Энэхүү нийтлэлийг та мөн сонсох боломжтой бөгөөд ЭНД ДАРЖ 40 минут үргэлжлэх "сонсдог нийтлэл"-д холбогдоно уу
Хүүхдүүд унтацгаажээ. Өдөржин уйлаан, шулганаан, орилоон чарлаанд чилээрхсэн энэ гэр бид хоёр одоо л нэг аниргүйтэй золгож, нуруу нуруугаа амраах гэсэн ч эсрэгээрээ “аниргүйн шуугиан”-руугаа живэн орох нь тохуутай. Хэзээнээс ингэтлээ түгшдэг болчихов.
Гурван жилийн өмнө гурав дахь хорт хавдартайгаа тэмцэж буй Мөнхтуяа гэж үзэсгэлэнт бүсгүйн түүхийг нийтлэчхээд, түүнийгээ эдгэнэ гэдэгт яагаад ч юм бат итгэчихсэн. Ингэж явахад минь харин амьдрал хатуухан “жавтий хүртээж”, жамын ертөнцөд анх удаа “үхтлээ” гомдож үзсэн билээ. Түүнээс хойш яагаад ч юм тэр бүсгүйн амьдралаар амьдраад, тэр бүсгүйн хийхийг хүсэж байсан зүйлсийг хийгээд л, амьдралд яаж яарч байсан шиг нь яарч, хэрхэн ихийг хийж бүтээхийг хүсэж байсан шиг нь бүтээж хийж, айж байсан шиг нь айж, эрүүл мэнддээ анхаарч, үр хүүхдэдээ цаг заваа сайтар зарцуулж, өнөө маргаашгүй “үгүй болчих” ч юм шиг амьдралын эцэс төгсгөлгүй тойрогт сөхөө авалгүй эргэлдэж байх нь тэр. Бичээч хүн нийтлэлийнхээ дүрд автах гэдэг нь энэ юмуу, мэдсэнгүй. Больё гэхнээ санаснаар болдоггүй нь юусан билээ. Дээр нь цахим амьдрал дунд зогсоо зайгүй, хүүхэд залуусын хавдарын мэдээнүүд хөвөрнө, тэр бүрт амьдралд улам их яарсаар, адгасаар, түгшсээр, өвдсөөр… Өдөр бүр ийн өвдсөөр, өвдсөөр, өр өвдсөөр, өрөвдсөөр, эмтэрсээр, элэгдсээр, элээгдсээр эцэст нь энэ.
Хулан бид хоёр
…Хуланг Токиод ирж “хөхний хорт хавдрын талаар” яриа өрнүүлэх үед нь амаржаад нэг сар гаруй хугацаа өнгөрч байсан учир уулзаж чадсангүй. Хоёр жил хагасын өмнө бид хоёр түүний Японд эхлүүлсэн спорт хувцасны брэндийн талаар ярилцаж би “Япон дахь Монголчууд” нэртэй эгэл хүмүүсийн тухай цуврал нийтлэлээ эхлүүлж байсан цаг саяхан. Гэтэл өнөөдөр бид хоёр ахин нэг цувралыг минь эхлүүлэхээр учран суух хувь ерөөлтэй байж. Энэ цуврал бол “Эдгэрэл”.
“Япон дахь Монголчууд” цувралын хэсгээс…
..би ганц бие ээжийн хүүхэд байсан. Таван нас хүртлээ өвөө, эмээ дээрээ өссөн намайг зургаан настайд ээж хүнтэй ханилж, би дүүтэй болов. Ээжтэйгээ бас хойд аавтайгаа амьдарч эхэлсэн үеэс би амьдрал гэгчийг жинхэнэ үзэж эхэлсэн санагддаг. Залуу хосуудын туулдаг олон бэрхшээлүүд тэдэнд минь тулгарч, түрээсийн байр, нийтийн байр, хоосон, хоолгүй өдрүүд, хадам, хажуу өрөө, цэргийн платкан майханд хүртэл бид амьдарч байлаа. Ээж байнга дэлгүүрээс юм зээлүүлнэ. Ургамалын тос грамллуулж авна. “Аавын цалин буухаар өгье гэж хэл” гээд л явуулна. Би жаахан байсан мөртлөө ургамалын тос зээлэхээр явах их л дургүй, зээлэхгүй, гуйхгүй гэж гөжүүдэлнэ. Тэгэх бүртээ дотроо “Ээж шигээ хэзээ ч ингэж амьдрахгүй дээ” гэж боддог байв. Зургаа, долоохон настай хүүхэд шүү дээ.
