НийгмийнСурвалжилга, НийтлэлЭнтертайнмент

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 04 | “674 грамм жинтэй төрсөн Тэмүүлэнгийн түүх”

ЭХЭМҮТ дэх нярайн тасагт 450 грамм жинтэй хүүхэд мэндэлж, эмч нарынхаа ачаар эрүүл саруул “хүн” болж чадсан тухай сурвалжилга уншсан жил бол 2017 он. Хамт ажилладаг сэтгүүлч ЭХЭМҮТ-ийн Нярайн тасаг руу явж ирээд үзсэн харсан зүйлээ нүдээ бүлтийлгэн ярьж байсан нь санаанд тод үлджээ. “Иймхэн жижиг” гэж гарынхаа бугуйн архан талаар зааж үзүүлэхэд нь “Хөөх” гэж уулга алдсан ч яг үнэндээ ямар ч төсөөлөл байсангүй. Өөрт л тулгарч ирээгүй бол бид чинь эмч сувилагчдынхаа халуун сэтгэлийг л бахдан ярихаас биш өсөж өндийж, энэ ертөнцөд дуу хуураа цуурайтуулахаар “ТЭМҮҮЛЖ” буй жаахан үрсийн хатуужил тэмцэл, өрцнөөсөө өмлөн байж төрүүлсэн ээжүүдийн итгэл, сэтгэлийн нарийн нугачаа, нугалааг хэрхэн мэдэрч, таних билээ...

Ийм эрээн алаг бодлууд цуврал нийтлэлийнхээ дараагийн зочинтой уулзсаны дараа дээр доороо орон толгойд эргэлдсэн хэрэг... Хэрхэн эхлүүлэхээ мэдэхгүй хэсэг түвдсэн нийтлэлээ ч ингэж нэг хөврүүлэв. 

ТЭМҮҮЛЖ ИРЛЭЭ

“...өглөөний 09 цаг гэхэд миний биеийн байдал ахин муудаж, даралт уналаа. Жаахан л удах юм бол ээжийнх нь ч амь настай холбогдох учир яаралтай хагалгаа хийж хүүхдийг гаргаж авна гэв. Тэр дороо шууд хагалгааны өрөө рүү оруулаад, бүх зүйл 30 минутын дотор л болоод дуусчихлаа. Би юу болоод байгааг ухамсарлаж чадахгүй хэвээр шокын байдалтай хэвтэнэ. Тэр доор эмч сувилагчид оёдол хийгээд л, ажиллаад л байв. Хүүхэд минь хэзээ надаас гараад, хайчсаныг ч мэдсэнгүй. “Яагаад уйлахгүй байна аа, амьтай гарсан болов уу, яагаад надад харуулахчгүй шууд аваад явчихаж байгаа юм бэ” гэсэн бодол салахгүй ээрнэ. Арайхийн нэг бүдэг бадаг дуу гарган “Хүүхэд минь яасан юм болоо” гэж сувилагчаас асуувал “Хүүхдийн эмч нар инкубаторт хийгээд аваад явсан. Гэнкина отоконоко (эрүүл саруул, хүү)” гэж хариуллаа. 24 долоо хоногтой 674 грамм жинтэй, 31 см хүү минь энэ ертөнцөд ийнхүү тэмүүлж ирлээ..”

Тэмүүлэн хүүгийн бяцхан хөл

2012 онд нөхөртэйгөө хамт Япон улсад хоёр жилийн хэлний сургуульд сурахаар ирлээ. Оюутнууд учир ганц охиноо Монголд аав ээждээ найдан үлдээгээд өөрсдөө өдөр шөнийг ялгалгүй ажиллаж, сургалтын төлбөр амьдрах зардал мөнгөө болгосоор ахин хоёр жил коллежид суралцаад амжив. Эхний ирсэн дөрвөн жил ийнхүү өнгөрлөө. Үүнээс хойшх таван жилд харин хоёр хүүгээр бүл нэмж, охиноо ч Монголоос авч ирлээ. Манайх гэдэг айл нэг мэдэхнээ өнөр бүл болж, Япон улсад суурьшчихжээ. Иймээс хэсэгтээ л завсарлага авахаар нөхөртэйгөө ярилцан тохирч, дөрөвдүгээр сарын дундуур эмнэлэгт очиж спираль тавиуллаа.

Энэ үед Япон улсад ковидийн тархалт улам нэмэгдэж, Токиод хүүхдүүдээ цэцэрлэгт өгөх нь тун эрсдэлтэй болсон учир яах аргагүй ажил төрөлд орохыг түр хойшлуулан, тархалт буурах хүртэл хоёр сарын турш гэртээ яг харж суув.

Аав Т.Оргил, ээж Ч.Уянга, том охин О.Энхрийлэн, том хүү О.Гийгүүлэн, дунд хүү О.Эрхэмлэн

Зургаадугаар сараас хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд нь өгч, өөрсдөө ч хэвийн амьдралдаа шилжиж эхэллээ. Би ч ажил эрчимтэй хайж, долдугаар сар гэхэд шинэ ажилд орохоор болов. Энэ үед яах аргагүй л жин нэмээд байх шиг санагдаж, “Спиралиас л нэг боллоо” гэсэн бат итгэлтэй өдрүүдийг өнгөрүүлсөөр байв.

Тэр өдөр хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгчихөөд ирлээ. Шөнөжин ажиллаад өглөө ирсэн нөхөр маань түрхэн амарч байх хооронд эмийн сан дотроосоо жирэмсний тест олдог юм. Үгүй ер нь юу ч бодож үзсэн юм бүү мэд, өөрийгөө жирэмсэн гэж огт бодоогүй, сэжиглээгүй мөртлөө л зөн совингоороо тэр тестийг аваад ариун цэврийн өрөө рүү орлоо. Гэтэл тэнд хоёр зураас...

УЯНГА АА, ТЭЭНЭ БИЗДЭЭ?

