Top StoriesЯрилцлага

Б.Бат-Оргил: Миний сэдэв би өөрөө биш эх орон л болчихлоо

Гэрэл зурагчин, артист Б.Бат-Оргилтой ярилцлаа. Тэр "Иргүн" үзэсгэлэнгээ "B Contemporary" арт галлерейд энэ сарын 28-ныг хүртэл дэлгээд байна.


-Иргэн гэдэг ойлголтыг яагаад “Иргүн” хэмээн тодотгож, концепцоо зангидав?

-Миний “Метро”, “Метрополис”, “Метросексуал” баримтат гэрэл зургийн төслийн үргэлжлэл гэж ойлгож болно. Бидний хувьд иргэн гэж бичдэг болсон нь үсрээд 100 гаруй жилийн өмнө. Угтаа “иргүн” гэж ярьж, бичиж ирсэн ард түмэн. Тухайн үед 10 саяас дээш хүн ам яригдах болов уу. Өнөөдрийн Улаанбаатар бол метрополитан хот. Гэхдээ бид Хархорум хэмээх бүр мегаполис хот байгуулж явсан. Харин энэ цаг үед “иргүн” гэдэг ойлголтыг хэрэглэж байлаа.

-Хот гэсэн сэдвийг хэзээнээс, яагаад барьж авсан бэ?

-Хүн амын 50 хувь нь соёл, урлагийн боловсролтой бол тэр метрополис хотын шинж гэдэг зарчим яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл 1 сая хүнтэй ч тэр метрополис хот болж чадна. Гэтэл бид тэгэхгүй байна. Иймд хотоор дамжуулж соёл, боловсролын тухай асуудлыг хөндмөөр санагддаг. Хүүхэд багаасаа л урлаг соёлын боловсролтой болж өсөн хүмүүжих чухал. Тэгэхээр энэ боловсролын системийн ч асуудал. Одоо бага багаар юмс өөрчлөгдөж л байна. Гэхдээ илүү өргөн хүрээнд задалж яримаар санагддаг юм.

-Тэгэхээр метрополис хотын иргэнд урлагийн боловсролтой байх гэдэг шаардлага маягийн зүйл тавигдаж байна. Үүнийг юугаар хэмжих вэ?

-Наад зах нь архитектур бол урлагийн том салбар. Даанч гараад харахад л хэцүүхэн байгаа биз дээ. Ингэхээр яах аргагүй манай хотод алга гэж дүгнэмээр. Хот өөрийн гэсэн соёлыг бий болгож байдаг. Манай хот энэ талаараа тааруухан л даа.

-Үзэсгэлэнд Минскийн зураг ч байна. Эдгээр хотуудын юуг нь “чирч” авчран энд үзүүллээ гэж ойлгох вэ?

-Товчхондоо өрнийн ба дорнын хотын соёлыг зэрэгцүүлэн харуулж байна. Урагшаа Хятад, хойшоо Оросын хотууд дийлэнх, тэгээд Герман байгаа. Беларусийн Минскээр бол дайраад гарсан. Гэхдээ Улаанбаатарын зураг маш цөөн. Манай хот ирээдүйд метрополис болох нь тодорхой. Харин тэр хүртэл дахиад юу юу өөрчлөгдөх бол? гэсэн асуулт хаяад л үлдээж байгаа юм.  

-Монголчуудын хувьд хот гэдэг угтаа шинэхэн ч гэмээр ойлголт. Цусандаа малчин, нүүдэлчин хүмүүс явж байгаа. Энэ онцлогийг хэрхэн зэрэгцүүлж ойлгомоор юм бэ?

-Бид хот байгуулж л явсан ард түмэн. Одоо зүгээр л тууриуд нь үлдсэн, ихэнх нь ор мөргүй алга болсон. Бид үнэн хэрэгтээ нүүдэлчин ба суурин соёл иргэншлийг хамтатган хослуулж хөгжүүлсэн ч түүнийг нотлох баримт, үлдэц бага юм. Наад зах нь Бээжин хотыг нэрлэх боломжтой. Өмнө нь Монголын харьяанд байсан хотуудаар явж зураг авах надад бахархмаар сэтгэгдэл төрүүлдэг. Дээр нь Хятад өөрөө зураг авахад их таатай орчин. Харин Орост зураг авах боломж бий ч жаахан түгшүүртэй санагддаг. Германд бол зүүн тийшээ их гоё ансамбльтай. Ер нь баруун тийшээ яваад ирэхээр зах зээл нь чөлөөт боловч тийм ансамбль байхгүй, жаахан тухгүй, мөнгөтэй хүмүүсийн л авдаг мэдрэмжийг өгдөг гэмээр. Ийм констраст бас явж байгаа.

