НИЙГЭМСурвалжилга, Нийтлэл

Ажилчдын ЭРХ ажил олгогчдын ҮҮРГЭЭС давсан ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТ

УИХ-аар 1999 онд баталсан Хөдөлмөрийн тухай хуульд нийт 24 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд Засгийн газраас шинэчилсэн найруулгын төслийг 2018 оны гуравдугаар сард өргөн мэдүүлсэн юм.

Шинэчилсэн найруулгын төсөлд 343 шинэ зүйл заалт нэмж оруулсанаас 119 нь ажлын байр бий болгогчдыг үүрэгжүүлсэн бол зөвхөн 9 нь ажилтныг үүрэгжүүлсэн байгаа нь нийгэмд таалагдахын төлөө хөдөлмөрийн харилцааны тэгш, шударга байх үндсэн зарчмыг орхигдуулж, хэт туйлширсан сөрөг үр дагавартай болохоор байна хэмээн карим ажил олгогчдын төлөөлөл үзэж буй.  

Харин ажилчдын төлөөлөл энэ хуулийн талаар “Ажилтнаа зоддог, бие болон сэтгэл санаагаар хүчирхийлдэг, цалинг нь өгөхгүй олон сар болдог, цалингийн оронд хугацаа нь дуусах дөхсөн бараа бүтээгдэхүүн шахдаг, боолын сэтгэхүйгээр ажилтантайгаа харьцдаг, дорд үздэг, үзэл бодлыг нь үл хүндэтгэдэг ажил олгогчид л хуулийг эсэргүүцэж буй” хэмээж байна.

Улмаар хүний наад захын эрхийг хөдөлмөрийн харилцаагаар зөрчиж, халдаж ирснийг өөрчлөх нь Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн зорилго гэж үзэж байна.

-ХУУЛИЙН ТӨСЛИЙН АНХНЫ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ МАРГААШ ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭНЭ-

Өнгөрсөн долоо хоногт чуулганаар уг хуулийн төлсийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан. Гэвч АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “1999 оноос хойш өөрчлөгдөөгүй өнөө хүрсэн энэ том хуулийн төслийг нухацтай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай.  Анх өргөн баригдсан төсөлд зарчмын шинжтэй нэлээд өөрчлөлт орсон учраас төсөл санаачлагчийн байр суурийг намын бүлэг сонсож ярилцах шаардлагатай” хэмээн төслийн анхны хэлэлцүүлгээс гурав хоногийн завсарлага авсан юм.  Түүний хүсэлтийн дагуу энэ долоо хоногийн лхагва гарагт буюу маргааш чуулганаар хэлэлцэнэ.

Тиймээс бид энэ удаа тус хуульд ажил олгогч болон ажилтнуудын хэнийх нь эрх ашиг ямар байдлаар хөндөгдсөн нэмэлт өөрчлөлтүүд орсон талаар мэдээлэл хүргэж байна.

-АЖИЛ ОЛГОГЧДЫН ЭРХ АШИГ ИНГЭЖ ЗӨРЧИГДӨЖ БАЙНА

  1. Ажил олгогч болон ажилтан Эрүүл мэндийн болон Нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар төлөх, эсхүл торгох татвар оногдуулах тухай тусгажээ.

2. Улирлын шинжтэй ажил байнга эрхэлдэг ажилтантай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулна гэж тусгажээ. Өөрөөр хэлбэл улирлын чанартай ажил хийдэг хүнд ажилгүй байсан үед нь байгууллага цалинг нь бодож өгөхөөр тусгасан аж.

3. Хөдөлмөр эрхлэх харилцааг цуцалсны тэтгэмжийг нэмэгдүүлж, зургаан сараас дээш хугацаанд ажилласан бол нэг сараас хагас жилийн цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор олгохоор тусгажээ. Тухайлбал ажилтан мэргэжил, мэргэшлийн түвшин. ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил үүрэгтээ тэнцэхгүй болох нь тогтоогдсон үед ч хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа хэдэн жил ажилласнаас хамаарч дээрх хэмжээний тэтгэмж өгөхөөр тусгажээ. Жишээ нь ур чадвар муу ажилтан авч ажиллуулж байгаад тэнцэхгүй гээд гэрээ цуцлахад хүрвэл тухайн хүнд тэтгэмж олгох болж таарч байгаа нь ажил олгогчдын  хувьд дордуулсан заалт болсон гэж үзэж байна.

4. Нийтээр амрах нь баярын өдрүүд нь амралтын өдөр таарвал дараагийн ажлын өдөр нөхөн амруулна гэж тусгажээ. Монголчууд жилийн 365 хоногын 234 өдөр л ажиллаж, үлдсэн 131 өдөр амарч байна. Үүн дээр бусад тэмдэглэлт өдрүүд нэмэгдэнэ. Мөн ээлжийн амралт дунджаар 21 хоног амардаг. Тэгэхээр дээрх заалт нь ажил олгогчдод тун хохиролтой заалт болсон гэж үзэж байна.

5. Сахилгын шийтгэлийн арга хэмжээг нээлттэй, хаалттай хоёр удаа сануулж, дараа нь ажлаас чөлөөлөхөөр зохицуулжээ. Тодруулбал цалингийн хувиар торгох хуулийн санкц байхгүй бөгөөд хоёр удаа сануулаад дээрдэхгүй бол шууд халах юм байна. Энэ нь ажилтан болон ажил олгогчид аль алинд нь сөрөг үр дүн авчрах заалт аж. Учир нь ажилтан цалингийн хувиар торгуулиахаараа цаашид хичээж ажиллахыг эрмэлздэг аж.

