Төрийн ордонд 41 жил ажиллаж, анхны ардчилсан Үндсэн хуулийн эхийг бичсэн Т.Уранчимэгтэй ярилцлаа
Өнөөдөр /2020.01.13/ Монгол улс 70 жилийн түүхт социализмаас татгалзаж ардчилсан чөлөөт эдийн засагтай капиталист нийгмийг сонгож, Үндсэн хуулиа шинэчилсэн түүхт өдрийн 28 жилийн ой тохиож байна. 1992 оноос өмнөх Үндсэн хуулиуд тус тусдаа үүргээ гүйцэтгэж ирсэн ч өмнөх гурван Үндсэн хууль ангич, намч хандлага, марксист үзэл суртлыг баримталснаараа социалист чиг баримжааны болон социалист маягийн хууль байсан тухай судлаачид тэмдэглэдэг. Харин 1992 оны шинэ Үндсэн хууль манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлснээрээ ардчилсан маягийн хууль болжээ. Ардчилсан шинэ үндсэн хуультай болоход Ардын их хурлын 400 гаруй депутат гар бие оролцон батлалцаж байсан түүхтэй. Мөн Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байв.
Бид 1992 онд шинэчлэгдсэн анхны ардчилсан Үндсэн хуулийг бичгийн машин дээрээ хэдэн зуун удаа цохон бичиж, Үндсэн хууль батлахаар өдөр шөнийг ялгалгүй хэлэлцэн хуралдаж байсан депутатуудын адил ар амьдралаа умартан ажиллаж Үндсэн хуулийн эхийг ганцаар бичсэн, тухайн үеийн Улсын бага хурлын Тамгын газрын бичээч, одоогийн УИХ-ын Тамгын газрын бичээч Т.Уранчимэгтэй ярилцлаа.
Т.Уранчимэг энэ жил Төрийн ордонд 41 дэхь жилдээ ажиллаж байна. Амьдралынхаа тэн хагасыг энэ саарал ордонд өнгөрүүлсэн тэрбээр энэ жил, 61 насандаа тэтгэвэртээ гарч, ажлаа орхино. Ардын их хурлын нууцын зэрэглэлтэй материалуудыг бичихээс эхлээд, Үндсэн хуулиудыг хүртэл арван хуруугаар тачигнатал бичиж явсан түүний залуу нас, туршлага, дурсамжуудыг ийн хуваалцлаа.
ЗӨВЛӨХ НЬ ЗӨВЛӨХ ГЭЖ ТОМРОХГҮЙ, БАГА ХУРЛЫН ГИШҮҮН НЬ БАГА ХУРЛЫН ГИШҮҮН ГЭЖ ТОМРОХГҮЙ. БИД НЭГ Л ЗҮЙЛИЙН ТӨЛӨӨ ЧИН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙЛАА
-Та УИХ-ын Тамгын газарт хэдэн жил ажиллаж байгаа вэ? Анх Төрийн ордонд ажиллаж эхэлсэн түүхээ эргэн дурсахгүй юу?
-Би Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газар гэж байхад буюу парламент байгуулагдаагүй, 1979 оны гуравдугаар сараас эхэлж ажилласан. Миний мэргэжил арван хурууны бичээч. Энэ хугацаанд бичээч, бичиг хэргийн эрхлэгч, голцуу нууцын бичээчээр ажиллаж ирсэн. 1979-1990 он хүртэл ийн ажиллаж байгаад 1990 онд Парламент байгуулагдахад энд ирж ажиллах болсон доо. Тухайн үед Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газар хоёр салж, хагас нь Парламентад, хагас нь Ерөнхийлөгчийн тамгын газарт ажиллахаар болж байлаа. Би Парламентыг их шинэлэг юм гэж бодож сонголтоо хийсэн. Ингээд бодоход 1979 оноос хойш 41 жилийн хугацаанд энд ажиллаж байна.
Тэгэхэд Сайд нарын зөвлөлийн дэргэд бичиг хэргийн ажилтан, бичээч нар бэлтгэдэг зургаан сарын курс байдаг байв. Үүнд 1978 онд элсэж ороод 1979 оноос шууд л хуваарилагдан очсон доо.
