ЯРИЛЦЛАГА

Э.Сарантогос: Дипломат албанд өндөр чадвар, сэтгэл зүрх хоёр яг тэнцүү хэрэгтэй

Энэ жил МУИС-ийн ОУХНУС-ийн 30 жилийн ой тохиож буй. Жил ирэх тусам олон улсын харилцааны мэргэжил сонгон суралцах оюутнуудын тоо олширсоор. Харин тухайн мэргэжлийн үнэ цэн, жаргал зовлонг салбарын тулхтай мэргэжилтний дурсамж, хувь туршлагаас сонсох чухал ач холбогдолтой байдаг. Энэ ч үүднээс олон улсын харилцааны мэргэжил сонгохоор сонирхож буй залуус зориулж, ГХЯ-ны Ази, Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогостой ярилцлаа.

Юуны өмнө ярилцлагын саналыг маань хүлээн авсан танд баярлалаа. Цаг үеийн шинжтэй асуудлаар яриагаа эхлэх үү. Гадаад худалдааны салбар доголдож, коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед Ази, Номхон далайн орнуудын газраас ямар бодлого барьж ажиллаж байна вэ.

-Дэлхийг нөмөрсөн коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал монголчууд бидний амьдралд олон талын нөлөө үзүүлж байна. Улс орны нийгэм, эдийн засаг бүхэлдээ хүндрэл бэрхшээлтэй тулгарч байгаагийн дотор таны хэлсэнчлэн гадаад эдийн засгийн салбар, худалдаа, хөрөнгө оруулалт цар тахлын улмаас хумигдаж, хүн болоод бараа бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөн зогсонги байдалд орсон. Гадаад харилцааны салбарт ажиллаж буй бидний хувьд ч ажил явуулах арга хэлбэр, судлагдахуун, хамтын ажиллагааны салбарын эрэмбэ гээд олон зүйл өөрчлөгдсөн. Гэхдээ манай гадаад харилцаа цар тахлын үед ч урагшилсаар байгааг хүмүүс анзаарч байгаа болов уу.

Энэ оны сүүлийн хагасаас эхлэн манай улсын гадаад бодлого идэвхжиж, дээд, өндөр түвшний айлчлалууд сэргэж, бусад улс оронтой явуулдаг яриа хэлэлцээ, зөвлөлдөх уулзалт, бизнесийн хамтын ажиллагаа нэмэгдэнэ гэж харж байгаа. Тиймээс Ази, Номхон далайн орнуудын газрын хувьд, зайлшгүй хэрэгжүүлэх тулгамдсан ажлуудаа явуулахын сацуу оны сүүлийн хагас, ирэх онд хийх ажлуудаа төлөвлөөд түнш улс орнуудтайгаа ярилцаад явж байна.

Та Токио дахь ЭСЯ-нд гуравдугаар нарийн бичгийн дарга, худалдаа, эдийн засгийн зөвлөх, Элчин зөвлөхөөр ажиллаж байсан. Япон, Монгол хоёр улсын харилцаа үргэлж анхаарал татдаг сэдвүүдийн нэг. Дипломатчаар ажиллах, нэн ялангуяа хилийн чанадад ажиллах үеийн онцлогийн талаар танд бусдад, ялангуяа залуу үед сонирхуулж ярих ямар зүйлс байна вэ?

-Тиймээ, Монгол, Японы харилцаа бол нийтлэг үнэт зүйлсэд суурилсан, үнэхээр өвөрмөц, олон тулгууртай. Харилцааны сайхан түүхтэй. Энэхүү харилцааг бүтээж ирсэн хүмүүсийг би архитекторчидтой зүйрлэж, хүндэлдэг. Энэ түүх цаашид ч улам баяжиж, Монгол, Японы нөхөрлөл, түншлэл Монгол орны хөгжилд их зүйл авчирна гэдэгт итгэдэг. Манай хоёр улсын харилцааг Японы нэг улс төрч “бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц харилцаа” гэж үнэлсэн байдаг. Сүүлийн үед залуучууд харилцаанд өөрийн өнгө төрхтэйгээр идэвхтэй оролцож байгаад баяртай байна.

1997 онд ГХЯ-нд орж ажилласнаас хойш миний ажлын ихэнх хэсэг Монгол, Японы харилцааны чиглэлээр байсан, одоо ч манай газар Монгол, Японы харилцааны асуудлыг хариуцаж байгаа. Ирэх онд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болно. Энэ ойг хамтдаа өргөн хүрээнд тэмдэглэхээр төлөвлөж байгаа.