-Тэгэхээр та хотын гоо зүйн асуудлыг яриад байна уу?

-Тийм. Дагалдаад хотын соёл.

-Улаанбаатарын талаар дахин ярья. Хот төлөвлөлт, архитектур гэхээр их удаан яригдчихсан сэдэв л дээ. Гэхдээ бидэнд ойр, сайхан мэдрэмж төрүүлдэг шүү дээ. Гоо зүйгүй байлаа ч Улаанбаатар маань дулаахан санагддаг.

-Одоо зундаа л сайхан, зун цагт л тэрийг мэдэрч байна. Цагаан сар... Хот хүнгүй болчихдог нь сайхан. Шинийн 1, 2-ны алалцаан хотыг тухгүй болгодог. Наадмаар ч тасархай л даа. Хот өөрөө амардаг.

-Амар жимэр, стресс багатай гэмээр ч юм шиг, тэр нь таны хотын гоо зүй гэдэг ойлголттой уялдаад байгаа юм уу?

-Тийм биш л дээ. Цэлгэр, налгар болчихоороо хотын ансамбль гоё тодорч ирнэ. Харин ид түгжирч байх үеэр хотын гудмаар алхаад зураг дарвал юу юуг олж үзэх билээ. Маш бараан, тухгүй. Мэдээж энэ баримтат гэрэл зургийн тухайд амьдрал л даа. Гэвч ансамблиа байг гэхэд бухимдалгүй баймаар байх юм. Ер нь ядуу буурай орон болчихлоо. Тэр дүр зураг дуранд тийм ч сайхан буудаг зүйл биш л гэж бодох юм. Би Улаанбаатарт авсан зургаа аль болох харуулах дургүй. Бөөн хүний эрх зөрчсөн, зөрчигдсөн асуудлуудыг баримтаар дэлгэж буй хэрэг болчихдог. Сурталчилгааны зураг дээр гоёор харуулаад авчихаж болно. Гэвч үнэндээ хүнд л дээ. Эсвэл монгол хүн болохоор би Монголынхоо Нийслэлийг тэгж хараад байна уу. Их эмзэг л тусдаг. Миний хувьд гудамжаар алхаад явахад нүд дандаа халтираад байна гэдэг л хамгийн том асуудал болчхоод байна.

-Бодит байдлыг буулгах чинь баримтат гэрэл зураг мөн биз дээ?

-Асуудлыг гэрэл зургаар дэвшүүлж болно.

-Тэгэхээр та өөр мөн чанартай зүйл хүсээд байна уу?

-Ер нь бол тийм. Зураг бүрийн ард түүх нь оршиж буй. Тэр түүхүүдийг би иргэнийх нь хувьд сайтар мэдэж байгаа учраас эмзэглэл төрдөг. Харин гадаадын хотоор явахад би таарсан, танихгүй хүмүүсээ өөрийнхөөрөө зохиомжилдог учраас авах мэдрэмжийн хувьд ялгаатай.

-Уг нь эмзэглэл л уран бүтээл болдог биш гэж үү?

-Аргачлалын тухай ойлголт бий. Хэдий бодит байдал ч түүнийг өөрөөр харуулах нэг тийм үүрэг гэж байх ёстой.

-Гол зааланд буй бүтээл “Иргүн” сэдэвтээ хэрхэн уялдаж байгаа вэ?

-Дотоодын нийт бүтээгдэхүүн, инфляц, төгрөгийн ханшийн уналт. Эдгээр зүйлээр холбогдоно.

-Та бол эх оронч хүн юм. Одоо улстөржилт явсаар эх оронч гэхээр сөргөөр ойлгогддог болчхоод байна. Харин эх орны тухай бодож эхэлнэ гэдэг хүний төлөвшлийн нэг хэсэг шиг. Та энэ талаар хэзээнээс бодов. Зөвхөн өөрийн дурсамжийг ухдаг уран бүтээлчид бий ш дээ?

