ГЕГ: Нүүр тулсан харилцаа, авлига үүсэхээс сэргийлсэн програм нэвтрүүллээ

Гаалийн ерөнхий газраас өнөөдөр /2023.05.03/ улсын байцаагч нар албан тушаалаа урвуулан ашигласан талаар мэдээлэл хийлээ.
Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч О, Г, М нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Алтанбулагийн чөлөөт бүсээс архи согтууруулах ундаа удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэл гаргасанд цалингийн хэмжээг гурван сараар бууруулах сахилгын арга хэмжээ авсан.
Нэр бүхий албан хаагчид Авлигатай тэмцэх газарт шалгуулж байгаа бөгөөд Эрүүгийн хэрэгт заасан журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах, дахин гэмт хэрэг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор даргын тушаалаар албан тушаалаас нь түдгэлзүүлсэн.
Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажлаас хоцорч тасалсан зөрчил гаргасан ГЕГ-ын дэргэдэх сургалтын төв, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нэр бүхий зургаан албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулсан.
Улсын байцаагч Б, Ж нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, ахлах байцаагч Д, Ө нарын албан тушаалыг бууруулах, гаалийн улсын байцаагч А, Г нарт ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан.
Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий дөрвөн гаалийн улсын байцаагч, дөрвөн гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад давуу байдал олгосон байж болзошгүй эс үйлдэл гаргасан байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.
Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар Замын-Үүд, Улаанбаатар дахь гаалийн газрын нийт албан хаагчдын ажил үүргийн 15 хоног, нэг сар тутмын хуваарьт томилгоог хүний оролцоогүйгээр хийх програм хангамжийг бүрэн нэвтрүүлжээ.
Ингэснээр албан хаагчдын ажил үүргийн хуваарь, томилгоог нээлттэй, ил тод байлгах, нүүр тулсан харилцааг бууруулж, авлига үүсэхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэж үзжээ.
Б.БАЯРТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
гааль хэзээ чзасрахгүй газар байх юмаа
энэ гараад байгаа асуудлуудыг арилгах гээд л арга хэмжээ авч байх шиг байна, программ нь зөв ажиллаад явбал, хэсэг хугацааны дараа үр дүн нь харагдах байлгүйдээ.