Д.Долгорсүрэн: Цагаан сар хаврын баяраас эрс ялгаатай, сайн сайхныг бэлгэдэх агуулга нь хамгийн чухал

Д.Долгорсүрэн: Цагаан сар хаврын баяраас эрс ялгаатай, сайн сайхныг бэлгэдэх агуулга нь хамгийн чухал
“Элдэв эрдэнэт” хэмээн модон могой жил гарч байна. Сар шинийн баяртай холбогдуулан, түүний үнэ цэн, утга учрыг өнөө цаг үед хэрхэн харж, чухалчлах талаар МУИС-ийн Антропологи, археологийн тэнхмийн багш Д.Долгорсүрэнтэй ярилцлаа.

-Бидний уламжлалт Цагаан сарын баяр болж байна. Жил ирэх тусам Цагаан сарыг ихээхэн чухалчлахаа болиод байх шиг анзаарагдаж байна. Бидэнд юугаараа онцлог цэнтэй баяр вэ?
-Монголчууд өөрсдийн түүхийг төрт улс анхлан үүссэн Хүннүгийн үеэс эх авч хэлэлцдэг. Үүнтэй уялдуулж үзэхэд өөрсдийн өвөрмөц соёлын онцлогийг гүн бат бий болгосон ард түмэн. Тэр биднийг бусдаас ялгаруулдаг. Энэ нь хэл, соёл, зан заншил хэмээн үргэлжилнэ, маш өргөн ойлголт. Уламжлалт баяр наадам ч үүнд багтах юм.
Цагаан сарыг 13-р зуунаас өмнө намар цагт, цагаан идээний баяр болгон тэмдэглэж ирсэн анхны утгаа өдгөө ч хадгалсаар байна. 13-р зууны эхээр Тэмүүжин Их Монгол улсыг байгуулаад 3-р жарны хөхөгчин үхэр жилийн сүүл сарын эцэс улаан барс жилийн хаврын тэргүүн сарын шинэдээр хаан ширээнд суух ёслол болсон. Тэр үеэр Их Монгол улсын нэгдсэн төрийг нээсэн баярыг шинэ оноо хавар тэмдэглэдэг дорно дахины ихэнх ард түмний нийтлэг ёсоор журамлан, цагаан сарыг намраас хаврын эхэнд албан ёсоор шилжүүлэн хамтатган тэмдэглэсэн байна. Ийнхүү 1206 оноос эхлэн цагаан сарыг хавар ёсолдог болжээ. Мөн төрт бидний соёл зан заншил сэргэcний баяр гэдэг нь ч үүнтэй холбоотой.
Зарим цаг үед хориглож, тодорхой хүрээнд тэмдэглэдэг ч байлаа. Гаднын түрэмгийллийн зах зух манайд хар бараан сүүдрээ тусгаснаар хэлбэр, агуулга нь өөрчлөгдсөн түүх ч бий. Тэгтэл нэг хүнийг тахин шүтэх явдал газар авч байсан 1952 оны өвлийн адаг сарын битүүнд Х.Чойбалсан нас барж шинийн нэгнийг гашуудлын өдөр болгосон. Дараа жил нь дахин өнжсөн байх жишээтэй.
1959 онд нэгдэлжих хөдөлгөөн яллаа хэмээн зарлаад 1960 оны нэгдүгээр сард Ардын Их хурлын тэргүүлэгчдийн зарлигаар жил бүрийн билгийн улирлын хаврын тэргүүн сарын шинийн нэгнийг “Нэгдэлчдийн өдөр” болгон зөвхөн ХАА-н салбарт амралтын өдөр байхаар тогтсон. Түүнээс хойш малчдаас бусад нийгмийн анги давхаргынхан цагаан сарыг тэмдэглэхийг зөвшөөрөөгүй. 1980-аад оны сүүлээс бид ардчиллын замыг сонгох үүд хаалга нээгдсэнээр ард нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх сайн цаг ирсэн.

-Эргэн нийтээр тэмдэглэж эхлээд 40-өөд жил л болж байгаа юм шиг. Тэр утгаар ч уу, Цагаан сарыг Азийн бусад орнуудын тэмдэглэдэг жишгээр зүгээр л нэг хаврын баяр гэж харах хандлага дийлдэнх болчихлоо. Ер нь агуулгын хувьд хаврын баяр гэж ойлгож болох уу?