-Би санамсаргүй их сургуулиа төгссөн. Гэхдээ эдийн засагч мэргэжлийн үнэ цэнийг олж хараагүй байсан. Тэндээс больж, гэрэл зураг авсан. Ингээд ухрааж бодохоор эх оронч үзэл надад байсан л юм билээ. ОХУ-д суралцаж байхад бас ихийг өөртөө олж авсан. Хэлмэгдүүлэлт гэдгийг сайн мэддэггүй л байлаа. Түүхээ судлаад ирмэгц уран бүтээлчийн хувьд хэзээ ч мартаж болохгүй сэдэв болж хувирсан. Ер нь түүх үзэхэд бахархах юм мундахгүй. Тэндээс би эх оронч үзлээ олж, услан хөгжүүлсэн.

-Та хаана төрсөн бэ?

-Улаанбаатарт.

-Энэ замыг сонгосон нь урлаг гэдэгтээ юу, гэрэл зураг гэдэгтээ юу?

-Багын гэрэл зурагт дуртай хүүхэд байсан. Хальс угаахыг, угаагдсан байхыг харах дуртай байлаа. Тэгээд л гэр бүлийнхээ зурагчин болохыг хүссэн нь 13 настайд. Ухамсаргүй байх үедээ ухамсраар үйлдээд, гэрэл зурагчдын уулзалтад очдог болоод,  багын  дурсамжууд холбогдож урамшаад л. Ингээд дараа нь урлаг гэдэг рүү орно. Урлагт улам дурласан. Энэ л миний орон зай юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

-Харин эдийн засагч болсон нь яагаад?

-Мөн л багадаа математикт дуртай байсан. Математикаар нүдүүлдэг байсан. Тэгээд л СЭЗИС-д элссэн.

-Өөрөө сонгосон?

-Бизнесийн удирдлага гэж бодож байсан юм. Тэр нь санхүүгийн удирдлага болж хувирсан.

-Аав, ээжийн нөлөө?

-Мэдээж байгаа. Ээжийн аав эдийн засагч хүн. Өвөөгийнхөө төгссөн сургууль гээд элсэж байгаа юм. Гэтэл гэрэл зураг гээд явчихаар аав уурлана. Аав, ээж хоёр бол талбайн гэрэл зурагчнаар төсөөлсөн. Тэгэнгүүт нь төгсөөд ОХУ руу шалгалт өгч, нисэхийн сургуульд явсан. Намайг 10 жилээ төгсөж, сургууль сонгох үеэр аав байхгүй таарсан юм. Байсан бол шууд нисэхийн салбараа сонгочих байсан болов уу. Нисэхийн сургуулиа дүүргээгүй л дээ.

-Харин гэрэл зургаар?

-2019 онд гэрэл зургаар магистр хамгаалсан. Цар тахлын үеийн магистр.

-Тэгэхээр ухамсартайгаар гэрэл зураг дарж эхэлсэн он хэд вэ. Нөгөө Шувуу, Blgunee Hiroshi нарын нэгэн зэрэг гарч ирсэн үе үү?  

-Тийм ээ. Asuult.net-ийнхэн гэж явна даа.

-Ямар тохироо бүрдээд хэдэн залуус яг гэрэл зураг руу тэгж орж таарсан юм бол гэж бодогддог шүү?  

-Миний Asuult.net-ийн хаяг бараг 2003 онд нээгдэж байсан ч байж магадгүй шүү. Бид жинхэнэ форумчид байсан. 17, 18 настай хүүхдүүд л дээ. Удахгүй блог гэдэг юм гарч ирсэн. Гэрэл зураг ч дардаг, блогтоо юм бичдэг ч болсон. Судлах материал их байсан гэмээр юм уу, нөгөө талаар дур сонирхол ч байсан. Гол нь гадаадад амьдардаг залуусыг хооронд нь их холбож, танилцуулсан платформ л доо. Мэдээлэл сайн солилцоно. Үнэндээ тэр хаягийн цаана хэн байгааг ч мэдэхгүй шүү дээ. Тэр утгаар өрсөлдөөн бөгөөд сониучирхал дүүрэн, сонирхолтой цаг үе байсан.