Ээж өвдөхөөсөө өмнө мөрөөдлийг минь биелүүлж циркэд оруулна гэж ярьдаг байв. “Гоё уран нугараач болчихоод олон орноор аялаарай миний охин” гэж захисан ч амлалтаа биелүүлж чадсангүй. Есөн настайд минь элэгний өвчнөөр намайг бас хорвоог орхин одлоо. Ээжийг өөд болохоос өмнө хойд аав ээж хоёр маань хоёр тийш болсон байв. Тиймээс ээж бид хоёр өвөөгийндөө амьдарч байсан бөгөөд ээжийгээ өнгөрсний дараа өвөөтэйгөө хэсэг хамт амьдрав. Гэвч сургуульдаа очиход хүүхдүүд эцэг эхгүй гээд шоолно. Өвөө маань насаараа цагдаа байсан хүн. Тэтгэвэрт гараад кинотеатрт 24/48 цагаар манаач хийж, амьдралаа авч явна. Шөнийн ээлжтэй үед нь би ганцаараа хононо. Шөнө айгаад өвөө рүүгээ утасдана. Тэр үед өвөө маань “Энэ хүүхдийг зовлон нэгтэй хүүхдүүдтэй нь хамт, сэтгэл амар, гэдэс цатгалан өсгөе. Намайг үхчихвэл энэ хүүхэд юу ч үгүй хоцрох нь...” гээд асрамжийн газарт өгсөн гэдэг. Ингээд би асрамжийн газрын охин болж, 18 нас хүртлээ тэндээ амьдарсан юм. /Хулангийн түүхийг үргэлжлүүлэн уншихыг хүсвэл ЭНД ДАРНА УУ/
Хорт хавдар
Одоо нэг өөрийн гэсэн амгалан, дулаан “өрөө”-г бүтээн, түүндээ амар жимэр сууюу гэтэл харин амьдрал түүнд ахиад нэг эвлэрэн, эдгэрэх шууданг илгээсэн нь хөхний хорт хавдар байж. Өнгөрсөн дөрөвдүгээр сард уг нь Монгол явж “Тавилан” нэвтрүүлгээр төрсөн аавыгаа олж, төөрөлдсөн тавилангаа тэгшитгэюү гэтэл гуравдугаар сард нь ийм мэдээ дуулчихав.. Монгол явах ч, аавыгаа олох ч худал боллоо…
-Таны юүтүб сувгаас хорт хавдартай гэдгээ анх хэрхэн мэдсэн тухай түүхийг сонссон. Хэрэв ахиад ганцхан сар тоолгүй орхиод Монгол явчихсан бол…гэж бодохоос дотор ахиад л түгшиж эхэлж байна шүү
-Нөхрийн маань ач.. Би хатуу юм байгааг нь мэдсэн ч эмнэлэгт үзүүлэх ёстой гэдгийг мэдэхгүй л яваад байж. Аз болж нөхөртөө “Энд нэг юм байх шиг байна” гэж хэлснээр бид эмнэлэг явж байв шүү. Яах аргагүй мэдлэг гэдэг чухал аж, хэрэв манай нөхөр мэдэхгүй байсан бол хоёулаа мэдэхгүй, эцсийн шатанд нь очсон байхыг ч үгүйсгэхгүй. Эргээд энэ талаараа бодоход үнэхээр аюултай санагддаг.
(Хулангийн хөхний хорт хавдраа анх хэрхэн мэдсэн талаар дэлгэрэнгүй бичлэгийг та Wildberry Buka юүтүб сувгаас сонсох боломжтой)
-Өвчнийхөө талаар яагаад нээлттэй ярих болов оо. Ихэнх хүмүүс өвчнөө чимээгүйхэн туулаад л явах юм…
-Надад маш олон эгч дүү нар байдаг. Манай эмээ гэхэд хоёр охинтой, ээжийн дүүгийн талаас хоёр охин, ойрын садангийн олон эмэгтэйчүүд эргэн тойронд минь бий. Би тэдгээр эмэгтэйчүүдийг бодоод их өрөвдсөн. Жишээлбэл, би генетикийн өөрчлөлттэй хүн гэдгээ өвчнөө оношлуулах явцдаа мэдсэн. Тэгэхээр манай аавын эсвэл ээжийн талын удамд аль нэгт нь хавдрын ген явж байгаа гэсэн үг. Тэр яваад байгаа хавдрын генийг үр хүүхэд нь авах магадлал 50 хувь байдаг юм байна. Би авчихсан байхад, манай дүү авахгүй байх магадлалтай. Тиймээс энэ талаар ярих хэрэгтэй, бичих хэрэгтэй гэж бодсон. Нөгөөтэйгүүр, өмнө хэлсэнчлэн манай нөхөр хэрвээ хавдрын талаар мэдлэггүй байсан бол би одоо хаана байх байсныг хэрхэн хэлж мэдэх билээ. Тиймээс хүмүүст мэдүүлье, мэдлэгтэй болгоё гэж үнэхээр их хүсэж байна. Хавдар судлалын үндэсний төвийн мэдээллээс харахад монголд хавдраа илрүүлж байгаа хүмүүсийн 80 хувь нь оройтож илрүүлснээс болоод амь насаа алдаж байгаа гэх. Ерөөсөө л мэдлэг, мэдээлэлгүйн асуудал байна шүү дээ. Тиймээс нэгэнт өвдчихсөн юм чинь өөрийгөө л бодоод гуниглаад суугаад байвал сэтгэл гутралд орно. “Яагаад би гэж, яагаад би өвдчихөж байгаа юм” гэсэн бодлоосоо цааш гарч чадахгүй, тэндээ л гацчихна. Харин эсрэгээрээ хэн нэгэнд тус болъё гэх сэтгэл, сэдэл төрчих л юм бол хэзээ ч сэтгэл гутралд орохгүй юм байна гэж ухаарсан. Энэ шийдвэрийг би өөрөө гаргасан. Нөхөр маань харин “Чи байнга ингэж хавдар яриад байж болохгүй ээ, чамд сайнаар нөлөөлөхгүй, ийм юм хамаагүй удаан ярьж болохгүй, чи үхчихвэл яах юм” гээд их л эсэргүүцсэн. Би бол тийм зүйлд итгэхгүй, чадах юмаа хүмүүсийн төлөө хиймээр байна гээд л эхлүүлсэн дээ.
Эдгэрэл
Хуланг хорт хавдрынхаа талаар өөрийн цахим хуудастаа анх бичсэн тэр цагаас хойш “жам ёс-зам мөр”-д гомдсон сэтгэл дахин хөндөгдөж, ялгүйхэн “тав тогтоод” байсан шархыг хорсолтойёо самардах шиг ахин айдас түгшүүрийн эргүүлгэндээ ороогдон орооцолдон ороодохов. Түүн рүү энх мэндийг нь асууж төвдөлгүй явсан өдрүүдэд түүний үс унаж, халзарч, тэгснээ буцаад ургаж эхлэхийг нь харав. Хулан маань эдгэрч эхлэжээ. Эдгэрэхдээ бүр гэрэлтэж эдгэрэв. Гэрэл нь намайг гийгүүлж, гийгүүлэгдсэн би бас түүнээр “эдгээгдэж” эхлэх нь тэрээ.