-Түрүүнд дурдсанчлан, урьд цагт намар тэмдэглэдэг байсан талаарх түүхэн эх сурвалж байна. Идээ цагаа боловсруулж тэнүүн сайхан цагт цагаан идээний баяр хийдэг байсан нь энэ.
Харин Азийн ихэнх орон хаврын баяр гэж тэмдэглэдэг. Ер нь хаврын баяр боловч бидний хувьд “Цагаан сар” гэж нэрлэн соёл уламжлалаа илэрхийлдэг тул бусдын тэмдэглэдэг хаврын баяраас ялгах ёстой.
Учир нь хэдэн зуу, мянган жилээр уламжилж ирсэн манай Цагаан сар бол үндэсний, төрт ёсны баяр.
-Тухайлбал яаж ялгарах вэ. Тогтсон заншлууд нь мэдээж бий. Гэтэл Монголд Хятадтай зэрэгцээд шинэлдэг хүмүүс ч гараад ирлээ шүү дээ?
-Соёлын онцлогоороо ялгарна. Энэ сэдвийг бэлгэдлийн үүднээс авч үзвэл илүү тодорхой болно.
Өөрөөр хэлбэл, Цагаан сараар муу зүйл хэлэхгүй, хийхгүй, дандаа сайн сайхныг бэлгэдэж, гэгээн цагаанаар сэтгэн төсөөлөх заншилтай. Энэ утгаар Азийн орнуудын хаврын баяраас эрс ялгаатай.
Дээр нь нэмээд үндэсний онцлог болсон идээ, ундааны соёл, ахмад үеэ хүндлэх хүндлэлийн зан заншлууд орж ирнэ. Азийн хаврын баяр бол он солигдож, урин дулаан ирж буйг л тэмдэглэж байгаа хэрэг шүү дээ. Биднийх бол өөр. Иймд Цагаан сарыг бэлгэдэл болон соёлын ялгарал талаас нь танин мэдэх, зааж сурган өвлүүлэх чиглэлд илүү анхаарч, үндэсний уламжлалт төрт ёсны баяр юм шүү гэдгээр хүлээж авах нь зүйтэй.
-Азийн ихэнх орон хаврын баяр хийдэг ч бидний хувьд төрт ёсны гэдэг онцлогтой талаар та ярилаа. Төрт ёсны гэгдэх гол шинж чанар юу вэ. Бидний хувьд Үндэсний их баяр наадам гэхчлэн ижил агуулгатай баярууд байдаг шүү дээ?
-Мөн л Чингис хаантай холбож яримаар байна. Төрт ёсны хэмжээнд тэмдэглэх нь зүйтэй гэж зарлигдсан, ахуйн бус төрийн хэмжээнд хүргэн үнэлсэн хүн бол Чингис хаан.
Иймд ах дүү, ураг төрлөө танин мэдэх, мэндлэн хүндлэх, сайн сайхан бүгдийг бэлгэдэх учир утгыг давхар агуулдаг. Нөгөө талаар соёлын өвөрмөц онцлог энэ баярын бүх шинэ чанараар илэрч байдаг. Шинэ хувцас хийж өмсөх заншил бол эртнийх. Чингис хаан өглөө эртлэн босож, шинэ дээл хувцсаа өмсөн, тэнгэртээ мөргөж, хангай дэлхийдээ сүсэглээд Өүлэн эхдээ золгожээ. Улмаар төрийн бусад мяндаг тушаалтнууд Чингис хаанд бараалхан золгодог байсан тухай сурвалжуудад гардаг.
Тиймээс төрт ёсны хэмжээнд хүндэтгэн, нийтээр тэмдэглэж ирсэн нь өнө эртнээс, Чингис хааны үеэс улбаатай. Маш удаан тасралтгүй үргэлжилсэн хүчирхэг соёл гэдгийг мартаж болохгүй.
-Харин түүхийн зарим цаг үед хориглогдон, дарагдаж байгаад эргэн сэргэхдээ өөрчлөгдөн гажуудсан зүйлс хэр бий бол?
-Уг нь баярын идээ ундаа ямар байх ёстойг хуульчилсан, тогтоосон зүйл байдаггүй л дээ. Нэг ёсондоо Цагаан сар бол бэл бэнчингийн асуудал байгаагүй. Ерөөс сайныг бэлгэшээж, ирэх жилдээ сайн сайхныг ерөөн, бүтэн дүүрэн тэгш байхыг хүсэж буй гол агуулгатай. Идээг ч хэдэн үеэр засахыг нарийн заадаг зүйл байхгүй. Мэдээж сондгой тоотой засах боловч заавал гурав, тав, долоо гэхгүй.