Балмагдсан хоёр хүн шууд л эргэлзээгээ тайлахаар ойрхон эмнэлэг рүү шалавлав. Ковидоос шалтгаалан нөхрүүд гадаа үлдэж, бүсгүйчүүд л эмчийн үзлэг рүү явж орно. Ээлжээ хүлээж сууж байхдаа ч “яагаад хоёр зураас гарсан юм бол” гэж бодохоос “жирэмсэн болчихоогүй байгаа” гэсэн бодол огтоос төрсөнгүй.

Орлоо... Эмч үзлэг хийлээ. Хар саарал дэлгэц рүүгээ харж харж байснаа “Найман долоо хоногтой жирэмсэн” гэж палхийтэл хэлээдэхэв. Бараг хоёр сар гаруйтай бяцхан зүрх цохилоод эхэлжээ. Чихэндээ итгэсэнгүй. Хяналтын дэлгэц дээр саван дотор минь “Т” хэлбэрийн спираль байхад түүний яг дээр нь жижигхээн хүүхэд бий болж, амьдарч эхэлжээ. Нүдэндээ ч итгэсэнгүй, гайхлаа. Шууд л уйллаа. “Ахиад л гэртээ суух гэж үү, ахиад гэж үү” гэсэн бодол толгойд үе үе эргэлдэж, айх шантрах мэдрэмж зүрх өвтгөж байснаа, гэнэтхэн баярлах ч шиг мэдрэмж зүрх буцаан дүүргэх ойлгомжгүйтэл дотор эзлэв. Уйлж суусан намайг хараад эмч “Уянгаа тээнэ биз дээ” гэж нэг талаараа тулган шаардах ч шиг басхүү итгэл найдвар тавин аргадах ч шиг харцаар нүд рүү тас ширтэв. “Ммм... ммм... ммм” гэж би түгдчив. Ахиад л “Тээнэ биздээ...” гэж лавшруулав. “Тээх үү?” биш “Тээнэ биздээ” гэсэн асуулт. “Тиймээ тээнэ”,  “Тээнэ”....

Эмнэлэг рүү ороод л хоёулаа болоод гараад ирчихсэн юм шиг би уруу царайлан машиндаа хүлээх нөхөр рүүгээ алхлаа.

-За яасан гэнэ?

-Найман долоо хоногтой жирэмсэн гэж байна шүү дээ...

-Айн....

Гэж хэсэг азнаснаа нөхөр маань “Өө гоё... гоё...” хэмээн итгэл дүүрэн харцаар над руу харав. Яг тэндээ суугаад бид хоёр залуу гэр бүлүүдийн мөнхийн сэдэв “цаашид яах билээ,  гэр бүлийн орлого зарлага яах вэ, дөрвөн хүүхэдтэй болоход бид бэлэн үү” гээд амьдралын халуун сэдвүүд рүү явж орчихов. Харин нөхөр маань “Хайр нь өмнөхөөсөө илүү хичээх болохоор миний хайр юунд ч битгий санаа зов. Хоёулаа хүүхдээ тээгээд сайхан төрүүлнэ” гэлээ. Ингээд бид хүүхдээ тосон авахаар бат нот шийдлээ.

Спираль гэдэг 99 хувь хамгаалдаг боловч тэр 1 хувийн боломжийг ашиглаж, гэр бүлдээ ирсэн хүүхэд олон, ийм тохиолдол элбэг байдаг аж. Иймд спираль гэдэг 100 хувь найдвартай биш. 

ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ

2020 оны 12 дугаар сарын 31. Жирэмсний 23 дахь долоо хоног. Өчигдрөөс хойш халуураад, биеийн дулаан 38 хэмээс буусангүй. Ойролцоох эмнэлэгт очиж коронавирусийн шинжилгээ өглөө. Хариу нь хоёр өдрийн дараа гарна. Баярын өдрөөр босох ч тэнхэлгүй болтлоо халуурлаа. Эмнэлгээс халуун намжаах эм өгсөн ч нөлөөлсөнгүй. Шинэ жилийн өдөр хүүхдүүдтэйгээ хамт гоё баярлаж, амттай сайхан хоол хийж өгмөөр байвч өөрийгөө дийлсэнгүй. Хөлрөөд л, унтаад л, хөлрөөд л унтаад л байлаа. Баярын өдөр уур амьсгал эвдчихгүйхэн байх гэж хичээн, нөхрийнхөө сэтгэл гарган хийсэн бууз салатнаас амсах төдийхөн л өнгөрөв . Нөхөр минь тэр шинэ жилээр хүүхдүүдээ баярлуулж, Японы цагаар буюу Монголоос нэг цагийн өмнө шинэ оноо угтан, хоёр хүү минь, удалгүй эгч аав хоёр нь ч дун нойронд автлаа.

Цаг харвал шөнийн 03 цагийг зааж байна. Буцаж унтах гэсэн ч халуурснаас болж бөмбөгнөтөл чичирхийлэх бие минь унтах бүү хэл тайван амьсгалахад ч бэрх болсон байв. Аргагүйдэж нөхрөө дуудан сэрээгээд хоёул дэмий баахан сандарцгааж байснаа түргэн тусламж дуудахаар шалавлав. Энэ үед зул сарын баяр тохиож, байгууллага хамт олны уулзалтууд их болсноос үүдсэн үү, Токиод өдөртөө 2000 гаруй тохиолдол бүртгэгдэж, улсын эмнэлгийн ачаалал, түргэн тусламжийн газрууд хүнээ дийлэхгүй байв.

