Ярилцлага

Б.Орхонтуул: Үхэл амьдралд яг таг батлагдсан зүйл үгүй

SENGERAGI ART GALLERY-Д “The Presence” үзэсгэлэн гарчээ. Энэ сарын 27-ны өдөр хүртэл үргэлжлэх уг үзэсгэлэнд зураач Б.Орхонтуул, Ж.Шижирбаатар, Ж.Анунаран нарын бүтээлүүд дэлгэгдэж.

Энэ удаа “ART PODCAST MONGOLIA” сувгаар дамжуулан бид зураач Б.Орхонтуултай түүний бүтээлүүдийн талаар цөөн хором ярилцлаа.

Анир үргэлжилнэ – бүтээлийн деталь
Анир үргэлжилнэ – бүтээлийн деталь
Анир үргэлжилнэ – бүтээлийн деталь
Анир үргэлжилнэ – бүтээлийн деталь


АНИР ҮРГЭЛЖИЛНЭ – ЭЭЖИЙГ БУРХАН БОЛОХОД ТОМ ХҮҮ МИНЬ ТӨРЖ БАЙВ

-Орхонтуулын бие даасан үзэсгэлэнг хоёр жил гаруйн хугацаанд хүлээсэн ч гэнэтхэн ийм нэг үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн байх юм?

-Тиймээ, энэ миний зорьж буй бие даасан үзэсгэлэн биш юм. Энэ галлерейд өмнө гарсан үзэсгэлэн нь бууж хэсэг хугацаа гарсан тул Ж.Анунаран, Шижирбаатар бид гурав ярилцаад өмнө хийж байсан шинэ бүтээлүүдээрээ ийм нэг үзэсгэлэн дэлгэлээ. Гэхдээ тавигдсан бүтээлүүдийн хувьд шинэ.

-Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн гэсэн үг үү?

-Тиймээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд хийсэн таван бүтээлээрээ оролцож байна.

-Таны таван бүтээлийг үзсэн, дүгнэсэн, мэдэрсэн үзэгчдийнхээ ойлголт руу хэт их халдахгүй ч таны өөрийн бодсон концептыг ярих нь зүй болов уу?

-Таван бүтээл бүгд нэг концепттой биш. Ер нь би тэгж ажилладаггүй, чаддаггүй. Нэг бүтээл нэг сэдэв.

-Үзэсгэлэнгийн танхимд орж ирэнгүүт тэг дунд байгаа энэ бүтээл /Анир үргэлжилнэ/ шууд анхааралд өртөж байна. Үхэх төрөх, шинэ амьдрал, урьд нас, хойд насыг сануулах мэт үзэгч надад мэдрэгдэнэ. Харин та ямар санаа гаргав?

-Анир үргэлжилнэ. Буддын шашинд ч тэр, Монголчуудын эртний ярианд ч тэр “Ээж минь төрлөө, өвөө минь ахин төрлөө, амьдрал үргэлжилдэг, сүнс нь ирлээ” гэх агуулгууд гардаг. Энэ л юм. Энэ зүйл миний амьдралд ч бас тохиосон юм. Миний том хүү ээжийг минь бурхан болсны дараа төрсөн. Одоо яг л ээжийн ярьдаг юмыг ярьж, хийдэг үйлдлийг нь хийдэг. Үүнийг л бодож явсаар, хүн үхээд ахин төрдөг гэх санааг л буулгасан бүтээл.

-Үхэх төрөхийн хоорондох замыг модоор орлуулж, модон дотроо хөгжмийн зэмсгийн утаснууд хийжээ. Яагаад мод гэж?

-Модон доторх морин хуурын хоёр чавхдас нь сүнслэг байдлыг төлөөлнө. Дээр нь байгаа шувуу нь миний хувьд бурхныг төлөөлсөн. Аль нэг шашны бурхан бус, ерөнхийдөө бурханлаг байдлыг л төлөөлүүлсэн нь тэр. Дээхнэ би нэг настай ламтай ярилцах тохиол таарахад, тэр хүн “Хүүхэд төрж байхад бурхан бууж ирэн хувь заяаны авшиг тавьдаг” гэсэн. Үүнд итгэх, үл итгэх эсэх нь, үнэн худал нь хамаагүй. Хайртай дотны хүнээ алдахад үргэлжлэл нь үр хойчид нь төрсөн гэж итгэх нь хүмүүст сайхан шүү дээ. Энэ сэдэв надад үлдсэн байж. Урлагт үнэн байх, зөв байх нь чухал бус. Амьдрал ч тийм. Яг таг зөв, батлагдсан зүйл гэж үгүй, тэр тусмаа үхэл амьдрал. Маш сонирхолтой санагдаад л энэ сэдвийг “барьсан”.

