НийгмийнСУРВАЛЖИЛГА, НИЙТЛЭЛ

ЯПОН ДАХЬ МОНГОЛЧУУД 02| “Хөөх, Тунамал эгч ээ”

Би арвин удаа үхлээс мултарч байсан. Нэг нь сурагч байхдаа хутга тулгуулан мод руу чирүүлсэн тохиолдол, ахиад нэг нь гүн худагт унаж ухаангүй сэрсэн явдал. Сүүлд машинд дайруулж, бас нэг удаа хүнгүй газарт нүцгэн хүнтэй нүүр тулж байлаа. Гэхдээ өнөөдөр ч амьд байгааг бодоход би ямар нэг зүйл хийх ёстой хүн байх….

Ингэж бидний яриа эхлэв. Тунамал эгчийг анх цагийн ажил хийдэг газартаа харж байлаа. Олон Монгол, Япон, Вьетнам, Хятадууд ажилладаг тэр газарт хүмүүс хоорондоо юм ярих ч завгүйгээр бужигналдан, өөр өөрсдийн урдах ажлыг цагаа дуустал тасралтгүй хийсээр бардаг билээ. Тиймийн учир хэнийг нь Япон, хэнийг нь Монгол, хэнийг нь Вьетнам, хэнийг нь Хятад вэ гэдгийг ялгах аргагүйн дээр хүмүүс ихэвчлэн хоорондоо Японоор л ярина. Тэр өдөр өнөөх янзаараа л урдах ажлаа хийж байвал өмнө харж байгаагүй нэг эмэгтэй шууд л надтай Монголоор ярих нь тэр. “Миний дүү, энийг ингээд хийвэл амархан шүү дээ” гэв. Би гайхангуй харвал “Чи Монгол уу” гэж асуув. Энэ харин бидний анхны харилцан яриа байлаа. Үргэлжлүүлэн Тунамал эгч “Монголд одоо цас их орж байгаа байхдаа, малчид хэцүү шүү, үхэр мал юу болж байгаа бол” гээд хэсэгхэн дуугаа хураан санаашрав. Тэгснээ “Миний мөөм, ээж малчин хүн” гэж тэр нэмж хэллээ. Хожим хоёул цай хувааж уун, зовлон жаргалаа ярих үед би “Та яаж намайг Монгол гэж мэдсэн юм бэ” гэвэл “Монгол хүмүүсийн нүд өөр байдаг шүү дээ” гэж хариулсан юм. Байранбаруун хошууны нэг Монгол, Дархан аймгийн бас нэг Монгол. Хоёр Монгол хаа байсан арлын улсад нэгнээ танин хоорондоо ярилцах нь хэзээний учрал, сонголтуудын үр байв гэж бодоход сонихон бөгөөд сайхан.

Тунамал эгчийг би анх бишрэнгүй харсан өдөр энэ байлаа. Япон хүн ирэхэд эгээ л нутгийн хүн шиг Японоор ярина, надтай Монголоор, тэнд байх Хятад эгчмэд бүсгүйтэй Хятадаар, Канад нөхөртэй Филиппин бүсгүйтэй Англиар ярина. Үгүй ерөө. Хүний эгэлхэн энэхэн биед тааж тааварлахгүй их түүх, нугачаа, авьяас, чадварууд нуугдан байх юм даа…

ТУНАМАЛ ЭГЧИЙН БАЙРАНБАРУУН ХОШУУН ДАХЬ БАГА НАС

“Японд ирээд 18 жил болжээ, би. Манай хүн Япон, надаас хоёр насны зөрүүтэй. Би нөхөртэйгөө сууснаас хойш гэртээ будаа огт хийгээгүй шүү, (Японд будаа буюу ごはん гэдэг үг нь давхар хоол гэсэн утгыг илэрхийлнэ, энэ утгаар ярьсныг нь тэр чигт нь хөрвүүлэн бичив. сурв) нөхөр маань л хийдэг. Амттай будаа хийдэг болохоор би идэх дуртай, тэр ч хийх дуртай. Анх 2003 онд энэ улсад ирж байжээ. 22 настай чухам ив ичимхий жаахан охин байсан, одоо бүр нөхрийнхөө амтат будааг идсээр ийм тарган болсон шүү” гээд Тунамал эгч тас тас хөхрөв.

