Нийгмийн

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 03| Японы “Сонингийн ажил” хоёр жил хийсэн тэмдэглэл

Өглөөний 07:30 цаг гэхэд ширээн дээр хөвсийлгөж шарсан өндөг, ганц ганц зүсэм улаан лооль, дээр нь нимгэн масло түрхэж “тоастласан” талхтай өглөөний цай бэлэн болсон байна. Хоёр аяганд хар кофе, харин нэг аяганд нь бүлээн сүү хийж тавиад бид гурав элдвийг хууч хөөрөнгөө энгийн нэг өдрөө эхлүүлдэг билээ. Үүнээс өмнө ээж нь эртлэн босоод хүүгийнхээ бас нөхрийнхөө бэнтог бэлдэж явуулах нь Япон гэрийн эзэгтэй нарын хэвшил юм. 07:51 цаг гэхэд гэрийн үүдэнд цэцэрлэгийн автобус ирдэг тул ширээний ард төдий удаан сууж чадахгүй, тэгэсхийгээд босож яарцгаана. 08:00 цаг гэхэд нөхөр ч ажилдаа явж гэр ажин түжин болохтой зэрэгцэн би хичээлээ хийх эсвэл нийтлэлээ бичихээр өрөөний буланд шигдэн суудаг зуршилтай. Гэхдээ өнөө өглөөнийхөө цайг галт тэрэгний буудлын жижигхэн кафед уухаар төлөвлөсөн нь нэгэн эрхэмтэй уулзах далим байв. Тэр хүн миний цуврал нийтлэлүүдийн дараагийн “баатар” билээ.

МАЛЧИН АЙЛЫН ХҮҮ ЯПОНД ИРЭХ ХҮРТЭЛ

..яг тийм завгүй өдрүүдийн нэг нь… Шөнө дунд, гадаа усан бороо асгарч байлаа. Бороотой өдөр сонингийн ажил яг тогтсон хугацаанаас 15-20 минут сунадаг. Замд арай болгоомжтой, удаан явахын дээр, сонингоо норгож, чийг авахуулахгүйн тулд нэг бүрчлэн уутлах хэрэгтэй. Японы муу усны хоолойн тагнууд бороотой өдөр маш хальтирамтгай болдгоороо алдартай учир байктай, дугуйтай явахад тун бэрх.

байк – англи хэлний bike буюу моторт дугуйг энэ нэршлээр ашигладаг тул крилл үсэгт хөрвүүлэн, шууд ашиглав. Цаашид уг нийтлэлд энэ тээврийн хэрэгслийг байк гэж бичиж явна (сурв)

Гэтэл эртхэн ажлаа хийж дуусгаад 30 минут ч болов нойр илүү авбал маргаашийн ажил, хичээлд дэмтэй. Ингэж л сандарч явахдаа байктайгаа мөнөөх таган дээрээ хальтирч унан, өөрөө ч гэмтэж, сонингуудаа ч талаар нэг тараачихав. Аниргүй, чимээгүй, хэн ч үгүй гудам. Гудманд юу ч болоогүй мэт нам гүм намбайж байхад харин миний дотор газраар нэг тарсан 380 сонингоо, өөрийгөө, хальтирч ойчсон байкаа, бушуухан цагтаа амжиж дуусгах ёстой ажил минь бодогдон хашгирч байв. “Үгүй ээ…”

Борооны чимээ сонингийн гадуурх гялгар торон дээр тог тог дуслах чимээ л сонсогдоно. Хүмүүс гэр гэртээ, халуун дулаан хөнжилдөө унтаж байх энэ цагаар би гадаа гудманд, өвлийн хүйтэн бороонд хувцас нэвт норчихсон, амнаас халуун амьсгалын уур үе үе гарна. Энэ үед хэрвээ миний хажууд аав ч юмуу, хайртай хүн минь зогсож байсан бол хүүхэд шиг зан гаргаад хаяад гүйчихмээр л санагдсан. Үнэхээр шантарсан.

Гэхдээ гэнэт л юу ч болоогүй юм шиг босоод бүх сонингоо хамж аваад, бүгдийг нь тарааж дуусгалаа. Өөрийнхөө бас улс орныхоо нэрийг бодсон нь тэр. Үүнээс хойш баргийн бэрхшээл тохиолдоход дуу аялаад л даваад гардаг болсон гэж болно. Ер нь тэр өдөр би өөртөө маш их тэвчээрийг нээсэн юм шиг. Хүнд өдрүүд нэг бишээ, нилээд их байсан. Одоо бодоход энэ хоёр жил хоёр сар шиг биш хоёр хоног шиг тун ч хурдан өнгөрчээ.


Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудал дээр 73 настай эмээ минь ирчихсэн, төрсөн цагаас нь л энгэрт нь эрхэлж өссөн ач хүүгээ хилийн дээс давуулах гээд мэлмэрүүлж суусан цаг нээрэн л саяхан юм шиг…Уг нь нутгаасаа гарахдаа л хоёул уйлахаа уйлж, ярихаа яриад, салах ёсоо хийгээд ирсэн ч эмээ тэвчсэнгүй. Би эмээгээ дагаж баахан зангирснаа арай хийн буцаан “залгиж” инээмсэглэх аядав. Төрсөн эгч минь, найз нар минь, хүргэн ах минь намайг гаргаж өгөхөөр иржээ. Хүний нутаг руу явж байгаа нэгнээ гэмгүй сайхан үдэж, гэрэл зураг тэврэлдэн татуулж, цааш орж байгаа нэг нь эргэн харж гараа даллан, үлдэж байгаа хэд нь нурууных нь араас зургийг нь авч үлдэх хэн хэнийх нь сэтгэлд өег таатай.

Гуравхан настай жаахан байхад ээж тэнгэрт дэвшиж, тэр цагаас хойш би эмээгийн хүүхэд болж л дээ. Хөдөө нутагт хонь бол жинхэнэ “минийх”. Уул усан дундаа, морь малтайгаа ноцолдож өссөн хөдөөний хүү шүү дээ, би чинь. Эмээ намайг хонинд явуулахын тулд орой эртхэн унтуулна, тусдаа саванд зөвхөн надад л зориулж өрөм загсааж өгнө. Өглөө эрт сэрээд эмээгийнхээ тусгайлан загсаасан өрмийг идээд, буузаа идээд хониндоо гараад явах нь миний хүүхэд насны хамгийн том жаргал. Магадгүй эмээгийн хүүхэд болохоор одоо жаахан хуучинсаг. Эмээ олон ач зээ нар нь байлаа ч шөлтэй хоол хийхэд шөлөнд нь хаясан богт чөмгөө надад л хадгалж, цааш хийнэ. Төрсөн цагаасаа хойш энгэрт нь өссөн юм болохоор арай өөр хандах нь өхөөрдмөөр, хайрламаар. Ингэж явсаар дөрөвдүгээр ангиасаа эхлэн сургуулийн дотуур байранд амьдарч, 11 дүгээр ангиа төгсөн төгстөл тэндээ байв. Ер нь тавдугаар ангиасаа л өөрийнхөө биеийг дааж, өндөр зохион байгуулалт хариуцлага дунд хүн болох гэж зүтгэсэн. Энэ хооронд хувийн зохион байгуулалт тун сайн байсан учраас хаана ч ганцаар амьдарсан саад бэрхшээлийг даван туулах хаттай болчихсон нь энд ирээд ихээхэн тус нэмэр боллоо.

Зургийн тайлбар: Нутагтаа суугаа эмээ

Завхан аймгийн Цагаанчулуут суманд есдүгээр арван жилээ дүүргээд, 11 дүгээр ангиа аймагтаа очиж төгсөн оюутан болов. МУБИС-д өндөр онооны тэтгэлэг авч, дөрвөн жилийн турш үнэ төлбөргүй суралцаж Монгол хэлний багш мэргэжилтэй болох нь тэр. Мэргэжилдээ ч үнэнхүү дуртайг хэлэх үү нэг жил, зургаан сарын турш мэргэжлээрээ ажиллаж үзэн, хүүхдүүд дунд орж ёстой л байнга инээж явдаг багш боллоо. Багшлах, монгол хэлээ хүүхдүүдэд заах тун сайхан. Гэхдээ дуртай байлаа ч хувь хүний хувьд ахиц дэвшил огт байхгүй, яг нэг байрандаа гацчихсан шиг санагдах болж, өсөн дэвжих, өөрийгөө дахин боловсруулах, сорих, суралцах хүсэл цаанаас хатгаад л байв. Залуу хүн багшийн цалингаар амьдралаа босгоё гэхэд ямар ч боломж байхгүй дээр нь өөрийгөө олон талт байдлаар хөгжүүлэхэд цаг зав муу. Тиймээс л завсарлага авъя гэж шийдлээ.