Ингээд л би түүнд ахин нэг удаа ярилцах санал тавьсан билээ…
-Монголчууд бидний дунд “Хавдар” гэдэг онош сонссон л бол найдлагагүй юм шиг айдас, түгшүүр тархчихаж. Хавдар гэдэг өвчин байхад “Хавдраас айх” гэдэг бас нэг тусдаа өвчин шиг л болчихсон, хүмүүс үхлээс, хавдраас айж байгаагаа цахим ертөнцөд илэн далангуй хуваалцдаг болсон байна.
-Тийм шүү.
-Ийм үед таны бичвэрүүд, бичлэгүүд надад “эдгэрэл” болж байгаа. Нэг тийм гэрэл гэгээ…
-Тийм гэж үү, баярлалаа.
-Уг нь эсрэгээрээ л байх ёстой юмсан. Та сэтгэлээ яаж ийш чиглүүлсэн юм бэ, ийш гэдэг нь илүү гэрэлтэй, гэгээтэй зүг рүү…
-Би Цогтын Амгалан багшаас сэтгэлзүйн трэйнинг аваад их удаж байгаа. Багш миний тухай сонссон даруйдаа л “Би чамтай ярилцъя” гэсээр шууд л холбогдсон. Багш надад буддын сэтгэлээр өөрөө өөрийгөө засах бясалгал санал болгосон. Гэвч хавдрыг зөвхөн сэтгэлээр эдгээхгүй шүү дээ.
Хавдар үүссэн тэр үйлийн үрийн шалтгааныг энэрэл нийгүүлслээр эдгээнэ гэж Бурханы шашинд үздэг юм байна. Их энэрэх сэтгэл төрүүлэх юм бол зам мөр нь засагдана. Гэхдээ энэ насны асуудал биш л дээ. Сэтгэлийг зөв замд нь гаргана гэсэн үг. Би энэ бясалгалыг хийснээр хааяахан сүм хийдэд зочилбол бусдын төлөө залбирдаг болсон. Өмнө нь өөрийнхөө төлөө болон өөрт хамааралтай зүйлсийн төлөө л залбирдаг байж шүү дээ. Сэтгэл илүү уужуу, тэнүүн болсон. Мөн ээжийн минь дүү, эмээ нар эмчилгээнд явах болгонд л “Эмчилгээтэй өдөр юм байна, сайн даваад гараарай, чи чадна шүү” гэх. Хадав аав, ээж минь тувт л ярина, нөхөр бол үргэлжид хамт. Аавын маань хоёр эгч, дүү, ихрийнх нь охин бүгд сэтгэл санаа болон санхүүгийн хувьд намайг үргэлжид дэмжиж ирсэн. Тэднээс минь гадна японд байдаг эгч ах нар, найзууд, танихгүй хүмүүс, ангийнхан, Шинэ Монголынхон бүгд л надад сайн сайхныг харамгүй харуулж, мэдрүүлсэн. Ийм олон хүний тусламжийг авахаар шантрах эрхгүй л болдог юм билээ.
Ингэхэд хоёулаа хоёр жилийн өмнө ярихад би чамд аавтайгаа уулзаагүй гэж хэлж байлуу.
-Хэлэлгүй яах вэ? Та өөрийгөө ганц бие ээжийн хүүхэд гэж хэлж байсан шүү дээ.
-Тэгвэл хавдартай болсныхоо дараа аавыгаа олж, аавтай болсон. Аавын талынхан, аавын эгч дүү нартай танилцсан. Манай аав мөн ихэр, тэр ихрийнх нь охин гэж яг надтай нэг онд төрсөн, надтай амьдрал замналын хувьд олон талаар төстэй, өөрийнхөө “өрөөсөн” ч гэмээр тийм ойрын хүнээ олж авсан шүү. Хагас жилийн дотор яасан их зүйл өрнөө вэ.
-Танд эвгүй биш бол аавыгаа хэрхэн олсон талаар түүхийг тань сонсохыг хүсэх юм?
-Ммм… Өнгөрсөн дөрөвдүгээр сард би Монгол явж, “Тавилан” нэвтрүүлэгт оролцохоор хөтлөгч эгчтэй нь тохирчихсон байсан юм. Манай аавыг олж өгөөд, би нэвтрүүлгээр гарахад ямар ч асуудалгүй гээд ярилцсан. Атал яг явахын даваан дээр буюу сарын өмнө л хавдартай гэдгээ мэдчихэж байгаа юм. Ингээд билетээ ч цуцалж, аавыгаа олох нэвтрүүлэгт хавдрынхаа улмаас оролцох боломжгүй болсноо ч дуулгасан. Гэтэл удалгүй манай аавыг нагац эгч маань фэйсбүүкээс олчихсон /инээв. сурв/. Манай эмээгийн талын хамаатнууд дотроос аавын талын эгч нартай найз хүмүүс байж таарсан, ингээд найзын найзын найз гэж хөөж явсаар манай аавыг олж л дээ.
-Мөрдөгч эгч байна шүү дээ.
-/инээлдэв. сурв/ Нагац эгч, ээжийн минь дүү “мөрдөж” олж өгсөн нь энэ юм. Ингээд л аав руу би фэйсбүүкээр нь бичиж, шуудхан л холбоо барьчихсан. Аавыг өөр хүнтэй гэр бүл зохиосон гэдгийг сонссон. Эхнэртээ миний талаар хэлсэн эсэхийг мэдэхгүй учраас хүнийг эвгүй байдалд оруулж болохгүй, тиймээс “Та ярилцах боломжтой байна уу, би юм асуух хэрэгтэй байгаа юм” гэснээр бидний яриа эхэлсэн дээ. Ааваас гол нь тэдний талд хөхний хавдартай хүн байдаг эсэхийг магадлалах нь тун чухал байлаа.
