НИЙГЭМ

Хүүхдийн нялх үеийн дурсамжийг хөнжилд шингээж, ээжүүдэд орлогын боломж нээж буй Н.Доржханд

“DuDu Kids Mongolio” онлайн шопыг үүсгэн байгуулагч Н.Доржханд хүүхдийн багадсан хувцсаар хөнжил, бамбарууш урлаж, гэр бүлийн нандин дурсамжийг хадгалж үлдээхийн зэрэгцээ өөртэй нь адил хүүхдээ гэртээ харж буй ээжүүдийг орлоготой болгохыг зорьж явна. Хүүхэд өсөхийн хэрээр анх өмсөж байсан бяцхан хувцас нь багадна. Төрөөд удаагүй байхдаа өмссөн боди, анхны баяраар нь гоёсон хувцас, хөлд орохдоо өмсөж байсан гутал гээд эцэг эхийн сэтгэлд үлдсэн дурсамж олон. Хүүхэд том болсон ч тэр бүхнийг хаяхад хайран.

Харин Н.Доржханд эдгээр хувцсыг зүгээр нэг хадгалах бус, хүүхдийнхээ нялх үеийг эргэн санах нандин дурсгал болгон үлдээх аргыг олжээ. Тэрбээр хүүхдийн төрсөн цагаас нь эхлэн өмсөж байсан хувцаснуудыг нэг бүрчлэн ялгаж, өнгө загварыг нь хослуулан, онцлог хэсгүүдийг нь зүүмэл урлалаар хөнжил болгон бүтээдэг аж.

Хүүхдийн хувцас бүр өөрийн гэсэн түүхтэй учраас аль болох танил дүр төрх, зураг дүрс, онцлогийг нь хадгалж урлахыг хичээнэ. Ингэснээр нэг хөнжилд хүүхдийн бага насны олон мөч шингэж үлддэг. Н.Доржханд хүүхэд том болоод өөрийнхөө нярай үед өмсөж байсан хувцсаар хийсэн хөнжлийг нөмрөхдөө аав ээж нь нялх үеийнх нь мөч бүрийг нандигнан хадгалж, хайрлаж явдгийг мэдрээсэй гэж хүсдэг.

Н.Доржханд маркетингийн мэргэжилтэй ч хүүхдээ гэртээ харж байхдаа өөрийн гэсэн тогтмол орлогогүй байжээ. Нөхөртөө санхүүгийн хувьд дэм болж, хүүгийнхээ хэрэгцээг өөрийн хөдөлмөрөөр олсон мөнгөөр хангах хүсэл нь түүнийг бизнесээ эхлүүлэхэд түлхэц болсон байна. Тэрбээр “Цалинтай ээж” хөтөлбөрөөс авдаг 50 мянган төгрөгөө гурван сар хадгалж, хуримтлуулсан мөнгөөрөө жижиг оёдлын машин, утаснуудаа урдаас захиалан авчээ. Ингээд цахим хуудсаа нээж, бүтээлээ танилцуулан, захиалга авч эхэлсэн байна.

Нөхөр хүүгийн хамт бяцхан урлангийн өрөөндөө

Эхэндээ хүүгээ унтсан хойгуур оёдлын машиндаа сууж, өдөр тутмын ажлынхаа завсар зайгаар бүтээлээ урлана. Анхны захиалга ирэхэд баярлахын зэрэгцээ айдас төрж байжээ. Учир нь үйлчлүүлэгчийнх нь авчирсан хувцас бүр хүүхдийнх нь төрсөн цагаас эхлэн өмсөж хэрэглэсэн нандин дурсамж байв. Тэдгээрийг буруу хайчилж, дурсамжийг нь алдагдуулчих вий, бүтээл нь үйлчлүүлэгчид таалагдахгүй бол яана гэсэн болгоомжлол түүнд төрсөн байна.

Гэлээ ч анхны үйлчлүүлэгч нь бүтээлээ баяртайгаар хүлээн авсан нь Н.Доржхандад урам өгчээ. Өөрийн хүүдээ зориулан эхлүүлсэн жижигхэн туршилт ийнхүү бусдын гэр бүлийн дурсамжийг хадгалах ажил болон өргөжсөн байна.

-Хүүгийнхээ сүү, живхийг өөрийн хөдөлмөрөөр олсон орлогоор авахын жаргал-

Н.Доржхандын хувьд оёдлын машинаар урласан бүтээл бүр зөвхөн орлого олох хэрэгсэл биш. Өөрийн хөдөлмөрөөр мөнгө олж, тэр мөнгөөрөө хүүдээ сүү, живх авч өгөх нь түүнд хамгийн их аз жаргал мэдрүүлдэг байжээ. Олсон орлогынхоо тодорхой хэсгийг хүүгийнхээ ирээдүйд зориулан хадгаламжид хийдэг байна. Гэртээ хүүхдээ харж байгаа ээжийг зарим хүн завтай, ажилгүй мэтээр төсөөлж магадгүй. Гэвч бодит амьдрал дээр нэг өрөөнд ажлаа хийж суутал нөгөө өрөөнөөс хүүхэд нь уйлна. Оёдлоо орхиод хүүхдээ тэвэрч, тайвшруулах, хоол унд бэлдэж, гэр орноо цэвэрлэнэ. Хүүхдээ унтсан хойно л ажлаа тайван үргэлжлүүлнэ. Өдөр тутмын энэ амьдралд хүүхэд асрах, гэр орны ажил амжуулах, өөрийн гэсэн орлоготой болох гэсэн олон үүрэг давхарддаг аж.