Гэсэн ч бие давхар гэдгийг маань сонссон түргэн тусламж удаж төдөлгүй хүрээд ирлээ. Эмнэлэгт очиж халуунаа буулгачхаад ирэх учраас нөхрийнхөө гадуур хувцасыг нөмрөхчөө аядаад, эмчийн араас арай хийн алхаж түргэний машинд суув. Яван явсаар эмнэлгийн үүдэнд ирээд машинаас дөнгөж буухтай зэрэгцэн  доошоо шингэн зүйл гараад эхлэх нь тэр. Халуунаас болж савны амсар нээгдэн цус алдсан нь энэ ажээ. Эмч сувилагчид яаравчлан хөдөлж, намайг түшсээр бушуухан дотогш оруулав.

Арайхийн үүр цайж, өглөөний 09 цаг гэхэд намайг төрөх эмнэлэг рүү ахин шилжүүлэхээр боллоо. Ковидийн шинжилгээний бичиггүй учраас пластик уутаар тусгаарласан оронд намайг хэвтүүлж, эмч нар нэн түрүүнд халуун буулгахаар л ажиллацгаана. Халуун бууж өгөхгүй, антибиотик ч үйлчлэхгүй оройг хүргэв. Арай дээрдэж, ухаан санаа тогтохтой зэрэгцэн хүүхдүүд, ар гэр юу болж байгаа бол гэж санаа зовнин, үзлэг хийхээр орж ирсэн эмчээс “Эмчээ, би хэдий болтол эмнэлэгт байх юм болоо” гэвэл “Төртлөө л байна даа” гэж тунчиг өөртөө итгэлтэй хариулав. Дотор харанхуйлаад л явчихлаа. “Би чинь ахиад дөрвөн сар эмнэлэгт хэвтэх юм байна шүү дээ, ар гэр, үр хүүхдүүд минь яах болж байна аа, эмнэлгийн төлбөр мөнгө нь дийлдэхгүй шүү дээ” гэж бодогдон дорхноо л сэтгэлээр унаад амжив. Төрчихнө гэж огт бодоогүй хүний бодол энэ.

Маргааш нь 2021 оны нэгдүгээр 02. Өглөөний 09 цаг гэхэд миний биеийн байдал ахин муудаж, даралт уналаа. Жаахан л удах юм бол ээжийнх нь ч амь настай холбогдох учир яаралтай хагалгаа хийж хүүхдийг гаргаж авна гэв. Тэр дороо шууд хагалгааны өрөө рүү оруулаад, бүх зүйл 30 минутын дотор л болоод дуусчихлаа. Би юу болоод байгааг ухамсарлаж чадахгүй хэвээр шокын байдалтай хэвтэнэ. Тэр доор эмч сувилагчид оёдол хийгээд л, ажиллаад л байв. Хүүхэд минь хэзээ надаас гараад, хайчсаныг ч мэдсэнгүй. “Яагаад уйлахгүй байна аа, амьтай гарсан болов уу, яагаад надад харуулахчгүй шууд аваад явчихаж байгаа юм бэ” гэсэн бодол салахгүй ээрнэ. Арайхийн нэг дуу бүдэг бадаг дуу гарган “Хүүхэд минь яасан юм болоо” гэж сувилагчаас асуувал “Хүүхдийн эмч нар инкубаторт хийгээд аваад явсан. Гэнкина отоконоко (эрүүл саруул, хүү)” гэж хариуллаа. 24 долоо хоногтой 674 грамм жинтэй, 31 см хүү минь энэ ертөнцөд ийнхүү тэмүүлж ирлээ..”

ХУРУУ НЬ УРГАСАН БАЙДАГ БОЛОВ УУ?

Миний ковидийн шинжилгээний хариу ч сөрөг гарлаа. Хагалгаа хийлгэсэн эхний өдөр 20 гаруй цаг битүү унтуулгын тариатай, биеийн бүх л хорыг гадагшлуулж, маш их антибиотик ээлж дараалан, угсруулсаар байв. Хагас ухаантай, хагас ухаангүй хоёрын завсар энэ өдөр өнгөрч ашгүй маргааш боллоо. Зүүд үү бодит байдал уу гэлтэй гэнэтийн болоод өнгөрсөн зүйлүүдэд итгэж ядан байна. Өглөө босуут л сувилагчид шууд “Одоо босоод алхаарай, ийм юм заавал хийх ёстой, тэгэх ёстой” гээд намайг хөдөлгөөнд оруулах гэж хичээв. Гэвч алхах нь бүү хэл хөдлөх төдийд л бүх бие тасарч унах нь уу гэлтэй өвдөж байна. Ухаан санаа хэвийн болсон үеэс сэтгэлд “хүүхэд, хүүхэд, хүүхэд” гэж хэн нэгэн байнга сануулах мэт шивнэнэ. Эмч сувилагчаас хүүхдээ асуусан ч харуулсангүй. Ахиад л сэтгэл зовнил...

Ингэсээр хоёр хоногийн дараа л нэг юм эмнэлгийн суугаа тэргэн дээр түрүүлээд анх удаа түүнийгээ харахаар эмнэлгийн коридороор явлаа.

“24 долоо хоногтой, 674 грамм жинтэй, 31 см хүүхдийн хуруу ургасан байдаг юм болов уу? Хөлийнх нь хуруунууд байгаа болов уу? Ямар байдаг бол? Өмнө нь энэ ертөнцөд шууд амьдарч, амьсгалахад бэлэн болтол ээжийнхээ хэвлийд өссөн хүүхдүүд л харж байснаас ийм жаахныг харж байгаагүй. Айх, айхаасаа илүү сониучхан бодолтой ээж нь хүүгээ анх удаа харлаа.

