ҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: Технологийн сайжруулалт ЗӨВХӨН үйлдвэрлэлийн түвшинд явагддаг

-МАНАЙ САВХИН ҮҮРГЭВЧ ДЭЛХИЙН ЖИШИГТ НИЙЦСЭН БҮТЭЭГДЭХҮҮН- 

Энэ удаагийнхаа зочноор арьс, савхин эдлэл үйлдвэрлэгчдийн анхдагчдын нэг дизайнер Т.Одончимэгийн “Орчид” компанийг урилаа. Сайн чанарын гадаад болон дотоодын үхэр, хонь, ямааны савхиар савхин цүнх, эдлэлийг өөрийн хэв маяг, загвар дизайны шийдлүүдийг дэлхийн чиг хандлагатай нийцүүлэн үйлдвэрлэж худалдан авагчдын талархлыг хүлээсээр тэд 20 жилийг ардаа орхижээ.  ХБНГУ-ын улсын Durkopf Adler, Pfaff, Японы Seiko, БНХАУ-ын сайн чанарын брэндийн оёдлын машин техник болон тусгай зориулалтын тоног төхөөрөмж дээр итали, герман технологийг баримтлан ажилладаг “Орчид”-ынхон бол арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт мэргэжлийн, ур чадвартай, арвин туршлагатай хамт олон юм. Тэд цүнх, эдлэлдээ сайн чанартай, гарал үүсэл нь тодорхой, хүний эрүүл мэндэд хоргүй БНСУ, Хятад, Чех, Итали улсуудад үйлдвэрлэсэн материал түүхий эд, төмөр тоноглол, цахилгаан, наалт, цавуу, будаг болон туслах материалыг ашиглан үйлдвэрлэж байна. Хатагтай Т.Одончимэгийн яриаг хүлээн авна уу.  

-Шинэ үйлдвэрийн байртай болсонд баяр хүргэе. Үйлдвэр энэ хэрээр өргөжин тэлж байна уу? 

-Бид үйл ажиллагаа эхлээд 20 орчим  жил болсон байна. 2014 оноос ширний салбарыг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд арьс ширний салбарын үйлдвэрлэгчдэд бондын эх үүсвэрээс банкуудаар дамжуулан зээл олгосон. Энэ төслийн хүрээнд үйлдвэрийн шинэ барилга байгууламжийг  барих, үйлдвэрлэлээ сайжруулах, экспортын бараа бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэн ажиллах    зорилт тавин ажиллаж байна. 10 гаруй үндсэн ажилтантай. Одоогоор бүтээгдэхүүнээ дотоодын зах зээл болон Япон улс руу экспортод гаргаж байна. Экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх зорилгоор Дэлхийн банкны экспортыг дэмжих төслийн хүрээнд Япон улс руу бараа бүтээгдэхүүн экспортлох  төлөвлөгөөт ажлууд хийгдээд явж байна. Үйлдвэрийн маань өнөөдрийн үйл ажиллагаа ийм  байна. 

-Бараа бүтээгдэхүүний онцлогийн тухайд?

– Эрэгтэй ажил хэргийн болон өдөр тутмын цүнх, аяллын төрөл бүрийн цүнх, үүргэвч голлон үйлдвэрлэдэг. Манай улсад дэлхийн олон брэндийн эмэгтэй цүнх боломжийн үнээр худалдаалагддаг учраас эмэгтэй цүнх нэг их хийдэггүй.  Мэдээж хэрэг маш сайн чанарын савхи болон нэртэй фирмүүдийн товч, дэлхийн №1  цахилгаан ҮКК, төмөр тоноглол хэрэглэнэ. Шинэ загвар гэхээсээ илүүтэй байнга гаргадаг бүтээгдэхүүндээ  тухайн цаг үе хэрэгцээтэй нь уялдуулж байнгын  сайжруулалт хийж нэр төрлийг нь олшруулж  ирлээ.  Онцолбол манай үүргэвч  дэлхийн жишигт нийцсэн бүтээгдэхүүн байгаа. Сая Вашингтон хотноо Дэлхийн банкнаас зохион байгуулагдсан  монголчуудын өдрөөр бараагаа оролцуулахад олон жил үйлдвэрлэж буй үүргэвч, цүнхнүүд маань ихээхэн  эрэлттэй байдаг нь харагдсан.  

