Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулан “Жаргаагүй нар” жүжиг тоглогдоно

Монголын шинэ үеийн утга зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Түвшингийн найруулга “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг Их зохиолч Д. Нацагдоржийн мэндэлсний 120 жил, Улсын драмын эрдмийн театрын түүхт 95 жилийн ойд зориулан 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдоно.
Уг уран бүтээлд жүжгийн найруулагч, жүжигчид болон театрын уран бүтээлчид хамтран ажилласан бөгөөд Д.Нацагдоржийн амьдарч байсан цаг үе, тухайн нийгмийн уур амьсгал, хүмүүсийн амьдрал, хувь заяаг уран бүтээлээр дамжуулан мэдрэх боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
Хэдийгээр тэрээр ердөө гучин нэгхэн насалсан ч сэтгэл оюундаа тээж явсан хязгааргүй их авьяас билэг, оюуны гайхамшигт өв сангаа ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээсэн билээ. Түүний суу билэг, уран бүтээлийн өвийг өнөө цагт бахархан дурсаж, мөнхлөн харуулах энэхүү жүжгийн гол дүрүүдэд Улсын драмын эрдмийн театрын залуу үеийн уран бүтээлчид тоглож байна. Тухайлбал, Д.Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр (СТА), Пагмадуламын дүрийг жүжигчин О.Хонгорзул (СТА) нар тус тус бүтээж байна.
“Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжиг маргааш буюу 2026 оны арваннэгдүгээр сарын 5-наас эхлэн Улсын драмын эрдмийн театрын тайзнаа өдөр бүр 19:00 цагт тоглогдох юм байна. Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан энэхүү жүжиг нь үзэгчдийг түүний амьдарч байсан цаг үе, түүхэн үйл явдал, хүний амьдралын ээдрээт хувь заяагаар аялуулах аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.