Судалгаа: Шөнө орой юм идэх нь элэгний өвчлөлтэй болох эрсдэлийг 20-30 хувиар нэмэгдүүлдэг
Шөнө орой эсвэл унтахын өмнө идэж буй зүйлс илүүдэл калориос илүү дагавартай байж магадгүйг шинэ судалгаа харуулжээ. АНУ-ын Орегон мужийн Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн эрдэмтэд оройн юм идэх нь элэгний өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэхтэй холбоотойг илрүүлсэн байна.
“Clinical Gastroenterology and Hepatology” сэтгүүлд нийтлэгдсэн тус судалгаагаар бол оройн хоолны дараа эсвэл унтахын өмнө тогтмол юм иддэг хүмүүс элэгний өвчнөөр өвчлөх эрсдэл 20–30 хувиар өндөр байжээ. Эрсдэл нь нэмэгдсэн өвчнүүдэд элэг өөхлөх өвчин, элэгний эд сорвижиж, хэвийн үйл ажиллагаа нь алдагддаг элэгний хатуурал зэрэг өвчин багтсан юм.
Өмнөх нь явуулж байсан судалгаанууд шөнө орой хооллох нь таргалалт болон зүрх судасны өвчлөлтэй холбоотойг харуулсан. Харин энэ судалгаагаар эрдэмтэд шөнө орой юм идэх нь элэгний өвчлөлтэй холбоотой эсэхийг тодруулах гэж зорьжээ.
Судалгааг ахалж явуулсан Орегоны Эрүүл мэнд, шинжлэх ухааны их сургуулийн элэг судлалын эмч Роберт Вилечански “Өмнө нь хэд хэдэн судалгаанд ийм холбоо байж магадгүйг дурдсан байдаг. Харин энэ эрдэм шинжилгээний ажил бол уг зуршил элэг өөхлөх өвчинтэй хамааралтайг олон жилийн хугацаанд шинжилж, тодорхой харуулсан анхны судалгаануудын нэг нь энэ юм” гэжээ.
Эрдэмтэд юм идэх цаг болон элэгний өвчлөлийн хоорондын хамаарлыг тогтоохын тулд АНУ-д явуулсан гурван том судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Гурван судалгаанд нийтдээ 200 мянга орчим хүн хамрагдсан юм. Тэдгээр судалгаа оролцсон хүмүүсийнхээ хооллох зуршил, өдөр тутмын амьдралын хэв маяг болон эрүүл мэндэд нөлөөлөх бусад хүчин зүйлийн мэдээллийг цуглуулжээ. Судлаачид оролцогчдыг ихэвчлэн хэдэн цагийн үед хооллодгоор нь бүлэгл болгон хувааж, элэг өөхлөх өвчин болон элэгний хатууралын тохиолдолтой харьцуулсан аж.
Ингэж дүн шинжилгээ хийсний үр дүнд хооллох цаг болон элэгний өвчлөлийн хооронд тогтвортой хамаарал ажиглагджээ. Тодруулбал шөнө орой хооллодог хүмүүс элэгний өвчнөөр өвчлөх эрсдэл бусад оролцогчдынхоос 20–30 хувиар өндөр байв.
Судалгааг ахалж явуулсан Роберт “Элэг өөхлөх өвчин туссан хүмүүсийн цөөн хувьд нь элэгний хатуурал зэрэг хүнд хэлбэрийн өвчин үүсдэг гэдгийг санах хэрэгтэй. Гэсэн ч энэ судалгаанаас авах гол санаа нь унтахаас хэдэн цагийн өмнө юм идэхээ зогсоох нь эрүүл мэндэд тустай байж магадгүй явдал юм” гэжээ.
Хооллох цаг элэгний эрүүл мэндэд нөлөөлдгийн нэг шалтгаа нь хүний биологийн ца буюу нойр, бодисын солилцоо болон бусад үйл ажиллагааг зохицуулдаг дотоод механизмтэй холбоотой байж магадгүй. Энэ механизм нь ойролцоогоор 24 цагийн мөчлөгөөр ажилладаг.
Элэг нь уг хэмнэлд онцгой мэдрэмтгий эрхтэн юм. Шим тэжээлийг боловсруулах, цусан дахь сахарын хэмжээг зохицуулах, энергийг биед хэрхэн нөөцөлж, ашиглахыг зохиоцуулах зэрэг олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Бие махбод нойрсоход бэлтгэж байх үед юм идснээр эдгээр үйл явцын заримд нь саад учруулж болзошгүй аж.
Вилечански энэ сэдвийг сонирхох болсон шалтгаануудын нэг нь шөнийн ээлжээр ажилладаг хүмүүстэй холбоотой судалгааны баримтууд байжээ. Ажлын хуваарь нь биеийн байгалийн нойр, сэрэх хэмнэлтэй зөрчилддөг хүмүүсийн дунд таргалалт болон зүрхний өвчлөл илүү түгээмэл байдаг. Энэ нь тогтмол бус цагт хооллох зэрэг зуршил бодисын солилцооны алдагдал, тэр дундаа элэгний өвчинд нөлөөлж болох тухай таамаглалыг дэвшүүлэхэд хүргэсэн байна.
Судалгааны хамтран бичсэн нойр болон биологийн цагийн физиологийн чиглэлээр мэргэшсэн дэд профессор Эндрю МакХилл “Нойр, хооллолт, дасгал хөдөлгөөн гэх мэт өдөр тутмын үйл ажиллагааг хэдэн цагт хийж байгаа нь чухал болохыг бид дахин дахин харсаар байна. Жишээлбэл хүний биологийн цаг нойрсолтыг өдөөдөг шөнийн цагаар юм идэх нь бие махбодын хоол боловсруулах, шим тэжээлийг үр ашигтай ашиглах чадварыг бууруулдаг гэдгийг бид өмнө нь харуулсан. Шөнө орой юм идэх нь таргалалт, чихрийн шижин, мөн одоо харж байгаачлан элэгний эрүүл мэнд муудахад хүргэж магадгүй” гэж хэлжээ.
Эх сурвалж: Science Daily












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.