-Уран бүтээлч хүний бага насны амьдрал, үзэж туулсан бүхэн нь бүтээлүүдэд нь их шингэдэг шиг санагддаг. Таны “Намаагүй зөгнөөгүй бол” нэртэй бүтээл, энд буй “Анир үргэлжилнэ” хоёр бүтээл таны болон таны хүүгийн амьдралд ирсэн сонин учралуудыг өгүүлэх юм. Та “Намайг зөгнөөгүй бол” бүтээлийнхээ түүхийг, өөрийн бага насны тухай бидэнтэй хуваалцахгүй юу?

Намайг зөгнөөгүй бол

-Манайх их олуулаа айл. Ээж минь 11 удаа амаржсан. Одоо амьд ахуй нь долоо. Тухайн үед ээж аавууд бүгд л ажил хийнэ, дөнгөж эгч төрөөд удаагүй байхад би ээжийн хэвлийд олдож. Ойрхон төрчихсөн ээж их ядарсан байсны дээр манайхан “аборт” гэдэг ойлголттой танилцаад эхэлчихсэн байж. Тиймээс л “авахуулъя” гэдэг шийдэлд аав ээж хоёр хүрч. Гэтэл тэр шөнө нь ээж зүүдэлжээ. Тал дээр нэг цэнхэр дээлтэй хүүхэд “Ээжээ, намайг аваад явчих” гээд л ээжээс гуйгаад байж. Ээж өглөө нь босч ирээд л тэр шийдвэрээ өөрчилж, би төрсөн.

Миний хүүхэд нас Баянхонгор аймагт өнгөрсөн. Харин нэгдүгээр ангиа төгсөөд Говьсүмбэр аймаг руу шилжиж байсан бөгөөд тухайн үед зах зээл гарч, нэг л хэцүүхэн үеийг туулсан шиг санагддаг. Одоо хүүхэд насаа дурсахаар өлсөж байсан, гадуур өдөржин явдаг байсан л санагддаг /инээв. сурв/

ХАНГАРЬД ШИГ ТОМ ШУВУУ НИСЭЖ ӨНГӨРСӨН НЬ САНАГДДАГ

-Багадаа үлгэр домог, туульс, тууль сонсож өсөв үү? Одоо таны бүтээлүүдээс тийм л үнэр их үнэртэх юм?

-Би үлгэр домгийн сэдвийг их сонирхож байгаа. Дээр үед телевиз радио гэж байхгүй. Зун болохоор л хөдөө явж тэндээ гурван сар болно. Хөдөө газарт энд тэндэхийн олон хүний сонин хачин яриа их сонсоно, үлгэр домог их яриулна. Тэр болгонд хүүхэд төсөөлнө. Одоогийн хүүхдүүдийн гар утас, телевизээр үзэж байгаа бүхэн төсөөлөн бодох чадварыг нь үгүй хийдэг ч шиг, аливаа зүйл ямар байдаг гэдгийг тултал нь үзүүлчихдэг болохоор төсөөлөх шаардлага үгүй. Компьютер графикаар бүтсэн бүхэн тултал хийсэн байдаг тул хүүхэд давж сэтгэх боломжгүй. Харин тэр үед үлгэр домог, хөгшчүүлийн хууч яриа хүүхдүүдэд маш их фантаз өгнө. Манай үеийнхэн ихэвчлэн л ийм болов уу. Ингэж өссөн хүүхдүүдэд тэр үлгэр домог, хууч яриа мэдээж маш их нөлөөлнө.

-Танд үлдсэн тэр үеийн “хүчтэй” дурсамж бий юу?

-Хүүхэд байхад хонинд явж байгаад нэг том шувуутай тааралдсан. Одоо бодохнээ бүргэд л байсан юм болов уу. Жаахан байсан болохоор Хангарьд шиг л том, төсөөлөхийн аргагүй тийм том шувуу нисэж өнгөрсөн шиг санагддаг. Үнэхээр тийм шувуу нисэж өнгөрсөн ч юм болов уу эсвэл бүргэд нь тэгж харагдсан ч юм болов уу, тийм нэг дурсамж бий. Голцуу өөрөө тэгж төсөөлж байсан бүхэн толгойд үлдсэн байдаг.

Агуй
Агуй – бүтээлийн деталь
Агуй – бүтээлийн деталь

-Танхимд мөн Агуй гэдэг бүтээл байна. Өөрийнхөөрөө ойлгохоосоо илүүтэй Орхонтуул зураачийн сэтгэлзүйгээр ойлгоход агуй доторх түмэн зүйлийн нууцлаг зүйлс, өвөг дээдсийг эрхгүй санагдуулна. Та ямар мэдрэмж авснаа ийм бүтээл болгов оо?