-Тэр үед ирээдүйнхээ тухай бодох уу?

-Ёстой бодоо ч үгүй. Ном уншаад, түүндээ живээд л. Гэрэл зургийг шүлэгтэй байлгах гэж бодоод л. Гэрэл зураг өөрөө их том ертөнц харагдаж байсан. Зохиолоо уншихдаа их хүндээс нь эхэлчихсэн. “4 биш 4” гэдэг ч юм уу. Ц.Анудар өөрөө нүдэнд харагдтал биччихсэн нөхөр л дөө. Ерөөсөө тэгэхээр гэрэл зургийн илэрхийлэмж ч нэлээд гүнзгий болж ирсэн цаг үе. Галзууруулж байгаа юм чинь.

-Тэр мэдрэмж хожим нь унтарсан уу?

-Арай илүү нийгэм рүүгээ ханддаг болжээ. Ингэж тайлбарлаж болно. Мэдээж олон төрөл бий. Төрлүүд, арга барил, техникийг нэг байлгах, түүнийг мөнхөд ашиглах ядаргаатай. Нэг удаа туршсан нь амжилттай болчихвол арга билиг нийлжээ гэж хармаар. Одоо өөртөө зориулж бүтээл хийхгүй байгаад байна л даа. Бичихээ больчхоод тэгээд байна уу. Гэтэл эсрэгээрээ гэрэл зураг бүрд бичвэр дагалдах ёстой юм шиг санагдаад. Өөрөө бичих гэхээр бас эргэлзээд. Ингэж хойш тавьсаар энэ зүйлс маань алдагдаж байна.

-Энэ үйл явц уу, өөрчлөгдчихсөн байгаа байдал уу?

-Харин ээ. Нэг юманд автаж гашлаад, санаагаа чилээгээд явахаар их зүйл орж ирдэг. Энэ байдлаа л алдаад байна уу, мэдэхгүй. Цаг үе өөрөө хувьсан өөрчлөгдөөд байх юм.

-Нийгэм яаж өөрчлөгдсөн бэ?

-Тэр үед бацаанууд гоё дураараа байсан ш дээ. Гоё үе байсан.

-Одоо тийм дураараа биш болчихсон байна уу?

-Одоо дураараа гэхээсээ ер чимээгүй. Юм ярих нь ч багасжээ. Заавал архи ууж, жаахан халж байж хоёр үг унагадаг. Ерөнхийдөө тийм харилцан яриа ч, ярих сэдэв нь ч багасаад байх шиг. Уухаараа дотоод хүнээ тэжээх маягаар жаахан ярина. Өөрөөр сэтгээд, ажлаа хийгээд явж л байна. Нийгмийн шаардлагын дагуу формаль ярианууд явагдана. Гэтэл энэ дунд дотоод хүнээ гаргаж ирж үзүүлж байхгүй бол хэцүүхэн л цаг үе шиг. Магадгүй тэр дотоод үзэгдэл маань энэ үзэсгэлэн дэх харанхуй өрөө юм.

-Гэрэл зургаас өөр зүйл рүү ороод гарсан удаа бий юу?

-Байхгүй.

-Тууштай явна гэдэг ер нь болно, чадна гэдгээ өөртөө харсан, мэдэрсэн гэсэн үг үү?

-Мөнгөнд шунахгүй буюу мөнгө хэрэгтэй биш байгаад байна. Хэрэгцээтэй байгаа нь үнэн ч мөнгийг хойш нь тавиад явж байна гэсэн утгатай.

-Арилжааны, фэйшн зураг дараад явчихдаг. Үүнийг юу гэж боддог вэ. Уг нь хүнийг завгүй бөгөөд орлоготой байлгана, дотроо цэвэр уран бүтээлийн санаагаа тээж боловсруулаад явж байх боломжтой давгүй арга зам юм биш үү?

-Тэгж яривал би сэтгүүлд л ажиллах дуртай. Жинхэнэ сэтгүүлийн редакц. Монголд байхгүй. Байгаа нь гэрэл зургийг үнэлдэггүй. Хажуугаар нь захиалгын, төслийн ажлууд орж ирнэ л дээ. Түүгээр л хэрэгцээгээ болгож байна. Хэн надтай холбогдох нь уу гээд л хүлээх янзтай. Утаствал “Тэгье” л гэнэ. Мөнгө төлсөн хүмүүс бас ямбалаад, намайгаа дээрэлхээд явчих нь бий.

