайрцаг гэхээс илүүтэй бие даасан байдлаар дуу хоолойгоо өргөж иргэд сонгогчдын оролцоог хангах бололцоо, боломжууд байгаа нь харагдаж байлаа. Энэ парламентын 80 гаруй гишүүн нь шинэ учраас хэлбэрт баригдахгүйгээр явж байгаа. Энэ чуулганы хугацаанд миний хувьд төсөв дээр нэлээд ажилласан. Сүүлийн баталсан төсөв дээр урсгал зардлын ажлын хэсгийг ахалж ажилласан. Энэ хүрээнд орон тоог буулгах, нэмэгдэж байгаа орон тоог танах тал дээр нэлээд ажиллаж шаардлагагүй орон тоонуудыг хассан.
-Цаашид ямар санаачилга гаргаж ажиллахаар төлөвлөж байна?
Ирэх жилийн төсөв дээр байгаа орон тоогоо бас бүрэн дүүрэн ашиглаж чадаж байна уу гэдэг дээр ажиллая гэж бодож байгаа. Ер нь бүтээмжийн шилжилтүүдийг хийх зайлшгүй шаардлага бий. Үүнийг аажмаар хийхгүй бол хөдөлмөрийн зах зээл дээр төр өөрөө өрсөлдөгч болчхоод байгаа.
Тухайлбал банкны салбар, замын салбар гээд төрийн өрсөлдөөнтэй салбар их байна. Тэдгээрээс хамгийн гол нь нөөцийн зах зээл, хүний нөөцийн асуудал дээр төр нь өөрөө том өрсдөлдөгч болчхоод маш их боломж, нөөцийг төр өөрөө авчхаж байгаа юм. Тиймээс эдгээрийг цэгцэлснээр хувийн хэвшлийн зах зээл рүү төрд байсан нөөц, бололцоог шилжүүлэх, нэмэх боломж гарч ирнэ. Төрийн болон орон нутгийн өмчит болон төсөвт байгууллагуудын бүтээмжийг сайжруулах чиглэлээр ирэх жилүүдэд нэлээд шаргуу ажиллах бодолтой байгаа. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагаа хөтөлбөр дээр хувийн хэвшлийн эдийн засгийн оролцох оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр зарчмын зөрүүтэй саналуудыг гаргаж, тусгуулсан. Жишээлбэл дараагийн сонгууль гэхэд хувийн хэвшлийн ДНБ-д эзлэх хувийг 80 хувьд хүргэх заалт оруулсан. Одоо нэг 76 орчим хувьтай байгаа. Үүнийг жил болгон 1 хувиар нэмэгдүүлнэ. Мөн хувийн хэвшлийн хууль эрхзүйн орчныг сайжруулна гэсэн бодолтой байгаа.
Түүнчлэн намрын чуулганаас харахад маш их асуудал яаралтай гэдэг горимоор орж ирсэн. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүдийн мэдэх, судлах боломжийг хангаагүй зүйл нэлээд ажиглагдсан. Маш түргэн яаруу олон төслүүд орж ирсэн. Цаашдаа ингэхгүй байх гэж бодож байна. Засгийн газар тодорхой хэмжээгээр асуудлууд оруулж ирэхдээ тулгаж, шахсан байдалтай оруулж ирдгийг өөрчлөх байх гэж бодож байна. Бүрэн дүүрэн судалж чадалгүй зарим нэг хуулиудыг баталж байна гэж харсан. Чуулган хуралдаж байхад зэрэгцээд өөр байнгын хороо хуралдах нөхцөл байдал их байсан тул чухал төслүүд дээр санал бодлоо илэрхийлж чадахгүй, оролцож амжихгүй зүйлс хэд хэдэн удаа гарсан.
