П.Наранбаярын үүрсэн "зовлон"-г Ж.Чинбүрэн ч бас үүрнэ

Багш нарын ажил хаялт 13 хоног үргэлжилсний эцэст өнөөдөр өндөрлөж, сургууль, цэцэрлэгүүд сургалтын үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ.
Жагсаал болон ажил хаялтыг Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл зохион байгуулсан. Хэлцлийг ч тэд толгойлов. Тодруулбал, багш нарын цалин ирэх оны нэгдүгээр сарын 01-нээс 50 хувь, мөн оны 11 дүгээр сараас 26 хувиар тус тус нэмэхээр Боловсролын яамтай тохиролцсон. Харин үндсэн шаардлага болох 3.5 сая төгрөгт хүргэх асуудал 2027 он руу шидэгдэж, багш нар сэтгэл дундуур байна.
Ажил хаясан хоногуудад хамгийн ихдээ 30 хувиар л нэмэх боломжтой хэмээн гэдийж байсан Боловсролын сайд болон Ерөнхий сайд буулт хийж, эхний удаа 50 хувиар нэмэхээр болсон нь ахиц мөн үү гэвэл мөн. Харин нийт багш нарын эрх ашгийн төлөө дур мэдэж шийдвэр гаргасан бол өөр асуудал.
Энэ мэтээр асуудал намжаагүй, салбарын сайд нь нэгдсэн мэдээлэл ч хийгээгүй зэрэг боловсролын салбарын зовлон дуусаагүй, гал дөнгөж намжиж байтал Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд ажил хаяна гэдгээ албан ёсоор мэдэгдэв.
Өөрөөр хэлбэл, өнгөрсөн 13 хоногт сургууль, цэцэрлэгүүдэд өрнөсөн нөхцөл байдал эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд руу шилжих гэж байна. Үүнийг дагасан олон эрсдэл үүсэж болзошгүй. Нэгдүгээрт хүний амь нас яригдана. Цаашлаад энэ салбар нийтээр ажил хаяад эхэлбэл нийт хүн амын эрүүл мэндийн асуудал хөндөгдөж таарна. Өөрөөр хэлбэл П.Наранбаярын үүрсэн шиг зовлон Ж.Чинбүрэн дээр хэд дахин хүнд ачаа болж ирэхийг үгүйсгэх аргагүй юм.
Одоо эмч нарын үндсэн цалин 1,400,000 төгрөг байгаа бол дэмжих үйлчилгээний ажилтнуудын цалин 1,100,000 төгрөг байна. Тэд энэ цалингаа 3,500,000 төгрөгт хүргэхийг шаардах юм.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.