Гарынх нь хуруу бүгд ургажээ, хөлийнх нь хуруу ч бүгд байна. Толгой нь ямар жаахан юм бэ, хамар нь байна, нүд нь, чих, ам, хөл, гар нь бүгд бүрэн, бүгд байна, бүгд ургаж гүйцжээ. Долоохон хоногийн өмнө эхогоор харж баярласан хоёр хөлийнх завсар дахь хөөрхөн зүйл нь ч бас байна. “Хөөх чихний омог шиг л жижигхэн юм байна шүү дээ, хэхэ”. Үгүй ерөөсөө л бүх юм нь арай жижигхэн болохоос яг л нялх хүүхэд юм байна”

Инкубатор дотор ийм хөөрхөн жаахан залуу эгээ л бодибилдинг тамирчин гэлтэй гялалзтал тослуулчихсан тайван унтаж байна. Ээжийнхээ гэдсэн дэх чийгтэй орчноос гадаад орчинд шууд гарч ирэхээр чийг дутаж, арьс хүй нь хатдаг аж. Иймд вазелин түрхэж инкубаторт 36-37 хэмийн халуун гэрлээр шарж, эхийн хэвлий дэх орчныг бүрдүүлж өгдөг гэв.

Одоо харин “Хүү минь цаашид гайгүй байгаа, гайгүй байгаа, хүн болж чадах байгаа” гэсэн ёрын бодлууд толгойд ороод, эзэн суучихав. Хагалгааны дараах 48 цагийн хугацаанд л амьдрах үгүй нь шийдэгдэнэ гэж аавд нь хэлсэн байсныг би бүр сүүлд сонссон юм. Азаар хүү минь ээжийгээ очиход 48 цагийн хугацаагаа амжилттай даваад хүлээж байв.

Ковидоос болоод ар гэрээс эргэлт авч сэтгэлээ уудалж, хань нөхрийнхөө халуун цээжинд ч тэврүүлж чадахгүй, хүүгээ энгэртээ тэврээд ангир уургаа хөхүүлж ч чадахгүй, болж өнгөрсөн зүйлд өөрийгөө буруутгаж, сайн ээж байж чадаагүйдээ дотор шатаж, хүүгээ яах бол, яах бол гэсэн бодлууд, айдсууд нөмөрч аваад эмнэлэгт нэг ёсондоо харанхуй нүхэнд уначихсан мэт боллоо.

“ЭЭЖЭЭ ХҮҮ НЬ ХИЧЭЭЖ БАЙНА ШҮҮ”

....“Нэгэн Япон ээж өдөр бүр нэг настай, амьсгалын замын асуудалтай ахыг нь үүрээд 24 долоо хоногтой төрсөн охиноо асрахаар эмнэлэгт ирнэ. Хүүгээ үүрчихсэн тэр жаахан биетэй эмэгтэй, охинтойгоо ярилцаж байгаад явлаа. Нэгийг нь үүрээд нөгөөд нь хөхнийхөө сүүг өгнө. Гэртээ хариад амьсгалын замын асуудалтай байгаа хүүгээ өвчнийх нь байдлаас болж үргэлж босоогоор нь тэвэрч сууна. Өдрийн бүх цагаа энэ хоёр хүүхдэдээ зориулах тэр ээж. Гэтэл гэнэт л хүүгийн бие муудаж эмнэлэгт хэвтчихэв. Ээж эмнэлэгт хоёр хүүхэд рүүгээ ээлжлэн очиж асарна. Энэ бүхнийг даван туулах гэж хичээж буй нэгэн бүсгүй...”

Хүүгээ төрсний дараахан энэ бичлэгийг олж үзэв. Энэ ээжийг хараад би гуньж гутраад суух ёсгүй гэдгээ ойлгов. Надад гурвын гурван цоо эрүүл хүүхэд байна, тэд минь надад хэзээд туслахад бэлэн. Хүүгээс минь бага жинтэй хүүхдүүд ч энэ хорвоод хүн болж, сайхан амьдарч чаддаг. Одоо өөрийгөө буруутгасан асар их сөрөг бодлуудаа өөрөөсөө авч хаяна. Тэр шавилхан Япон бүсгүй шиг бусдад ч урам зориг өгч чадах өөрсдийн бяцхан түүхийг ч бүтээнэ гэж шийдэв.

Хоёр хүү ээжийгээ эмнэлгээс тосож авсан нь...

1 сарын 9. Төрөх эмнэлэгээс энгэр хоосон гарч ирэх хэцүү юм билээ. Сэтгэл минь хүүдээ хоргодоод нүдэнд нулимс цийлэгнээд...
Өөдөөс хүүхдүүд маань “Ээжээ” гээд цэцэг бариад гүйлдээд ирэхэд нь үнэндээ асгарсан. Тэр үед энэ хэд минь л миний энгэрийг дулаацуулж сэтгэлийг минь дүүргэж өгсөн.
Удахгүй ээ миний бяцхан хүү. Ээж нь түрүүлээд эмнэлэгээс гарч байя. Эрүүл чийрэг том болоод эмнэлэгээс гарах тэр өдрийг хүртэл дахиад жаахан хичээгээрэй

Тэмдэглэлийн хэсгээс

Ингээд эмнэлгээсээ ч гарлаа, ирэхэд дөрөв, хоёр настай ид бужигнадаг насны, ээжийгээ санасан хоёр хүү минь хүлээж байв. Тэд ч надад гуниглаж суух завсар чөлөө өгсөнгүй. Ар араас нь идэш ууш, угааж арчих, усанд оруулах, хичээлд нь бэлдэх, өдөр алгасаад эмнэлэгт байгаа хүүгээ эргэх гэсээр ажлуудад дарагдаж явсаар яг хүүхдүүд унтсан хойно нь би унтахаа больчихно. Хичнээн ядарсан ч унтахгүй, нойр хүрэхгүй, нүд анихад л “одоо яах бол” гэсэн айдас түгшүүр бүчээд авна. Хичнээн их хичээсэн ч эхний нэг сар яг л орон гаран, юу хийснээ санахгүй өдрүүд үргэлжлэв. Үнэндээ “Хүү минь хүн болж чадна” гэх итгэл байвч яг нарийн ширийн асуудлууд долоо хоног бүр л тохионо. Шээсний сүв, суганы булчирхай, нүдний торлог гээд асуудал ер дуусахгүй. Тэр бүрд эрүүл саруул л өсөж торниосой хүү минь гэж бодохын хажуугаар айж уйлна. Шат шаттайгаар ирэх сорилтууд дунд “Би чадах болов уу, хүү минь гайгүй байгаа” гэх өнөөх л бодлууд үргэлж ээрнэ. Хүүтэйгээ амьд харилцаа үүсгэж чадахгүй болохоор хөхний сүү ч бага багаар татраад, сүүлдээ олигтой ч сүү гарахаа болилоо. Саагаад саагаад 10 грамм л гарна. Түүн дээрээ жаахан кальци нэмээд шифризэнд хийгээд ам руу нь жаахан хийнэ. Хүүгээ том болоод ирэх тусам миний хөхний сүү хүрэлцэхээ больж, нэмэлт сүү уух боллоо.

