Төсвийн тодотголыг тохиолдуулан Төрийн ордонд тоглогдсон уран сайхны бүтээлүүд
Хоёр сар гацсаны эцэст УИХ-ын чуулганы өчигдрийн (2026.10.16) нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн баталлаа.
Тодотгол өргөн барихтай зэрэгцээд л хэл ам дагуулсан “Гэрт ойр сургууль” хөтөлбөрийн ₮50 тэрбумаас хотхоны бага сургуулийн дөрвөн сарын түрээсэнд зориулж ₮13.8 тэрбум тусгасан байсныг С.Цэнгүүн, Н.Жаргалан тэргүүтэй гишүүд эсэргүүцсээр хасуулсан. Үүнд ихэд харамсаж байгаагаа Л.Энх-Амгалан сайд дахин дахин хэлж, өчигдөр парламентын танхимд тэд ширүүн толхилцож “Учиргүй гурван толгой” гэдэг улс төрийн триллер жүжиг тавьсан юм.
Кино үйлдвэрийн орчмын 694 ам метр талбайн түрээсэнд 138.8 сая төгрөг тавьсан нь м тутамдаа 50-60 мянган төгрөг болж байгааг “хэт өндөр” хэмээн шүүмжилсэн гишүүд, “Сургууль шинээр барихад доод тал нь гурван жил болно. Тиймээс түрээсийн шийдэл хамгийн ойрхон, боломжит хувилбар” гэж зүтгэсэн сайдын алиных нь зөв, бурууг шүүхээс илүү өнөөгийн Монголын боловсролын байж байгаа царай тэр зэрэг л дээ.
Харин энэ зуурт Ерөнхий сайд “Хүнээ бодсон төсөв” хэмээх уянгын драмын жүжиг найруулан Төрийн ордонд тавьж, өөрөө гол дүрд нь тоглон “Төр зардлаа 1.4 их наяд төгрөгөөр танасан тодотгол боллоо. Хэмнэсэн зардлаа иргэндээ зориулж, өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа” хэмээн өндөр дуугаар хадаан байв.
2026 оны нэгдсэн төсвийн орлогыг 31.9 их наяд, зардлыг 33.9 их наяд төгрөг байхаар баталж, ₮2 их наядын алдагдлаа Засгийн газар үнэт цаасаар (₮1.8 их наяд) болон гадаадын зээлээр (780 тэрбум) нөхөхөөр тооцсоноос харахад “Өрөнд идэгдсэн Монгол” хэмээх трагеди мөдхөн улс даяар тоглогдох бололтой.
“Төрийн өмч бол иргэн таны өмч. Иргэн таны амьдралд ашиг тус нь илүү мэдрэгдэж байх ёстой. ТӨК-иудын ногдол ашгаас 1.6 их наяд төгрөгийг төсөвт авч, цалин, тэтгэвэр, тэтгэмжээ нэмэх зэргээр иргэндээ зориулж байна” гэсэн Ерөнхий сайдын удиртгалын дагуу “Баялагтай Монгол” үлээвэр найрал хөгжмийнхөн бадрангуй аялгуу ар араас нь нүргэлүүлэхэд дэмжигч гишүүд, сайд, дарга нар алгаа хорстол ташин баясав.
Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, асаргааны тэтгэмжийг нэмүүлэх ₮29.7 тэрбумыг чуулганы танхимд хэдэн өдөр уйлж, зангирч байгаад тодотголд шинээр тусгуулж чадсан Ж.Баясгалан, О.Саранчулуун гишүүд “Баярын мишээл” хоршин дуулж ахуйд нөгөө "тайз"-н дээр нь эрчим хүчний станц, шугам сүлжээний засварын зардлаасаа ₮13.8 тэрбумыг хасуулсан Б.Найдалаа сайд “Яагаад заавал би гэж” хэмээх абсурд жүжиг энэ өвөлдөө багтаан тавихаар ханцуй шамлан ороод байна.
Боловсролын салбарын 93.5 мянган багш, ажилтны нэмэгдсэн цалинг бүтэн жилээр нь олгоход дутагдаж байсан ₮674.5 тэрбум, 435 мянган ахмад настан арваннэгдүгээр сарын 1-нээс 100-300 мянган төгрөгийн нэмэгдэлтэй буюу шинээр суурь тэтгэвэр авахад зориулж ₮196.3 тэрбум, эмч, төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг 20 хувь нэмэхэд ₮170.1 тэрбум болон мах, гурил, ногоо, шатахууны нөөцөд ₮140.9 тэрбум төгрөг шийдэх гэж намрын гурван сарын хоёрт нь туж дуншсан төсвийн тодотгол батлагдсан түүх нэг иймэрхүү.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.