Би Өвөрмонголын Улаанхад хотын Байранбаруун хошууны Үнэгэнт гацаанд төржээ. Айлын эгч дүү гурвуулын хоёрдугаарх болж, зургадугаар сарын 11-нд газар цөглөж байсан даа. Тэр үед манай гэрийн амьдрал их хүчиртэй байжээ. Байранбаруун хошуу бол манай ээжийн нутаг шүү. Аавынх ах дүү 11, арвин болохоор амьдрал мөн л хүчиртэй, ээжийн нутагт ирж, айл гэр болж, амьдрал эхлүүлж байсан гэдэг. Бургас гүрж байгаад намайг гаргаж байсан тухай ээж, мөөм хоёр минь ярьдаг. Айлын хоёрдугаар хүүхэд болохоор анхны хүүхэд шиг бүр хамаарахгүй шүү дээ. Тийм болохоор намайг их харж, хамаарч өсгөсөнгүй, мал дээр л хүн болсон юм. Малд дуртай, өвгөд хөгшдөд хайртай шалтгаан минь энэ.

…Би багадаа Хятад үсэгт дургүй, мэдэхгүй, уншиж чаддаггүй байсан. Зөвхөн Монгол үг л ойлгоно. Тийм болохоор өндөр, дунд сургуулиа төгсөж чадахгүйд хүрсэн. Хятад үсэг сурахгүй гэж сургуулиасаа гарч байсан удаа ч бий. Хятад үсэг мэдэхгүй бол цааш үргэлжлүүлэн сурах боломжгүй шүү. Тэгж хэлэхэд манай Мөөм (эмээ. сурв) намайг “Тэгвэл малаа хараад гэртээ үлдээ” гэнэ. Харин ээж намайг сургуулиасаа гарах бол бүх ажлыг сур, ганцхан малын ажил хийхгүй, тарианы ажил л сайн хий гээд гэрт үлдээчихсэн. Хятадад тарианы ажил тун их шүү. Гэтэл би тарианы ажилд хамаг дургүй. Харин малын ажилд үнэнхүү сэтгэлээс дуртай, тэр үхэр, тэр морь мал ямар хөөрхөн бэ. Үнээ саахаас эхлээд малын ажлыг бүр чадна. Хөхийг нь бариад хэзээ тугалах вэ, яах вэ гэдгийг бүр мэднэ. Тийм дуртай. Ингээд л тарианы ажил хийхгүй гэсэндээ ээжид би “Эргээд бичиг үзье ээ” гэж хэлвэл “Болно оо” гэлээ. Малын ажил хийлгэсэн бол би хамаагүй, эргээд сургуульдаа орохгүй байж. Ингээд эргээд Хятад бичиг бие даан үзэж, өөрөө сурч эхэллээ.

Ээж их хатуу хүн, эмч мэргэжилтэй. Эмч учраас байнга дуудагдаад л явчихна. Ээжтэй хамт унтаж байснаа би ер санадаггүй, гэртээ бараг л байхгүй. Аав намайг өсгөж ээ гэж хэлж болохоор.

Сургуульд явахад Хятад үсэг үзэх нь хүчиртэйн дээр тийш явах зам дөтгүй ээ. Манай гэр бүр хөдөө газар болохоор өөр сум руу явах болж, хоёр гол гэтэлж, хоёр уул давж байж сургуульдаа очино. Тийшээ явдаг хүүхдүүд бүгд дундаас нь сургуулиа орхисоор хамаг сүүлд нь гагцаараа би үлдэж ээ. Ээж “Чамайг сургууль холоо боловч явуулна, хүчиртэй боловч явуулна. Энэ хөдөөний амьдралаас гаргаахын төлөө шүү дээ” гэж хэлнэ. Би мөнөөхөөрөө л явах дургүй. Тэгэхэд л намайг “заавал яв” гэж хүчилсээр явуулдаг байлаа. Сургуульд явж байх үед арвин хүчир амсжээ. Морь ч унахгүй бүр алхаад явна. Хятадын тосгон дундуур алхаад явна. Хүчиртэй шүү. Нэг гол нь бүдүүн гол, түүнийг Цагаан морин гол гэнэ. Тэр голд заримдаа ус арвин ирнэ ээ. Намрын гол тун хүйтэн. Хавартаа бүдүүн цас гэсээд дотогш цөмөрнө. Арвин хүүхэд сургууль явах замдаа тэр голд гэнэдэж орж өнгөрсөн шүү. Тэр хоёр уул, хоёр голыг туулахад хэдий арвин хүүхэд эндсэнийг мэднэ үү…

Хамт тоглож явсан хүүхдүүдээ голд урсаад явж байхыг нь, худагт унаад үгүй болсныг нь мэднэ ээ. Тэр бүү хэл би өөрөө ч худагт унаж байсан шүү.