6. Одоо хэрэгжиж байгаа хуульд ээлжийн амралтын суурь хугацаа 15 хоног байдаг. Шинэ хуулиар нийтэд нь 20 хоног болгожээ. Өөрөөр хэлбэл, одоо зургаан жил ажилласан бол нэмэгдэл гурав хоногийн амралт эдэлдэг. Тэгвэл шинэчилсэн найруулгад суурь амралтын хоногийн хугацааг 20 болгоод ажилласан жилийн нэмэгдэл хоногийн амралтгүй болгожээ. Өөрөөр хэлбэл 3 жил ажилласан болон 30 жил ажилласан хүмүүс яг адил хоногоор амарч, амралтын мөнгө нь адил хэмжээнд бодогдох нь.

 7. Мөн хуулийн төсөлд бүтэн бус цагийн ажилтанд мөн тухайн ажлын жилд ажилласан цагийг тооцож ээлжийн амралт олгоно гэж заажээ.

8. Мөн ажилтан үндсэн цагаасаа өөр цагт бусад /ижил төрлийн, адил албан тушаал биш бол/ байгууллагатай зэрэгцэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллах боломжийг зөвшөөрчээ. Энэ нь ажилтны үндсэн ажлын бүтээмж алдагдах сөрөг талтай байж мэдэх юм.

-АЖИЛТНУУДЫН ХӨДӨЛМӨРИЙН ХАРИЛЦАА ИНГЭЖ САЙЖИРЧЭЭ-

  1. Уртын ээлжээр ажиллах ажилтны нэг ээлжид ажил үүрэг гүйцэтгэх хугацаа 14 хоног, амрах хугацаа 14 хоног байхыг байнгын хороогоор дэмжсэн. Энэ нь ажилтанд гэр орондоо байх цаг их гаргах давуу талтай боловч тэр хэрээрээ цалин бага авахаар болж буй зохицуулалт юм.

2. "Иргэнийг ажилд авахад эрхлэх ажил, үүргийн онцлогтой холбоогүй тохиолдолд түүний хувийн амьдрал, үзэл бодолтой холбоотой, гэрлэлтийн байдал, намын харьяалал, шүтдэг шашных нь тухай болон жирэмсэн эсэх талаар асуулт тавьж болохгүй" Ажил олгогч таниас ажлын ярилцлагын үед ийм төрлийн асуулт асуусан тохиолдолд хариулахгүй байж болно.

3. Ажил олгогч хүндэтгэх шалтгаангүйгээр цалин хөлсийг заасан хугацаанд олгоогүй бол хугацаа хэтэрсэн хоног тутам олгох ёстой цалин хөлсний 0.3 хувьтай тэнцэх алданги тооцож ажилтанд нөхөж олгоно.

4. Ажлын дээд хязгаарыг долоон хоногт 56 цаг байлгаж, өдөрт ажиллах илүү цагийн хязгаарыг 4-н цагт багтаах тухай тусгажээ. Монгол Улсад 7 хоногт 60-аас дээш буюу цагийн хязгаараас илүү ажиллаж байгаа ажиллагчид нийт ажиллагсдын 28 хувийг эзэлдэг гэсэн судалгаа гарчээ.

5. Ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамт үйлдсэн этгээдэд, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх бөгөөд ийнхүү хариуцлага хүлээлгэсэн нь сахилгын шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй. 

6. Ажил олгогч нь ажил амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах замаар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ.

7. Дагалдан ажилтны үндсэн цалинг түүний гүйцэтгэх ажил үүрэг, эзэмших ажлын дадлага, ур чадвар зэргийг өөртэй нь тохиролцож тогтоох бөгөөд ижил төрлийн ажил үүрэг гүйцэтгэж байгаа үндсэн ажилтны үндсэн цалингийн 70 хувиас доогуур байж болохгүй.Туршилтаар ажиллах ажилтны үндсэн цалинг тухайн ажлын байрны үндсэн цалингаас багагүй байхаар тогтоох бөгөөд түүнд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговрыг энэ хуульд заасны дагуу олгоно.

8. Ажил олгогч нь ажилтныг ажил үүргээ зайнаас цахим сүлжээгээр байнга, эсхүл хэсэгчлэн гүйцэтгэхийг зөвшөөрч түүнтэй зайнаас ажиллуулахаар хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.

9. Ажил олгогч ажилд орох гэж байгаа хүн болон ажилтнаас мөнгө, үнэт бүхий зүйл, боловсролын баримт бичиг, мэргэжлийн үнэмлэх, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ зэрэг хувийн бичиг баримтыг шаардан авч барьцаалахыг хориглоно гэж заажээ.

10. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд ээлжийн амралтын цалинг 1.5 дахин нэмэгдүүлж олгоно. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь дуусгавар болж байгаа ажилтанд ажилласан хугацаанд ногдох ээлжийн амралтын тооцоо хийж, цалинг олгоно.

11. Түүнчлэн өмнөх хуулиар гэрээ байгуулснаар хөдөлмөрийн харилцаа үүсдэг байсан бол нэмэлт өөрчлөлтөөр ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш гэрээ байгуулаагүй байсан ч гэсэн хөдөлмөрийн харилцаа үүсэхээр тусгажээ.

12. Эхнэр нь амаржсан ажилтанд ажлын 5-аас доошгүй хоногийн цалинтай чөлөө олгохоор тусгажээ.

13. Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдал, стандарт зөрчсөн, хуулиар олгосон илүү цаийг дээд хэмжээг хэтрүүлсэн, цалин хөлс олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн дотор олгоогүй бол ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button