Сурвалжилга, Нийтлэл

ГУРВАН АСУУЛТ, 12 ХАРИУЛТ: Шударга ёс ба шинэ, залуу үеийнхэн

“Шударга байгаарай” хэмээх уриалга үг жил эргэх цаг хугацааны орчилд үргэлж л байсаар иржээ. Ялангуяа настан буурлууд хойч үе, хүүхэд, залуустаа энэ талаар сургамжлан захих нь тун ч элбэг. Ясли, цэцэрлэгийн цэцэг, дэлбээ шиг орчноос нийгэм, улс төрийн занхгар, цанхгар ертөнц хүртэл “Шударга байя” гэх үг үнэ цэнээ үл алдан цуурайтна.

Нөгөө талд, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш даруй 30 жил өнгөрч, “шинэ” төлөвшил, онхи ондоо үзсэн туулснаар баялаг залуу үеийнхэн нэгэнт бий болжээ. “Залуус!” хэмээгч эерэг, итгэл найдвар тээгч, өөрчлөлт шинэчлэлийг төлөөлөгч үг өдөр тутамд хэлэгдсээр.

Тэгвэл энэ залуу үеийн хувьд өнөөх “Шударга ёс” гэж чухам юу юм бол. Тэд юуг шударга хэмээн үнэлж, шударга бус хэмээн цэгнэдэг вэ. Шударга байх нь индивидуал өөрт, цаашлаад нийгэм, улс орны хамтын амьдралд ямар ач холбогдолтой гэж тэд боддог юм бол. Нэг үгээр, үргэлжид хэлэгдсээр ирсэн “Шударга байя” гэх уриалгын цаана залуу үе хэрхэн төлөвшөө бол гэдэг асуултыг тавьж Eguur.mn сайт Авлигатай тэмцэх газрын "Зөв зөвд шударга зөв” аяны хүрээнд энэхүү контентыг бэлтгэлээ.

Ингээд цас хялмаалсан өвлийн эхэн, жавартай цагаан өдөр залуу үеийн дөрвөн төлөөлөлтэй уулзаж, дотоод ертөнцийг нь уудалснаа уншигч, үзэгчдийн өмнө дэлгэж байна. Тэд бүгд Монголын нийгмийг хөдөлгөгч залуус. Контентын хүрээнд тэднээс:

  1. Таны мэдэх хамгийн шударга хүн бэ?
  2. Таны амьдралдаа үзсэн хамгийн шударга бус үйлдэл юу байсан бэ?
  3. Шударга, шударга бус сүлэлдсэн нийгэмд залуусын эзлэх байр суурь ямар байх вэ? гэсэн гурван асуултыг нэгэн ижил тавьж, хариулт авлаа.

Г.УЯНГА: ШУДАРГА БАЙХ ГЭДЭГ НЬ БОДИТ БАЙДАЛТАЙ ЭВЛЭРЧ, ТҮҮНЭЭС ӨӨРИЙГӨӨ ОЛОХЫН НЭР

Г.Уянга манай хамгийн залуу оролцогч, тэр 17 настай. Нийслэлийн 33-р дунд сургуулийн 12-р ангийн сурагч. Түүний хувьд өөрөө өөртөө үнэнч байх нь шударга ёсны товч тодорхойлолт. Өсвөр наснаас насанд хүрсэн бие хүн болох шатандаа суралцаж яваа түүнд өөртэйгөө ажиллах, дутагдлаа олж харах, олж хараад засах, ер өөрөө өөрийгөө олон талаас нь ажиж, цэгнэх шаардлага олонтой гардаг ажээ. Энэ үед өөртэйгөө чигч шударга хандаж гэмээ нь тэр ихийг ойлгож, “Би”-тэйгээ танилцдаг талаараа ярилаа.


ХАРИУЛТ 1: Г.Уянгын хувьд хамгийн шударга хүн бол түүний өвөө. Өвөөтэйгөө хамт амьдарч эхлэхээс буюу дөрвөн жилийн өмнө тэр өөртөө итгэлгүй, өөрөө өөрийнхөө ертөнцийг зориготойгоор бий болгож, түүндээ үнэнч амьдарч дадаагүй нэгэн байжээ.