Яах вэ, юу хийх вэ, хаашаа явах вэ, юу үзэж харах вэ гэж хайсаар, судалсаар эцэст нь нэг юм Япон улс руу зуучиллаар сонингийн ажил хийнгээ, хэлний бэлтгэлд суралцах болов. Нийт 13 сая орчим төгрөг зарцуулж, үүнийхээ долоон саяыг нь өөрөө ажлаа хийж хуримтлуулсан хэдээ хоосолж, үлдсэн долоон саяыг нь төрсөн эгчээсээ зээлэхээр тохиров. Үнэндээ Япон дахь Монголчуудын амьдрал 00-ээс биш хасахаас эхлээд л мацаж мацаж явдаг юм билээ шүү дээ. Онгоцноос буугаад өөрийн гэсэн юу ч байгаагүй, сонингийн ажил минь л байсан. Энэ л ажлыг сайн хийж, мөнгөө хурааж, сургуулийнхаа төлбөрийг төлж, өрөө төлнө. Эндээс унах юм бол өрөнд орж ажилгүй, зорилгодоо хүрч чадаагүй сул дорой нэгэн болох байв. Тиймээс юу ч тохиолдсон буцах эрх байхгүй. Ийм л сэтгэлзүйтэй би Японд буулаа.

ЭВХСЭН ХУВЦАС ШИГ ЭМХ ЦЭГЦТЭЙ ЯПОН УЛС

Японд ирээд яг нялх хүүхэд шиг л хөлд бас хэлд орох ёстой болсон. Хэл мэдэхгүй, тиймээс хөлгүй. Ирэхийнхээ өмнө хүмүүс цахилгаан шатны зүүн тал руу шахаж зогсоод, яарч яваа хүмүүс нь баруун талаар нь алхаж буйг, харанхуй шөнө гарцаар гарахдаа нэг ч машин байхгүй байхад улаан гэрэл ассан бол заавал зогсож хүлээдэг гэх мэт соёлуудыг нь бичлэгээс үзэж байлаа. Тавилттай бичлэг, худлаа юм гэж бодон инээд хүрдэг байсан ч үнэхээр энэ зүйлс нь үнэн, хэвийн л үзэгдэл гэдгийг мэдээд үнэхээр бахархсан. Дэндүү эмх цэгцтэй, яг л эвхээстэй хувцас шиг орчин угтаж авсан нь надад хоёр жил амьдралын хичээл заах Япон улс байлаа.

Зургийн тайлбар: Хоёр жилийн Япон хэлний бэлтгэл сургуулийн төгсөлт

Дөрөвдүгээр сард сургуульдаа орлоо. Сургууль соёл нь хүртэл өөр шүү дээ. Япон улс болсон хойно хамгийн түрүүнд гадны улсаас ирсэн суралцагчдад гамшигийн менежмэнтийн хичээлийг яг бодитоор үзүүлэн заав. Газар хөдлөлтийн байшинд бүгдийг нь оруулаад савлуулж үзүүлэх нь тэр. Одоо долоон балл, одоо найман балл гээд л нэг бүрээр нэмэгдүүлсээр бид ч бүр сандарч, айж орхилоо. Ийм хүчтэй газар хөдлөлтийн үед юу хийх ёстойг яг тэр орчинд зааж өгсөн болохоор хэзээ ч мартагдахгүй. Дараа нь галын хор цацуулж, цунами, аюулт үзэгдлийн үед анхны тусламж хэрхэн үзүүлэхийг ч бидэнд элдэв бичиг цаас гэхгүйгээр нэг бүрчлэн нүдээр үзүүлж, биеэр мэдрүүлэв.

Үүнээс өмнө гуравдугаар сарын 14-ний үүрээр анх удаа сонингийнхоо ажлыг хийхээр гэрээсээ гарлаа. Тэмдэглэлийн дэвтэр дээрээ тэр өдрийн тухай бичлээ… Анх ингээд л тэмдэглэлийн дэвтрээ хөтлөөд аятайхан хүү байж шүү, их л завтай. Сар хүрэхгүй хугацааны дараа унтах ч зав олдохоо байсан тул тэмдэглэлийн дэвтэр ч тэгэсхийгээд мартагдлаа.