-Тэгвэл та хоёр хараахан уулзаагүй байгаа байх нь ээ…
-Бид хоёр интернэтээр бол холбогдчихсон байгаа. Харин ирэх жил эмчилгээгээ дуусгаад эмээ аваад монгол явж болно, тэр үед амьдаараа уулзаж, дараа нь аавыгаа мөн японд авчрахсан гэдэг бодол бий. Аав маань одоо өдөр бүр зурвас бичиж, бие асуун санаа тавина. Аавтайгаа холбоо барьснаас хойш би чинь доороо дахиад гурван дүүтэй болж таарсан шүү дээ. Хөөрхөн охин дүүтэй болсон.
-Сайхан юмаа…
-Тиймээ, их баяртай байгаа.
-Цогтын Амгалан багш уучлал нигүүлслийн талаар их өгүүлдэг. “Миний амьдралыг ийм болгосон” буруутанг бид яаж ийгээд заавал олж, буруутгаж байж санаа амраад байдаг шиг. Гэтэл та өнгөрсөн жилүүдэд орхиод явсан аавдаа гомдсон тэр гомдлоо хэрхэн эдгээж, уучилсан юм бэ?
-Багшийн “Очирын бороо” гэж аавтай холбоотой сургалт байдаг. Хорин хэдтэй Хуланд үнэнийг хэлэхэд аав, ээж гэдэг ойр сайхан үг байгаагүй, угаас түүнийгээ тоодогч үгүй. Харин багшийн сургалтаас хойш эрэгтэй хүнийг ойлгон, хайрлаж, алдаатай оноотой адилхан л хүн юм, амьдралд надтай л адил төөрчихсөн явсан орь залуухан хүүхдүүд байж дээ гэж хайрлаж эхэлсэн. Аав ээж хоёр минь их залуу даа учирсан хүмүүс юм. Одоо 20, 21 настай дүү нараа харахаар ёстой л “Би хаана байна аа” гэсэн улс яваа харагдана. Өөрийгөө ч сайн ойлгож эхлээгүй тийм жаахан үедээ хүүхэдтэй болчихсон. Хүүхэд нь би байсан. Тэгээд л боллоо. Сэтгэлзүйн хувьд ийм шатанд аваачих суурийг Амгалан багш хийсэн.
Үүнээс гадна хавдрынхаа дараачаас би бясалгалд шимтэж эхэлсэн. Хавдартай хүн чинь юунд ч их итгэдэг болчихдог юм шүү дээ. “Ийм бясалгал чамд дэм болно” гэвэл өмнө нь “За ойлголоо” гэчхээд л мартчихна. Харин хавдартай хүн бол тэр оройноос нь шууд л хийгээд эхэлнэ. Энэ бясалгал минь энэрэл нигүүлсэл төрүүлэх учиртай. Нэгэнт би хавдартай болчихсон учраас ойр тойрныхоо хүмүүсийн хавдар тусах эрсдлийг өөр дээрээ авъя, “Би өмнөөс нь өвдье” гэх бодийн сэтгэлийг бүтээх бясалгал юм. Нэмж хэлэхэд, энэ үеэрээ би мөн Гавж Д.Нямсамбуу гуайн “Oxford Mindfulness” гэх бясалгалд сарын хугацаанд хамрагдсан маань маш их үр дүнтэй байсан. Тэндээс сэтгэлээр унахгүй байх аргад суралцсан.
Ингээд бодохнээ… Амгалан багштай учирсан нь ч тэр, хавдар туссан нь ч тэр ер нь зүг чигээ олохгүй явсан нөхрийг зөв зам дээр нь гаргачихсан шиг санагдах болсон. Аавын гомдол, ээжийн уй дотор байхгүй биш байсан аж. Энэ гомдлууд тайлагдаад эхлэхэд хүн алсын хараатай болж, “би одоо цааш яах вэ, би одоо юу хийх вэ, өөрийгөө яаж энэ нийгэмд хэрэгжүүлэх вэ” гэдгээ харж эхэлсэн. Өмнө нь аав ээждээ гомдсон гомдолдоо ороогдоод, хүлэгдээд, өнгөрсөндөө буруу өгсөөр урагш харж чадахаа больчихсон байж. “Би тэр хүмүүсээс л болж ийм амьдарч байгаа” гэх тэр уяа, гомдлын хүлээс. “Би гомддоггүй, би тоодоггүй юмөө” гэж бодоод л явдаг сан. Үнэхээр ч тийм санагддаг байсан атал начир дээрээ юм болгонд л гомдсон хүүхэд шиг сэтгэлзүйгээр ханддаг байснаа одоо хүлээн зөвшөөрсөн. Аав ээждээ гомдсон хүүхэд авахыг л хүсдэгээс өгөхийг хүсдэггүй шүү дээ.
