Г.Отгонтамир: Ослын дуудлагад скүүтер ашиглаж эхэлснээр хэргийн газар 2-6 минутад очиж байна

Цагдаа нар зам тээврийн ослын дуудлагад явахдаа скүүтер хэрэглэж эхэллээ. Ингэснээр өмнө нь 15-25 минутад хэргийн газар очдог байсан бол одоо 2-6 минут л зарцуулж байна.
Бид энэ талаар Тээврийн цагдаагийн албаны ахлах зохицуулагч Г.Отгонтамираас тодруулан асуулаа.
-Цагдаа нар дуудлага үйлчилгээнд цахилгаан скүүтер хэрэглэж эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Цагдаагийн байгууллага иргэдэд байгууллагынхаа үйл ажиллагааг шуурхай хүргэх зорилгоор цахилгаан скүүтерийг албаныхаа үйл ажиллагаанд ашиглаж эхэллээ. Тээврийн цагдаагийн алба /ТЦА/-ны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өдөртөө 280-320 зам тээврийн ослын дуудлага хүлээн авдаг. Бид үйл ажиллагааны журмаар бол тухайн осол дээр 15-20 минутын дотор очих ёстой. Гэхдээ өнөөдрийн замын нөхцөл байдлын тухайд хотын хэмжээнд өдөрт 500-600 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог, баяр ёслолын үеэр энэ тоо 700 мянга болж өсдөг. Нийслэл хотын хэмжээнд хөдөлгөөнд оролцох стандарт 2-3 дахин нэмэгдчихээр зам тээврийн осол гарахад тухайн нэг хоёр эгнээ хаагдана, бусад жолооч нар хөдөлгөөнд оролцох хэвийн аюулгүй, саадгүй зорчих боломжгүй болдог.
Тэгэхээр цагдаагийн байгууллагаас тухайн зам дээр гарсан осол хэргийн газрыг хамгаалалтад авах болон хэргийн газар үзлэг хийх тохиолдолд иргэдийг удаан хүлээлгэлгүйгээр түргэн шуурхай очих зорилгоор скүүтэрийг ашиглаж эхэлсэн. Энэ нэлээд үр дүнгээ өгсөн ажил болж байна. Туршилтын хугацаанд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын замын цагдаагийн хэлтэс дээр скүүтерийг ашиглаад явж байгаа. Одоогийн байдлаар дуудлага мэдээлэл дээр 2-7 минутын дотор очиж байна. Өмнө нь бол 14-20 минутад хүрч байсан.
-Нийт хэчнээн скүүтер дуудлагад гарч байгаа вэ?
-Эхний ээлжинд энэ долоо хоногт Сүхбаатар дүүргээс туршилтын байдлаар эхлүүлж байгаа юм. Цаашдаа нийслэлийн зургаан дүүрэг дээр хэрэглэхээр төлөвлөгөө гаргасан. Зөвхөн скүүтерээс гадна мотоциклийг бас давхар ашиглаж байгаа. Одоогийн байдлаар СБД дээр зургаан скүүтер, цагдаагийн зориулалтын 10 мотоциклоор дуудлагад явж байна. Зургаан ширхэг скүүтерийг СБД-ийн засаг даргын тамгын газрын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлөөс шийдэж өгсөн.
-Мотоциклоо ТЦА төв дээрээ хэрэглэж байна уу?
-Үгүй. Бүх дүүргүүддээ хувааж өгсөн. Эд материалын хохиролтой зам тээврийн ослын дуудлага мэдээллийг тухайн бүсийн эргүүлийн байцаагчид дангаараа хариуцдаг. Харин хүн гэмтсэн их хэмжээний хохиролтой дуудлага дээр бүрэлдэхүүн хэсгээрээ очиж ажилладаг учраас албаны машинтайгаа явна. Шинжээч, мөрдөн байцаагч, техникийн шинжээч гээд 5-6 хүний бүрэлдэхүүн явдаг учраас скүүтер болон мотоцикл хэрэглэх боломжгүй. Нийслэл хотод ирж байгаа дуудлага мэдээллийн 80-90 орчим хувь нь эд материалын хохиролтой дуудлага байдаг. Ар араасаа мөргөх, уулзвар, гарц дээр шүргэлцэх, эгнээ байр буруу эзэлсэн гэх мэт дуудлага 90 хувийг эзэлдэг гэсэн үг. Энэ төрлийн осолд скүүтертэй очиж үйлчилгээ үзүүлж байгаа нь үр дүнгээ өгч байна. Өглөө хичээл, ажил цуглах орой тарах үеэр осол бол их гардаг. Энэ үеэр алаг тэрэгтэй дуудлагад явахад хүндрэл үүсдэг. Одоо бол скүүтертэй цаг алдахгүй шуурхай очно.

-Нийслэлийн хэмжээнд хэдийнээс хэрэгжүүлж эхлэх вэ?
-Туршилтын хугацаа нэг долоо хоног. Дараа долоо хоногоос дүүргүүддээ танилцуулга өгөөд нийслэл хотын хэмжээнд хэрэгжүүлж эхэлнэ. Иргэд ч их таатай хүлээн авч байна.
-Баярлалаа.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Амжилт2 мөргөлт айсан хохирсон хүмүүст цагдаа нар л хэрэгтэй байдгийм шүү