-Арван хурууны бичээч гэх мэргэжлийг сонгохдоо дурлаж орж байв уу, эсвэл санамсаргүй тохиолдол байв уу?
-Анх үнэхээр бичээч гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа шүү дээ. Бид 10 дугаар ангиа төгсөөд конкурс өгдөг байв, 1977 онд сургуулиа төгсөөд гадагшаа явах санаатай конкурс өгсөн. Гэтэл тухайн үед оноо минь хүрээгүйгээс Багшийн дээд сургуулийн тоо физикийн багшийн ангид шатлалаараа хуваарилагдаж, “Энэ сургуульд орохгүй” гээд материалаа аваад үлдчихсэн. Ингээд нэг жил гаруйн хугацаанд хүүхдийн хувцасны үйлдвэрт ажиллаа. Гэтэл бичээчийн курс эхлэх гэж байгаа тухай зар гарж, аав ээж хоёр ч намайг “Чи оффисын л ажил хийвэл зүгээр дээ” гээд намайг шамдууллаа. Аав минь худалдааны байгууллагад насаараа ажилласан худалдагч хүн, охиноо оффисын хүн болгох гэж хэлсэн санаа нь тэр. Ингээд л би зарын дагуу бүртгүүлж арван хурууны бичээч, бичиг хэргийн ажилтан болж төгсөөд шууд Ардын их хурлын тэргүүлэгчдийн газарт очиж байсан.
-Та сургуулиа төгсөөд удаагүй, хүүхдээрээ шахуу л хууль тогтоодог тэр нүсэр аппаратын нэг хэсэг болж ажиллаж эхэлж шүү дээ. Сүрдэж байв уу? Ямар уур амьсгал таныг угтаж авч байв?
-Харин тиймээ. Анх төгсөхөд багш маань намайг Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хуваарилсан. Тэгэхэд нь би “Үгүй ээ, багшаа, би энд ормооргүй байна, ийм том газарт ажиллаж чадахгүй шүү дээ” гэсэн. Манайх гэр хороололд байдаг, би эхээс 15-уулаа. Дээрээ хоёр ахтай, гурав дахь хүүхэд нь, охид дундаа хамгийн том нь. Тэгээд ч цэргийн хувцас их л сайхан санагддаг учир багшаасаа Тагнуулын газар юм уу, Батлан хамгаалах яаманд оруулж өгөөч гэж гуйв. Гэвч багш миний шалтгийг огт сонссонгүй, шууд л Ардын их хурал руу явуулчихсан.
Анх энд орж ирэхэд жаахан хүүхэд байсан болохоор дотор нь ороод төөрчихнө, гуанзаа хайгаад олохгүй. Их сүрдэнэ, айна. Ажилдаа орох гээд Хүний нөөцийн газарт нь яваад ортол дандаа л ахимаг настай хүмүүс угтаж авлаа. Юм асуухаар нь айгаад дуугарч чадахгүй зогсож байснаа санадаг. Гэхдээ яг ажилдаа орсноос хойш 14 хоногийн дараа л гэхэд хамт олноо мэдэрч, маш сайхан санагдаж эхэлсэн. Одоо бодоход яг л миний аав шиг, ээж шиг хүмүүс намайг угтаж авч байж дээ, их гоё.
Түүнээс хойш өнөөдрийг хүртэл би бичээчээрээ ажиллаж байна.
-Анх ороод та яг ямар ямар ажлууд гардаж хийж байв? Ямар хүмүүстэй ойр дотно ажиллаж явав?
-Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газар гэдэг одоогоор парламент буюу хууль тогтоох байгууллага. Жилд хоёр удаа Ардын их хурлын депутатууд чуулж, төсвөө баталдаг. Оны сүүлээр болон долоодугаар сард, одоогийнхоор төсвийн тодотгол хийнэ. Мөн томоохон хуулиудаа батламжилдаг. Ардын их хурлын Тэргүүлэгчдийн газар гэж ер нь их л цөөхөн хүнтэй газар байсан шүү дээ. Намайг анх ороход 20 хүрэхгүй л хүнтэй байгууллага байсан. Ихэвчлэн орон нутаг болон хууль хариуцсан референтүүд нь ахимаг настай, туршлагатай, хамгийн наад зах нь ядаж л аймгийн дарга хийж байсан хүмүүс байдаг байв. Харин намайг ажилд орсны дараа хойно төгсөж ирсэн хоёр, гурван залуу хууль, гадаад харилцааны салбарт ажиллаж эхэлсэн. Дандаа л сайхан түшиг тулгууртай, сайхан хүмүүстэй ажиллаж байж дээ. Тэд голцуу хууль л гаргадаг байсан учир би хууль их бичнэ. Намайг ажиллаж байх 1980-аад онд Эрүүгийн нэг том хууль батлагдаж, түүнийг бичиж гаргаж байлаа.
Одоо хууль бичихдээ, компьютер дээр ганц шивээд л, хариуцаж байгаа зөвлөхүүдэд нь өгч, тэд засвар хийж явсаар, хамгийн сүүлд нь буюу бланк дээр ёсчилж гаргахад алдааг нь хянаад л гаргадаг. Алдааг нь харахдаа зөвхөн зөв бичих дүрмийн алдаа л харна. Харин тухайн үед бүгдийг нь нэг бүрчлэн уншдаг, нэг бүрчлэн өөрөө бичдэг байлаа шүү дээ. Бичгийн машин дээр өдөрт хэд хэдэн удаа бичнэ. Хуулиудыг их ч бичиж байж. Одоо бүр ихийг бичсээр заримыг нь тогтоохоо байж. Ямар хууль гарсан билээ, тэр хуульд ямар өөрчлөлт орлоо гээд л харж шалгаж байж санах гээд байдаг болсон байна билээ. Хууль их бичсээр их ч сонирхдог болж, эчнээгээр хуулийн ангид ч суралцаж байсан удаатай шүү. Харамсалтай нь хүүхэд гаргаад, гүйцээгээгүй орхичихсон (инээв. сурв).
-Бүх ажил хатуу чанга стандарт, нормтой байдаг социализмын үед бичээч мэргэжлийн стандарт, дүрэм, зарчим юу байсан бэ?
-Угаас бид зөв бичгийн дүрмийг дээд зэргээр сурсан байх ёстой. Зөв бичгийн дүрэм ч их өөрчлөгддөг. Цаанаасаа ч хатуу шаардлага тавьдаг. Бид 1980-аад оны үед намын орлогч гишүүн хүртэл болж явлаа шүү дээ. Би нууц хариуцаж явсан учир автоматаар л намын хурлаар оруулж, хурлуудыг нь тэмдэглэж явна. Ингээд 1990 он болоход нам гэдэг ойлголт зүгээр л нэг байгууллага болж хувирлаа. Намайг анх ажилд ороход нам гэдэг төрийн дээр шахуу байлаа. Нам гэдэг сайн дурынх болж, албадахаа болих үед нь орлогчоо байж, намаас гарсан. Тухайн үед шаардлага өндөртэй газар орсон учир өөрийгөө хөгжүүлэхийн тулд юм их уншина, хууль судална, бичиг хэргийн стандарт, монгол хэл бичгийн дүрэм, бичгийн машин дээр ажиллах норм зэргийг сахина. Ажилчин бичгийн машин дээр өдөрт дан хүснэгт бүхий материал бол цагт тэдэн хуудас, дан үг үсэг бүхий материал бол цагт тэдэн хуудсыг зайлшгүй бичсэн байх ёстой гэх нормтой. Хэрэв үүнийгээ давуулбал шагнал цалин авдаг байлаа. Хүн шагнал цалин авахаар нэгдүгээрт урамшина, хоёрдугаарт ажилд үнэхээр их дарагддаг байсан.
УНТАЖ БАЙХАД НЬ ОРООД, УНТАЖ БАЙХАД НЬ ГАРААД ЯВЧИХДАГ БОЛОХООР ХҮҮХДҮҮД МААНЬ “МАНАЙ ЭЭЖ ГЭРТЭЭ ИРЭХГҮЙ ХЭД ХОНОЖ БАЙНА” ГЭЖ ХҮМҮҮСТ ЯРИНА.