Мөн Цагаан сарыг ургийн баяр гэж яриад байна. Ургийн баяр бас биш. Ингэхээр тодорхой нэг овог, удмынхны баяр болоод явчихна.
Иймд төрт ёсны баяр гэдгийг, мөн сайн сайхныг бэлгэдэн төсөөлөх агуулгатайг соёл уламжлалаа таниулдаг, мэдүүлдэг, мэдрүүлдэг агуулгатайг санамаар байна. Тэгвэл Цагаан сарын үнэ цэн, ач холбогдлыг маргаангүй шийдчих боломжтой гэж мэргэжлийн хүний хувьд үздэг.
-Нэлээд дарамттай баяр хэмээн төвөгшөөх нь улам л элбэгшээд байна?
-Сүүлийн жилүүдэд хүн ам өслөө, хот суурианд олноор төвлөрч суудаг боллоо. Энэ хэрээр уулзан золгох хүмүүсийн тоо элбэгшсэн. Энэ утгаар ургийн гэж ойлгоод байна.
Дээр үед хот сахаалтаараа л золгох хэмжээнд байлаа шүү дээ.
Цагаан сар ерөөс сайн сайхныг бэлгэддэг тухай би ярилаа. Энэ өөрөө хүнийг юманд сургаж байгаа хэрэг. Мөн өв уламжлалаа хийгээд ахас ихсээ танин мэдэхэд дэмтэй. Өв соёлоо, хойч үедээ өвлүүлж буй хэлбэр. Энэ утгаа л алдагдуулахгүй байхад болчих юм. Тэгвэл ад үзэхгүйхэн шиг тэмдэглэж болохоор.
Сүүлийн үед хүмүүс их ярьж байна л даа, ачаа дарамт гэдэг талаас нь. Заавал өрсөлдөж, өр зээлэнд орж тэмдэглэх алба байхгүй шүү дээ. Өөрийнхөө хэмжээнд, гэр орноо цэвэрлэж хир буртгаас саллаа, идээ будаагаа бэлдлээ, энэ хангалттай.
Бэлгийг ч заавал орсон гарсан хүн бүрд өгдөг байсангүй. Өндөр настан, нялхсаа хүндлэн баярлуулж, гар цайлгадаг байв.
-Шарын шашны нөлөө орж ирсэн тал хэр бий вэ. Жишээлбэл мөр гаргадаг, зурхайгаар шинийн 1-нээ Азийн бусад орнуудаас өөрөөр тогтоож, жилийн өнгийг үхэр хөтөлсөн хүүгийн төрхөөр шингэдэг. Энэ анх байгаагүй биз дээ?
-Монголд шарын шашин нэвтэрснээс хойших л асуудал. Мэдээж алив соёлд шашны нөлөө гүн тусдаг нь жам. Эдгээр дурдсан зурхайн агуулгатай уламжлал бол түүхэн сурвалж бичигт ховор байдаг.
-Цаг үеэ дагаад цомхон болгож шинэчлэх нь зүйтэй гэдэг. Мөн зарим заншлыг эргэж харж эхэлж байгаа. Хөөрөг бол монголчуудын олон зуун жилийн өмнөх байсангүй, бууз ч монгол хоол биш гэлцэнэ. Соёл өөрчлөгдөж шинэчлэгдэх нь хэвийн зүйл. Гэхдээ энэ мэтээр эргэж дүгнээд болих шинэчлэх зөв үү, эсвэл энэ чигт нь хадгалаад цааш явах уу гэдэг эргэлзээнд тулж ирлээ?
-Битүүний идээ ундаанд битүү хоол иддэг заншлыг баримталж ирсэн. Ингэхдээ эрүүг нь заагаагүй толгой өвчүү тавьдаг байсан. Гэтэл хот суурин болоод ирэхэд айл бүр мал гаргах амаргүй. Улмаар битүү гэдэг утга агуулгыг нь авч үлдэхийн тулд л буузыг сонгосон гэж боддог юм.