Өвөө нь шударга, шулуухан үгтэй. Юм бүрийг сайхан сэтгэлээр заан зааварлаж, чигч шударга зан чанарын үлгэр болдог хүн аж. Тийм ч учраас өвөөтэйгөө амьдарч эхлээд тэр хувь хүний хувьд нэлээд төлөвшиж, нийгмийн харилцаанд орохдоо өөрийн гэсэн чигч байр сууринаас хандаж сурчээ.


ХАРИУЛТ 2: “Жаахан хүүхэд байж том, том зүйл ярих юм аа? Том хүний ярианд оролцох юм аа?”. Энэ үгийг тэр хоёрдугаар асуултын хариултад нэрлэлээ. “Магадгүй хүн болгон л энэ үгийг хүүхэд байхдаа сонсож өссөн байх. Гэхдээ миний хувьд энэ хамгийн шударга бус үг” хэмээн тэр яриагаа үргэлжлүүлсэн юм.

Түүний хувьд шударга ёс хэмээгч зүйлийн бас нэгэн дагавар тодорхойлолт нь бүх насны хүмүүст нэгэн ижил байр сууринаас хандах ажээ. Ихэнх томчуудын хүүхэд учраас л асуух, оролцох, өөрийгөө илэрхийлэх боломжийг нь хаадаг явдал түүнд шударга бусыг мэдрүүлдэг. Тийм ч учраас хүүхэд бүр хүссэн сэдвээр өөрийгөө нээж, дотоод ертөнцөө хуваалцах эрхтэй.


ХАРИУЛТ 3: “Шударга байна гэдэг нь бодит байдлыг хүлээн зөвшөөрч, түүнээс өөрөө өөрийгөө олохын нэр юм байна” хэмээгээд Г.Уянга даруухан инээмсэглэв. Тэр үе тэнгийн хүүхэд, залуусаа өөртөө үнэнч хандаж, өөрийн гэсэн ертөнцөө баяжуулж, хөгжүүлж, олон нийтэд илэрхийлдэг байгаасай, түүнд нь ямар ч саад /ялангуяа томчуудын “Хүүхэд” гэсэн хандлага/ бүү учраасай гэж боддог.

Г.Уянгын ертөнцөд шударга ёс гэдэг өөрөө өртөө үнэнч хандахаас эхэлж, өрөөл бусдад яг ижил байр сууринаас харьцах тухай ойлголтоор үргэлжилж байлаа. Тэр товчхон хөөрөлдөж дуусаад инээмсэглэсээр, ээж нь өндөг захисан тул хүнсний дэлгүүр орохоор эргэхдээ биднийг үдлээ.

Б.ТЭРГЭЛ: ХҮН БҮРИЙН ХУВЬД ХАМГИЙН ШУДАРГА ХҮН НЬ ӨӨРӨӨ БАЙДАГ БОЛОВ УУ

Б.Тэргэл инээмсэглэхэд нар цацрах шиг болж, гадаах жаварт бээрч зогссон бид дулаацаад авав уу гэлтэй уужирлаа. Тэр “ICT Group”-д Төслийн менежэрээр ажилладаг, мөн “Mangaa” аппликейшний үүсгэн байгуулагч залуу. МУИС-ийг Мэдээллийн систем хөтөлбөрөөр амжилттай суралцаж төгссөн түүнээс хийж бүтээх эрмэлзэл дүрэлзэх. Тэр шударга ёсны тухай бодлоо ингэж хуваалцлаа.


ХАРИУЛТ 4: “Миний бодлоор хамгийн шударга хүн гэдэг би өөрөө юм шиг санагдсан” гээд тэр яриагаа эхлэхэд нь багахан гайхав. Сонин хариулт, сонирхолтой өнцөг. “Тэгвэл өөрөөсөө шударга хэмээж болох зан чанаруудыг олж хардаг байх нь ээ?” гэж тодруулбал тэр инээмсэглээд “Би өөрөө өөрийгөө хэлээгүй юм аа. Ер нь хүн бүрийн хувьд хамгийн шударга хүн нь өөрөө байдаг гэж боддог. Хүн өөртөө л хамгийн шударга хандаж чаддаг” гэвэй.

“Магадгүй бусад хүмүүс аав, ээж гээд л нэрлэх байх. Миний хувьд тэд бол хамгийн худалч хүмүүс /инээв, Сурв/. Бидний төлөө яаж санаа зовж, ядарч буйгаа үргэлж нуудаг, гоё үгээр халхавчилдаг”...