-1992 онд батлагдсан Үндсэн хуулийг та ганцаараа бичсэн гэдэг. Тэр хариуцлагатай ажлыг ганцаараа, одоогийнх шиг арилгаад засварлах боломжгүй бичгийн машин дээр бичиж байх үед хүндхэн байв уу?
-Өдөрт хэд дахин бичдэг байсан. Бичгийн машин дээр бичээд дуусахад, нэг бүлэг зүйл дээр жаахан л өөрчлөлт ороход ахиад эхнээс нь бичдэг. Гэхдээ яах вэ, тийм ч олон хуудас биш болохоор учиртай. Тухайн үед талийгаач Б.Чимид дарга маань “эхийг нь барьж” байсан. Манай Парламентын тамгын газрыг хариуцдаг, Улсын бага хурлын нарийн бичгийн дарга гэж явдаг сайхан хүн байлаа. Манай зөвлөхүүд ч гэж их сайхан залуус байв. Тэд өдөр шөнөгүй маш удаан сууна, засна, хасна, ярина. Чуулган хуралдаад л нэг депутат үг хэлэхэд л, санал хурааж, түүнийг оруулна, хасна, засна гээд л өдөртөө хар мянган өөрчлөлт орно, тэр бүрд л ахин дахин бичдэг байсан. Тэр Үндсэн хуулийн өөрчлөлтийг яг жинхнээрээ 66 билүү, 69 хоног тасралтгүй хуралдаж байж гаргасан. Ингэхдээ ажлын хэсгүүд тус бүр хуралдана, бөөндөө нэг хуралдана, тэр бүрд нь мөн л хурлын протокол хөтөлнө. Хамгийн анх хурлыг чагнаж, протокол бичдэг байсан байгууллага манай парламент байлаа, бид бичнэ. Чуулганы хуралдааныг кассет дээр бичээд, том хуралдаанаас яаралтайгаар ажлын хэсэг хуралдахаар бол 15 минутаар богино бичиж тэдэнд өгнө, тэд ахин үзэж байж хуралдана. Тухайн үед тамгын газар зургаан бичээчтэй, гаднаас буюу Засгийн газар, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос гээд хэд хэдэн газраас бичээч нарыг түр авч ирэн арван хүний бүрэлдэхүүнтэй “пресс гурпп” болгоод ажиллаж байлаа. Хурлын тэмдэглэлийг заавал өдөрт нь гаргана. Хэрэв хурал 22:00 цагт дуусвал бид хувааж аваад л шөнийн 02:00 цаг гэхэд дуусгаад гэртээ харьдаг байсан. Энэ дунд Үндсэн хуульд засвар орлоо гэвэл би протоколоо түр орхиод шууд л Үндсэн хуулиа эхнээс нь бичнэ. Зөвлөхүүд намайг бичиж байхад миний хажууд зэрэгцэж суугаад л шууд уншаад гаргана. Тийм л хурдтай, сэтгэлтэй ажилладаг байж дээ.
-Та алдаа гаргаж байв уу?
-Гаргалгүй яах вэ. Миний зүгээс үг үсэг солигдоод бичсэн юм байвал хуулиа ахиад л эхнээс нь бичнэ. Үндсэн хуулийн эхийг ерөөсөө балруулдаж болдоггүй байсан. Өөр материал дээр ганц, нэг үсэг солиод биччихсэн бол баллуурдаж байгаад засвар оруулчхаж болдог. Тухайлбал, илтгэлийг бид заавал гурван хувь бичиж гаргана. Энэ дунд алдаа гаргавал дээрх аргаар л засварлачихдаг.
Гэхдээ алдаа гаргасан ч зөвлөх нь зөвлөх гэж томрохгүй, Бага хурлын гишүүн нь бага хурлын гишүүн гэж томрохгүй, бид нэг л зүйлийн төлөө адилхан л ажиллаж байгаа учир их л “гоё” сэтгэлээр, “гоё” ажилладаг байсан даа.