Харин бууз монгол хоол мөн бишийг өнөөдөр тогтоох гэж зүтгэх нь утгагүй. Олон зуун жил хэрэглээд ирсэн бол манай соёлын нэг хэсэг болсон гэсэн үг. Соёл өөрчлөгдөн хувьсаж байдаг. Нийгмийн хөгжил, амьдралын түвшнээс шалтгаалан хувьсдаг. Цагаан сарын тухайд ерөнхий утгыг л алдагдуулахгүй байх нь чухал юм.

-Хамгийн чандлан хадгалах ёстой ерөнхий утга нь сайн сайхныг бэлгэдэх гэдэгтээ бий гэж ойлголоо?
-Тийм, бэлгэдэл талаа барьж, өөрсдийн онцлогийг алдалгүй тусгах хэрэгтэй.
Цагаан сарын өдрүүдэд хэрэлдэж уралдахгүй, сайн сайхныг бодвол нэг талаас бие сэтгэлээ ариусгана шүү дээ. Бэлгэдэх болон цээрлэх энэхүү ялгаа заагийг таньж, түүнийг өвлөн уламжлуулах нь л нарийн асуудал.
-Цээр гэснээс, цээрлэж ирсэн зүйл юу вэ?
-Сайн сайхныг бэлгэдэхийг эсрэг бүхэн буюу муу муухайг хорино. Архи хэтрүүлэн уухгүй, айлд хонож өнжихгүй. Ялангуяа битүүнд гэрээ битүү дүүрэн байлгах утгаар халуун ам бүлээрээ цугладаг. Хөдөө бол нар шингэхээс өмнө малаа хотлуулж, өмч хөрөнгө, баялаг гэдэг зүйлээ бүрэн бүтэн болгоод авч байна.
Цагаан сараар их согтуу хөлчүү явж харагддаг шүү дээ. Сүүлийн жилүүдэд харьцангуй багасаж байгаа болов уу. Уламжлалт бэлгэдлээ бодоход үүнийг жишээ нь цээрлэнэ, нэг нэгнээ хүндлэхийг эрхэмлэнэ.
Орчин цагт стресс гэдэг зүйл их байна. Иймд ядаж 3-5 хоног дандаа сайн сайхныг хичээвэл сэтгэл зүйд ч эерэгээр нөлөөлнө шүү дээ.
-Д.Бум-Очирын хувьд сэтгэл засал гэж нэрлэсэн байсан.
-Ортой дүгнэлт. Сэтгэл зүй, бэлгэдлийн хүрээнд хүлээж авах утга нь үнэ цэнтэй юм.
-Энэ жил шинийн 1 тасарсан гэсэн. Шинийн 2-нд золгодоггүй гэх?
-Тэр өнцөг чухал биш. Шинэ сар эхэлж байна гэдэг л чухал. Иймд золгоход буруудах зүйлгүй шүү дээ.
-Антропологийн үүднээс, монгол хүний сэтгэлгээ гэх үү, бусдаас ялгарах мөн чанарын онцлог Цагаан сарын баяраас хэр илэрдэг вэ?
-Цагаан сарын баяраар дамжуулж монгол хүний соёлын онцлогийг олж харах боломж арвин их. Адаглаад дээл хувцсаас эхэлнэ. Идээ ундаа, түүнийг хэрэглэх ёс заншлаас бусад олон соёлоос бас хүчтэй илэрч байдаг.
Хамгийн гол нь ахмад настнаа хүндлэх, мэндлэн золгох соёл анхаарал татдаг. Сайн сайхныг бэлгэдэн, муу муухайг хорьж цээрлэж байгаа зэргээс бидний ялгарал тод харагдана гэж үздэг.
-Үндэсний онцлог маш ихээр илэрч гардаг учраас л ЗХУ-ын үед хориглож байсан болов уу.
-Тийм. Гэвч хорилоо гээд хүмүүс далдуур тэмдэглэсээр байсан гэдэг. Ингэж байж тасралтгүй уламжлан өвлүүлж авч ирсэн. Эрт дээр үеэс маш оновчтойгоор таслалгүй тэмдэглэж ирсэн, энэ агуулгаар нь бид бас олж харах хэрэгтэй юм.
-МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимд өвөрмонгол оюутнууд ихээр элсэж байгаа юм билээ. Ер нь одоо бид хэн бэ гэдгээ эргэж нухацтайгаар судлах онцгой чухал цаг үе ирчих шиг?