Анхны өдөр 380 ширхэг сонингоо аваад тараахаар гарав Эхлээд сонингийн цаасны учрыг олох гэж үнэхээр хүнд байлаа Дундуур нь “チラシ” гэж сурталчилгааны хуудаснууд шургуулна. Учрыг нь олохгүй ээ, баахан манарна. Бүгдийг нь байкандаа ачиж аваад, айл бүрийн постууд рүү хийнэ. Айлуудынхаа хаягийг хөтөч дэвтэрнээсээ нэг бүрчлэн харах аядаад л, андуурч буруу хийх вэ гэж айж сандарна. Ядарсан үед сонин нугалах нь ч хэцүү санагдана. Сонин гарын аясаар нимгэн цаас юм шиг боловч нугалах нь хүртэл учиртай, гурав нугална, тийм хэмжээтэй нугална гээд дэг жаяг ихтэй. Буруу нугалах юм бол болохгүй, ахиад хийнэ.

СОНИНГИЙН АЖИЛТНЫ ӨГЛӨӨ НЬ ШӨНӨ 12 ЦАГТ ЭХЭЛДЭГ

Сонингийн ажилчдын өглөө гэдэг ойлголт шөнийн 12 цаг юм. Өглөө ингэж эхэлдэг. 12.20 цагт сонин ирдэг учраас 12 цаг гэж босоод жаахан юм идээд ажил руугаа жийнэ. Дугуйгаар таван минут яваад л ажлынх гадаа ирэхэд гадаа нам гүм, сүүлийн галт тэрэг зогсож, машин тэрэг татраад, хүмүүс дуг нойрондоо дугжирсан байна. Харин “сонингийнхон” ажлынхаа гадаа “Охаёо гозаимас(ү)” гэж өглөөний мэнд мэдэн инээмсэглээд, ойр зуурыг ярин зогсоно. Харин таван минутын дараа сонин ирэхэд хоорондоо ч ярих завгүйгээр тус тусын сонингоо ялган авч, харанхуй гудмууд руу уусан алга болдог билээ.

380 сонин нэг бүрийн голд сурталчилгааны хуудсууд хийж дуусаад байкандаа ачаад гарна. Анхны удаа тараахдаа ямар ямар айлд яаж очихоо ч мэдэхгүй учир, хөтөч дэвтрээ нааш цааш эргүүлсээр 04.00 цаг хүртэл явж, нар мандахтай зэрэгцэн гэртээ ордог байв. Үүр хаяараад л ирэхэд ажил дуусах дөхөж, бушуухан дуусгаад өглөөний хичээлээс өмнө нуруугаа түр боловч амраахыг хүснэ. Энэ үед хоёр, гурван цаг унтах нь дээдийн заяа. Үүр хаяарахад нэг юм дулаахан хөнжилдөө орсон би 07.00 цаг гэхэд босоод өглөөний цайгаа хальтхан ууж аваад сургуулийн зүг гарна. Хичээл хэдий 09.00 цагаас эхлэх ч түрүүлж очоод даалгавараа хийж дуусгана. Үгүй бол хичээлээ хийх өөр цаг олдохгүй шүү дээ. Тэр үед тун хичээнгүй ч байсан үе минь юм. Хичээл 09.00 цагт эхлээд 12.30 гэхэд дуусна. Хичээл дуусуут яг тогтсон цагт метрондоо амжиж суух ёстой учир нь өдрийн сонин тараалтын цагаас нэг минут ч хоцорч болохгүй. Ингээд 40 орчим минут метрогоор явах замдаа жаал дуг хийж, эсвэл хичээлээ харж амжина.

Өдрийн тараалт 13.30 цаг гэхэд эхэлж 15 цаг гэхэд дуусаад амарч болно. Ийм жаргалтай хуваарьтай амьдрал нэг сар үргэлжилсэн бөгөөд үүнээс хойш 15.00 цагаас хойш үргэлжлүүлэн өөр цагийн ажил хийхээр боллоо. Сүүлийн зургаан сард гэхэд өдрийн бүх хуваарь яг цаг минуттайгаа тодорхой байв.

00.20 цагт сонингийн газарт очно

00.30 цагт сонингоо аваад гарна

03.00 цагт сонин тарааж дуусаад гэртээ ирнэ

07.00 цагт босож хичээлээ хийж, бэнтогоо бэлдэнэ

09:00 цагт хичээлдээ ирсэн байна

12.30 гэхэд хичээл тарна

13.30 гэхэд сонин тараалтын ажилд гарсан байна

14:08 цагт метронд суусан байх ёстой

14:33 цагт метроноос бууна

14:35 цагт дараагийн ажлын автобусанд амжиж сууна

15:00 цагт ажил эхэлнэ

17:00 цагт оройн хоолоо иднэ

22:50 цагт ажил тарна

23:05 цагт автобус хөдөлнө

23:14 цагт автобуснаас бууна

23:16 цагт метронд сууна (энэ хооронд дэлгүүрээс жаахан юм авч иднэ)

00:20 цагт сонингийн газарт очно.