-Ер нь гэрэл зургийг үнэлдэг болж байна уу?

-Үгүй. Хэцүү шүү. Хувийн студи юм уу урлантай болж байж л явах юм шиг. Тэгэхээр зардал ихэснэ. Одоо ер нь тэгээд хэдэн нас хүртлээ мөнгө олохгүй, тэгсэн хэр нь ээ үнэтэй хальсаар зураг авах юм. Эсвэл зураг нь зарагдахгүй байж үзэсгэлэн гаргаад л, нэг талаас ойлгомжгүй байна. Мэдээж өөр харилцаа холбоо үүсдэг л дээ. Гэхдээ гадаадын зах зээл шиг биш.

-Зах зээлээ хүлээнэ гэвэл хөгширчих байх л даа.

-Хөгширсөн хойноо л баян болохоос (Инээв). Дээр нь сая цар тахал гэдэг сонин зүйл цаг хугацааг зогсоочихлоо. Түүнээс хойш дөнгөж гурван жил л өнгөрч байна. Залуу байгаа дээрээ сайн уран бүтээлүүд бол хийнэ. Яг л хийдэг нас ирж байна.

-Амьдрал тэгээд ямархуу байна?

-Яах вэ, сайхан л байна. Өлсгөлөн хонохгүй, тамхины мөнгөтэйгөө байна. Байрныхаа мөнгийг өгч байна. Энгийн хэрэгцээгээ хангаад л явж байна.

-Илүү юм хүсэхгүй болохоор сайхан гэж байгаа байх.  

-Хэрэгцээ нь өөрөө жаахан юм даа.

-Хэрэгцээ хангах байдлаар үүнийг хэмжих өнгөц, адаглаад хүрээлэл, харилцаа чухал. Гэрэл зурагчид олонтой явдаг ч тэдний ихэнх нь зураг даруулах л хүслээр харилцдаг юм шиг санагдсан. Тэгэхээр мөн ганцаардал их?

-Сайхан сэтгэл гаргаад зүгээр зураг аваад өгөхөөр 20 мянган төгрөг сарвайх жишээтэй. Тэгж байхаар өгөөгүй нь дээр шүү дээ. Мэргэжлийн гэрэл зурагчин гэдгийг уран бүтээлчид бас хүлээн зөвшөөрдөггүй. Камертай бол би ч хийчихнэ гэх янзтай нь нийтлэг шүү. Хүнд ярьдаггүй гэвэл тэгээд архи ууж байна. Бие өвдөхөөрөө нэг болих юм. Дотор байгаа зүйлээ яаж нэг уудлах гээд байгаа юм бол, би хэлж мэдэхгүй л байна.

-Та бол тод өнгө төрхтэй уран бүтээлч. Уран бүтээлчийн хувийн ертөнцийн хэлтэрхий ямар нэгэн байдлаар бүтээлд нь тусдаг шүү дээ. Харин гэрэл зурагчдад энэ төвөгтэй байж магадгүй. Тэр зүйл гэрэл зурагт тусах, тусгах боломжтой юу?

-Тусна. Түүний тулд хүнд хүнд сэдвүүдээр л оролдоно. Сэдвээ л сонгож барьж авна. Миний сэдэв би өөрөө биш эх орон л болчхоод байна. Ямар ч байсан зөв өнцгөөр санаа дэвшүүлье, түүнийг хүмүүс ойлгодог байг гээд хийж байна.

-Уг нь хувь хүнийхээ юмыг шингээвэл онгойж, уужраад байх юм биш үү?

-Сүүлд Карл Марксын толгойны урд хийсэн медиа ажил бол гүнзгий амьсгаа авахад хүргэсэн шүү. Гоё ч ажил. “Алтан говь”-ийн ажил бас дажгүй. Чингис хаанаа бол бодож бодож альфа хувилбар гэдгээр гаргасан. Тэгээд нүүрс болон говийн усны асуудлаар юм хийсэн. Малчны дуу хоолойг ч үүгээрээ гаргаж байгаа юм.