-Та өөртөө хүртэл итгүүлж чадсан болохоор хэцүү үеийг давж чадсан юм болов уу…
-Магадгүй. Хавдартай гэх онош сонсоод манай нөхөр унтаж ч чадахаа больчихсон. Үнэнийг хэлэхэд надаас илүү хямарсан. Эсрэгээрээ би нөхрөө сэтгэлийг нь өөд нь татах юм болж байсан шүү /инээв. сурв/. “Зүгээрээ би үхсэн ч амьдрал цаашаа үргэлжилнэ, чи цаашаа амьдарна” гэж түүнд хэлнэ. Хүний амьдрал чинь их сонин юм. Нөхрийн минь аав ээж хоёр хоёулаа байдаг, хагацлын зовлон үзэж өссөн миний хажууд хараахан хагацал үзээгүй хүн байсан. Тиймээс “хавдартай” гэх нэг ижил мэдээ бид хоёрын сэтгэлд тэс өөрөөр нөлөөлсөн. Тухайлбал, би ээжийгээ алдсан, хайртай олон хүнээ алдсан, ааваасаа хол уулзалгүй өссөн, өвөөгөөсөө сүүлд хагацсан гээд л хатуу гараар өсөж өндийсөн охин. Тэгэхээр надад өөрөө өвдөх бол айхтар сэтгэл гутралд орох зүйл биш. Энэ байтугай хэцүүг би даваад л гарчихдаг, өмнө нь үүнээс ч хэцүүтэй нь тулгарч л байсан, болдог л юм чинь болно” гэсэн сэтгэхүйтэй. Харин манай нөхөр маш хүндээр хүлээж авсан. Одоо нөхөр маань надад байнга л шүүс шахаж өгнө, үргэлж сэтгэлээр дэмжинэ. Үс унахад “Чи ямар гоё толгойтой юм бэ” гээд л сайн сайхан зүйлсийг олж харж, жижиг зүйлсээр намайг сэргээсээр л байдаг. Хүн болгоны үзэж туулсан зүйл адилгүй шүү дээ, тэр хүн заавал зовж байж намайг ойлгох албагүй, өөрийнхөө хэмжээнд намайг ойлгож, дэмжиж байгаа нь л талархалтай.
Хавдрыг даван туулсан хүмүүс өөд болсноосоо илүү их
- Хавдрыг даван туулсан хүмүүсийн тоо өөд бологсдынхоос их.
- Миний хавдар тархи руу үсэрхийлэх магадлал 5 хувийн магадлалтай.
Дээр бичсэн хоёр баримтын аль талд нь илүү төвлөрөх вэ гэдэг миний сонголт юм. НЭГ. Үхнэ гэдэг дээр нь төвлөрөх үү, эсвэл олонх шиг эдгэнэ, даван туулна гэдэгт төвлөрөх үү… ХОЁР. Тархи руу үсэрхийлэх 5 хувийн магадлалд төвлөрөх үү, үсэрхийлэхгүй байж болох 95 хувьд нь төвлөрөх үү?
Хавдартай гэдгээ нээлттэй хэлснийхээ дараа миний эргэн тойронд л гэхэд ямар олон хүн хавдар туссан бас эдгэсэн байгааг олж мэдсэн. Тэд зүгээр л өвчнөө хэлж ярьдаггүйгээс бид хавдар туссан ихэнх хүн эдгэдэг гэдгийг мэддэггүй юм байна шүү дээ. “Өө би бас өндгөвчний хавдартай байсан, ходоодны хавдраа даван туулсан” гэх сэтгэгдлүүд хөвөрч байгаад нь талархмаар. Хавдар бол яах аргагүй үнэхээр түгээмэл болчихсон юм байна. Үүнийг дагаад хавдрыг эмчлэх орчин үеийн эмнэлгүүд ч үнэхээр сайн болчихсон, ихэнх хавдрыг эмчилдэг болчихож. Тиймээс хавдар туссан бол айлгүй эмчилгээндээ л ор” гэж Хулан ярилцлагын үеэр нүдээ гялалзуулан ярив.
Нээрэн л Монголын хэвлэлүүдээр “Хавдрын эмнэлэг ийм аймар байна, ийм муухай байна, тэр ч хавдар туссан, энэ ч хавдраар өөд болж гэнэ” гэх мэдээллүүд ар араасаа хөврөнө. Цахим ертөнцөд ялгаагүй, улаанбаатар үхлийн хөндий болж гэнэ, уух ус нь идэх хүнс нь хор болж гэнэ гэх үхлийн мэдээнүүд өөд уруугүй урсана. Хавдар тусах л юм бол тэр хөндийд тэгээд чимээгүйхэн үгүйрэхээс өөр замгүй мэт айдсын хөндий болчихож. Хавдар туслаа гэх мэдээг Улаанбаатарын иргэн, Токиогийн иргэн хоёр сэтгэлзүйн хувьд тэс өөрөөр хүлээж авна. Мэдээж эрүүл мэндийн систем, даатгал, технологийн талд харьцуулашгүй ч гэлээ гол нь эндэхийн хүмүүс “Эдгэж болдог өвчин” гэх сэтгэлзүйтэй байгаа нь тунчиг чухал. Энэ л сэтгэлзүй рүү Хулан биднийг хөтөлж буй юм.
Японыг Монголтой харьцуулахад хүн амын хувьд хэдэн зуу дахин их шигээ, хавдартай хүний тоо нь ч төдий чинээ их. Тэдгээр хүмүүс гол нь хавдраа эмчлүүлэнгээ энгийн амьдралаараа амьдран, ажлаа хийж, дасгалаа хийж, иогаадаа явж л байна. Монголд ч ялгаагүй тийм хүмүүс бий гэдгийг бид хэтэрхий мартчихаж. Энэ дэд сэдвийн эхэнд дурьдсан шиг бид баримтын аль талд нь илүү их төвлөрөх вэ гэдэгт Хулан маань биднийг хөтөлж буй юм.
-Таны бие ойрдоо ямархуу байна?