Дипломатчийн ажлын онцлогийн талаар сонирхуулахад, таны хэлсэнчлэн, Токио дахь ЭСЯ-нд би нийт 7 жил ажилласны дотор эхлээд соёл, боловсрол, хүмүүнлэгийн асуудал хариуцсан III нарийн бичгийн даргаар ажилласан. Ер нь дипломатч хүний хувьд анхны гадаад томилолт их сонирхолтой, бас ачаалалтай байдаг. ЭСЯ-ныхаа бүхий л чимхлүүр ажлыг хийнэ, Элчин сайдын нарийн бичгийн дарга, орчуулагч гээд. Бас дипломат ёслол хариуцна. Би төвд ажиллахдаа Азийн газар, Бодлогын газарт ихэвчлэн бичиг цаасны ажил хийж байсан болохоор ЭСЯ-нд дипломат ёслол хариуцах нь эхэндээ төвөгтэй санагддаг байсан. Их сургуульд Г.Луузан багшийн заасан Дипломат ёслолын хичээл их хэрэг болсон. Бид зоогийн жор гаргана, ЭСЯ-ныхаа эмэгтэйчүүдтэй хамт ширээ засна. Эдгээр ажлыг хийх тусам чухам яагаад дипломат ёслол чухал болохыг, жижиг гэлтгүй деталийг яагаад анхаарах ёстой вэ гэдгийг ойлгодог.

Элчин сайд хүн улс орныхоо чухал ажлыг амжуулахаар суугаа орны нэр төртэй, нөлөө бүхий хүмүүсийг Монгол эх орныхоо нэр хаягийг зүүсэн ЭСЯ-ндаа урьж залах нь зүгээр нэг танилындаа ороод гарахаас тэс өөр. Тухайн уулзалтаас олон ажил хамаарч болно. ЭСЯ-ны босгоор ороход Монголын ертөнц эхэлнэ. Монгол хүн, монгол сэтгэхүй, монгол соёл харагдаж, монгол хөгжим эгшиглэж, монгол хоол  үнэртвэл гоё биздээ. Манай Токио дахь ЭСЯ-нд Япон Улсын Эзэн хааны гэр бүлийн гишүүд, улс төрчид, парламентын болон Засгийн газрын гишүүд, урлаг соёлын одууд гээд тэр бүр уулзаж учрах боломжгүй их сайхан хүмүүс ирдэг байсан, олон ч ажлыг бид хамтдаа амжуулсан.

Соёл хариуцдаг байхад миний хамгийн дуртай ажил Японы хот, орон нутгуудад очиж Монгол орныхоо тухай яриа хийж танилцуулах байсан. Заримдаа хэдэн зуун хүн цугласан зааланд Монгол дээл, зарим үзүүлэнгүүдээ авч очоод ярина.

Залуучууд эхний томилолт дээрээ хэр их зүйл сурч, мэдэж, ачаалал дааж чадна төдий чинээ сайн ажилтан болж төлөвшдөг болов уу.  

Худалдаа эдийн засгийн зөвлөх, Элчин зөвлөхөөр ажиллах хугацаанд ажлын хариуцлага урьд өмнөхөөс өндөрсөж, бас ажлын агуулга үлэмж өөр болдог юм билээ. Харилцааны асуудлаар бодлого боловсруулахын сацуу ЭСЯ-ны дотоод ажлыг гардан хариуцна. ЭСЯ-наас илгээх баримт бичгүүдийн боловсруулалт, төв рүү илгээх судалгаа, мэдээллийг сайтар хянан нягталж Элчин сайдад танилцуулна. Элчин сайд чухал асуудлаар Элчин зөвлөхтэйгээ зөвлөлдөх нь олонтаа. Улс орны сурталчилгаанд их анхаарна, суугаа орны Засгийн газрын байгууллагууд, агентлагууд, зарим үед олон улсын байгууллагуудтай хамтарсан арга хэмжээ зохион байгуулна, арга хэмжээнд үг хэлэх, илтгэх тавих гээд нэлээд бэлтгэл шаардсан ажлууд байдаг. Суугаа орны хэвлэлийнхэнтэй ажиллана. Япон Улсын ГХЯ-ны дипломатууд гайхамшигтай сайн бэлтгэгдсэн байдаг. Уулзах болгонд шинэ мэдээлэл авч, эрч хүч нэмдэг тийм хүмүүс байдаг даа. Тиймээс уулзалт болгондоо аль болох бэлтгэлтэй орохыг, урьдчилж мэдэх зүйлээ уншиж мэдсэн байхыг хичээдэг байсан, ер нь одоо ч хичээдэг.