Энэ л бүх үйл явц дунд инкубаторт байгаа хүүгээ харж зогссон би гэнэт л цурхиртал уйлав. “Хүний олигтойхон эх байсан бол энэ жаахан амьтныг ингэж зовоохгүй л байсан даа, их юм үзэж байна даа миний хүү, тэвчээртэй шүү, мундаг шүү” гэж хүүгээ магтах, өөрийгөө буруутгахын завсарт гэнэт л эмнэлгийн олон аппаратууд хангиналдав. “Дүдүдүд дүдүдү”. Амин үзүүлэлтүүд буурч, зүрхний цохилт буурч хэвийн бус болов. Хоёр сувилагч гүйлдэн ирлээ. 

“ӨРӨӨНД” БАЙСАНГҮЙ

Хүүгээ харахаар эмнэлэгт яваад очтол хүүгийн инкубатор байсангүй. Оронд нь тэс өөр хүүхэд, тэс өөр инкубатор байна. Шууд л гайхах балмагдах зэрэгцэн, амнаас ч үг гарахгүй зогсож байтал сувилагч тэндээс “Энд байна аа” гэж дуугарах нь дуулдав. Тэр зүг рүү нь хартал жижигхэн манежинд жимбийтэл өлгийдүүлж  хүү минь таатай нь аргагүй хэвтэж байна. Хүү рүүгээ гүйж очоод анх удаа тэврэн авлаа. Гар хөлийг нь барьлаа, маскны цаанаас ч атугай үнэрлэлээ. Ямар хөнгөн, ямар жаахан юм бэ дээ үр минь...

Ингэж хүү минь 83 дахь хоногтойдоо анх удаа инкубатороос гарч байлаа. Ерөнхийдөө инкубатороос гаргах бэлтгэл хийж дулааныг нь бага багаар багасгасаар 27 хэм болчихсон байсан. Дараагийн сард эсвэл дараа долоо хоногт гарч магадгүй гээд тодорхой хугацаа заагаагүй байв. Сувилагчид инкубаторыг “өрөө” гэж дууддаг бөгөөд хүү минь ийнхүү өрөөнөөсөө гарлаа.

...тэр өдөр хүүгийн аппаратууд гэнэт хангиналдаж, сувилагч нар гүйж ирээд хүүг үзлээ. Аппаратуудыг шалгасны дараачаар нэг минут орчим ажиглаж зогссоноо “Зүгээр, зүгээр” гээд яваад өгчихөв. Тэгэхэд л миний хүү ээжийгээ уйлж байгааг яг мэдсэн гэдгийг өр зүрхээрээ мэдэрсэн юм. “Заза би үүнээс хойш, түүнээс цааш хүүхдийнхээ нүдэн дээр бүү хэл гэртээ хариад ч шөнө уйлах ёсгүй юм байна. Би өөрөө эрүүл саруул байж хүүхдээ асарна шүү дээ”. Тэр үед миний хүү ”Ээж та уйлж болохгүй, хатуужилтай бай. Хүү нь энд зөндөө их хичээж байна, та ч гэсэн их хичээж байгааг би мэдэж байна. Тийм болохоор хоёулаа ахиад жаахан хамтдаа хичээе” гэдгийг тэгж хэлж ойлгуулсан билээ.

Тиймээс нөхөртэйгөө ярилцан хүүгийнхээ өдөр өдрөөр, цаг минутаар өсөн торниж буй бичлэг, мэдээллүүдийг хөтлөн миний адил хугацаанаасаа өмнө амаржсан ээжүүдэд урам зориг өгч, мэдсэн сонссоноо хуваалцаж, мэдээлэл өгч, өөрөө ч урам зориг авъя гэдэг зорилгоор фэйсбүүкт пэйж хөтөлж эхэллээ. Нөгөөтэйгүүр, бага настай хоёр ах нь дүүгээ хэрхэн юу туулж хүн болж, өсөн торниж буйг хараахан ойлгохгүй учир юмны наана цааныг таних болсон үедээ энэ бүхнийг үзээсэй гэх хүслээр эхлүүлэв. Том эгч нь харин бүхнийг ойлгож мэдэж, ээж аавыгаа дэмжих насанд хүрсэн билээ.

Тэмүүлэн хүүгийн гэр бүлийн влог

“АРИГАТО  ГОЗАИМАСҮ”

Хүү минь дөрвөн сар хүртлээ ээжийнхээ сүүнээс жаахан ч атугай ууж өслөө. Нэг удаад саахад 10 грамм л гарч байсан ч хүүд минь хамгийн их хэрэгтэй “эм” учраас шантарсангүй. Хадгалсаар, хүүдээ авч очсоор, угжсаар л байлаа. Харин нэг өдөр эмнэлэгт очтол эмч сувилагч хоёр маань их л хичээнгүйлэн “За Уянгаа бүхэл бүтэн дөрвөн сар чи маш их хичээлээ, одоо болно оо, одоо хөхөө саахгүй байсан ч болно. Хэцүү үе бүгд ард хоцорч, хүү нь ч инкубатороосоо гарлаа. Хүүхдийнхээ төлөө маш их хичээсэнд үнэхээр их баярлалаа” гэв. “Үгүй үгүй, харин ч энэ удаа би хөхөө сайн хөхүүлж, хөхний сүүгээ сайн гаргаж чадсангүй, уучлаарай” гэж хэлэхээс өөр үг олдсонгүй. Ингээд эмч сувилагч хоёроосоо зөвшөөрөл аваад хүүгээ энгэртээ тэвэрч, ахин нэг удаа амлуулчихаад ахин хөхөө саахаа болилоо. Одоо хүү минь нэмэлт сүүгээр хооллож байна.