Тэр нэг удаа сургуулиа тараад явж байхдаа худаг байсныг мэдээгүй уначихсан. Манай хэл бичгийн эмэгтэй багш бас тэр худагт унаад үгүй болчихсон гэдгийг сонсож байлаа. Худагт унаснаа ч мэдээгүй, ус залгих үед дөнгөн данган ухаан орох шиг болсон. Хав харанхуй, бүдүүн бүдүүн чулуу үзэгдээд, хаа байхаа мэдээгүй, ойлгоогүй. Хүний дуу тээр хол сонсогдох шиг болоод “Тунамал, Тунамал” гэж давтаад байх шиг сонсогдоно. Тэр дуу руу анхаарлаа хандуулах гэж хичээвэл “Тунамал үхлээ, Тунамал үхлээ” болж арай тод сонсогдов. Дээш харвал тээр дээр нэг их арвин жаахан жаахан толгойнууд үзэгдэж байна. Тийм гүн худагт ганцаар уначихжээ, би. Яагаад тэр худагт унасан, яагаад үхсэнгүйгээ би мэдэхгүй. Усанд умбаж чадахгүй хүн шүү дээ, ус харин их залгижээ, яаж залгиснаа ч санахгүй, яаж гарснаа ч мэдэхгүй. Хожим нь сонсоход, тэд бүгдээр нийлж намайг татсаар амь гэтлүүлжээ.

Дараа нэг удаа сургууль гэр хоёрын хооронд алхаж явав. Гэнэт бие засмаар санагдаад богц юмаа тэрүүхэнд тавьчихаад мод руу орох гэтэл гэнэт нэг хутга нүдний үзүүрт гялсхийсэн. Эрэгтэй хүн гарч ирээд хутга хоолойд тулгаад шууд л мод руу чирчихдэг юм байна. Дуу гаргах юм бол ална гэсэн. Намайг бузарлана гэсэн санаатай л байж шүү дээ. Би тэр үедээ чухам жаахан хүүхэд, юу болоод байгааг, юу хийгээд байгааг нь мэдэхгүй. Дуу ч гарч чадаагүй. Тэр үедээ бас л айсандаа манарчихсан, намайг чирж байсныг л санадаг. Нэг сэртэл тэр хүн яваад өгчээ, намайг яагаачгүй байв. Гэхдээ Хятад хүн гэдгийг мэдсэн. Би Хятад үгэндээ муу ч намайг “дуу бүү гарга, дугарвал ална, ална” гэж хэлэхийг нь ойлгосон. Бодоход хамт явсан хүүхдүүд намайг гэнэт алга болчихоор нь айхдаа чангаар дуудаж орилж, хайж, гэмт этгээд ч бушуухан зугтсан бололтой.

Дотуур байранд амьдардаг байх үед гарагийн өдөр орой нь очоод, гарагийн тавны орой нь гэртээ харина. Гэртээ ирээд унтаж байх үед манай гэр үүд гэсэн юмгүй, цонх гэсэн юмгүй. Задгай дээр гадаа унтаж байхад хулганууд бүр дээгүүр гүйлдэж байдаг байсан шүү. Будаа үгүй, ус үгүй. Тэр цагаан гурил, мантууг өт, шоргоолж идэж л байдаг байв. Хүүхдүүд ийм нөхцлөөс сургуульд явах уу, болих уу гэдэг сонголтын өмнө байдаг байж.

Гэсэн ч сургуульд явж дүүргэлээ. Үнэндээ сургуульд Хятад бичиг сурсангүй, өөрөө бүгдийг нэг нэгээр нь чармайж байгаад сурсан. Удалгүй ч Хятад хүүхдүүдээс ялгагдахгүй, яг ижил түвшинд хүрч чадсан шүү.

ТУНАМАЛ ЭГЧ ТОСГОНООС ЯПОН РУУ ЯВСАН

1999 онд өндөр дунд сургуулиа төгсөж, хагас жил орчим гэртээ суулаа. Энэ хугацаанд зүгээргүй, Хятад үгээ илүү сайн сурах гэж компьютерийн сургуульд суралцаж байв. Хүүхдүүдийн дунд нэг жил болоход Хятад үгээ овоо сураад, чадах юм байна, дийлэх юм байна гэдгээ мэдүүтээ гадаад үг нэмж суръя гэж шийдсэн. Гадаад үг сураад, гадагшаа явъя гэсэн зорилго гэнэт л дотор асчих нь тэр. Ингээд англи үг, япон үг суржээ. Ер нь би дөрвөн жил суралцдаг их сургууль гэгчид суралцаж байсангүй ээ, харин яг өөрт хэрэгцээтэй гэсэн хэлний сургууль, мэргэжлийн сургуулиудад хурдхан шийдвэр гаргаад сураад л явчихдаг.