ХАРИУЛТ 5: Б.Тэргэлийн хувьд өнөөгийн нийгэм дэх хамгийн шударга бус зүйл бол боловсролын систем гэв. Сурагч хүүхдүүд ижил гараанаас, ижилхэн боломжоор гарч өрсөлддөггүй... Гэвч зах зээлийн нийгмийн энэ тогтолцоог тэр буруушаасангүй. Өрсөлдөөнт нийгмийн тогтолцооны хүрэх зорилго, үнэт зүйлийг Б.Тэргэл хүлээн зөвшөөрдөг бөгөөд гагцхүү сурч боловсрох гэсэн ижилхэн хүсэл эрмэлзэлтэй бяцхан хүүхдүүд тэгш бус байдлын хохирогч болдог нь л түүнийг эмзэглүүлдэг байна.

“Хүүхдүүд гэр бүл, ар гэрийн боломж бололцоогоо сонгож төрдөггүй. Гэвч чухам энэ байдлаасаа болж ялгаатай түвшинд боловсрол эзэмших болдог энэ боловсролын систем л шударга бус санагддаг. Хувь хүнийхээ хувьд үүний эсрэг хатуу зогсдог доо”.


ХАРИУЛТ 6: “10 жилийн сургуулийн захирлууд л гэхэд эцэг, эхчүүдээс авлига, хээл хахууль авах маягаар сурагчдаа элсүүлдэг нь нууц биш. Наад захын жишээ татахад л ийм хэлбэрээр шударга бус байдал өдөр тутамд тохиолддог. Гэсэн ч шударга бус байна гэж хэлээд зүгээр суух биш, залуус бид өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Бидний дээд үеийнхэн тийм байж болно, гэхдээ одоо залуус арай өөр болж байгаа”...

Тэр дээд үеийнхнийхээ үлдээсэн алдаа, оноотой зүйлд буруу өгч, шүүмжлээд орхихыг хүсдэггүй нэгэн ажээ. Тэгэхээс илүү залгамж халаа болсон залуу үеэ зөвт зүйлд уриалах нь дээр. Б.Тэргэл залуусыг өөртөө шударга байгаарай, цаашлаад шударга нийгмийг бий болгохын төлөө хичээгээрэй гэж уриалаад, халуун инээмсэглэлээ төрүүлсээр гэртээ орлоо.

Г.ӨСӨХСАРНАЙ: САЙХАН ИРЭЭДҮЙГ ХҮСЭЖ Л БАЙВАЛ ШУДАРГА БАЙХ  ХЭРЭГТЭЙ

Г.Өсөхсарнай өөрийгөө уншигчдад “Уншигч” хэмээн товчхон танилцуулав. Тэр хуульч мэргэжилтэй, уран зохиолын зүггүй хорхойтон, зөв залуу үеийн нэгэн төлөөлөл бүсгүй. Эзэмшсэн суурь мэргэжил нь шударга ёсыг сахиулах амин сүнс болдог болохоор тэр энэ сэдвээр дуртай хөөрөлдлөө.


ХАРИУЛТ 7: Түүний хувьд хамгийн шударга хүн бол ЕБС-ийнх нь Түүх, нийгмийн ухааны багш аж. Энэ багш ангийнханд нь ёс зүйн хичээл ордог байжээ. “Би одоо хүртэл тэр багш шиг шударга хүнтэй ер таараагүй явна” хэмээн тэр онцоллоо.

Сурган хүмүүжүүлэх чиглэлээр ажилладаг хүмүүсийн нүдэнд айлын олон хүүхдүүдийн ардаа тээсэн бэрхшээл зовлон, ондоо ялгаварт байдал ив илхнээ харагддаг. Энэ ялгаатай байдлыг олж хардаг мөртлөө сурагчдадаа яг адилхан шаардлага тавьдаг, ижилхэн өнцгөөс ханддаг нь шударга зан чанарын үлгэрлэл болдог байжээ.

“Хүүхдүүдийн өөр, өөр байдал алган дээр нь байгаа мэт л харагдаж байгаа шүү дээ. Тэгэхэд хэнийг ч ялгаж харьцаж байгаагүй. Тэр хүний хэлдэг сургааль, өгдөг зөвлөмж одоо хүртэл надад санагддаг...” гэж Г.Өсөхсарнай дурсав.