Ийм дэвшил гарах болгонд хүүгээ том болчихсон юм шиг санаж, хурдхан л гэртээ аваад харин юмсан гэж бодогдоно. Хурдандаа найман сар гэхэд л эмнэлгээс гарч болно гэсэн. Энгийн өсөлттэй нярай төрөх хугацаанаасаа хойш хоёр сарын дараа элдэв суурь өвчингүй бол эмнэлгээс гарч болдог гэсэн. Гэтэл бидний хувьд залгиур хоолойн асуудалтай байсан учир зургаадугаар сард гарах байснаа ахин хоёр сар сунгагдах болов.

Нөхөр маань ч хүүд минь ямар нэгэн асуудал тулгарвал эмч сувилагчид ойрхон байсан нь дээр гэнэ. Хоёрдугаарт, угаас Япончууд хэзээ ч хамар, залгиурын асуудалтай хүүхдийг эмнэлгээс гаргахгүй. Хожим нь ямарваа нэг асуудал үүсвэл эмч нарын хариуцлага яригдаж эмчлэх эрхгүй ч болж мэднэ. Гэтэл насаараа сурч боловсорч, өдийг хүртэлх карьерт хүрчихээд жаахан асуудлаас болоод алдаа гаргавал насаараа ажилгүй болж, галт тэрэгний урдуур орохоос өөр замгүй болж мэднэ. Тиймээс бүх зүйлд маш няхуур хандана. Нэг дусал хийх гэж байгаа эмч ирээд заавал сувилагч дуудна. “Та тулгаад уншаад өгнө үү” гээд хамтарсан хяналт хийж байж залгана.

Ийм их хариуцлага, сэтгэл хослуулсан эмч сувилагчдыг хараад итгэл минь улам улам их асаж, тайвширна. Баярлалаа, та бүхэнд...

Тэмүүлэн хүү. Нэг сар, 13 хоногтойдоо....

ЭНЭ ОЛОН САРЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ТӨЛБӨР ЯАХ БОЛОО

Эхний хоёр сарын төлбөр л гэхэд Монгол төгрөгөөр 120 сая орчим боллоо. Өнгөрсөн жилүүдэд эрүүл мэндийн даатгалаа тасралтгүй төлж байсны хүчинд, Япон улсын даатгалын системийн журмаар тодорхой хөнгөлөлт эдлэхээ гадарлаж байв. Мөн Япон улсад 1500 граммаас бага жинтэй төрсөн, энгийн тээлттэй төрөлттэй мөртлөө биеийн дулаан нь 34 хэмээс доош байвал эсвэл шарлалттай юу гэх мэт асуулгуудаар хүүхдүүдэд эмнэлгээс тусламж үйлчилгээ авахад үзүүлдэг тусгай хөнгөлөлт гэж бас байдаг аж. Үүнийг манай эмнэлэг надад санал болгосноор би бичиг баримтаа бүрдүүлэн өглөө. Харин өнөөдөр гуравдугаар сарын 18-ны өдөр. Улсаас дээрх хөнгөлөлтүүдийн дагуу өнгөрсөн хоёр сарын  4.490.660 иэн буюу 120 сая гаруй төгрөгийн төлбөрийг 100 хувь хөнгөлсөн тухай мэдээ ирлээ. Бүх эмчилгээ үнэгүй болсонд Япон улсын Засгийн газарт талархаад баршгүй.

Гэвч эцэг эх болсны хувьд бидэнд ч бас үүрэх хариуцлага байгаа тул өдөр тутмын ариутгал, нэмэлт сүү, цагаан хэрэглэл, хувцас хунар, хугацаанаасаа өмнө төрсөн нярайн зориулалтын живхээс эхлээд хэрэглээний зардлуудаа бид гаргаж явна. 

Үүний дараагаар Япон улсад төрөлт буурсантай холбоотойгоор, шинэ төрсөн хүүхдүүдэд олгох нэг удаагийн тусламж буюу 10 ман иэн, монгол мөнгөөр 2.6 сая орчим төгрөгийн бэлгийн картыг Токио хотын захиргаанаас ирүүлэв. Энэ мөнгөөр хүүгээ гэртээ гарч ирэх бэлтгэл хийж, зөндөө юм авлаа. Одоо хүүгээ л гарч ирэхийг тэсэн ядаж хүлээж байна.

...ЛЭН+...ЛЭН +...ЛЭН +...ЛЭН

Том охин 11 настай Энхрийлэн, хоёр дахь хүү дөрвөн настай Гийгүүлэн, гурав дахь хүү хоёр настай Эрхэмлэн. Хүүхдүүдийн маань нэр дандаа “лэн” төгсгөлтэй, японоор бол “рэн” юм. Нөхөр бид хоёр дөрөв дэхь хүүхдээ тээснээ дөнгөж мэдүүтээ “Одоо ямар лэн өгнө өө, охин төрвөл Гэгээлэн, Энэрлэн гээд сайхан нэрс байгаа, хүү төрвөл харин яадаг билээ, зүгээр “Лэн” гээд л нэрлэчихье гээд инээлдэж байв. Ингээд гэнэт л хугацааны өмнө төрж, үйл явдлууд ар араасаа өрнөхөд нэр огт бодох сөхөөгүйгээр хэсэг хугацааг өнгөрүүллээ.