-Цаад санаа минь Чингис хаан. Чингис хаан гэхээр л цагаан сахалтай симбол болчихсон дүрээр нь хийдэг. Харин би жаахан байгальлаг, таны хэлсэнчлэн нууцлаг бүхнээ агуулсан байдлаар хийх гэж хичээсэн. Оньс бол Ази тэр дундаа Монголчуудын оюун ухааны бэлгэдэл болсон зүйл. Хүн чулуу шиг, уул шиг энэ дүрслэл Монгол хүний эгэл ухааны тухай өгүүлэх болов уу.

БИ СЮРРЕАЛИСТУУДАД ЖААХАН ДУРГҮЙ

-Гадны сэтгүүлд таны ажлуудыг сюрреалист гэж тодотгосон байсан. Хэдийгээр уран бүтээлчид “Миний ажил бол тийм ийм” гэж хэлэх дургүй ч зүрхлэн асуухад та өөрийн бүтээлүүдийг сюреалист гэж боддог уу? Үгүй гэвэл таны бүтээлүүд урлагийн ямар чиглэлд илүү ханддаг гэж боддог вэ?

-Сюреалист л гээд байдаг юм. Үнэндээ би Дали гэх мэт сюрреалистуудад жаахан дургүй. Харин Монголын дүрслэх урлаг код шиг бэлгэдэл их ашиглаж ирсэн. Тиймээс миний хувьд “Magic art” буюу зөн билгийн урлаг чиглэлд илүү ойр юм болов уу гэж боддог. Гэхдээ батлагдчихсан, нотлогдчихсон зүйл биш. Өөрийгөө ч тодорхойлоод байдаггүй. Яаж хиймээр санагдсан, түүндээ л баригдана. Ямар стилээр хийвэл утга санаа нь гарах гээд байна, түүндээ л захирагдаж хийхийг хичээдэг.

-Тийм ч учраас 2-3 жилийн хугацаа өнгөрөхөд суурь нь өөрчлөгдөхгүй хэдий ч сэдэв санаа нь бага бага өөрчлөгдөөд л явдаг болов уу. Тухайлбал, хэдхэн жилийн өмнө таны бүтээлүүд их шүүмжлэлт хандлагатай байсан. Ялангуяа Монголынхоо энэ нийгмийг шүүмжлэхдээ өөрийнхөө дүрийг их ашигладаг байж. Харин одоо илүү бэлгэдлийн шинжтэй, нууцлаг болсон шиг.

-Тиймээ, өөрийгөө ашиглаад л хийдэг байж. Нэг хэсэг яах аргагүй их шүүмжилдэг байж. Хэдэн жилийн өмнө залуу байсан болохоор ч тэр юм уу, юм юманд бухимддаг ч байж. Миний бодлоор яг тэр шүүмжлэлт зургууд урлаг мөн ч юмуу, биш ч юмуу.

-Мөн байлгүй яахав ээ…

-/инээв. сурв/ Хөөх ёстой үнэн үгтэй дуу байна шүү гэдэг шиг л юм болчихсон болов уу гэж санагдаад байгаа юм. Бас нэг хүнийг давхар бухимдуулаад л өнгөрсөн болов уу. Гэхдээ ингэж санагдангуутаа л өөрчлөгдөөд байгаа юм биш, цаанаасаа л ийм өөрчлөлт ирж байгаа юм.

БЯСАЛГАЛ НАДАД ЗОХИХГҮЙ ШИГ САНАГДСАН

-Өнгөрсөн хугацаанд хийж байсан зарим ажлуудын талаар ярилцвал болох болов уу? Тухайлбал, улсын сан хөмрөгт таны гурван ч зураг хадгалаатай байдаг шүү дээ. Ямар ямар зургууд байдаг вэ?

-“Амь”, “Төрх”, “Зам” гэсэн гурван бүтээл бий.

-Зам нэртэй бүтээл их сонирхолтой, ногоон өнгөтэй, цаашаа хараад суусан нэгэн байдаг шүү дээ. Тэр зургийн утга санааг та одоо санаж буйгаар тайлбарлавал?

-2009 онд тэр бүтээлийг улсын сан хөмрөгт өгч байлаа. Цаашаа хараад завилаад суусан, олон тольны тусгал бүхий ажил бий Удаан уулзаагүй нэгэн таарахаараа “Чи яасан их өөрчлөгдөө вэ” гэж хэлдэг. Эсвэл хэн нэгэн танихгүй ахимаг насны хүн намайг “Та” гэж дуудахад их л цочирддог. Гэтэл би дотроо өөрөө хүүхдээрээ л байгаад байдаг. Бид өөрсдийгөө төдийлөн сайн ажиглаад байдаггүйн жишээ.