-Сэдвүүд нь хүртэл ийм гадагшаа чиглэсэн шинжтэй. Тэгэхээр хувь хүн нь ч өөрийгөө бусдад тараагаад өгчихдөг төрлийнх үү?

-Тийм. Одоо харин үүнийгээ болих хэрэгтэй ч юм шиг болчхоод байна. Тэгэхээр амиа хичээчих ч юм шиг.

-Тэр бүрд тэгээд шархалдаг шүү дээ.

-...Шархалж буй зүйл ч зөндөө байна даа...

-Өөртөө л төвлөр гэдэг ч үнэндээ энэ бусдаас ирж байгаа л хандлага. Хүмүүс л тийм мэдрэмж төрүүлдэг.

-Одоо хүнийг ойлгох гэдэг ойлголт байхгүй болчихлоо шүү дээ. “Энэ хүнийг нэг ойлгоё доо” гэдэг зүйл алга. Өөрийнхөөрөө л туугаад байна. Хүнлэг биш байна. Ёжлол, маазрал, тоглоом шоглоом, хараалын үг л их байна. Тийм харилцаа л нийгэмд олон байна шүү дээ.

-Санавал хамгийн сүүлд хэнээс сайхан хүнлэг харилцаа мэдэрсэн бэ?

-Бодъё л доо (Удаан бодов). Үзэсгэлэн дэглэж байх үед манай найзуудын маань туслалцаа дэмжлэг мэдээж сайхан байсан. Яг гаднын хүнээс гэж үзэх юм бол, ээ дээ байхгүй юм биш үү.

-Уран бүтээлчид бол хувь хүнээрээ ойлгогдож чаддаггүй улс. Харин бүтээлдээ тодорхой хэмжээнд шингээдэг. Тийм үзэсгэлэн гаргасан уу?

-Гурав дахь үзэсгэлэн дээр адууны бойн дээр авсан зургаа дэлгэсэн. Тэгэхэд би дуугарчих шиг болсон, тэр мэдрэмжийг бол авсан. Хэдэн сар ноцолдож байж авсан зураг. Дараа нь Уран зургийн галлерейд Ерөнхий сайд уулзалт хийх болохдоо тэр зургийг буулгуулсан. Аймаар том эмзэглэлээ тэр чигт нь гаргасан болохоор мэдрэмжийг бол тултал авсан. Энэ үзэсгэлэн дээр бас нэг сэдэв байгаа. Хамгийн цаад зааланд төрийн далбааны тухай хуульд нэмэлт заалт оруулах активизм эхлүүлсэн юм. Ядаж Монгол Улсын иргэн бүр төрийн далбаагаа мэддэг болъё гэдгийг дэвшүүлж байгаа. Манай төрийн далбааг ер нь энд тэнд буруу хийгээд байдаг. Наад зах нь “Рио Тинто”-гийн барьсан цэцэрлэгт хүрээлэнгийн шинэ далбаа гэхэд л буруу.

-Тийм үү?

-Арга билиг нь хоёр талаасаа нар зөв байх ёстой. Сүүлд П.Очирбат Ерөнхийлөгчийг нас барахад гадаа төрийн далбааг уртаар нь эгнүүлэхдээ мөн л алдсан байсан. Гадаадынхан хараад инээж дооглодог байх даа л гэж боддог. Жишээ нь “Рио Тинто” уучлал гуйх ёстой юм. Давхар change.org дээр гарын үсэг цуглуулах санаа байна.

-Дандаа гадагшаа чиглэсэн сэдвээр эмзэглээд л. Хувь амьдрал нь гунигтай ч юм шиг. Ийм эсрэг шугамтай ярилцлага болж байна.  

-Биднийг хүмүүс зүгээр л гадуур зугаалангаа зураг дараад явдаг гэж хардаг. Тийм биш. Энд хувь хүний, хувь уран бүтээлчийн амьдрал өрнөж байгаа. Нөгөө талаас  ганцаардлыг бүтээлд тусгаад явбал хүүхдүүдийг, үзэгчдийг том ангал руу унагаах эрсдэлтэй юм шиг санагддаг. Үүргийн хувьд. Хүнд талаас нь харуулж хүмүүст дахиад л нэг шарх үүсгэж, зүсэж байгаа юм шиг мэдрэмж төрүүлэхийг хүсэхгүй байна.