-Ядрангуй биш. Амралтын өдрүүдэд бүр Осака яваад ирсэн шүү. Ингэж явахдаа өдрийн 25 мянга алхсан. Өмнө нь химийн эмчилгээний үед хоёр цаг ч алхаж чадахгүй, хэвтмээр л санагдаад байх. Одоо бол энгийн хүн шиг дасгалд яваад, саяханаас иог болон бассейнд явж байгаа. Хавдар байсан газраа сайтар хөдөлгөж байхгүй бол булчин нь тэндээ хатингаршчихдаг, насаараа хатангаршсан булчинтай болж магадгүй учраас эмч нар гэрээрээ сайн дасгал хий гэж зөвлөдөг юм билээ. Дээр нь сая хавдрын эхэн үед хоолны дэглэм бариад гурил, чихрээ 100 хувь хассанаар 10 кг турсан. Хэд хоногийн өмнөөс өнөө айхтар хоолны дэглэмээ барихаа болиод энгийн хоолны дэглэм рүү шилжтэл буцаад хөөрхөн таргалаад эхэлсэн.
Түүний хагалгаанд орох өдрийн богино бичлэгийг ЭНД ДАРЖ үзнэ үү
-Энгийн амьдралдаа шилжсэн гэснээс та хавдартай гэдгээ мэдүүтээ бүтэн жилээр сунгуулчихсан байсан халуун иогийн эрхээ цуцалчхаад, дараа нь харин ч бүр хэрэгтэй байсныг нь мэдээд ихэд харамссан гэж байсан шүү дээ. Иогт явахад үнэхээр зүгээр гэж үү? Уучлаарай, бидний хавдрын талаар ойлголт “Халуун иогийнхоо эрхийг цуцалсан өмнөх Хулан”-тай л адил байгаа шүү дээ.
-Би ч мөн анх удаа л хавдартай болж байгаа учраас химийн эмчилгээгээр яадаг ийдгийг сайн мэдэхгүй л байж. Минийх хавдрын эхний шат байсан учраас манай эмч паксидал буюу арай хөнгөн химийн эмчилгээг надад санал болгосон. Гэхдээ хөнгөн гэдэг нь сөрөг нөлөө, гаж нөлөө бага гардаг боловч яг миний эхэн үеийн хавдарт зориулсан эмчилгээ болохоос, химийн эмчилгээнийх нь дозыг бууруулсан гэсэн үг биш. Тэгэхээр хавдрынх нь төрлөөс шалтгаалаад ямар химийн эмчилгээ хийх вэ гэдгийг сонгодог байх нь. Булчирхайнд ороогүй, хавдрын тархалт бага, хөхөндөө л байсан учраас надад айхтар хүчтэй эмчилгээ хийх шаардлагүй гэж үзсэн дээ. Манай нөхөр намайг хавдартай гэж мэдсэнийхээ дараа хүмүүсээс сонсож, уншсанаа бодоод “хавдар, химийн эмчилгээ гэдэг хэцүү, иогад явж чадахгүй, больчих” гээд цуцласан ч сүүлд нь харамссан. Бараг дасгал хийж байсан нь сайн гэхээр нь бараг уур хүрсэн шүү /инээв. сурв/. Гэхдээ манай гэртэй ойрхон иогийн газар саяхан нээгдчихсэн, заавал машин барьж хол явах шаардлагагүй боллоо гээд сайн талыг нь хараад л сууж байна.
Химийн эмчилгээний өрөөнд…
Хавдар, химийн эмчилгээ гэхээр л нээрэн эмнэлгийн өрөөнд малгай өмсөөд сууж байгаа солонгос киноны жүжигчин төсөөлөгдөхөөс бидэнд үнэхээр төсөөлөл алга. Шарлага хийдэг аппарат байдаг юм болов уу эсвэл өдий төдий урт зүүгээр хатгаад л айхтар өвддөг тариа тарьдаг юм уу, химийнх гэхээр их л аюултай байж таарна, орчин тойронд нь хүн байж болохгүй учраас хаалттай хаалганы цаана тусгаарлаж байгаад хийдэг юм уу, хортой болоод л үс нь унаж эхэлдэг байх даа… гэх “хүүхдэрхүү бодол” үнэндээ бидэнд бий. Хавдраас баахан айсан улс л байх атал үнэндээ эрүүл мэндийн боловсролоо гаргаж ирээд харуулж болдог бол мэддэг хүнийх нь дургүй хүрмээр…
-Химийн эмчилгээний өрөөгөө та бидэнд дүрсэлж өгөөч..
-Анх хавдар тусчихаад их л олон сар эмнэлэгт хэвтэх юм байна даа гэсэн ойлголттой байсан. Гэтэл одоо үнэхээр хүндэрчихээгүй л бол хавдрыг өдрөөр эмчилдэг болчихсон, заавал эмнэлэгт хэвтэх шаардлагагүй. Эмчилгээ нь гадуур эмчилгээ гэж явна. Манай хавдрын эмнэлэг хоёрдугаар давхартаа хавдрын тусгай тасагтай. Тэнд оруут сувилагч надаас “Эмчилгээгээ орон дээр хэвтэж хийлгэх үү, сандал дээр сууж хийлгэх үү” гэж асууна. Орон дээр хэвтэхийг сонговол хөдөлдөг, дээшээ хэвтэж босдог, хөнжилтэй, дэртэй тухтай газар руу алхсаар ирнэ. Зарим хүмүүс өөрсдөө гэрээсээ дэвсгэр, хөнжлөө аваад ирсэн харагдана.