Зам

Өглөө бүр сэрж амьдарна гэж үг байдаг шүү дээ. Уг нь хүн өглөө бүр сэрж амьдрах ёстой байтал заримдаа анзааргагүйгээр бүхэл бүтэн сарын хугацаанд ч нэг л темптэй амьдарчихсан байдаг. Хүн өөрөө өөртөө болон байгаль орчинд гарч буй өөрчлөлтүүдийг сайтар ажигладаг, анзааргатай, сэрж мэдэрдэг байх ёстой шиг. Өчүүхэн ч өөрчлөлтийг мэдэрч, “сэрэх” тухай. Ингээд хичээгээд байхаар их төвөгтэй, жаахан депресст орох магадлалтай ч зохицуулаад явж болохоор.

Сүүлд нэг бясалгал хийдэг хүнтэй ярилцахад тэд бүхнийг тайвнаар хийж чаддаг нь анзаарагдсан.

-Бясалгал гэснээс Орхонтуул бясалгадаг уу?

-Үгүй.

-Хийж үзье гэж бодож үзсэн үү?

-Нэг удаа явж үзсэн. Яг л нийгмийн шүүмжлэлт зургууд зурдаг байх үе шүү дээ. Гэтэл надад тэр зүйл их л амиа хичээсэн зүйл шиг санагдсан. “Юу ч болсон тоохгүй өнгөр” гэх агуулгатай шиг, надад зохихгүй юм байна гээд больсон. /инээв. сурв/

БАРИГДАХТАЙ ҮГҮЙТЭЙ БУУХ ТЭР МЭДРЭМЖЭЭ БАРЬЖ АВАХ ЧУХАЛ

-Та бүтээлүүд дэх бэлгэдэл, симболуудаа гаргахын тулд хэр их судалгаа хийдэг вэ?

-Ном, сонин эргүүлээд л, эскиз сэлт хийгээд л суугаад байдаггүй. Харин дүйнгэ царайлчихаад л бодоод суудаг. Толгойн дотроо л их ажилладаг. Дараа нь харин материал болгох, буулгах, зураг болгох, баримал болгоход янз бүрээр үзнэ. Хамгийн анхны “мессэж” толгойнд шууд бууна. Баригдахтай үгүйтэй буух тэр мэдрэмжээ барьж авах гэж нэлээд ноцолдоно. Хэтэрхий их судлаад л, ном зохиол эргүүлээд байх нь бүтээлийг их хуурай болгочихдог. Судлаад л байхаар “Өө ийм нэг өөр утга байдаг юм байна” гээд л түүнийг нь шингээх гэж оролдсоор бүтээл дундаа төөрчихдөг. Гол юмаа барих л их чухал.

-Тухайлбал, “Тусгал” бүтээлд гарын байрлалууд харагдаж байна. Ийм гаруудыг таны хэд хэдэн бүтээлээс өмнө харж байв. Одоог хүртэл энэ дүрслэлийг авч явсаар байгаа учир, таны сэтгэлд ямар орон зай эзэлдэг болоод гарын энэ байрлалыг та зургаар ч, дүрсээр ч илэрхийлсээр байдаг юм бэ?

-Чакра. Гэхдээ яг энэ хөдөлгөөн байдаггүй, би өөрөө зохиосон. Харвал хээ шиг. Орооцолдсон ч юм шиг хэрнээ салдаг, хараад байвал бүх л дүрс бий. Бурхадын гарын олон хөдөлгөөн дүрсийг харж сайхан санагдсаар ийм зүйл хийсэн. Миний дотор ийм нэг мэдрэмж явсаар байсан шиг байгаа юм.

Тусгал
Тусгал
Тусгал – бүтээлийн деталь
Тусгал – бүтээлийн деталь

-“Зэрэглээт хотын үлгэр” зургийг тань харахад Орхонтуулаас “гарсан” гэхэд их сонин, шинэлэг юм. Олон дүртэй ийм зураг танд огт байдаггүй шиг санагдах юм.

-Тиймээ, ийм зураг надад байдаггүй.

Б.ГЭРЭЛМАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: А.МАНДУУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-10-01 23:04

Baclofene Contre Indication Online Lasix [url=http://rxbill8.com]cialis no prescription[/url] Sale On Viagra Prednisolone Tablets Online

Холбоотой мэдээ

Back to top button