Түүхий эдээ хаанаас авч байна?

-Ихэвчлэн гадаадаас авна.  Байгууллагын, захиалгын,  дотоодын зорилтот зах зээл дээр гаргах бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг гадаадаас захиална.  БНХАУ-д Италитай хамтарсан арьсны үйлдвэр олон байдаг учраас захиалга хийхэд арай ойр дөхөм байдаг. Дотоодын боловсруулах үйлдвэрүүдийн арьс шир гүн боловсруулах явц мөн сайжруулалтын шатандаа явж байгаа болохоор одоохондоо шаардлагад сайн нийцэхгүй байна.

-Харамсалтай л санагддаг. 80 сая малтай МАА-н орон арьс ширээ төгс боловсруулж чадахгүй байна гэдэг?

-Аль ч салбарын бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой оршдог. Уламжлалт бэлчээрийн мал бэлчээрлэж явахдаа шивээ ургамалд хатгуулах, гуур  шавж  зэргээс үүдэж арьсандаа амьдын гэмтэл авна. Нядалгааны үед  механик гэмтлээр зүсэгдэнэ, цоорно. Нөгөө талаас малыг эрүүлжүүлэх ажил цогцоороо хийгдэх нь хомс учраас арьс маань ихээхэн гэмтэлтэй байдаг. Тийм учраас монгол арьснаас зоо хэсгийг л ашигладаг. Арьс ширний асуудалд  малын бэлчээр, малын эрүүл мэнд, асаргаа, вакцинжуулалт дээрээс нь үйлдвэрүүдийн чадавх чадамж гээд олон хүчин зүйл нөлөөлдөг. Ер нь аливаа зүйлийг төгс хийхийн тулд сайн технологи, сайн хүний нөөц,  сайн материал, техник тоног төхөөрөмж байх ёстой. Малын арьс шир түүхий эд маань нөхөгдөх баялаг шүү дээ. Тэгэхээр энэ баялгаа баялаг болгож чадах юм бол олон хүн ажилтай орлоготой болно, олон хүний хэрэгцээг сайн бараагаар хангана. Тийм боломжийг бодлогоор зохицуулж бий болгох ёстой. 

-Япон бол өндөр өртөг бүхий зах зээл. Мэдээжийн хэрэг маш сайн сонголтыг санал болгож байж ажил хэрэг амжилттай болох байх?

– Тийм ээ. Японы зах зээл дээр өрсөлдөнө гэдэг  амар ажил биш. Гэхдээ яах вэ, төслийн хүрээнд Япон улсыг зорилтот зах зээл болгож, Японы зэх зээлийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бараа бүтээгдэхүүнийхээ сайжруулалтыг  хийж  байна. Эхний ажлуудаа үйлдвэрлэлийн явцад үнэлгээ хийлгэж одоо дараагийн төлөвлөгөөт ажлууд руугаа орж байна.  

-Дотооддоо бол таны хэрэглэгч хэн бэ?

-Бидний зорилтот зах зээл бол арьс, савхин эдлэлийг үнэлж чадах, үнэ өртөг шингэсэн энэ бүтээгдэхүүнийг тогтоосон үнээр нь хүлээн авч үнэлж чадах хэрэглэгчид. Тодорхой хэмжээнд орлоготой, чанарыг эрхэмлэж хэрэглээгээ бий болгодог хүмүүс савхин  цүнхийг  худалдаж авдаг.