Энэ үед бүх юм дундаа яг хоёр хоёр л минутын зайтай үргэлжилнэ. Энэ хоёр минутад би гүйж автобусандаа эсвэл метрондоо амжиж сууна. Нэг минут л хоцорвол метроноосоо, автобуснаасаа, хоцорно. Метроноосоо хоцорвол ажлаасаа хоцорно, ажлаасаа хоцорвол бүтэн нэг цагийн цалин хасагдах бөгөөд урамшуулалтай өдөр урамшууллаа авч чадахгүйд хүрнэ. Тооцвол ганцхан минут л алдахад нэг цагийн хөлс, урамшуулалтай өдөр бол 100 гаруй мянган төгрөг салхинд хийснэ. Хичээлээсээ хоцорвол эсвэл тасдвал ирцийн хувьд асуудалтай болж, цаашид виз сунгах эсэх дээр маргаан үүснэ. Ийм л нарийн шаардлагаар хүмүүс хариуцлагад суралцдаг. Нэг ёсондоо ажил, гэр, хичээл, ажил, ажил, гэр, хичээл гэсэн маршрутаар дунд нь өдөртөө 4 цаг л унтаж явсаар хоёр жилийн ард гарав. Гэхдээ “Дөрвөн цаг гэдэг чинь багагүй хугацаа шүү” гээд бодож, сэтгэлээ бэлдэхэд үнэхээр л амраад амжчихдаг шиг санагдана. Сэтгэлзүй тийм л чухал ажээ.

СОНИНГИЙН АЖИЛ НАМАЙГ “ХЭН БОЛГОВ”

Сонингийн ажил их онцлогтой. Дандаа гадаа хийдэг ажил шүү дээ. Гэтэл Японы зуны улирал ямар билээ, гэртээ огт хөдөлгөөнгүй сууж байхад л хөлс цувж байдаг, дээр нь борооны улирал нь усан бороо тасралтгүй хэдэн өдөр асгардаг, чийгтэй өдрүүдэд нь модон ширээ хөлөрчихсөн байдаг. Өвөл нь ямар билээ, агаарын хэм хүйтэн мөртлөө дээр нь нэмээд хүйтэн бороо цутгачихдаг. Ийм өдрүүдэд бээрч ядаж байхад бээлийг бороо норгочихвол яаж ч чадахгүй болтол даарна. Сонинчид хүйтэн бороо, зуны халуун наранд тэвчээрийг алсуураа сурж байдаг. Үгүй ер нь ийм мэдрэмжийг цэрэгт байхад л авч байсан нь санагдана. Их хугацааны цэрэг ч биш л дээ, гуравхан сарын цэрэг. Гэхдээ л чамламгүй.

Аль ч газрын сонин тараалтад биднээс гадна ихэвчлэн л ганц бие, настай, егзөрдүү зантай Япон өвгөчүүд ажиллана. Дуу шуу тун цөөтэй байх нь ихэвчлэн. Гэхдээ манай ажлын Сүзүкисан, өмнө нь ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан Асокосан хоёр надад сэтгэл санаа болон эд материалаар маш их тус хүргэж байлаа. Тэр нэг дурсамж мартагддаггүй. Манай ажил дээр 40 орчим насны егзөр зантай нэг эр байв. Анх л намайг ажилд орсноос хойш Монголчууд ийм ч ургамал иддэг, тийм ч юм идэж уудаг гээд л намайг харах тоолонд үг хаяна. Анх ойлгодоггүй байснаа сүүлдээ бага багаар ойлгох болж, чимээгүй өнгөрөх бүрт доог тохуу хийж, үнэн худлын дундуур тоглоом шоглоом болгон элдвээр хэлнэ. Нэг өдөр бүр тэсэхгүй нөгөө хүнийг түлхээд авлаа. Тэр ч сүртэй асуудал болсонгүй тэгэсхийгээд л өнгөрчихөв. Маргааш нь ажилдаа иртэл өнөө хүн чинь учир зүггүй л уучлалт гуйгаад, уух идэх юмаар дайлаад л эхэлдэг юм байна. Би ч бүр гайхаж орхилоо. Тэгтэл харин Сүзүкисан цаашаа том захиралд хэл хүргэсэн байж. Анх ирсэн цагаас л дээрэлхэж, үг хаяж байсныг тэр хүн ч бас ажиглажээ. Сүзүкисан яг л аав ээж шиг минь нүдээр урдаас минь харах бөгөөд тэр өдөр сэтгэл санаа минь ямар байгааг, өлсөж, цангасан, сэтгэлээр унасан эсэхийг хэлүүлэлтгүй мэдэрчихдэг байлаа. Хэл ус ч үгүй намайг ганц мэддэг үгээ яаж ийгээд хэлэхэд л шууд хэлэх гэсэн санааг минь бүрэн ойлгож, тусалж дэмжинэ.

