Т.Дүүрэн: Үерийн улмаас хохирсон ААН-үүд даатгалд хамрагдаагүй бол хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй

МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэнгээс үерийн улмаас хохирол амссан ААН-үүдэд хэрхэн дэмжлэг өгч ажиллаж буй талаар тодрууллаа.
-Үерийн улмаас хохирсон ААН-үүдийг үнэлэх ажилд МҮХАҮТ яг ямар үүрэг оролцоотой ажиллаж байгаа юм бэ?
-Хүний үйл ажиллагаанаас үл хамаарсан байгалийн гамшиг тохиолдоход дүгнэлт гаргах хэрэгтэй болдог. Тухайн байгууллага хэчнээн хэмжээний хохирол амссаныг тус дүгнэлтээр тодорхойлдог. Харин үүнийг нэгдсэн байдлаар МҮХАҮТ-ын Экспертизийн алба гаргадаг.
Үерт автсан буюу хариуцлага хүлээх эзэнгүй ийм тохиолдолд даатгалын компани чухал үүрэгтэй. Гэтэл манайд бизнес эрүүл бус хөгжөөд байгаа учраас даатгалд тэр бүр хамрагддаггүй. Манай байгууллагад хандсан аж ахуйн нэгжүүдийн 10 хүрэхгүй хувь нь буюу 100-гаад түрээслэгч, түрээслүүлэгч компани, иргэнээс 7-8 нь л даатгалтай байна.
Тиймд даатгалгүй учраас үнэлгээ хийх, баталгаажуулах боломж бага болж буй. Яг хэдэн төгрөгөөр хохирсон, хэчнээн төгрөгийн бараа хадгалж байсан, төлбөрийн чадвартай болж амжсан уу. Тэр дундаа банкны зээлтэй хүмүүс ч бий. Бараа бүтээгдэхүүнээ зээлээр авсан нь ч байгаа. Тэдний өр нэхэгдэнэ. Харин "Ийм хохирол учирлаа. Түр зээл төлөлтийг маань хойшлуулж өгөөч" гэж хандахад цаад тал нь баримт, нотолгоо шаардана. Дээрх тохиолдолд л манай байгууллага тодорхойлолт гаргаж, экспертизийн гэрчлэх дүгнэлт хийж өгдөг.
-Одоогийн байдлаар хичнээн ААН хандсан байгаа вэ?
-Ойролцоогоор 60 гаруй ААН. Үндэсний соёл амралтын хүрээлэн, ТЦА, "Их наяд" худалдааны төв гэх мэт байгууллагын ойролцоох подвалиуд үерт их нэрвэгдсэн байна.