Ерөнхий сайд М.Энхболд Япон Улсын Ерөнхий сайд Ж.Коизүми-тай уулзах үеэр (2007 он)

-Ярилцлагаа залууст илүү өгөөжтэй байгаасай гэж хүсэж байгаа юм. Сүүлийн үед өсвөр, залуу үе баруун руу гэхээс илүү Азийн улсуудын соёлыг сонирхож, тэнд дээд боловсрол эзэмшихийг эрмэлздэг болсон шиг анзаарагдаж байна. Монгол хүнд Азийн орнуудаа сонирхож, судлах нь, тэнд суралцах нь ямар онцлог ач холбогдолтой байдаг юм бэ?

-Азийн бүс нутаг мэдээж их сонирхолтой. Бид Азийн орон боловч Азийг бас тийм сайн мэддэггүй, ойлгодоггүй юм болов уу гэж заримдаа бодогддог. Манай үеийнхэн л гэхэд Азийн талаар сургуульд ч тусгайлан нэг их үзэж байгаагүй санагдана. Залуу хойч үе маань Азийг илүү мэддэг байгаасай. Манай гадаад бодлогод Азийн бүс нутгийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа цаашид улам ач холбогдолтой болно гэж харж байгаа. Бид Зүүн хойд Азийн улс орнуудаас, гуравдагч хөршүүдээсээ цаашаа хальж Азитай илүү өргөн хүрээтэй харилцах хэрэгтэй болов уу.  

Азийг бүхэлд нь ийм гээд тодорхойлоход зарим талаар бэрхшээлтэй санагддаг. Улс болгон өөрийн түүх, соёл, онцлогтой, тиймээс “олон өнгө солонгоруулсан” бүс нутаг гэж хэлж болмоор. Бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөн салбарт өргөжүүлэх, мөн түүнээсээ харилцан үр шим хүртэх, ашиг сонирхол нэгдсэн асуудлууд дээр хамтран олон улсад дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой. Бидэнд ч бусадтай хуваалцах туршлага, давуу талууд байгаа – ардчилал, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг Азийн улс орны тоонд бид яах аргагүй орно. Монголын онгон байгаль, монгол хүний хуримтлуулсан уламжлалт мэдлэг, ур ухаан, нүүдэлчний болон орчин үеийн соёл гээд. Тиймээс манай залуус Азийн улс орнуудыг судлаасай, хэл соёлыг нь эзэмшээсэй, Ази руу бизнес хийгээсэй.  Мөн улс орноо Азийн бүс нутагт сурталчлан таниулахад идэвхтэй оролцоосой.

Сүүлийн үед энэ бүс нутаг руу манай улсаас зорчих хүмүүсийн тоо өсч байгаа нь олзуурхууштай. Бид Азийн бүс нутаг дахь интеграцад төдийлөн оролцож чадахгүй байгаа нь энэ бүс нутагтай хэлхээ холбоо сул байгаатай холбоотой. Жишээлбэл, манай улс АСЕАН-ы яриа хэлцээний түнш болох, Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох сонирхлоо илэрхийлэхэд “та бүхэн бүс нутагтай хэлхээ холбоогоо зузаатга” гэж зөвлөдөг. Тиймээс энэ чиглэлд бидэнд хийх ажил их байна.

Японд боловсрол эзэмшихээр очиход тань тэндэхийн оюутнуудын сонгосон мэргэжилдээ хандаж буй хандлага монгол оюутнуудынхаас ямар ялгаатай байсан бол. Наран улсад магистрын зэрэг хамгаалсан тэр цаг хугацаанд үлдсэн, залууст өгөөжтэй байж болохуйц дүгнэлтүүд, мэдрэмжүүдээсээ хуваалцвал?

-Япон Улсын Васэдагийн Их Сургуульд би Ази судлалаар суралцсан. Эхлээд дасаж өгөхгүй хэцүү байсан. Багш нар даалгавар өгөөд, түүнийг нь биелүүлж хураалгаад дүн авдаг сэтгэлгээнээсээ салахад хэцүү байсан. Бас багш нар өдөр бүр уулзаад байхгүй. Өөрийг чинь хичээл хийж байна уу гэж хэн ч хянахгүй. Тэгээд л нэг л өдөр шалгалт шүүлэг, судалгаа тайлангаа хураалгах өдөр болчихно. Гэнэдэж болохгүй. Японы Их Сургуулиуд судалгаанд их анхаарна, чингэхдээ тухайн оюутны бүтээлч бөгөөд “өвөрмөц” өнгө төрхийг хүндэтгэдэг санагдсан. Чи заавал багштай адилхан сэтгэх, бас дүгнэлт хийх албагүй.