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан:

-126 гишүүн багцлагдадгүй юм байна. Дээрээс нь даалгавар өгсөн ч үр дүнг нь өөр гаргаж байхыг олон харлаа-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-Энэ намрын чуулганаар шинэ гишүүний хувьд нэлээд олон зүйлд суралцлаа. Бид маш завгүй ажилласан. УИХ дээр 50 гаруй ажлын хэсэг байгуулагдсан. Тэдгээрээс би найман ажлын хэсэгт нь ажиллаж, нэг ажлын хэсгийг ахаллаа. Мөн хоёр байнгын хороонд харьяалагдан ажиллаж байна. 126 гишүүнтэй хамгийн онцлог зүйл нь алдагдалгүй төсөв. Ерөнхийлөгчийн бүхэлд нь тавьсан хоригийг анх удаа УИХ хүлээж авсан. Байнгын ажиллагаатай парламенттай болсон цагаас хойш хэсэгчлэн хүлээж авдаг байсан бол сая бүхэлд нь хүлээн аваад түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталсан.
Гэхдээ алдагдалгүй төсөв баталсан гэдэг нь сонсоход гоё боловч бодит амьдрал дээр маш их эрсдэл дагуулна гэж би бодож байгаа. Надтай санал нийлж байгаа гишүүд ч бий. Удахгүй бид төсвийн тодотгол хийхээс гарцаагүй байдалд хүрнэ гэж бодож байгаа. Мөн Эрчим хүчний реформ гэдгийг хийсэн. Энэ нь амьдрал дээр ямар нөлөөлөл үзүүлснийг одоо бүгд мэдэрч байгаа. Анхаарал татах нэг зүйл нь миний өөрийн гар бие оролцсон “Хавдар II” төслийг амжилттай хөдөлгөсөн үйл явдал. Уг ажлын хүрээнд өмнөх 2024 оны төсөвт нэг ч төгрөг тавигдаагүй байсан “Хавдар II”-ын төслийг УИХ-ын 46 гишүүнтэй хамтран анхны том мөнгөн хөрөнгө оруулалт болох 34 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлж чадсан. Энэ чуулганы бас нэг онцлог зүйл нь Хамтарсан Засгийн газрыг байгуулсан. Хамтарсан Засгийн газрын хөтөлбөрийг баталсан. Тэр дотор нь 14 мега төсөл багтсан. Эдгээр төслөөс хамгийн онцлог нь говийн усны төсөл. Уг төсөл 27, 28 жил гацсан байсан төсөл. Энэ ажлын хүрээнд Хэрлэн-Тооно, Орхон-Онги төслийг хийхээр болж баталсан.
Миний нэг анзаарсан зүйл нь 126 гишүүн багцлагдадгүй юм байна. Дээрээс нь намын дарга нь ч юм уу үүрэг өгөөд, бүлэг дээр дахин үүрэг өгөөд орж ирсэн ч гэсэн үр дүн нь чуулган дээр эсрэгээрээ гарч байх жишээтэй. Тийм нэлээд хэдэн жишээг харлаа. Энийг би сайн үзүүлэлт гэж бодож байгаа.
Би өөрөө сэтгүүлчээр олон жил ажиллахдаа харж байсан. Шинэ гишүүдийн хувьд анхны парламентдаа, эхний жилээ гишүүд хэзээ ч ийм байдаггүй. Гэтэл манай гишүүд маш их практиктай, судалгаатай. Салбар салбарын мэргэжилтнүүд орж ирсэн байна. Тэр нь маш сайн үзүүлэлт боллоо гэж харж байгаа.
-Гишүүний хувьд энэ намрын ямар ажлуудыг хийж амжуулав?