-ТӨР ӨӨРӨӨ ИРГЭДЭЭ ГАДААДАД АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧЛААД БАЙХААР АЖИЛ ХИЙХ ХҮМҮҮС ХОВОРДООД БАЙНА-  

-Арьс, савхин эдлэл хэрэглэл үйлдвэрлэдэг олон ААН, хувь хүмүүс, цехүүд байна. Ингээд үйлдвэрлэл эрхлээд явахад тулгамддаг асуудал нь юу вэ?

-Монголд үйлдвэрлэл эрхэлж буй хэн бүхэнд маш олон тулгамдсан асуудал бий. Бид бараа материал татах, борлуулалт, боловсон хүчнээ сургах гээд бүх ажлаа өөрсдөө хийж зохицуулж явахад асуудал ар араасаа ундарч байдаг. Энэ бүхнийг орхиод томоор харж ярихад хоёр том асуудал бий. Төр засгийн зүгээс ирээдүйгээ харсан үйлдвэрлэгчдийг дэмжсэн бодлого зохицуулалт дутмаг байна. Үйлдвэрлэгч болгонд эргэлтийн хөрөнгө дутагдалтай байна. Манай орны нөхцөлд өнөөдрийн олгож буй зээлээр үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөгжлийн босгыг даван туулахад хэцүү. Зээлийн шалгуур дэндүү хатуу, өндөр хүүтэй. Дотоодод үйлдвэрлэл явуулж технологийн түвшинд тасралтгүй сайжруулалт хийж яваа үйлдвэрүүдээ төр уян хатан бодлогоор дэмжээд өгвөл үнэлэгдэх, өвлөгдөх олон асуудал шийдлээ олно. Нөгөө талаас хөдөлмөрийн зах зээл буюу хүний нөөцийн асуудал. Үнэндээ бид нарын хэрэгцээ шаардлагад тохирсон ажилтан  ирэхгүй нь тодорхой. Тэгээд өөрийнхөө технологи, дотоод нөөцдөө тулгуурлан сургаж авч байна. Нэг хүнийг шинээр сургаж  жил ажиллахад жаахан дөр орох жишээний.  Төр өөрөө иргэдээ гадаадад ажлын байранд зуучлаад байхаар ажил хийх хүмүүс ховордоод, гадаад явах мөрөөдөлтэй хүмүүс ажил хийх сонирхолгүй байна. 

-Зүтгэж цаг, хөрөнгө зарцуулан байж сургасан ажилтнаа барьж тогтоож  үлдэнэ гэдэг бас л асуудал байх даа?

-Тэгэлгүй яахав.  Хүн бүр ардаа амьдралтай амьдрал нь тулгамдсан олон асуудалтай. Тэр бүхэн үнэндээ бид нарын л асуудал гэсэн үг. Энэ бүхнийг даван туулж хүмүүсээ хөгжүүлж чадавхжуулж тогтвортой урт хугацаанд ажиллуулна гэдэг  хүндрэлтэй л асуудал.  Том компаниуд олон янзын менежментийн аргаар шийдвэрлээд явж байгаа, бид ч суралцаж л байна. Бидний хувьд манай дотоодын борлуулалт улирлын чанартай, хүмүүсийн ихэнх нь импортын хэрэглээг сонгож байгаа учраас бэрхшээл бий.  

-Үйлдвэрлэгчидтэй уулзаад ярилцахад бүгд л өөр өөрсдийн чиглэлээр гаднын хөгжил, дэвшил туршлагыг судалсан, очиж харсан байдаг. Танд ч гэсэн энэ талын мэдээлэл бий байх?