Хэл дуулаад, мөнөөх егзөр эрд сануулга өгсөн том захирлын тухайд. Шияачосан бол манайхаас гадна ахиад дөрвөн ч том сонингийн газар, Сайтама аймгийн хойд хэсгийг хариуцсан том албан тушаалтай хүн. Тэгэвч тун энгийн. Шөнөөр ирээд л сонингийн газрын хамгийн муу гэсэн ажлыг л бидэнтэй хамт хийгээд зогсож байна. Уншиж дууссан, хэрэггүй болсон сонинг “хогийн сонин” гэнэ. Энэ хогийг хураах ажлыг бид нартай мөр зэрэгцэн хийнэ. Ийм хүмүүс Монголд ч бий л байх. Гэхдээ л яг дэргэд байхаар нь бахархам, үлгэрлэм санагдана. Хүүхэд шиг л “Би том болохоороо энэ хүн шиг…” гэх нь холгүй бодлууд бодогдоно. Том ачааны машины чингэлэг дээр гараад зогсчихсон, хог хураагаад явж байгаа тэр захиралаас би энгийн байхад суралцаж байгаа юм. Японд ажлын газрын дарга захиралууд бүү хэл танихгүй хүн л бол хүндэтгэлийн үгээр ярьдаг учиртай. Харин захирал “Чи ажлаа л сайн хийж чадаж байвал хүндэтгэлийн үг хэрэггүй ээ, намайг найзаа гэж бодсон ч болно шүү” гэж хэлнэ. Ажилтнуудтайгаа ойртохын тулд тэр болов уу, дэндүү энгийн.

Захиралын энэ үйлдэл нөгөө талаар биднийг хийж буй ажлаа хэзээ ч муу гэж гололгүй, чин сэтгэлээс хийхийг сануулах санамж болон толгойд бууна.

Захиралаас гадна яг манай сонингийн газрыг хариуцсан нэг хүн бий. Вакүисан. Энэ хоёр жилийн хугацаанд Вакүисаны дороо ажиллахдаа үнэхээр алдаа гаргаагүй ажилласан уу гэвэл “үгүй ээ”. Алдаж оносон, ажлын хариуцлага алдсан, завсар зайгүй амьдрал дунд хоцорсон өдрүүд олон. Ихэвчлэн хурдтай байх гэж хичээснээс алдаа гарна. Энэ бүрд би өөрийгөө хүртэл загнамаар, дургүй хүрмээр үе бий. Харин Вакүисан эгээ л Будда шиг тайван царайгаар урдаас ширтээд “Дараа дахиж үүн дээр битгий алдаарай, хичээгээд хийгээрэй” гэж үнэн сэтгэлээсээ хүснэ. Ийм үг сонссон хүн итгэлийг нь алдахгүй гэж улам их хичээнэ. Хүнийг хүнээр нь биш өөрөөр нь загнуулдаг, уурладаггүй удирдагч байж болдогийг бас түүнээс харав. Нэг ёсондоо дэндүү зөөлөн аргаар хүний хүмүүжлийг “баздаг”.

Энэ нь гэхдээ хааяа хэтэрчих тохиолдол ч бий. Монголчуудыг шулуухан юмаа, хэлэх үгээ хэлчихдэг юмаа гэж тэд хэлнэ. Шулуухан хэлэхэд давруу юмаа л гэсэн. Би ч үнэхээр санал нийлнэ. Монгол хүн гүргэр шүү дээ. Хаана ч гүргэр гэдгээрээ алдартай. Олон ажил зэрэг хийгээд, бас гарт ороод ирэх цагт сонингийн тараалтаа эртхэн дуусуут ахиад их хэмжээний сонин нэмж өгч байгаа юм. Хэлснээр нь бүтэн сар хийж үзлээ. Харин бусад Япон ажилчид яг л 380 сонингоо хийсээр л байв. Тэд над шиг өглөө хичээлтэй, өдөр ахиад өөр ажилтай биш яарч сандрахгүй явсаар цагтаа тарааж дуусна. Ингээд тэд бидэнд нэг талаар зөөлөн хандангаа нөгөө талаар илүү их шахаж чаддаг байв. Үүнийх нь хариуд би бусдын адил л ажлаа хийх хүсэлтээ тавьсан юм. Хааяа өөрийн бодолтой хүн шүү гэдгээ мэдрүүлж байх ч чухал. Айхтар хүмүүс шүү, тэд.