-Антропологийн салбар хүнийг судалдаг. Үүнд хүний хувьсал хөгжил, нийгмийн харилцаа ч багтаад явдаг. Ялангуяа орчин цагийн өнөөгийн нийгэмд хүн өөрийгөө судалж, би хэн бэ, бид хэн юм бэ гэдгээ мэдэх нь чухал болоод байгаа.
Тийм ч учраас өвөрмонгол оюутнууд их ирж байна. Бусад орны судлаачид ч монгол судлалыг ихээхэн хөгжүүлэх хандлагатай боллоо. Монголын түүх соёл, зан заншил, нүүдэлчин ахуй амьдралыг судлах гэсэн суурин иргэдийн сонирхол ч нэмэгдэж байна. Нүүдэлчин соёл бол тийм түгээмэл зүйл биш шүү дээ. Энэ зүйлийг нүдээр үзэж, гараар барих гэсэн хүмүүсийн сонирхол улам их болж байна.
-Бид хэлмэгдэлтээр бүхий л оюун санаа, сэхээтэн давхаргаа таслуулах шахсан. Араас нь газар нутаг, төрийн эрх мэдлийг аваагүй ч үзэл суртал, эдийн засгаар дамжсан гадаадын бодлого хүчтэй хэрэгжиж ирлээ. Хэлбэр төдийгөөр биш, ер монгол хүн гэдгээ өнөөдөр хаанаас эрвэл зохилтой вэ?
-Судлаачийн хувьд өөрсдийнхөө бусдаас ялгарах соёлын ялгарлыг чухалчилж үздэг.
Даяаршиж байгаа гээд бүгдийг нийтлэг болгон уусгах буруу. Ялгарал дээрээ тулгуурлаж гэмээнэ бидний он удаан жилээр оршин тогтнох баталгаа бий болно.
-Оюутнууддаа хамгийн их захиж хэлдэг зүйл, чухалчилдаг агуулга юу вэ?
-Өв соёлын утга агуулга, бэлгэдлийг л танин мэдэх хэрэгтэй. Тухайн соёлд л ойлгох элементүүд гэж бий. Зарим дохио зангаа, бэлгэ тэмдгийг манай болон гаднын соёлд хэрхэн авч үздэгийг таньж мэдэх болон хүлээн зөвшөөрөх чухал. Ингэж чадвал монгол хүн гэдгээ ойлгоход дэмтэй.
Соёлыг сайн муу, дээр доор гэж ялгахгүй. Соёлыг соёл гэдэг утгаар, ялгарлаар нь үнэлж дүгнэ гэсэн үг. Тэгэхээр бид соёлынхоо үндсэн цаад утга агуулгыг танин мэдэж байж авч үлдэнэ. Бидний дархлаа тэр. Энэ үүднээс л оюутнууддаа их хэлж захидаг юм. Би хэн бэ, монгол хүн хэн бэ гэдгээ ялгаад ирнэ. Монгол хүүхэд гэж Монголд төрсөн хүүхдийг хэлэх үү. АНУ-д төрж өссөн бол тэр монгол хүүхэд мөн үү. Энэ асуудал ямар соёлд өссөнөөр яригдана. Зөвхөн ген чухал биш. Нийгмийн харилцаа, соёлоор дамжуулж олж авсан тэр ялгарлаа дараагийн үедээ уламжлуулаад явдаг онцлогтой.
-Антропологи хэр хөгжиж байна вэ?
-2000-аад оноос хойш л бид антропологи гэж ярьдаг боллоо. Түүнээс өмнө угсаатан зүй, угсаатан судлал гэдэг байсан. Ялгаатай л даа. Антропологи гарч ирснээр асуудлыг өргөн хүрээнд харьцуулан судалдаг болсон. Хөгжлийнхөө эхэн шатанд л явна. Дэлхийн жишиг болсон хүрээ салбараар нь хөгжүүлэх, монгол хөрсөнд нутагшуулахаар хичээж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Асуултаа давтаж асуугаад энийг хасаарай гэхээр нь бичээд байдаг нь яаж байгаан, логик муу сонин яриа болж
Энэ харин дажгүй яриа болжээ
Монголчууд буузтай танилцаад 100 жил л болж байна. Цуйвантай танилцаад 40 жил болж байна даа.
Багшдаа сайн сайхныг хүсье ????????????
Багшдаа сайн сайхныг хүсье