Багш нар нь оюутнуудаараа чөлөөтэй яриулдаг, санал бодлыг нь асуудаг. Яагаад ном асуухгүй шал дэмий зүйл асуугаад байгаа юм бол гэж хааяа боддог байлаа. Гэтэл миний ярьсан зүйлээс монгол оюутнууд ингэж сэтгэдэг, боддог юм байна, ингэж хүлээж авдаг юм байна гээд дүгнэлт хийчихдэг байсан.

Энэ дашрамд хэлэхэд, Япон, Энэтхэг, Австрали, БНСУ, Вьетнам гээд Азийн олон оронд боловсрол эзэмших боломж залуучуудад нээлттэй байгаа, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг сайтар судлаарай гэж зөвлөе.

МУИС-ийн ОУХНУС оюутнуудын хувьд хамгийн эрэлттэй сургууль болсоор байна. Ихэвчлэн дипломатч болох, олон улсын байгууллагад ажиллах сонирхол тээж, энэ мэргэжлийн сонгодог. Таны хувьд яг ямар мөрөөдөл байсан бэ. Өөр салбарын хүн болох талаар боддог байсан уу?

-Багадаа эмч болохыг мөрөөддөг байсан. Оюутан болоод дипломатч болох юмсан, ямар шалгалт өгдөг юм бол гэж сонирхож эхэлсэн. Тухайн үед МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль байгуулагдаад удаагүй, манай сургуулиас ГХЯ-нд орж ажилласан хүн байгаагүй, үнэндээ том мөрөөдөл байсан. Өнөөдөр манай яамны боловсон хүчний тал шахам нь дотооддоо бэлтгэгдсэн кадрууд. Олон залуусын мөрөөдөл биелсэн нь урамтай шүү. Манай ОУХНУС-ийг төгсөгчид гадаад улс орны нэр хүндтэй сургуульд боловсрол эзэмшээд ирсэн залуустай мөр зэрэгцэн улс эх орныхоо гадаад харилцааг хэрэгжүүлэх ажилд гар бие оролцоод явж байна.

Утгыг нь ойлгож, сайхныг нь мэдэрвэл  дипломатч гэдэг эгэл даруу хэрнээ мөрөөдлийн мэргэжил. Бэрхшээл зовлон тоочоод, цалингаа голоод, биеийн амрыг хараад суувал манай албанаас эртхэн холдох хэрэгтэй. Энэ таны байх газар биш гэсэн үг.

Мөрөөдлийн тухайд би залуустайгаа өөр нэгэн бодлоо хуваалцмаар байна. Дур сонирхол, авьяасдаа хөтлөгдвөл ямар ч мэргэжил сайхан. Дээр нь хөдөлмөрийг нэмчихвэл мөрөөдлийн ажлаа өөрийн болгож чадна. Албан тушаал, эд баялгийг мөрөөдлөө болгох биш, хийх бүтээх ажлаа том зорилт, мөрөөдөл болговол гоё.

Ер нь аливаа мэргэжлийн жаргал, зовлонг цөөнгүй он жилийн турш ажиллаж үзэж байж мэдэрдэг шүү дээ. Төсөөлөл, бодит байдал хоёр зөрөх мөч залууст хүнд тусдаг. Энэ мэргэжлийг сонгосон, сонгох гэж байгаа залуу үед юу гэж зөвлөмөөр санагддаг вэ?

Төсөөлөл, бодит байдал зөрөх мөч байлгүй яахав. ГХЯ-нд анх орчихоод би энэ ажлыг бараг хийж чадахгүй байх гэж бодсон. Анхны орчуулганд ороод “хэлээ илүү сурахгүй яавдаа” гэж харамссан. Албан тоот боловсруулчихаад дарга руугаа барьж орохоос ичдэг, эмээдэг байлаа. Тийм үед “хэзээ нэгэн цагт ийм болох юмсан, мэргэжлээ ингэж сайн эзэмших юмсан” гэж бодогдуулдаг мэргэжлийн хүмүүс урам зориг хайрладаг, бас эрч хүч өгдөг юм билээ. 