-Үндсэн хууль батлахаар ирсэн депутатууд 2-3 сар нэг газарт байрлаж, түүгээрээ амьдарч, амьсгалж, амрах буудалдаа оччихоод ч амрахын оронд хуулиа хэлэлцэж, ярьж, зөвлөлдөж байсан гэдэг. Та ч мөн Үндсэн хууль батлахад гар бие оролцсон хүн. Таны амьдралд тэр үйл явдал хэрхэн нөлөөлж байв?
-Нээрэн яг л тэгж байсан шүү. Бид шөнө ажлаа тараад адилхан л өглөө 07 цагтаа буцаад ирдэг. Депутатууд ч буудалдаа оччихоод ажлын хэсэг хэсгээрээ, бүлэг бүлгээр нь аваад л хэлэлцэнэ, орой хуралдаанаа тарчхаад л их хурлын танхим тойрсон жижиг өрөөнүүдэд орой болтол хуралдана. Бид тэднийг яаж ажиллана, яг л дагаад ажиллана. Өглөө эрт ирчхээд, орой хамгийн эртдээ шөнийн 12 гээд эндээсээ гарна. Би дөрвөн хүүхэдтэй, хамгийн бага хүү минь таван настай байсан. Хүүхдүүдийг маань энэ хугацаанд нөхөр л болгож явсан. Олон дүүтэй болохоор тэд сургуулийнхаа хажуугаар бас тусалж, дэмжинэ. Болоод л, болгоод л явдаг байсан. Хүүхдүүд маань “Манай ээж гэртээ ирэхгүй хэд хонож байна” гэж хүмүүст ярина. Аргагүй шүү дээ, унтаж байхад нь ороод л, унтаж байхад нь гараад явчихдаг болохоор тэр. Ээж нэг удаа “Чи гэртээ ирэхгүй байгаа юм уу, яагаад” гэж асууж билээ, хөөрхий минь. Нөхөр маань “Чи ч төрд их юм хийж өгдөг байхдаа, гэртээ ч ирэхгүй” гэж надаар их тоглоно.
Тэр Үндсэн хуулийг батлах үеэр бүгд л хичээж, бүгд сайн ажиллаж, бүгд чин сэтгэлээр нэг баг болон ажиллаж байсан, сайхан дурсамж минь, сайхан үе байсан санагддаг.
-ӨӨРИЙНХӨӨ ХИЙХ ЁСТОЙ Л АЖИЛ ГЭЖ БОДОЖ ЯВСНААС, ИЙМ ТОМ ТҮҮХИЙН НЭГ ХЭСЭГ БОЛЖ ЯВСНАА ТЭР ӨДӨР Л МЭДЭРЧ БИЛЭЭ-
-Та хэдэн оноос хойш ажилдаа компьютер ашиглаж эхэлсэн бэ?
-Манайд 1992 онд Үндсэн хууль батлах үеэр ганцхан компьютертой байсан. Түүн дээрээ зөвхөн иргэдийн санал хүсэлтийг бичиж гаргадаг. Тухайн үед УИХ-ын гишүүн, Зөвлөгчийн товчооны гишүүн байсан, талийгаач Төмөр гуай иргэдийн саналыг төвлөрүүлэн бичдэг. Үүнээс хойш ганц нэгээр нэмэгдсээр 1997 он гэхэд бид бүгд компьютер дээр бичиж эхэлсэн.
-Та 10 гаруй жил бичгийн машин дээр бичиж байж шүү дээ. Бичгийн машины өвөрмөц нэг чимээ бий. Энэ чимээг үргэлж л сонсож байсны хувьд одоо хүртэл чихэнд сонсогдох үе бий юу?
