Сансар луу нисэх сугалаат уралдаанд хэн ч оролцох боломжтой

Америкийн тэрбумтан Ричард Брэнсон үүсгэн байгуулсан “Virgin Galactic” компаниас нэгэн сонирхолтой уралдаан зарласан байна. Уралдааны ялагч тус компанийн хөлгөөр сансар луу ниснэ. Ялагчид зориулсан нислэгийг ирэх 2022 онд хийхээр төлөвлөжээ. Уралдааны лоттерейг Калифорни мужид төвтэй ашгийн бус, хандив цуглуулдаг “Omaze” байгууллагын платформ дээр суурилан явагдах аж.
Сугалаат уралдаанд хэн хүссэн нь оролцох боломжтой гэдгээрээ онцлогтой. Оролцохын тулд “Space for Humanity” (сансрын төлөө хүмүүнлэгийн үйлс) –ийн хүрээнд ашгийн бус байгууллагад хандив өргөх ёстой шалгууртай. Хандив болгоноосоо оноо цуглуулах бөгөөд хэдий хэр хандив өгнө төдийчинээгээрээ их оноотой болох аж. Хамгийн дээд тал нь 6 мянга оноо цуглуулсан байх ёстой.
Эцсийн ялагч нь “Virgin Galactic” компанийн “VSS Unity” хөлгөөр сансарт аялах эрхийн эзэн болно. Түүнээс гадна, компанийн зүгээс Нью-Мексико дахь “Spaceport America” гэх хотхонтой Ричард Брэнсоны хамт аялах аж. Тэрбумтан тэр үеэрээ Вилли Вонкагийн бүтээсэн малгайгаараа “гангарах” болно хэмээн хошигножээ.
Сугалаат уралдаан энэ оны есдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжлэх ба ялагчийг есдүгээр сарын 29-нд тодруулна. Уралдаанд насанд хүрсэн, “COVID-19”-ийн вакцины бүрэн тунд хамрагдсан хэн бүхэн оролцох боломжтой юм байна.
Эргэн сануулахад, долдугаар сарын 11-нд ням гарагт тэрбумтан Ричард Брэнсон өөрөө “VSS Unity” хөлгөөрөө тойрог зам руу нисээд ирсэн. Түүний хөлөг онгоц цагт 3,5 мянган км-ийн хурдтайгаар хөөрч, Дэлхийн агаар мандлаас дээш 84,5 км-ийн өндөрт хүртэл нислэг үйлдсэн билээ.
О.АНАР
(Эх сурвалж: 3dnews.ru)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.