-Урлаг үүрэггүй, уран бүтээлч хүн ямар нэг үүрэг хүлээх албагүй гэсэн өнцөг бий. Таны хувьд үүрэг байдаг байх нь?

-Гэрэл зурагт байгаа. Маш том хариуцлага дагаж яваа. Монголд авсан зургаа дэлгэх дургүй гэж ярьсан даа. Олон улс түүгээр Монголыг юу гэж харах вэ гэхээр хэцүү. Уран бүтээлч өөрөө ганцаараа урагшилж болно. Гэтэл Монголын баримтат зураг гэхээр дандаа хүнд сэдэвтэй байхаар эх орноо буруу таниулаад байна уу даа гэж бодогдох нь бий. Цөлжилтийн тухай сурвалжилгыг хоёр жилийн өмнө ХБНГУ-д гаргахад зүрх их өвдсөн.

-Монгол бол дөрөөлөн өөрийгөө гаргаж ирэх баялаг сэдэвтэй орон. Та ингэж ярихаар уран бүтээлчийн амбиц, эго гэдэг зүйл бага юм шиг сонсогдож байна.

-Уран бүтээл хийсэн нь үнэн, тэр үлдэх нь чухал. Харин нийгэм дунд амбицлаад яах юм бэ. “Оригоо олон үзэсгэлэн гаргалаа, төсөл хийгээд л яваад байдаг, аягүй амбицтай” гэж хүмүүс хардаг. Би тэгж боддоггүй. Бүр нэг алалцаад байх дургүй. Хамтарсан үзэсгэлэн гаргахаар л орон зай дээрээ алалцаж эхэлдэг. Би бол тийм юм харах үнэн дургүй, бүр яс хавталздаг. Хожим цаг хугацаа шүүнэ гэдэг л үнэн.

-Ирээдүйн бүтээлийн талаар асуух эрсдэлтэй ч ямар сэдэв рүү хөл тавих, ямар хэлбэр лүү шилжих дотоод тэмүүлэлтэй байна вэ?

-Одоо миний дотор зурагдсан 10 зураг байна. Энэ өөрөө сурвалжилга. Хүүхдийн эрхийн тухай юм. Үүнтэй ядаж дөрвөн жил зууралдаад, зургаа аваад, тэр сурвалжилгыг л олон улсад гаргана даа.

-Аль талаас гаргах вэ гэдэг бодох асуудал уу. Учир нь та тэгж ажиллахаас зүрхшээдэг гэсэн?

-Яг тийм, тэгэхээр 10 зохиомжоо бодоод л байна. Планаа төлөвлөнө гэсэн үг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 12:10

Ёстой ойлгохгүйм даа. Монголд энэ урлагийг сонирхож авч хэлэлцэх болоогүй л юмдаг уу даа

hen ch bish
hen ch bish
2 сар 19, 2025 14:53

bur uhaad hayjee, setguulch yamar ch ethic, ur chadvargui asuuj, asuultdaa uyagdad uran buteelch maani ih tuhgui hariultuud ugsun bololtoi. uzesgelengee l survaljlahad hangalttai site yun ch olon ym asuudag ym

Basca Feiza
Basca Feiza
2 сар 20, 2025 01:42

сайн байцгаана уу. Гэрэл зургууд харж, үзэх үнэхээрийн дуртай. Тэр тусмаа баримтат, хар цагаан гэрэл зургуудыг. Гэрэл зурагчид маань youtube-ээр "Миний авсан 10 зураг" хэмээх нэртэй байлуудаа, нэг тийм "контент"-тэй байснаа тэгэсгээд АЛГА БОЛЧИХЛОО, ҮГҮЙ БОЛЧИХСОНД харамс�##�тай~харуус�##�тай буй байдаг. Өнөөг хүртэл үгүйлээд, эргэж буцаж ирээсэй гэсэн харууд�##� надад бий буй байгаад л.

dma
dma
2 сар 20, 2025 19:38

Iim saihan hunii yriltslagand ashiglasan zurguud ni ih muu yumaa

Холбоотой мэдээ

Back to top button