-Хохирлын хэмжээг хэрхэн үнэлж яаж тогтоож байгаа вэ?
-Хохирлыг үнэлэх гэхээс илүү үнэхээр үерийн гамшигт нэрвэгдсэн нь үнэн байна уу. Нэрвэгдэхдээ ямар хэмжээний хөрөнгөтэй, бараа таваартай байсан бэ гэдэг дүгнэлтийг хийж өгч байгаа юм. Манай экспертиз дүгнэлт гаргаж өгдөг. Хохирол үнэлэх нь тусдаа эрхэт компанийн үйл ажиллагаа. НЗДТГ-аас хохирлын хэмжээг үнэлж дүгнэх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Үүнд МҮХАҮТ оролцоогүй.
-Шинжээчийн дүгнэлт гаргахгүй байгаа юм уу?
-Тийм.
Даатгуулаагүй компаниуд хүнд нөхцөл байдалд орсон байна. Зээлтэй нь зээлээ хойшлуулах, нийлүүлэгч талтайгаа ойлголцон зөвлөлдөх шаардлага бий болж байна. Үүнд л манай экспертизийн дүгнэлт хэрэгтэй.
-Хэрхэн даатгалд хамрагдах вэ?
-Аливаа бизнес эрхэлж буй хувь хүн, ААН нь ЭМД, НД, Ослын даатгалтай болох боломжтой.
Бизнесээ даатгуулаад хэвшчихвэл хүнд алсдаа хэрэгтэй. Гэхдээ үүнийг манайхан зардал гэж ойлгоод байдаг. Угтаа эрсдэлээс хамгаалах зайлшгүй хүчин зүйл хэмээн ойлгож, бизнесийнхээ нэг хэсэг болгоод дадчихвал зүгээр.
Бид цөөхүүлээ, нэг нь бизнес хийх гэж байгаад ийм асуудалтай тулгарч, дампуураад байвал хэцүү. Тийм учраас даатгуулаагүй хүмүүсийг дэмжиж болох хамтын шийдэл эрэлхийлж байна. Бид Монгол Улсад хэдэн бизнес, хэчнээн төгрөгөөр үерийн улмаас хохирсныг нэгтгэн дүгнэх хэрэгтэй. Үүнд бизнесийн гэхээсээ төр засгийн, удирдах шатны албан тушаалтнуу орж ажиллах учиртай. Цаашид ийм эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэдэн төгрөг төсөвлөж, зарцуулах ёстойгоо бид мэдэж авах ёстой.
-Даатгалд хамрагдаагүй бол хохирлоо нөхөн төлүүлэх боломжгүй гэж ойлгож болох уу. Өмнө нь хамрагдаагүй байсан ч, одоо үнэлгээгээ хийлгээд даатгалд хамрагдах боломжтой юу?
-Үгүй. Зайлшгүй урьдчилж даатгуулсан байх ёстой. Даатгал гэдэг өөрөө мөн бизнес. Тэгэхээр урьдчилж үйлчилгээгээ авсан байх ёстой. Ямар ч байсан хохирол учирсан гэдэг дүгнэлтийг бид гаргаж өгнө. Үүнд үндэслээд үнэлгээний компани үнэлгээ хийнэ. Дараа нь үүссэн хохирлыг хэрхэх вэ гэдэг асуудал яригдана.
-Голчлон хандаж буй аж ахуйн нэгжүүд ямар онцлогтой байна вэ?
-"Их наяд" худалдааны төвийн түрээслүүлэгч болон түрээслэгч нар хохирлын хэмжээгээ тогтоолгохоор хандаж байна. Үндэсний соёл амралтын хүрээлэн, түүний дэргэдэх "Никитон" клуб, "Таван богд"-ын "Тоёота центр" болон бусад орон сууцны подвалийн түрээслэгч нар байна. Гаражид байсан автомашинууд бас орж ирж байна. одоогийн байдлаар бидэнд 54 орчим ААН хандаад байна.
Хүнсний бизнес эрхлэгч 20 орчим. 10-аад нь үл хөдлөх салбарынх. Мөн оёдлын цех, эмийн сан, ахуйн барааны худалдаа хийдэг компаниуд ч байна.
-Хохирлыг үнэлэх нэг хэрэг, харин нөхөн төлөх асуудал нь хэрхэж байгаа вэ. Нөхөн төлөх ёстой субъект нь хэн бэ?
-Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл учраас хэрэв даатгалын компанийн үйлчилгээг авсан байсан бол даатгалаас тодорхой хэмжээний хохирол барагдуулах байсан. Буруутанг ажлын хэсэг юу гэж дүгнэх нь мэргэжлийн хүмүүсийн хийх ажил. Ямартай ч бидний зүгээс "Гамшигт нэрвэгдсэн" гэдэг дүгнэлтийг л хийж өгч байгаа юм.

-Одоогоор хийгдсэн үнэлгээнүүдийг харахад, ААН-үүдэд үерийн улмаас дунджаар ямар хэмжээний хохирол учирч вэ?
-Янз бүр. Жишээ нь, "Их наяд" төвд үйл ажиллагаа явуулдаг хүмүүс үерийг арай эрт мэдсэн учир бараагаа сайн зөөж чадсан юм билээ. Түрээслүүлэгчийн хувьд хохирол өндөртэй. Тэд тогтмол орлого олно гэж тооцоод банкнаас зээл авсан байдаг.
Бид энэ явдлын дараагаас даатгалын компаниудад нэгдсэн байдлаар сургалт хийе гэж төлөвлөж байна.
-Нэгтгэн дүгнэхэд, хохирлын үнэлгээг МҮХАҮТ хийхгүй байгаа юм байна?
-Бидний гаргасан дүгнэлтэд үндэслээд үнэлгээний компани юм уу НЗДТГ-аас байгуулагдсан ажлын хэсэг хохирол үнэлнэ гэж дээр тайлбарласан. Гол нь, анхны тэр дүгнэлтийг гаргадаг компани манайд байдаггүй юм байна.
Өөрөөр хэлбэл цар тахал, үер усны аюул гэх мэт хүчин зүйлсэд монголчууд бэлэн биш байгааг харуулж байна. Дайн, байгалийн гамшиг, өвчин тахал гарвал юу болох вэ гэдэгт иргэд, байгууллагууд бэлтгэхгүй байна.
Жишээ нь бид хаана хандахаа мэддэггүй. Бид үүн дээр анхааран хөгжүүлэх ёстой.
Дадлагажигч Б.Хулан
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.