-Надад өөрт мэдрэгддэггүй байж. Яг гар машин дээр 1979-1985 оныг хүртэл ажиллаад, үүнээс хойш Герман цахилгаан машин дээр ажиллаж эхэлсэн. Цахилгаан машин дээр бичиж эхлэхэд маш хөнгөхөн, их гоё санагдаж байлаа. Тухайн үед Хуулийн ажлын хэсэгт багтаад, дарга нарыг дагаж Их тэнгэрийн аманд очиж ажиллалаа. Тэнд өдөржингөө л бичиж өнжинө, өдөржин л бичгийн машины чимээ дуугарна. Тэгэхэд Их тэнгэрийн ажилчид дараа нь “Энд өдөржингөө л бичгийн машин тасралтгүй дуугарах юм, яг хөгжим шиг сонсогдох юм” гэж ярьдаг байсан гэсэн. Бичгийн машин жигд дуугарахаад ирэхээрээ нээрэн, яг хөгжим шиг. Тэгэхэд бид нэг очихдоо, гурав дөрөв хоног ажиллана, тэр бүрд өдөр шөнө тасралтгүй бичнэ. Ажлын хэсэг ч өдөр шөнөгүй хуралдаж, засаж, солино. Тэр яриаг сонссоноос хойш бичгийн машинаар бичиж байгаа хүмүүсийг их анхаарч сонсох болсон.
-Өдөрт та бүхэн хэдэн хуудас материал бичиж гаргах нормтой байсан бэ?
-Бичгийн машинаар дунджаар 50 хуудас материал бичиж гаргах ёстой. Гэхдээ норм хийж байх үед 50 байтугай, 100 болон түүнээс дээш хуудас бичиж гаргадаг байсан даа. Ажил угаас их, цаанаасаа шахагдана, “Одоо авна, яаралтай” гэх тодотголтой материалууд их ирдэг учир бичиж гаргахаас өөр аргагүй. Гэхдээ хийснээрээ авдаг тогтолцоотой байсан учир урамтай ч байж. Тухайн үед надтай хамт ажиллаж байсан хүмүүсээс дөрөв нь одоог хүртэл эндээ ажиллаж байгаа.
-Үндсэн хуулийг баталж, олон нийтэд зарлан таниулах үед энэ том ажлын нэгээхэн эд эс нь болж ажилласнаараа та бахархаж байв уу?
-Тухайн үедээ ажлаа л хийж байна гэж бодож, ач холбогдлыг нь мэддэггүй байж дээ. Сүүлд Үндсэн хуулийн өдөр гэж тэмдэглэдэг болоод Үндсэн хуулийн эх буюу миний бичгийн машинаар бичсэн эхийг гаргаж хүмүүст үзүүлэх боллоо. Тухайн үед миний гарын үсгийг бичүүлж авч байсныг санаж байгаа ч нэг их анзаараагүй. Гэтэл тэр эх хувийн ард Үндсэн хуулийн эхийг барьсан Б.Чимид, ажлын хэсгийнхэн гэж явсаар хамгийн сүүлд нь Үндсэн хуулийн эхийг бичсэн Улсын бага хурлын Тамгын газрын бичээч гээд миний гарын үсэг байсан. Хамгийн анх Үндсэн хуулийн өдрөөр Төрийн түүхийн музейд тавигдахад нь “Ямар гоё юм бэ, би ийм түүхэн зүйлд оролцсон юм байна шүү дээ” гэж өөрөөрөө бахархсан. Өөрийнхөө хийх ёстой л ажил гэж бодож явснаас, ийм том түүхэн ажлын нэг хэсэг болж явснаа тэр өдөр л мэдэрч билээ.
-Бичээчийн ажилд компьютер нэвтэрснээр ямар хувьсал гарсан бэ?
-Ажил хамаагүй хөнгөрсөн. Өмнө хэлсэнчлэн нэг л засвар орвол хуулийг дахиад эхнээс нь бичдэг. Тиймээс ачаалал маш их. Гэтэл компьютер гарч ирснээр үнэхээр сайхан болсон. Анхны программ нь яг одоогийнх шиг биш. Тухайн бичсэн файл дээрээ шууд ажиллаж болдоггүй. Файлаа нээгээд түүнээсээ хөрвүүлж, шинэ файл үүсгэн татаж байж, засвар хийдэг. Одоо бол нэг л файл дээрээ засвар хийгээд явна, цахимаар файлуудаа цуглуулчихна. Бичих ажил ховор. Тиймээс ч манай тамгын газарт одоо хоёр л бичээч ажилладаг. Хүмүүсээс ирсэн хуулийн зөв бичих дүрмийг харж, стандартад хувиргаад л гаргадаг. Агуулгыг бол харахгүй шүү дээ, тэр бидний ажил биш. Хуучинтай харьцуулахад ажилгүйтэй л адил.
