Нийгэм мэдээ

Сэрэмжлүүлэг: Аянгад цохиулж нас барсан эмэгтэй гар утсаа энгэртээ хийсэн байжээ

Ойрын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо ойр ойрхон орж байна. Өчигдөр /2024.06.06/ үдээс хойш аянга цахилгаантай түр зуурын усархаг бороо орсон. Энэ үеэр нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт золгүй явдал болсон байдаг.

Тодруулбал, гэр бүлийн хоёр мотоциклтой зорчих үеэр аянгад өртөж, эхнэр нь нас барж, нөхөр нь түлэгдсэн байдалтай эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн иржээ. Цагдаагийн байгууллагад Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 цагийн орчимд “ Хүн аянгад цохиулж нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Шалгалтын явцад мотоциклтой зорчиж явсан эрэгтэй, эмэгтэй 2 иргэн аянгад цохиулснаас 1 иргэн нас барж, 1 иргэн гэмтэл авч, эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Энэ талаар өнөөдөр /2024.06.14/ Шадар сайд С.Амарсайхан цаг үеийн мэдээлэл хийхдээ, “Өнгөрсөн долоо хоногт Тэрэлжийн орчим мотоциклтой явж байсан эхнэр нөхөр хоёрын нэг нь дуу цахилгаантай борооны улмаас аянгад цохиулж амь насаа алдсан. Гар утсаа энгэртээ хийсэн гэх мэдээлэл байна. Иймд иргэд энд тэнд явахдаа амь насаа алдах эрсдэл гаргахгүй байхад зөвлөмж хүргэхэд анхаарч ажиллаж байна" хэмээн учирч болзошгүй гамшиг эрсдэлийн талаар мэдээллээ.

Аянга цахилгаантай бороо орж байх үеэр хэрхэн аюул эрсдэлээс сэргийлэх талаар товч зөвлөмж хүргэе.

  • Өндөрлөг газраас буу, байшинд ор, эсвэл битүү машинд ороод цонхоо хаагаад юунд ч хүрэхгүй гараа өвдөг дээрээ тавиад суу
  • Утсаар ярьж болно, цэнэглэж байгаа утас барьж болохгүй
  • Хажууд чинь шонгийн мод, ганц өндөр мод, төмөр хашаа, тогны утас, гол ус байвал холд
  • Хээр талд орох оромжгүй бол хамгийн нам доор газар олоод доошоо хөл дээрээ суугаад толгойгоо тонгойлгож хоёр хөлөө нийлүүл
  • Биеэ аль болох жижиг болгохоос гадна газартай зөвхөн нийлүүлсэн өлмийгөөрөө хүр
  • Олуулаа явж байвал бие биенээсээ хол зай барь
  • Морь, мотоцикль, дугуй, ачааны машин дээрээс буу, уснаас гар, гартаа барьсан загасны уурга, зонтикоо хая
  • Гэртээ байвал гэрийн утсанд мөн тогонд залгаатай компьютер, гар утас зэрэгт хүрч болохгүй
  • Хөдөө хээр явж байвал өндөрлөг газар, уулын орой дээр эсвэл ганц модны доор майхнаа бүү зас
  • Цахилгаан цахиж эхэлмэгц битүү машинд орж суу, сүүлийн цахилгаан цахиснаас 30 минутын дараа гарч болно.

М.АГАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button