Манай сурвалжилгын мөрөөр: Таван хүүхэдтэй айл гэртэй болж, 4 сая төгрөг цугларлаа

Бид одоогоос дөрөв хоногийн өмнө /2025.09.05/ хоёр гэр нь галд шатаж, өмсөх ч хувцасгүй үлдсэн долоон ам бүлтэй айлын нөхцөл байдлыг сурвалжилсан.
Эргэн сануулбал, дөрвөн хүүхэд, зээ, эхнэрийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг Э.Анхбаярын жижиг болон том гэр есдүгээр сарын 1-2-нд шилжих шөнө дөрөвхөн минутад шатсан. Хэрэв энэ айлын дунд хүү тухайн үед унтаагүй, сэрүүн байгаагүй бол зургаахан сартай охин, гурван настай хүү гээд бүгд галд өртөж, амь насаа алдаж ч болох байсан гэдгийг очиход хэлж байв.
Гэрэл зургийг Г.Золбоо, Баянгол дүүргийн 22 дугаар хороо
Өрхийн тэргүүн Э.Анхбаяр барилга дээр туслахын ажил хийдэг. Эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асрахын хажуугаар хэрээс хийж, захиалгын ноолууран цамц оёдог. Тэд "энэ зун хоёр гэрээ бүрэн тохижуулж дуусаад одоо л сайхан амьдрах нь гэтэл бүх хөдөлмөр, бүтээсэн зүйл маань нүдэн дээр үнс болохыг харлаа. Гэсэн ч дахиад л эхнээс нь хичээнэ, илүү сайхан амьдарна" гээд нулимс дуслуулж байсан нь саяхан.
Тэгвэл бидний сурвалжилсан энэ гэр бүлд "Дэлхийн зөн" олон улсын байгууллага гэр өгөхөөр болж, тэдний дансанд 4 сая төгрөг цуглараад байна.
Зураглаач: Г.Золбоо
Эвлүүлэгч: Б.Эрдэнэбаяр
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.