Сайхан хүмүүс байхад ажлаас хойшоо суусан, залхуу хойрго, орилж хашгирсан Япончууд ч бий. Япон хүмүүсийн нийтлэг төрх нь уучлалт гуйж, инээмсэглэсэн, цэвэр цэмцгэр хүмүүс байх авч тэднийхээ сүүдэрт явдаг хэсэг бүлэг хүмүүс ч бусад улс үндэстэнүүдийн адил бий бий. Японоо алдсан Япон гэж бид хааяа тоглоно.

ШӨНӨ СҮНСНЭЭС АЙДАГГҮЙ ГЭЖ ҮҮ

Японыг их эвгүй, аюултай орон гэж ярьдаг шүү. Сүнс сүүдрээс эхлээд л зэвүүцэж жихүүцэм яриа ихтэй. Эмээ минь хүртэл энэ талаар сонссон шиг байгаа юм, ивий. Явахад Отгонтэнгэрийн рашаан гэж элс бий, янз бүрийн юм таарвал өргөж яваарай гээд өгсөн. Эхэндээ ч сонссон үзсэн аймшигтай зүйлс бодогдож үе үе жийрхдэг байснаа ганцаар амьдралд дасаад ирэх үед тоохоо болив. Нэг ёсондоо айдас гэж юу болохыг ухаж бодсоор ойлголоо. Айдас гэдэг сэтгэлийн л зүйл шүү дээ.

Харанхуй шөнө сонингоо тарааж явахад дуу чимээ гаруут л сэртэсхийж, шар үс босдог байснаа сүүлдээ “Үгүй ер нь хүн л амьдарч байгаа хойно дуу чимээ, хөдөлгөөн гаралгүй яах вэ” гэж бодох болов. Нүдэнд хар юм бөртийгөөд харагдсан ч тэр. Нэг нөхөр л тамхиа татаад зогсож байгаа биз дээ гэж бодоод өнгөрнө. Нөгөө талаар, яг л нэг газраараа хоёр жил явчихаар гэртээ явж байгаа юм шиг л дасчихна. Япон эмээ, өвөө нар чинь эвгүй шүү дээ. Шөнө гадаа сэгсийсэн үстэй, унтлагын цагаан хувцастайгаа тамхи татаад, салхилаад, биеэ хөдөлгөөд зогсож байна. Өгөхийн хооронд постны цаанаас татаад, чангаагаад авчихна. Юу ч бодоогүй явж байгаад тэгэхээр нь зарсхийгээд л явчихна. Ээдээ, тэр хүний бараагүй харанхуйд юу эсийг бодох билээ. Хааяа гэртээ байхад “Сүнсэнд даруулах” гээч юм болно. Гэсэн ч “Энэ их ачаалал дунд тархи минь амрахгүй байна даа” гэж аль болох бүх зүйлсийг эерэгээр, зөвөөр бодож амьдарсаар л явна.

Харин амьд хүнээс айх тухайд малтай ноцолдож өссөн монгол хүн болохоор харанхуй шөнө гэнэт дайрсан ганц, нэг Японыг батирчих байх гэж бодоод өөртөө итгэлтэй, айлгүй явдаг шүү. (инээв. сурв)

