“Ханхүүлуу Монголиенсис” буюу Монголоос олдсон шинэ үлэг гүрвэл

1970-аад онд Монголын говь нутагт хийгдсэн хайгуул, малтлагын үеэр олдсон үлэг гүрвэлийн ясны хэсгүүдийг 2023 онд дахин шинжлэн судалж, шинжлэх ухаанд урьд өмнө бүртгэгдээгүй, шинэ зүйл болохыг баталсан байна.
2025 оны зургадугаар сард Канадын Калгаригийн их сургуулийн судлаачдын баг “Nature” сэтгүүлд гаргасан судалгаагаар энэхүү шинэ төрлийн махчин үлэг гүрвэлд “Ханхүүлуу монголиенсис” (Khankhuuluu mongoliensis) гэсэн нэр өгч шинжлэх ухаанд албан ёсоор бүртгүүлжээ.
Ханхүүлуу нь ойролцоогоор 89–96 сая жилийн өмнө буюу Крэйдагийн үед амьдарч байсан хэмээн тогтоогджээ. Энэ амьтан нь тираннозаврын шууд өвөг биш боловч уг бүлгийн хамгийн сүүлчийн дундын үеийн төлөөлөгчдийн нэг гэгдэж байна. Өөрөөр хэлбэл, "Tyrannosaurus rex" болон түүний төрлийн аварга махчин үлэг гүрвэлүүдийн хөгжилд чухал гүүр болсон ажээ.
Биеийн бүтэц, анатомийн онцлог
- Урт нь 4 метр
- Жин нь 750 кг орчим
- Хоёр хөл дээр явдаг, хурдан хөдөлгөөнтэй, жижиг амьтад барих чадвартай махчин
- Толгойн ясны бүтцэд илэрсэн шинж чанарууд нь илүү хөгжингүй тираннозавруудын дээд амны ясны онцлогтой адил
- Богино гэхдээ хүчтэй эрүүтэй, хурц шүдтэй. Энэ нь шүдээрээ тас хазах чадвартай байсныг илтгэнэ.
Түүнчлэн, хамрын яс нь онцгой сонирхол татаж буй. Судлаачдын үзэж байгаагаар, тираннозавруудын хамарны яс улам бүр бат бөх, өргөн болж хөгжсөн нь амьсгалын болон булчингийн тогтолцоотой холбоотой байж болзошгүй хэмээн үзэж байгаа аж.
Нэрний утга учир
"Khankhuuluu mongoliensis" гэдэг нэрний утгыг судлаачид “ханхүүгийн зиндааны махчин” гэх утгаар өгчээ. Үүний учрыг Калгаригийн их сургуулийн доктор Дарла Зелинитски хэлэхдээ, “Тираннозавр бол эволюцийн хаан. Харин Ханхүүлуу бол түүний урьдчилсан үеийн хунтайж" гэжээ.
Монгол орны үнэт олдвор
Монголын говь бол үлэг гүрвэлийн хамгийн том олдвортой бүс нутаг билээ. Ханхүүлуу нь Тарбозавр, Протоцератопс, Велоцираптор зэрэг алдарт гүрвэлүүдийн араас шинжлэх ухааны тавцанд гарч ирж буй хамгийн сүүлийн үеийн үлэг гүрвэл юм.
Энэхүү олдворын судалгаа гадаадын олон улсын палеонтологичдын анхаарлыг Монгол улс руу татаж, манай улсын шинжлэх ухаан, түүх, соёлын үнэт хөрөнгө болж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.