ХАРИУЛТ 8: Хоёрдугаар асуултын хариултыг тэр Б.Тэргэлийн адил “Боловсролын систем” гэж оноов. 40 мянган долларын төлбөртэй сургуульд сурдаг хүүхдүүд сурах бичиг, хичээлийн хөтөлбөрөөр сайн хангагдсан байх нь мэдээж. Гэвч улсын сургуулийн хүүхдүүд хичээлийн жил нь дуусах гэж байхад сурах бичгээ ч аваагүй байдаг тухай тэр онцолж, эмзэглэж явдгаа хуваалцав.

“Би ноднин нэг ЕБС-ийн номын сантай ажлын шугамаар очиж танилцсан юм аа. Гэтэл хичээлийн жил дуусах гэж байхад хүүхдүүд сурах бичгээ ч аваагүй байсан. Энэ хүүхдүүд тэгээд яаж суралцах юм бэ. Би ийм зүйл байдаг гэж үнэхээр мэдээгүй, бүр гайхсан шүү”. Сургуулийн номын сан хүүхдүүд рүү төдийлөн чиглээгүй номуудаар дүүрэн, яг хэрэгцээт ном нь ганц нэгхэн ширхэг байсан, номын санч нь “Хаанаас ямар шалгалт хүрээд ирэв” гэсэн шиг сэжиглэнгүй хүлээж авсан зэргийг тэр дурслаа.


ХАРИУЛТ 9: Г.Өсөхсарнай барилгын компанид ажилладаг байхдаа сургууль, цэцэрлэгийн барилга барих тендерийг хахуульдаж авдгийг өөрийн нүдээр харж, ойлгосон талаараа ярив. Мөн хуулийн сургуульд сурч байхад шалгалтдаа унасан залуус төгсөх болоход гэнэтхэн гарч ирээд тангараг өргөж байсныг ч сонин болгон хуучлав.

“Шалгалтаасаа бүр хөөгдөөд гарсан залуу яг надтай хамт тангараг өргөсөн гээд бод доо. Хуулийн чиглэлээр суралцаж буй хүмүүс нь өөрсдөө ийм байна гээд бодохоор үнэхээр санаанд багтамгүй”...

Гэхдээ тэр залуусыг шударга гэж итгэдгээ нуусангүй. “Сайхан нийгмийг хүсэж л байгаа бол шударга байх хэрэгтэй. Гэхдээ энэ хэн нэг эрх мэдэлтэн, шийдвэр гаргагч этгээдээс шалтгаалах зүйл биш. Би, та, бид бүгдээр хичээж байж хүрэх ирээдүй. Залуусыг “Шударга бай” гэх нь зохимжгүй байх. Харин “Арай илүү бодож байя, бодъё” гэж хэлье” гээд тэр халуун яриа өрнүүлсээр ажил руугаа явлаа.

О.БАТНЯМ: АРДЧИЛСАН, ЭРХ ЗҮЙТ НИЙГЭМД ЗАЛУУС ШУДАРГА БУСЫГ ЗОРИГТОЙ ШҮҮМЖЛЭХ ЭРХТЭЙ, ХЭРЭГТЭЙ

Цастай, жавартай Нийслэлийн гурван өөр зүгийг холбож, дээрх гурван зочинтойгоо хөөрөлдөж дуусаад бүрий болсны хойно О.Батнямтай уулзлаа. Тэр “Таван богд трейд” ХХК-д Маркетингийн судалгаа, үнэлгээний мэргэжилтнээр ажилладаг. Өөртөө болон бусдад шударга хандаж, өөрийнхөө хэмжээнд шударга бус зүйлстэй тэмцсэний дүнд өдгөө хүссэн ажил мэргэжлээр ажиллаж байна гэж тэр ярилаа.


ХАРИУЛТ 10: Тэр хэн нэгнийг онцлохоос өмнө “Шударга ёс” хэмээгч ойлголтын эх үндсийг философилог талаас нь тайлбарлахыг хичээв. Түүний хувьд хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас хойш шударга ёс гэдэг зүйл ёс суртахуун хэмээх зүйлийн хамт, хүний мөн чанарын салшгүй нэг хэсэг болон хөгжсөөр, хэлэлцэгдсээр иржээ.