Химийн эмчилгээ гэдэг ердөө 250 мл-ийн дусал л юм шүү дээ. Зарим хүмүүсийнх онцлогоосоо шалтгаалаад өөр өөр өнгөтэй байж болно, минийх бол ус шиг л дусал байсан. Судсаар дуслаа хийнэ, түүний хажуугаар бөөлжис зогсоох эм, гэнэт халуурахыг зогсоох эм, мөн миний хувьд уургийн үүсгэвэртэй хавдартай учир түүнийг зогсоох байн эмчилгээ /targeted thyrapy/-г хийлгэнэ. Энэ ч мөн 250 мл “ус”. Бүгд л судсаар орно. Судсаар орохоор цусан дотор байгаа бүх л амьд зүйлсийг устгаад байгаа гэж ойлгоно, үүн дотор хавдрын эс ч явж байгаа, үс, арьс, ясны эсүүд, цагаан эс, дархлааны эс ч явж байгаа, тэднийг бүгдийг нь л устгачихдаг гэсэн үг юм. Тиймээс айхтар хор бие рүүгээ хийлгээд, аймар зүйл болоод байгаа юм биш. Би эхэндээ орон дээр хэвтэж хийлгэдэг байснаа, яваандаа дассаар 1 цаг хийдэг байсан дуслыг 45 минут болгож багасгаад, одоо бол 30 минут л хийлгэдэг болсон. Үүний араас мөн гуурсан доторх бүх эмийг дотогш оруулахын тулд 5 минут ус явуулдаг юм билээ. Ингээд жаал хэвтэж амарч байгаад л гараад ирнэ дээ. Ерөнхийдөө Японы эмнэлгүүд үйлчилгээ сайтайг та бүхэн мэдэх байх, сувилагчид нь ирээд л бие асууна, ямар байна, яаж байна гэж асууж сураад компьютертоо тэмдэглэнэ. Үүний хажуугаар биеийн халуун байнга үзнэ. Халуунтай бие рүү химийн эмчилгээ хийдэггүй болохоор тэр шүү дээ. Мөн бүх эм тариан дээр нь нэрийг нь биччихсэн ирдэг, хийхийн өмнө заавал харуулна, “Энэ таны эм, он сар өдөр нэр чинь таарч байна уу” гээд өөрөөр минь давхар нягтлуулна, өөр бусдынхтай солигдож болохгүй. Манай Монголд химийн тариагаа хувиараа хайж олоод хийлгэх тохиолдол их юм билээ. Японд бол тийм зүйл байхгүй, өөрсдөө бүх зүйлээ хариуцаж хийгээд, хог хаягдлыг нь хүртэл аваад үлддэг. Миний оролцоо огт шаардлагагүй байдаг.
Гэхдээ байна аа, хавдрын эмчилгээ гэдэг маш олон янз. Хүн болгон энэ химийн эмчилгээг хийлгэх үү гэвэл үгүй, хөхний хавдар гэхэд дотроо маш олон төрөл, дотроо гармоны, уургийн гэх мэт таван өөр үүсгэвэртэй. Гармоны үүсгэвэртэйд нь жишээ нь химийн эмчилгээ хийддэггүй. Тэдэнд химийн эмчилгээ үйлчилдэгггүй учраас дааврын эмэн эмчилгээнд ордог. Надтай хамт хэвтэж байсан гурван эмэгтэй гурвуулаа хөхний хавдартай мөртлөө химийн эмчилгээнд ороогүй байх жишээтэй. Миний хувьд цусанд хавдар үсэрхийлсэн байх магадлалтай тул химийн эмчилгээнд орсон онцлогтой хүн юм.
Санхүүгийн дэлгэрэнгүй мэдээлэл. Хулан япон улсад таван сарын турш эмчлүүлсэн эмчилгээний зардал нийт 90 гаруй сая төгрөг болсон. Япон улсын эрүүл мэндийн даатгалын тогтолцооны дагуу төлбөрийн 30 хувийг нь л хувь хүн өөрөө төлж барагдуулах ёстой байдаг. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд түүний хийлгэсэн эмчилгээний нийт төлбөр 90 сая орчим төгрөг гэвэл Хулан өөрөө 20 гаруй сая төгрөгийг нь төлсөн гэсэн үг юм. Харин одоо 21 хоногт нэг удаа хийлгэдэг эмчилгээний зардал нь дунджаар 500 мянгаас 1 сая төгрөгийн хооронд хэлбэлзэж байна.
-Таны үс унаад нилээн шингэрчихсэн байх үедээ инээчихсэн бичлэг хийж байхыг хараад нэг тийм гэхийн тэмдэггүй мэдрэмж төрсөн шүү…
-Японд бол үсийг яг өөрөөр нь унагахыг зөвлөдөг юм билээ. Жижиглэж тайрсан үс унахдаа хоол унд руу орохоос эхлээд цэвэрлэж түүхэд ч төвөгтэй юм байна. Тиймээс уртаараа унавал илүү дөхөм гэж. Гэвч үс унана гэдэг маш удаан явцтай. Нэг дор л гэнэт уначихгүй, өдөр өдрөөр л туг тугаар унадаг. Тэгэхээр тэрийг өдөр тутамд харж сэтгэлээ өвтгөхийг хүсээгүй, нэг л өдөр би хусахаар шийдсэн, тэгээд хуссаныхаа дараачаас бичлэг хийж эхэлсэн.
-Саяхан та АНУ-руу явж хөхний хавдрыг даван туулсан болоод даван туулж буй бүсгүйчүүдийн цугларалтад яваад ирсэн шүү дээ. Тэнд байдал ямар байна вэ, та тэнд юу мэдрэв?