СҮҮЛИЙН ҮЕИЙН ЗАЛУУСЫГ АЖИГЛАХАД ӨӨРСДИЙГӨӨ ХӨГЖҮҮЛЬЕ, ТОЛГОЙ ТАРХИА ЗАДАЛЪЯ ГЭСЭН ЭРМЭЛЗЭЛ БАГА БОЛСОН САНАГДДАГ
-Энэ хугацаанд та хэдэн Үндсэн хуулийг бичиж гаргасан байна?
-1992 оны Үндсэн хууль, дордуулсан долоон өөрчлөлт хийсэн гэж хүмүүс их ярьдаг өөрчлөлт, саяын Үндсэн хуулийн өөрчлөлтийг тооцож хэлбэл нийт гурван үндсэн хуулийн өөрчлөлт дээр ажиллаж. Өнгөрсөн жил би 60 нас хүрсэн. Одоо ирэх сонгуулийг өнгөрөөгөөд тэтгэвэртээ гардаг юм билүү л гэж бодож сууна. Хүүхдүүд маань “Одоо ээж та гар, ядарлаа” гээд л байгаа.
-41 жилийн хугацаанд гэхээр та амьдралынхаа тал хувийг энэ саарал ордонд өнгөрүүлж, гараад явахад их л хэцүү санагдах байх даа?
-Тийм шүү. Хуучин зөвхөн ням гарагт л амардаг байж. Ганц энэ өдөр л ар гэрийнхээ бүх ажил, асуудлыг амжуулна. Хүүхдүүдийнхээ хувцас хунарыг угаах, ирэх долоо хоногтоо бэлтгэх гээд ажил мундахгүй. Манайх ихэвчлэн хөвгүүдтэй. Тэднийхээ идэх хоол ундыг нь ням гарагт сайн базаана. Бэлэн бүтээгдэхүүн бэлдэж, хөргөгчдөө хөлдөөх, хувцас хунарыг нь индүүдэж бэлдэх гээд бүгдийг нь амжуулна. Ингээд бусад өдөр нь хойшоогоо яарч сандрахгүй ажлаа хийдэг байж. Ээж аав минь залуу, олон дүүтэйн буянаар хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэж дээ. Нөхөр минь 1993 онд, их эрт өөд болж хүүхдүүдтэйгээ үлдсэн. Өнөөдөр тэд маань том болж, бүгд гэр бүлтэй болцгоосон байна. Энэ сайхан байгууллагад насаараа ажилласан болохоор Ардын их хурлаас надад хоёр өрөө байр өгч, одоо тэндээ аж төрөн амьдарч байна. Эргээд бодоход би энэ амьдралдаа сэтгэл хангалуун, харамсахааргүй сайхан амьдарсан.
Хамт ажиллаж байсан хүмүүс маань ч Монголын сор болсон хүмүүс байсан тул тэднээс суралцаж, тэдний энд хүрэх гэж хичээнэ. Суралцсан бүхнээ хүүхдүүддээ очиж хэлнэ.
-Хамт ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдээс таны санаанд тод үлдсэн үг хэлж үлдээсэн хүн хэн байв?