-Намрын чуулган дээр төсвийн ажлын хэсэгт орж ажилласан. Орон нутагт дутагдаж байсан томоохон төслүүдийг хөдөлгөх гэж хичээсэн. Улмаар эхний төсөв дээр тус төслүүдийг оруулж чадсан болов ч алдагдалгүй төсөв батална гээд тэр төсвүүдийг бүгдийг нь танасан. Тэр нь дээр би болон тойргийн гишүүд гомдолтой байгаа. Гэхдээ Хавдар судлалын эмнэлгийн төслийг хөдөлгөж чадсандаа баяртай байна. Мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд долоон жил гацаад байгаа Газрын тос боловсруулах үйлдвэр дээр би өөрөө Ерөнхий сайдад асуулга тавьж, ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Харамсалтай нь энэ төслийг УИХ хүчээр соёрхон батлах гэж байна. Энэ чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээ цаашид ахлаад явна. Бас Хэвлэл мэдээллийн ажлын хэсэгт ажиллаж байгаа. Хуулиас давсан журмууд байдаг. Тэдгээрийг цөөлөх ажлын хэсэгт бас ажиллаж байгаа. Ундны усны ажлын хэсэгт ажиллаж байна. Говийн усны төсөл дээр нэлээд анхаарал тавьж ажиллаж байгаа. Цагаан дэл уулын боомт дээр бас орон нутагт нь ажлын хэсэг байгуулаад явж байна. Бас миний хувьд тойрогтоо нэлээд ажилласан. Тойрогтоо бараг 10 гаруй км явж иргэдтэйгээ уулзсан байна. Санал бодлыг нь байнга сонссон.
-УИХ-ын гишүүн Б.Батбаатар:

-Намрын чуулганаар шинэ Засгийн газарт хугацаа өгсөн. Хаврын чуулганаар Засгийн газрыг идэвхтэй шаардаж ажиллана-
-Анхны 126 гишүүнтэй парламент хагас жил ажиллаж, Намрын чуулганаа хаах гэж байна. Та энэ намрын чуулганыг хэрхэн дүгнэв?
-Намрын чуулган нэлээд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Энэ намрын чуулганаар 2025 оны төсвийн асуудлыг шийдсэн. УИХ төсөв батлахдаа алдагдалгүй төсвийг баталсан онцлогтой төсөв боллоо. Мөн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлийн хүрээнд хууль тогтоомжид дутуу буюу алдаатай суусан байсан зүйлсийг засаж, хуулиудыг сайжруулснаар томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хэлэлцээрийн явцуудад монголчуудад ашигтай байх өөрчлөлтүүд орлоо.
-Танай намын хувьд энэ намрын чуулганаар ямар ажлууд хийв?
-Намрын чуулган анхны чуулган учраас өргөн барьсан хуулийн төслүүд тодорхой хэмжээгээр цөөхөн байсан. Хуулийг бэлтгэх, өргөн барихад бэлтгэх ажил, процесс нь өөрөө хууль тогтоомжийн тухай хуулиар нэлээд ярвигтай процессыг туулдаг болсон. Энэ утгаараа зарим хуулийн төсөл санаачилж, өргөн баригдаж амжаагүй байхыг үгүйсгэхгүй. Манай намынхан бас хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Хаврын чуулганд нэлээд олон хуулийн төсөл өргөн барина гэсэн бодолтой байна. Засгийн газар МАН, АН, ХҮН намын хамтарсан 118-ын бүлгийг УИХ-д бүрдүүлсэн. Энэ Засгийн газар бас хагас жилийн хугацаанд юу хийв гэдгийг бид дүгнэнэ. Энэ чиглэлээр бид эхний хагас жилд нэгэнт ажлаа эхэлж байгаа шинэ Засгийн газарт тодорхой хэмжээгээр хугацаа олгох үүднээс зарим чиглэлд өөр хувилбаруудыг санал болгосон. Харин хаврын чуулганаас эхлээд бид Засгийн газрын идэвхтэй шаардаж ажиллах болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хэлсэн ярьснаас нь хэмжэнэ түвшин нь харагдаж бна, Мөнхбаясга лан л хамгийн жиөигээр сэтгэдэг юм бна доо !
Энд рамгын муу гарг�##�аатай хүн нь батбаатар юм бна даа. Хувиа бодсон яариа нь бөөрөнхий олон жил зарц барлаг хж арай хийж таваг хоолны бараа харсан хүн шиг хоолноосоо с�##�чих бий хишиг хувь хүртээхээ больчих бий гэсэн айдастай өөртөө итгэлгүй хүн харагдах юм