-Турк, Солонгос улсууд үйлдвэрлэгчиддээ газар,  мөнгийг нь өгөөд тодорхой үр дүнг гэрээгээр хүлээлгэж 20-30 жилийн хугацаатай хүүгүй зээл олгодог юм байна. Хөл дээрээ бүрэн босох боломжийг нь бүрдүүлж өгдөг. Энд бас нэг зүйлийг нэмж хэлмээр байна. Бид дотоодынхоо зах зээлийг хамгаалах хэрэгтэй. Өнөөдөр урд хөршөөс хүссэн болгоноо л оруулж ирж байна. Тэр нь чанартай юу  үгүй юу гэдгийг худалдан авагч бас төдийлөн сайн ялгах мэдлэг дутмаг. Тэгэхээр бид нарын өндөр зардал   шингэсэн үнэтэй өрсөлдөж чадах зах зээл бас хэрэгтэй биз дээ. 


АМАЗОН ДЭЭР БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ ТАВИХААР БЭЛДЭЖ БАЙНА

-“Орчид”-ын онцлог юу вэ?

-Бид яг технологийн түвшинд хийдэг. Технологийн сайжруулалт бол зөвхөн үйлдвэрлэлийн түвшинд явагддаг гэж би боддог. Манай бараа бүтээгдэхүүн цаг тутам сайжруулалт хийгдээд гараад байна л гэсэн үг.  

-Зорилго?

-Яг ойрын үед бид Амазон дээр бараа бүтээгдэхүүнээ тавихаар бэлдэж байна.  

-Зөөлөн эдлэл бас хийж байх шиг байна?

-Нэгэнт л бид хувцасны зохион бүтээгч- дизайнер мэргэжилтэй хувцас үйлдвэрлэж  хүчээ үзэх нь зүйтэй. Миний хамтрагч бол надтай хамт Урлах эрдмийн дээд сургууль төгссөн дизайнер. Бид өөрийн гэсэн өвөрмөц загвар шийдэлтэй хүний биед эвтэйхэн сайн технологитой  хувцас үйлдвэрлэхийг хүсэж байна.

-Та бүтэн 20-иод жил арьс савхин  эдлэлийг  үйлдвэрлэж явна.  Гэтэл яагаад ингэж нам гүм чимээгүй оршдог юм бэ?

-Нэг талаас бидний дутагдал байж магадгүй /инээв/.  Бид  бүтээгдэхүүнээ санал болгох сонирхолтой.  10-20 жилийн хугацаанд би бараг гомдол санал хүлээн аваагүй шүү.  Нөгөө талаас тасралтгүй үйлдвэрлэж, зогсолтгүй хөдөлмөрлөсөн минь тодорхой бүлэгт  танигдсан. Бидэнд урмыг үгийг их ирүүлдэг шүү.

-Дөнгөж үйлдвэрлэл эхэлж буй хүмүүс дорхноо масст өөрсдийгөө таниулдаг, бараг энэ талдаа илүү их хөдөлмөрлөж харагддаг . Тийм учраас л танаас дээрх асуултыг асуусан юм?

-Би сайн тэр муу гэж ярих нь бүтээгч салбарт хамгийн зохисгүй үйлдэл. Бас нэг газраа зогсоод л,  жижиг сажиг юмаа гоё сайхан гээд үзүүлээд байх нь хөгжил биш. Тэгэхээр хамтдаа хөгжиж, хамтдаа  сайжирмаар байна.  Манайхаас гадаадын иргэд бараа их авдаг. ТэдМонголоос авсан гэж ярихаас “Орчид”-оос авлаа гэж  хэзээ ч ярихгүй шүү дээ. Тэгэхээр Монголын бараа бүтээгдэхүүний нэр хүндийг сайжруулахын тулд хамтдаа зүтгэх  ёстой.  

-“Орчид”-ын цүнхнүүдийг хаанаас худалдан авах боломжтой вэ?  

– Улсын Их дэлгүүрээс авч болно. “Номин”-той бараг 20 жил хамтран ажиллаж байна. Жуулчин Галериа-д бас  бий. Ирэх сараас  Хан-Уул дүүрэгт шинэ үйлдвэрийн байрандаа  нэрийн дэлгүүрээ нээнэ.

 Б.БАЯРТ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Т.ХҮЧИТБААТАР

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close