Чингээд О.Батням нэгэн улс төрчийг нэрлэлээ. Нэрлэгдсэн улс төрч нь удахгүй сонгуульт албан тушаалд өрсөлдөх тул бид аль нэг талыг дэмжсэн агуулга бүтээхгүй үүднээс нууцалж байна. О.Батням эсрэг намынхаа улс төрчийг ч, нэг намын зорилго нэгт нөхрөө ч яг ижилхэн нүдээр харж, ижил өнцгөөс шүүмжилж, бас сайшааж чаддаг түүний зан чанарыг ихэд үнэлдэг гэдгээ хэлж байлаа.


ХАРИУЛТ 11: Нийгэмд олон шударга бус үйлдэл гардгаас тэр хүчирхийллийг онцоллоо. Хүчирхийлэл ямар ч хэлбэрээр илэрч болдог. Энэ дундаас бие махбодийн болоод сэтгэл зүйн хүчирхийллийг тэр хамгийн хүнд хэмээгээд, үүнийг хамгийн шударга бус хандлага гэлээ.

“Миний хувьд багаасаа олон уралдаан тэмцээнд оролцож ирсэн. Тэгэхэд зохион байгуулагч талын хүүхдүүд байр эзлэх тохиолдол олон таарч байсан. Магадгүй энэ бол мөн л хүчирхийллийн нэг хэлбэр”.


ХАРИУЛТ 12: “Бид ардчилсан нийгэмд, эрх зүйт төртэй оронд амьдардаг. Энэ хүрээнд хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу залуус бид үзэл бодол, дуу хоолойгоо өргөж байх  хэрэгтэй. Нийгэмд шударга бус зүйл олон. Гэхдээ тэр бүр дээр дуугүй суух биш, боломжит хүрээнд, ёс зүйн хэм хэмжээг баримтлан, бурууг буруу, шударга бусыг шударга бус хэмээн хэлдэг байх нь зөв. Ингэж гэмээ нь шударга, сайн сайхан нийгмийг залуус бид төлөвшүүлнэ шүү дээ”. Энэ бол гуравдугаар асуултын хариулт болгож хэлсэн О.Батнямын хариулт.

Оройн жавар ч хайрч, боловсролтой, ёс зүйтэй ийм нэгэн залуу үеийн төлөөлөлтэй шударга ёсны тухай товч ярилцаад бид саллаа.


ДҮГНЭЛТ: Уншигч танд нэгэн өдрийн турш уулзсан, ярилцсан, уудлалцсан дөрвөн зочныхоо хариултыг танилцууллаа. Дээрх хариултуудаас харахад залуу үе боловсролын системийн тэгш бус хүртээмжид шүүмжлэлтэй ханддагаа илэрхийллээ. Гэхдээ бид аль нэг салбарыг зориуд шүүмжлэх сэдэл агуулаагүй бөгөөд залуусын дуу хоолойг ямар нэг цензургүйгээр хүргэхийг зорьсон гэдгээ онцлох нь зүйтэй.

Түүнчлэн нийгэм дэх бие биенээ нас хүйс, нийгмийн гарлаар ялгаварлан гадуурхдаг хандлагыг хамгийн шударга бус зүйл гэж үздэгээ тэд нэгэн дуугаар баталжээ.

Тэдний хувьд шударга ёс хэмээгч зүйлийг гаднаас биш өөрсдөөс, хувь индивидуал ертцөнцөөсөө эрдэг аж. Өөртөө үнэнч, шударга хандах нь бүх зөвт зүйлийн эхлэл хэмээн боддог нь залуу үеийн онцлог.

Цаашлаад тэд ахмад үеийнхнийхээ тогтоосон буруу жишиг, зөвт бус хандлагыг өөрсдөд нь тохоод өнгөрөхийг хүсдэггүй байна. Өөрөөр хэлбэл залуус өөрсдийгөө ирээдүйн бүтээгчид болохоос өнгөрснийг шүүмжлэгчид биш гэдгээ мэддэг. Ийм ч учраас хүн нэг бүр өөртэйгөө ажиллаж, шударга зөвт зан чанарыг төлөвшүүлэх нь ерөөс сайхан ирээдүйн эхлэл юм гэдэг эцсийн дүгнэлтийг тэд өгч байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button