ЯПОНД ИРЭХ ЗАРДАЛ, ЦАЛИН, ӨР ТӨЛБӨР

Долоон сая орчим төгрөгийг багшлах хугацаандаа хуримтлуулан өөрөөсөө гаргаж, үлдсэн долоон саяыг өр тавьж байж ирсэн учиртай. Би тавдугаар ангиасаа хойш л бие дааж, бүх санхүүгээ өөрөө зохицуулж ирсэн учир өртэй байхыг тэвчдэггүй нэгэн байв. Дээр нь хэн ч надад туслахгүйг мэддэг болохоор мөнгө хуримтлуулах зуршлыг өөрийн болгож чадсан нь миний нэг авууштай тал. Зээлсан долоон сая төгрөгийн өрөө энд ирээд хоёр сарын хугацаанд л төлж дуусгах нь тэр. Японд ирээд тийм их мөнгийг ийм хурдан олчихдог гэсэн үг биш шүү. Зүгээр л хоол, цайныхаа мөнгийг хасаж, өөртөө ганц оймс шинээр авахгүй байж төлж дуусгасан гэсэн үг. Дотор минь “Өртэй шүү” гэх бодол дарамт үүсгэчихдэг учраас байж сууж тэвчдэггүй дутагдалтай. Тэгээд ч төрсөн эгчээсээ энэ мөнгийг зээлсэн учир бушуухан эргүүлж өгсөн дөө тун баярладаг. Ард минь байдаг ганц асаалттай танк минь учраас эгчийгээ гомдоож, итгэлийг нь алдахгүй байхсан гэсэн хүсэл минь ч тэр.

Сонингийн цалин сонингийн газраасаа, өдөрт нэг гарах уу, хоёр гарах уу гэх мэтээсээ хамаарч өөр байна. Манайх сардаа 116 мянган иэн гар дээр авна, үүнд миний сардаа нэг удаа нэмэлтээр сонин хураадаг ажил хийдэг төлбөр нь багтана. Үүнээс гадна сонингийн газраас нэмээд 50 мянган иэнийг сургууль руу сар бүр төлбөр болгон илгээнэ. Мөн сонингийн газар үнэгүй байр, унадаг дугуй олгодог гэж үзвэл сардаа нийт 200 мянган иэн буюу монгол мөнгөөр 5.4 сая орчим мянган төгрөг байдаг бололтой. Үүнээс гар дээр бэлнээр 3 сая орчмыг аваад хоол унд, тог цахилгаан, газ гэх мэтэд зарцуулна. Сонингийн газраа яг зөв сонгож орж чадвал басхүү тухайн хүн өөрөө тэвчээртэй, хатуужилтай хүн мөн л бол үнэхээр боломжгүй биш боломжтой ажил. Хоёр жил өдөр алгасалгүй шөнийн 12 цагт яг гозойж байх ёстой гэдгийг мартаж болохгүй. Сонинчид сард ганцхан өдөр л амарна. Сарын хоёр дахь долоо хоногийн даваа гарагт. Бусад ямар ч өдрүүдэд, ямар ч өвчин, ковид нөлөөлөхгүй. Өдөр алгасахгүй, өдөр шөнөдөө байк унах учир архи дарснаас ч хол байна. Ажил огт зогсохгүй. Энэ нь бид орлогоор таслахгүй л гэсэн үг. Сонингийн ажил энэ талаараа маш нэр хүндтэй, дайны үед ч сонингийн ажил зогсолтгүй үргэлжилж, хүмүүст хэл мэдээ дамжуулах ганц суваг нь болж байсантай холбоотой юм.

Одоо цаг минуттай уралдаж өнгөрүүлсэн хоёр жил ард үлджээ. Энэ бүх завгүй амьдралдаа дэндүү дассан учир хэтэрхий их завтай, чөлөөтэй байна гэдэг уйтгартай, гунигтай санагдана. Тиймээс боломж л гарвал залуусыг эцэг эхийнхээ гараас гарч, хүний нутагт ирж суралцаж, “нүдээ нээж”, “зовж” үзээсэй гэж хүсэж байна. Өч төчнөөн боломж бий шүү, өөрсдөө сэтгэл гарган судалж, тууштай байх л чухал юм. Тэгж чадвал боломж шил шилээ даран хүлээж байна.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

  1. з####ууст сургамжтай сайхан өгүүлэл байна хаана ч явсан монголчууд зовхи нь өөдөө ард түмэн шүү

  2. З####уус, хүүхдэд жинхэнэ сургамжтай амьдр####ын тэмдэглэл юм даа. Монголчууд бидэнд яг ийм амьдрах хэв маяг байж , улс орон маань илүү хурдан эрч хүчтэй хөгжих байхаа. Энэ хүү өөрөө ч бас маш хичээнгүй , уйгагүй хөдөлмөрч хүүхэд байна. Ийм бүтээлч амьдр####ын тэмдэглэлүүдээ монголчууддаа зориулан улам ихээр бичиж байгаарай. АМЖИЛТ хүсье.

  3. Мундаг байна, амжилт, тэмдэглэлээ хөгжүүлээд бичээд байгаарай, ирээдүй байна шүү, дахин амжилт

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button