 “Алтан үеийн дипломатууд” гэж би хэлэх дуртай л даа, намайг яаманд ороход тийм л мундаг дипломатууд яаманд ажиллаж байсан. Л.Даваагив, С.Хүрэлбаатар, Х.Бэхбат, Ч.Баатар, Б.Сувд гээд дарга нартай ажиллаж байлаа. Зассан үг өгүүлбэр болгон нь надад хичээл болдог байсан. Яаманд ороод удаагүй байхдаа газрынхаа захирлыг гадаадын элч төлөөлөгчтэй хэлэлцээ хийж байхыг сонсоод үнэхээр шүтсэн, ямар гоё англиар ярьж, агуулгатай яриа хэлэлцээ хийж байсан гэж санана. Тэмдэглэл хөтлөх үүрэгтэй орсон хүн чинь бүр хэдэн хором бичихээ ч мартсан байсан. Дипломатчид чинь үнэхээр улс эх орныхоо эрх ашгийн төлөө ингэж уйгагүй ажилладаг хүмүүс байдаг юм байна гээд яаманд орсныхоо дараа мэргэжилдээ “шинээр дурлаж” билээ.

Цаг хугацаа маш хурдан улиран одох юм. Яаманд ороод нэг л мэдэхэд 20 гаруй жил өнгөрчихжээ. Нөгөө мундаг дарга нар маань ихэнх нь тэтгэвэрт гарч, зарим нь тэнгэрт ч хальж. Гэтэл тэдний маань хийж гүйцэтгэж ирсэн амин чухал ажил, гартаа бат атгаж ирсэн гадаад бодлогын алтан аргамж нэг л өдөр бидний үеийнхэнд шилжээд ирдэг юм байна. Маш том хариуцлага. Нэг л өдөр бид ч залуу үедээ энэ ажлыг шилжүүлж таарна. Тийм учраас өндөр боловсролтой, эх оронч, зөв хандлагатай залуучууд манай салбарт түрэн орж ирээсэй, тэгэх ч болов уу гэж харж байна.

Дипломатч бидний хувьд “ажлын цаг дууссан тул маргааш хийе” гэж хэлэх боломжгүй ажил их гардаг. Бид төрийн тусгай албан хаагчид. Үүнд өөрсдөө дасан зохицохын сацуу эргэн тойрныхоо хүмүүсийг, гэр бүлээ дасан зохицуулах хэрэгтэй болдог. Дээд, өндөр түвшний айлчлалаар, чухал арга хэмжээний үеэр нойргүй хононо, төвд ажиллах үед гадагш томилолтоор олон хоног явах тохиолдол гарна. Эмэгтэй хүний хувьд хүүхэд өвдөх үед хэцүү байдаг. Ер нь амьдрал баялаг шүү дээ. Аливаа бэрхшээлийг эргэн тойрныхоо хүмүүсийн тусламжтайгаар л давж гардаг.

Манай улс бусад улс орнуудтай харьцуулахад цөөн дипломатчтай.  Тиймээс нэн ялангуяа хилийн чанадад ажиллах үед multitasking буюу олон ажлыг нэгэн зэрэг амжуулдаг чадвар их чухал байдаг. Тэрхүү ажлын хурд, хэмнэлийг гүйцэх чадваргүй бол бусдаас, мэдээллээс хоцорно, ширүүхэн хэлвэл “өөрт бөгөөд өрөөлд зовлон болно”. Тиймээс өндөр чадвар, сэтгэл зүрх хоёр энэ ажилд яг адилхан шаардагддаг. Энэ хоёрын аль нэг нь дутагдвал сайн ажилтан болох хэцүү.

Ярилцлагаа энд хүрээд дуусгая. Төгсгөлд нь Монгол Улсын дипломат албанд дутагдалтай байдаг зүйлсийг хувьдаа юу гэж харж явдагийг тань сонирхмоор байна. Өөрчлөх, илүү сайн руу тэмүүлэхийн тулд гагц залуус гэлтгүй энэ салбарынхан хэрхэн хичээх хэрэгтэй гэж хэлэх вэ? Ярилцсанд баярлалаа.

-Бид алдаа гаргах эрхгүй ажил хийдэг хүмүүс. Тэр утгаараа эмч нартай адилхан санагддаг. Хамтарсан баримт бичгийн үг үсэг, таслал хүртэл заримдаа утга учиртай байдаг. Бодлогогүй хэлсэн ганц үг, санаандгүй хийсэн ганц алхам сөрөг үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй. Бидний ард аль нэг байгууллага, компанийн бус, улс эх орны маань эрх ашиг явдаг. Дипломатч хүн бүр үүнийг ухамсарлаж байх хэрэгтэй, тийм школыг бидэнд ахмад үе маань үлдээсэн, харин бид ажил хэрэгтээ үүнийг санаж явахын сацуу үнэт зүйлсээ залуу үедээ үлдээх ёстой. Дэлхий ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй цаг үед шинэ үеийн дипломатууд илүү их сорилттой тулгарах болов уу, тэр хэрээр бүх талбарт “мундаг” байх ёстой шүү гэж залуучууддаа танаар дамжуулж хэлье.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Back to top button