УЛС ТӨР

АУДИТ: Импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан

   Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өчигдрийн (2022.05.24) хуралдаан гишүүдийн  52.6 хувийн ирц бүрдсэнээр эхэлж, дөрвөн  асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

   Тухайлбал, “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн"-гийн талаарх Үндэсний аудитын газраас гүйцэтгэсэн аудитын тайланг хэлэлцэв. Энэ талаар Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулсан. 

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2020 оны 5 дугаар тогтоолоор Төрийн аудитын байгууллагаас 2021 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан. Уг тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн” сэдэвт аудитыг гүйцэтгэж, аудитын тайланг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо болон зөвлөмж өгсөн шалгагдагч этгээдүүдэд хүргүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхий аудитор танилцуулгадаа онцлоод аудитад хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлох, үйл ажиллагааг зохион байгуулан, бүх түвшинд хэрэгжилтийг хангуулж, хяналт тавих, мэдээллээр хангах чиг үүрэгтэй төрийн тусгай болон төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний харьяа хүнсний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон асуудал эрхэлсэн байгууллагууд, төр, хувийн өмчийн лабораториуд, хүнсний сүлжээний бүх үе шатанд оролцогч хуулийн этгээд, иргэний аудитад хамаарал бүхий үйл ажиллагааг хамруулсан. 

    Аудитын үр дүнгээр дараах ерөнхий дүгнэлтийг Төрийн аудитын төв байгууллага гаргалаа. Үүнд: 

1.Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлогын зорилт бүрэн хэрэгжээгүй, хуулиар тогтоосон эрх зүйн зарим актуудыг батлаагүй, засгийн газар, яамд чиг үүргээ бүрэн хэрэгжүүлж ажиллаагүй байна. 

 2.Хүнс, хөдөө аж ахуйн салбарт босоо болон хөндлөн тогтолцоонд бодлогын  уялдаа хангагдаагүй байна. 

3.Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж чадаагүй, импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан байна. 

4.Хүнсний аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичигт хэрэгжүүлэх арга хэмжээний шалгуур үзүүлэлт, суурь болон хүрэх түвшинг оновчтой тусгаагүйгээс бодлогын хэрэгжилт хангалтгүй, үр дүнд хүрээгүй байна.  

5.Хүнсний сүлжээний бүх үе шатны нэгдсэн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүй, хяналтын байгууллагууд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд заасан мэдээллийн санг бүрдүүлэх ажил хангалтгүй байна. 

6.Хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн үндэсний хөтөлбөрүүдийг батлахдаа санхүүжилтийн эх үүсвэрийг нарийвчлан тусгаагүйгээс хэрэгжих нөхцөл бүрдээгүй, тухайн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг улсын төсөвт бүрэн тусгадаггүй, нэн шаардлагатай зарим ажлын санхүүжилтийг гадаадын зээл, тусламжаар шийдвэрлэсэн хэдий ч төсөл, хөтөлбөрийн үр дүнг тооцож хяналт тавих ажил дутмаг байна. 

7.Хүнсний аюулгүй байдлын зөвлөл, Кодексын үндэсний зөвлөл нь орон тооны бус, тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй байгаагаас олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил цаг хугацаандаа хийгдээгүй, улсын хэмжээнд салбарын удирдлага, зохион байгуулалтыг хангах асуудал дутагдалтай байгааг Д.Занданбат дарга танилцуулгадаа дурдав. 

Эдгээр дүгнэлтэд үндэслэн Монгол Улсын Засгийн Газарт 4, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлд 1, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд 9, Аймаг, Нийслэлийн засаг дарга нарт 2, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалалын яам, Үндэсний Статистикийн хороо, Мэргэжлийн хяналтын газарт тус бүр 1 зөвлөмжийг аудитаар өгч ажилласан гэж байлаа. 

    "Хүнсний аюулгүй байдлыг хянах өнөөгийн тогтолцоо, төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүн"-гийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг аудитыг хянан удирдсан Газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд хийсэн.

    Аудитын тайлан, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан, Д.Өнөрболор,  Ж.Батжаргал, Ц.Сандаг-Очир, Х.Булгантуяа нар асуулт асууж, санал хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны урсгал зардлаас нийтдээ 182.4 тэрбум төгрөгөөр найман хөтөлбөр санхүүжүүлснийг танилцуулгад дурдсаныг онцлоод эдгээр хөтөлбөрүүдийн хэрэгжилт, зөрчил дутагдал илэрсэн эсэх, гадаадын зээл, тусламжийн хүрээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар, Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор аудитын тайлангаас харахад олон жилийн ужгирсан зөрчилтэй асуудлыг маш сайн гаргаж ирснийг онцлоод хүнсний аюулгүй байдлын лабораториуд нь хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдөхөөр шинжилж чадах байгаа талаар лавлаж байлаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир хүнсний салбарт 2018 онд нийтдээ 285 тэрбум, 2019 онд 286 тэрбум, 2020 онд 198 тэрбум төгрөгийг гадаадын зээл тусламж, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зарцуулсан дүн мэдээ байхад төсвийн зарцуулалт, үр дүнд хяналт тавьдаггүй  шалтгааны талаар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, импортоос хамааралтай хүнстэй улсын хувьд цаашид хүнсний аюулгүйн байдлын талаарх өдөр тутмын хяналт, шалгалтыг ямар байгууллага хийх, хүн амын хүнсний аюулгүй байдал, эрүүл хүнсний  ойлголт мэдлэгийг иргэдэд түгээх талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодруулж байлаа. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button