Аав нь хүүгээ дутуу төрсөн гэж хэлүүлэх дургүй. Хүүхэд төрөх хугацаагаа өөрөө сонгож төрдөг. Эрт хожуу аль ч бай таны хүүхдийн л сонголт. Тэд бол жинхэнэ гайхамшиг.

Тэмдэглэлийн хэсгээс

Ингэж яваад гэнэт л хүүдээ нэрийг нь хайрлах ёстой гэж шийдэн нөхрөөсөө “Хүүе хүүдээ нэрээ өгье, өнөө “Лэн” гэдэг нэрээ өгөх үү” гэж асуувал нөхөр “Хүүе юу гэж хүүдээ тийм нэр өгч байх юм, тэр олон давааг давж, аав ээждээ ах эгчдээ тэмүүлж ирсэн хүүдээ бид Тэмүүлэн гэдэг нэр өгнө” гэв. “Хөөх... Тэмүүлэн... Тэмүүлэн... нээрэн яасан сайхан нэр вэ, яг л миний хүүд зориулагдсан, яг л миний хүүгийн нэр энэ мөн. Ээж аавдаа, ах эгчдээ тэмүүлж ирсэн Тэмүүлэн минь”

Хүүгээ төрөөд долоо хоног хараахан хүрээгүй байхад нь ээж нь догдолсоор хүрч очлоо. Монгол ёсоороо чихэнд нь шивнэж чадахгүй ч инкубаторынх нь өмнө хичээнгүйлэн зогсоод, чин сэтгэлээсээ хүүдээ шивнэлээ. “Миний хүү, аав ээж хоёр нь хүүдээ Тэмүүлэн гэдэг нэр өгсөн шүү, ингэж их хичээж, тэмүүлж бидэндээ ирсэнд баярлалаа. Энэ жаахан биед баймгүй их тэвчээр гарган, бүхнийг маш мундаг даван туулж байгааг хараад аав ээж нь бахархан энэ нэрийг өглөө”

Зураг: Долоо хоногт нэг удаа уулзалтын цагаар хүүгээ усанд оруулж байхаар болсон юм. Өнөөдөр хүүгээ усанд оруулж байх зуур эмч: Тошима дүүргийн сонинд нярайн тасгийн тухай нүүр гарах тул Тэмүүлэнгийн хэдэн зургийг авч болох уу гэж байна. Мэдээж хувь хүний мэдээлэл учир нэр усыг нь нууцална гэнэ. Өө, бололгүй яахав гээд хэдэн зураг дарууллаа. Сонинд гарах нь дээ Тэмүүл хүү

Тэмдэглэлийн хэсгээс

ТЭМҮҮЛЭНГЭЭС НАЙЗУУДДАА УРАМ ЗОРИГ ИЛГЭЭЕ

Хүүгээ эмнэлгээс гарахтай зэрэгцүүлээд Монгол руу хугацаанаасаа өмнө төрсөн хүүхдийн живх явуулж тэдэнд урам зориг өгөхийг хүслээ. Алган дээрээ тавихад алга ч дүүргэхгүй тийм жаахан живхний олдоц Монголд бүү хэл Японд ч тийм элбэг бишээ. Ховор дээр нь үнэтэй учир тэнхрэх гэж ядаж байгаа үрсэд бага ч атугайг илгээж, дэм болмоор санагдана. Уг нь тэдгээр нярайд тоног төхөөрөмж хамгийн чухал гэдгийг мэдэж байгаа ч одоохондоо тийм чадал байсангүй. Өөрсдийн чадлын хүрээнд, найз нөхдийнхөө туслалцаа дэмжлэгээр нэг дэлгүүрээс тавыг, нөгөө дэлгүүрээс гурвыг гэж түүж явсаар 100 ширхэг живх цуглууллаа. Монгол руу явуулах товлолт өдрийн өмнөх орой нь зургаан живх нэмж авч яг 100 бүрдсэн хэрэг. Нэг их зүйл биш ч бие сэтгэлээрээ адилхан зам туулж байгаа жаахан үрсэд нэмэр болох, миний туулж явааг туулж, өдөр шөнөгүй шаналж суугаа ээжид өөрийн түүхээр урам зориг өгөх хүсэл минь л энэ байв. Монголчууд маань ийм сайн дурын ажилд маш сайхнаар ханддаг учир сая өрнүүлсэн ажлыг олон хүн дэмжихээ илэрхийлж, ахин үргэлжлүүлээч гэсэн саналууд ирж байна. Тээвэрлэлтийн үнийн хувьд ч Японоос ачаа явуулдаг тээвэрлэлтийн компани хөнгөлөлт үзүүлэн, сайн үйлсийн ажлыг дэмжиж өгсөн юм. 

 ТЭМҮҮЛЭНГИЙН ЭЭЖЭЭС ӨГӨХ ХОЁР ЧУХАЛ ЗӨВЛӨГӨӨ

Нэгдүгээрт, хугацаанаасаа өмнө төрсөн хүүхдүүд гэлтгүй энгийн нярай ч тэр хөдөлгөөнгүй их удаан байдаг учир гэдэс нь маш их дүүрэнгэтдэг. Тиймээс хүүхдээ гар дээрээ аваад нуруунд нь зөөлөн иллэг хийж, дээш чиглэлтэй илж хэхрүүлж, унгуулж хийг нь сайн гаргаж өгөх чухал. Сүү өгөхийн өмнө зайлшгүй хийг нь гаргана. Гэдэсний хий, дүүрэнгийг нь байнга гаргахгүй бол сүүгээ уунгуут гулгиж буцааж гаргах, бөөлжих, чяцга алдах нь элбэг. Хүүхэд зовиурлаж уйлна. Гэхдээ гэдэсний дүүрэнг 4,5 сар хүртэл нь л үргэлжилдэг учир эдгээр саруудад шантралгүй хийг нь сайн гаргаж өгч байгаарай.