-Үсээ унасныхаа дараа би японд малгай өмсөөд л яваад байсан. Америкт очих юм бол эрх чөлөөтэй, хүссэнээрээ байдаг юм чинь би малгайгүй явна гээд л нөхөртөө хэлж байв. Гэтэл яваад очтол байдал миний төсөөлснөөр байсангүй. Ийм богино үстэй эмэгтэйчүүд маш цөөхөн харагдсан, ихэнх нь ийм үстэй байвал одоогийнхоор LGBT болоод явчих магадлал өндөр, эсвэл нас өндөр болсон эгч нар арчлахаас илүүтэй богиносгохыг сонгосон нь ийм байна. Америк гэхээр л бүх юм нээлттэй өөр гэж бодож байсан минь эндүү ташаа байж. Цугларалтын үеэр нэгэн бүсгүйтэй яриа дэлгэвэл “Химийн эмчилгээнд орсноос үс нь унаж, хуссан нэгэн ээжийг хүүхдүүд нь “Та битгий сургууль дээр ингэж ирж байгаарай” гэж хэлсэн гэнэ. Үсээ хуссан, богино үстэй ээжээсээ сургуулийн хүүхдүүд нь ичих, санаа зовох тохиолдол Америк ээжүүдэд их байдаг гэж хэлэх нь тэр. Мөн хөхний хавдартай болчхоод хөхөө авахуулахаасаа ичдэг хүмүүс ч их байдаг юм байна. Гэхдээ эсрэгээрээ хоёр хөхөө авахуулчихсан эмэгтэйчүүд арга хэмжээнд цамцгүй ирчихсэн, зарим нь тэндээ маш гоё шивээстэй ч байх шиг. Зарим нь харин энэ чигээрээ халуун усны газар орохоосоо ичдэг байх жишээтэй. Үнэхээр сонин нийгэм. Чөлөөтэй шиг боловч чөлөөтэй бус.
Миний хувьд одоо нэг л хөхтэй шүү дээ. Халуун усны газар ороход япончууд соёлтой болохоор хүн рүү хэзээ ч ширтэж харахгүй. Мэдээж зөрөөд өнгөрөхөд нүд тусаад харах нь тодорхой, гэхдээ хэзээ ч үргэлжлүүлээд ширтэхгүй. Ингээд Америк явж ирснийхээ дараа, өөрийгөө ч, өрөөл бусдыг ч харахад “бүх эмэгтэйчүүд адилхан л юм байна” гэж бодсон. Бүх эмэгтэйчүүдэд ямар нэгэн комплекс байна. Жижиг хөхтэй нь жижигхэн хөхнөөсөө санаа зовдог, хэтэрхий том нь том байгаагаасаа тээршаах нь тээршааж, ичих нь ичдэг, бүр түүнийгээ жижигрүүлж хагалгаанд орж, сойлгоно. Хавдартай хүн хавдраасаа болж зовно. Хүн бүрийн зовлон харин өөр өөр өнгөтэй аж. Энэ зовлон хаа ч ялгаагүй, Америкт ч, монголд ч, японд ч тэр ижил юмсанж.
Эвлэрэл
“Нэг өдөр усанд орж байхдаа суганых нь ойролцоо хатуу юм байгааг олж мэдээд эмнэлэг явсан. “Өөрчлөлттэй эс байна” гэдэг шинжилгээний хариуг сонсоод үнэндээ айгаагүй, харин нөхөр минь бүр нойргүйдчихэв. Удалгүй хөх рүү хоёр ч удаа урт зүү хийж хавдрын шинжилгээ аваад “Хортой хавдар” гэдэг нь баталгаажсан цаг саяхан шиг санагдана. Үнэндээ энэ хариунд нь итгээгүй, ямар нэгэн онош нь буруу гарч дээ, тэгж байгаад “Зүгээр байсан байна, андуурчихаж” гэсэн хариу ирнэ гэдэг найдлага тасраагүй. Тийм болохоор эмнэлгээ сольж MRI хийлгэж үзэв. Харамсалтай нь яах аргагүй тэнд “хавдар” тодроод гараад ирсэн. Аз болоход эрт мэджээ. Эхлээд хэл сайн мэдэхгүй гэж өөрийгөө голоод япон найз эгчийгээ, нөхөртэйгөө дагуулаад л эмнэлгээр явна. Гэтэл нэг өрөөнөөс, нэг юм сонсоод гарч ирсэн гурав гурван өөр ойлголттой болоод гараад ирэх нь хачин. Мөнөө хэл ус муу гэж өөрийгөө голж байсан Хулан “өөрийнх нь хавдар” юм болохоор яаж ч юм бүү мэд, хамгийн сайн ойлгочихсон байх нь хачирхалтай. Ингээд тэр үеэс л өвчнөө хүнд найдалгүй, “гартаа авсан” юмдаа. Харин хавдрын сэдвийг нэгэнт ил гаргаж эхэлснийх ажил болгохыг хүсэж зорьж байна. Ажил болгохын тулд өөрийгөө хөгжүүлж, гадаад дотоодын хавдрын сургалтуудад суун хүнд хэлээд өгчих мэдлэгтэй болохыг хүсэж байна”
“Өвчнөө гартаа авсан” тэр өдрөөс түүний эдгэрэл эхэлжээ. Түүний эдгэрэл эхэлсэн өдрөөс миний бас эдгэрэл эхэлсэн шиг. Гагц миний бус таны ч мөн эдгэрэл болно гэдэгт найдна. Бид эдгэх болно оо.
Нийтлэлийн гол дүр болсон Хулан маань өөрийн цахим хаягуудаар хөхний хорт хавдрын талаар болон өөрийн онош, эмчилгээний талаар дэлгэрэнгүй хуваалцдаг бөгөөд та бүхэн хөхний хавдраас өөрийгөө болон хайртай хүмүүсээ хамгаалахын тулд, Хуланг илүү сайн таньж мэдэх, түүний түүхтэй илүү дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл түүнтэй нэгдээрэй.
Facebook: Khulan Oyungerel
Instagram: wildberrybuka
Youtube channel: Wildberry Buka
2023.12.02
Япон улс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yamar id sgid ve.Hoorhon saihan ohin bn.Amidral denduu saihan shu.Sain nohor hadamuud bn.Buyn zaya n urgelj delgereh boltugai
Өвчнийг ялан дийлжээ баяр хүргэе!
1 р шат болохоор учиртай л даЭдгэрэх магадл�##� өндөр
Xuxnii xort xavdariig xaniad emchilj baigaa yum shig amarxan xurdan emchleed edgeedeg bolson doo