-Б.Чимид даргын тухай л яримаар байна. Чимид гуай хүний толгойд юу багтах боломжтой, түүнээс илүүг толгойдоо багтааж чаддаг хүн шиг санагддаг байлаа. Чимид гуай дандаа гараараа бичнэ. Нэг өгөхдөө 20, 30 хуудас ноорог өгнө. Өрөөндөө дуудаад л “Энийг бичээд ир” гэнэ. Өнөөхийг нь бичээд аваад ирэхээр, цай хийж өгчхөөд “Наанаа сууж бай” гээд л уншаад суучихна. Уншиж дуусаад “Чи наадахаа нэг уншдаа, миний бичсэнээс нэг л юм дутуу байна” гэнэ. Тэр их юман дотроос ганц үг л байхгүй бол шууд мэдчихдэг. Үнэхээр уншаад үзэхээр нэг л биш, тулгаад үзэхээр яг л нэг үг байхгүй. Их айхтар, мундаг хүн байсан. Чимид гуай ямар ганц Үндсэн хууль хийсэн биш, өчнөөн л хууль дээр ажилладаг, үргэлж л гараар ямар нэгэн юм ноороглоод сууж байдаг. Тэгж их бичиж байж, алийг нь ч мартахгүй, үг үсэггүй санаж байдаг. Толгойны багтаамж үнэхээр мундаг. Даанч арай л эрт явчихсан. Өдийд байсан бол... гэж их бодогддог. Чимид дарга миний амьдралд тохиосон их сайн дарга. Тэр хүн хэзээ ч би дарга, чи бичээч гэж харьцдаггүй, маш хүнлэг. Ямартай л, Чимид гуай намайг 50 нас хүрч байхад “Чи 50 хүрч байгаа биз дээ, тэтгэврээ тогтоолгоод ажлаа хий” гэж байсан. “Үгүй ээ, дарга минь, би яаж тэгэх юм, тэгж болохгүй, төрийн албанд ажиллаж байж” гэхээр “Яадаг юм, чи тэтгэврээ тогтоолго” гэнэ. Намайг нөхөр нь эрт өөд болж, хэдэн хүүхэдтэйгээ үлдсэн гэдгийг мэддэг болохоор тэгж байгаа нь тэр юм. Дараагаар нь Чимид гуай бид хоёр нэг байгууллагын ахмад ажилчид боллоо. Чимид гуайн бие муудаад Ахмадын хороон даргатайгаа очиж даргыгаа эргэв. Хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байхдаа “За, яасан чи миний даалгаврыг биелүүлсэн үү” гэж байна. “Юу билээ дээ, дарга аа, юун даалгавар билээ” гэсэн, “Тэтгэврээ тогтоолгосон уу” гэж байна гээд л ахиад асууж билээ. Тийм л, хүнийг ялгадаггүй, хүний төлөө хүн байсан. Ямар ажил, албан тушаалтайгаас үл хамаараад “хүн” гэж харьцдаг, гэр бүлийнхэн нь ч тийм хүмүүс.
-Дөчин жилийн хугацаад та олон ч нам засгийн нүүр үзэж, олон ч төрийн хүмүүстэй ажиллаж үзлээ. Энэ хугацаанд хүмүүсийн харилцаа, хандлага хэрхэн өөрчлөгдсөнийг анзаарч байв уу?
-Сүүлийн үеийн залуусыг ажиглахад өөрсдийгөө хөгжүүлье, толгой тархиа задалъя гэсэн эрмэлзэл бага болсон санагддаг. Миний хүүхдүүд ч тийм байх. Харилцаа хандлагын хувьд ч өөрчлөгдсөн. Мэдээж хүн бүр тийм биш. Гэхдээ миний анх ажиллаж байсан үед хүнийг хүн гэж үздэг, хүн бүр хичээж зүтгэдэг, бүх сэтгэлээрээ ажиллаж байсан санагддаг. Ахимаг насны хүмүүс хүнд үг хэлэхдээ хүлээж авахаар, маш сургамжтайгаар хэлж захина. Социализмын үед хүмүүс ажлаа маш сайн мэддэг, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болчихсон байсан. Тийм л хүмүүсээс би их баяртайгаар суралцдаг байснаа санадаг.
-Ярилцсан танд баярлалаа.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан ярилцлага байна. Үнэхээр юм хийсэн хүмүүс сайхан шүү
Ийм эгэл даруу чин зүтгэлтэй хүмүүсийн хүчээр төрийн ажил урагшлаж байдгийн жишээ,
Saihan yriltslaga uneheer eyldeg saihan zantai hun shuu. Hariltsahad uneheer amar baidag.
Үнэхээр эгэл даруу, ажилдаа зүтгэлтэй хүн шүү. Урнаадаа эрүүл энхийг хүсье!