Энэ тохиолдолд Япончуудын ашигладаг нэг аргыг та бүхэнд хуваалцвал, хүүхдэд сүүг нь өгөхөөсөө өмнө чих ухдаг модны зөвхөн хөвөнг нь шингэн тосоор тослоно. Ингээд хүүхдийн хөлийг өргөөд болгоомжтойгоор хөвөнтэй хэсгийг бөгсний нүх рүү үл ялиг хийнэ. Зөвхөн хөвөн нь л далд орох ёстой бөгөөд оруулсны дараачаар тойргоор нүхийг нь тэлж өгөх маягаар гурван удаа эргүүлдэг.

Хоёрдугаарт, хугацаанаасаа өмнө төрсөн хүүхэд хөдөлгөөний дутагдалд маш их ордог. Тиймээс тархинд ч удаашрал явагддаг. Иймд хүүхэдтэйгээ уулзаж байгаа үедээ хийж өгч болох массаж интернэтээс хайж сураад хийж өгөөрэй. Хүүхдэд хүрэхэд л шууд цочдог тэр стрессийг бууруулж, хөдөлгөөний дутагдалаас сэргийлж өгөөрэй. Манай эмнэлэг хүүхдэд өглөө, үдээс хойш хоёр удаа нөхөн сэргээх үйлчилгээг 5-10 минут л хийж өгнө. Үүнийг хангалттай гэж үздэг бололтой. Үүн дээр нэмээд ээж нь нэмэлтээр массаж хийж өгвөл сайн. 

АМЬДРАЛ ИХ ЭНГИЙН

2020 оны 6 сарын 16. Хүү минь төрөөд 165 хоног. 3470 грамм жинтэй боллоо. Хайр цацруулсан нярайн тасгийн сувилагчид. Өнөөдрөөс энгийн нярайн тасаг руу шилжиж байгаатай холбогдуулаад дурсгалын зураг дарууллаа. Энгийн нярайн тасаг руу шилжсэнээр эдгээр бүх сувилагчид маань солигдох юм. 165 хоногийн турш хүүд минь санаа тавьж, гэр бүлийг нь орлож байсан хүндтэй хүмүүс. Дассан сэтгэл, доголон нулимстай хүүг минь үдэж өглөө. Та бүхэндээ маш баярлалаа.

Үгүй ер нь тэгээд амьдрал их энгийн шүү дээ. Хэнд ч юу тохиолдож мэднэ. Энэ бүхнийг бичихэд, ярихад их уянгатай мэт боловч бодит амьдрал дээр бүх зүйл тун ЭНГИЙН...

ТА БҮХЭН ТЭМҮҮЛЭН ХҮҮ БОЛОН ЭЭЖ УЯНГА НАРЫН ТҮҮХИЙГ ОН ЦАГ, ӨСӨЛТИЙН НАРИЙН МЭДЭЭЛЭЛТЭЙ НЬ ДЭЛГЭРЭНГҮЙ УНШИХЫГ ХҮСВЭЛ ТЭДНИЙ ФЭЙСБҮҮКИЙН Temuul ХУУДАСТ НЭГДЭЭРЭЙ.


ӨМНӨХ ДУГААРТ: Японы “Сонингийн ажил” хоёр жил хийсэн тэмдэглэл

...борооны чимээ сонингийн гадуурх гялгар торон дээр тог тог дуслах чимээ л сонсогдоно. Хүмүүс гэр гэртээ, халуун дулаан хөнжилдөө унтаж байх энэ цагаар би гадаа гудманд, өвлийн хүйтэн бороонд хувцас нэвт норчихсон, амнаас халуун амьсгалын уур үе үе гарна. Энэ үед хэрвээ миний хажууд аав ч юмуу, хайртай хүн минь зогсож байсан бол хүүхэд шиг зан гаргаад хаяад гүйчихмээр л санагдсан. Үнэхээр шантарсан...

Бүрэн эхээр нь энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2021-06-22 08:25

Сайхан хүүд эрүүл энх аз жарг�##� хүсье.

han
han
2021-06-22 09:25

huniihee toloo gesen setgeltei uls oron saihan yuma mongol hezee iim bolno

Гоё
Гоё
2021-06-22 10:16

Ёстой мундаг юм ам

зочин
зочин
2021-06-22 10:49

сайхан монгол оронд сайн хүү эгээр нэмэгдлээ тэмүүлж ирсэн шигээ монголдоо сайн үйлс бүтээгээрэй

Зочин
Зочин
2021-06-22 11:17

Ажилдаа эзэн шиг эзэн нь болдог Япон эмч нар гайхолтай

Аав
Аав
2021-06-22 11:48

Хүн болох хувьтай хөөрхөн хүү байна

Зочид
Зочид
2021-06-22 11:48

Эрүүл эхийг хүсье

Juju
Juju
2021-06-22 13:14

Aan naanaa naanaa.Odoo alzahgui ee.

Иргэн
Иргэн
2021-06-22 13:23

Сайхан түүх

Зочин
Зочин
2021-06-22 16:36

manai mongold daanch tonog tuhuurumj bhgui hunii tuluu hiigdeh zuil bhgui. dutuu turdug eejuud ihsej bhad ene buh bololtsoog hangaj chadahgui turd garsanuud idhiig l bodno. 750gr 1kg tursun huuhdiig awrah chadwah bhgui gazar shuudee

A
A
2021-06-22 16:46

Mash buyantai huu baindaa. Yapond torson tuldaa l hun boljdee! Yaponchuud gaihamshigtai ard tumen.

zochin
zochin
2021-06-22 22:22

tonog tuhuurumj muu ch gesen nyarain erchimt emchilgeenii emch suwilagchid maani chadlaaraa ajilladag shvv 1kg 1.1kg 0.9kg hvvhdvvd zunduu bdag yumaa

Холбоотой мэдээ

Back to top button