“Гэртээ суудаг ээж гэж бодох хэрэггүй. Ээж хүн хоногийн 24 цаг ажиллаж байдаг. Тархиа амраах завгүй, хүүхдийнхээ төлөө байнга санаа тавина” хэмээн тэрбээр ярьж байлаа. Ээж хүний хувьд хамгийн хэцүү үе нь хүүхэд өвдөх. Хүүхдийнхээ дэргэд байж, өвчин зовиурыг нь хуваалцахыг хүсэвч амьдралын бусад ажил ч зогсохгүй. Тиймээс хүүхдээ асрахын зэрэгцээ өөрийн гэсэн орлоготой болохыг хичээж буй ээжүүдийн хөдөлмөрийг Н.Доржханд сайн ойлгодог.

Тэр өөрөө ч анх ээж болохдоо бүхнийг чадна гэдэгтээ итгэлтэй байгаагүй. Төрөх үедээ олон цаг өвдөж, тэнхээ нь барагдахдаа эмчээсээ “Би төрж чадах болов уу” хэмээн асууж байжээ. Харин эмч нь эмэгтэй хүн хүүхдээ бодоод даван туулах хүчтэй байдаг тухай хэлсэн нь сэтгэлд нь үлдсэн байна. Тэгээд нэг мэдэхэд өөрөөс нь төсөөлөөгүй их хүч гарсан байжээ.

Хүүг нь харж, асрахад гэр бүлийнхэн нь тусалдаг учраас өөрийн дуртай ажлаа үргэлжлүүлэх боломжтой болжээ. Нөхөр нь түүнийг үгээр урамшуулаад зогсохгүй, хүүхэд болон гэр орны ажлаа хуваалцдаг аж. “Өөртөө цаг зарцуул. Би бүхнийг нь зохицуулж хийе” гэж хэлдэг нь түүнд өөрийн сонирхлыг хөгжүүлэх итгэл өгдөг байна.

Тэрбээр багаасаа гар урлалд сонирхолтой байжээ. Өвөө, эмээ дээрээ өссөн бөгөөд эмээ нь дээл оёдог байсан нь гар урлалд дурлахад нь нөлөөлсөн байж мэднэ. Аливаа ажлыг гололгүй хийж, өөрийн чаддаг зүйлээр юу бүтээж болох талаар үргэлж боддог тэрбээр энэ чиглэлээр ажиллаад жил гаруй болж байгаа аж.

-Өөртэй нь адил ээжүүдийг орлоготой болгох хүсэл-

Н.Доржхандын дараагийн зорилго бол хүүхдийн хувцсаар хөнжил, бамбарууш урлах арга барилаа бусад ээжүүдэд зааж өгөх. Өөртэй нь адил гэртээ хүүхдээ хардаг ч өөрийн гэсэн орлоготой болохыг хүсдэг ээжүүдэд бүтээл хийх схем, аргачлалаа зааж, цахим сургалт зохион байгуулахыг хүсэж байна. Тэрбээр маркетингийн мэргэжилтэй учраас бусад ээжүүдийн урласан бүтээлийг сурталчлах, зах зээлд хүргэхэд нь туслах боломжтой гэж үздэг байгаа юм.

Нэг ээж өөрийн хөдөлмөрөөр орлого олж чадвал гэр бүлийнхээ санхүүд дэм болохоос гадна өөртөө итгэх итгэл нь ч нэмэгдэнэ гэж тэр үздэг. Мөн Н.Доржханд нярайн гэдэс дүүрэхээс сэргийлэх зориулалттай баадан хэмээх бүтээгдэхүүн урлаж эхэлжээ. Хүү нь багадаа нэмэлт сүү уудаг байсан тул гэдэс нь их дүүрч, тухгүйтдэг байсныг тэр сайн мэднэ.

Монголчууд эртнээс хүүхдийн гэдсэнд бүлээн жин тавих уламжлалт аргыг хэрэглэж ирснийг бодолцон, шар тос, арвайтай баадан бэлтгэж, нярайд зориулсан бүтээгдэхүүн болгон хөгжүүлсэн байна.

Хүүгийнхээ төлөө хийж буй хөдөлмөр, гэр бүлийнхээ хайрыг шингээсэн бүтээл, өөртэй нь адил ээжүүдэд боломж нээх хүсэл нь нэг дор огтлолцож буй хэрэг юм. Анх өөрийн хүүдээ бамбарууш урлах гэсэн энгийн хүслээс эхэлсэн ажил нь өдгөө бусдын хүүхэд насны дурсамжийг хадгалах бүтээл болжээ. Харин цаашид тэрбээр өөрийн мэддэг, чаддаг зүйлээ бусад ээжүүдтэй хуваалцаж, тэднийг ч мөн өөрийн хөдөлмөрөөр орлого олоход нь туслахыг хүсэж явна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button