Гэртээ байх тэр жил хагасын хугацаанд би өөрөө бие дааж хоршоо ажиллуулж байсан шүү. Ээжээсээ мөнгө аваад доороо таван хүн ажиллуулаад, өөрөө ч суралцаад явав. Энэ үед бас өөрийгөө мэдэж авчээ. Хятадуудын дунд ганцхан би Монгол хүн хоршоо ажиллуулж байлаа. Гэвч энэ газар нэгэнт л Хятадын газар, тэдний соёл дор байгаа нь үргэлж мэдрэгдэнэ. Бүдүүн компаниуд жаахнаа бүр идчихнэ шүү дээ. Тарианы ажил хийх дургүй учраас л хоршоо ажиллуулж байгаа нь энэ, гэвч тэгээд бас л дийлсэнгүй бүдэрлээ. Ахиад л ээж намайг “хөдөөний бүх ажлаа хийж сур” гэж шахамдуулав. Гэвч би хийхийг хүссэнгүй, гадаад бичгээ сайн суръя гэж ахин зөрдүүлэв. Тэгэхэд бүдэрсэнгүй бол би өөрийн биеэ сул дорой гэж тэгж сайн мэдэхгүй байжээ гэж одоо боддог.

Энэ үед л манай сургуульд Япон сургуулийн солилцоо ирж, Япон багш манай сумын хүүхдүүдээс гурвыг нь сонгон авч урилга өгөхөөр боллоо. Тэгэхэд би хятад хүмүүсийн дундаас гурван хүүхдийн нэг нь болж сонгогдсон юм. Япон хэлээ сурах гэж хичээсэн минь талаар болсонгүй. Тэгэхгүй бол тосгоны хүүхэд надад арвин зоос байхгүй шүү дээ. Мөөм, ээж хоёр минь ч арвин зоосгүй, яг л хэдэн малтай хөдөөний л хүмүүс шүү дээ. Тиймээс сонгогдсоныхоо дараа замын зардлаа хүнээс зээлж яваад, эргээд жилийн дотор бүгдийг нь төлж барагдуулжээ.

Би Японд ирээд өрөө төлнө гэхдээ хичээлийнхээ хажуугаар гурван ажил хийж, хоёр өдөр болоод нэг унтдаг боллоо. Үдийн өмнө 11 цаг хүртэл хичээлээ хийдэг. Тэндээсээ 17 цаг хүртэл галт тэрэгний буудал дээр байдаг Собаны газар ажиллаж, үргэлжлүүлэн 18-23 цагт махны газарт, 24 цагаас өглөөний 06 цаг хүртэл мөн өөр өөр төрлийн ажил хийдэг байжээ. Уг нь шөнийн ажил ядаж хийлгүйгээр унтаж амарч болох л байсан. Гэвч Японд ирсэн учраас хөдөө байгаа гэрээ арвин дэмжих ёстой гэсэн бодол толгойноос минь ер салсангүй. Манай гэр ямар ч худаггүй байсан шүү, худаг гаргаж өгчээ, хуучин гэрээ шинэ болгон засварлажээ, дүүгээ нааш сургуульд сургахаар авч иржээ. Бүр шөнийн ажил хийж байж болгосон зүйлс минь энэ. Өдөр нь хүүхдээ харж, шөнө нь гарч ажилласан хөлс минь тэр.

….Биднийг жаахан байхад аав ээжүүд бүгд мал, тариалангийн ажилтай, хүүхдүүдийг сургууль руу хүргэх хүн байхгүй шүү. Тиймээс өөрсдөө явна. 60 газар зайтай тэнд бид амь өрсөн алхана. Голын ойролцоо нэг удаа их бороо орсны дараа яг л усгүй газраар нь гаталж явтал гэнэт л борооны дараах их ус урсаад ороод ирчихсэн. Хүүхдүүд тийм газраар явж болохгүй гэж сайн мэдэхгүй шүү дээ. Арьсан цүнхээ үүрчихсэн, тахиа өндгөө чанаад замдаа идэн явна. Айгаад л алхаад байна, айгаад л алхаад л байна, тэр аюултай замаар, тэр жаахан үрс. Заримдаа нэгийгээ усанд урсгачихна. Тийм л аймар зам, амьдрал. Тиймээс Японд ирээд хоёр өдөрт нэг удаа унтаад ажил хийх над огт хүчир бишээ.

Дүү минь нутаг буцсаныхаа дараа ураг барилдах болж, шинэ гэр хэрэгтэй боллоо. Хуучин гэр болохгүй учир шинэ гэр засна гэж байхад аав минь үгүй болжээ. Би гэтэл аавыг өөд болоход харьж дийлсэнгүй. Намайг ёстой тун их хайрлаж өсгөсөн хүн шүү. Манай аав үгүй болоход бүр надад хэлсэнгүй шүү дээ, санаа нь зовоод иймээ тиймээ болох вий гээд… Гэтэл би аавыгаа үгүй болох өдөр нь бүр зүүдлээд, өөрөө мэдчихсөн. Мөөмдөө “Миний аав үгүй болчихжээ” гэтэл мөөм “Үгүй, үгүй” гэж бушуухан хариулав. “Би өчигдөрхөн аавыгаа зүүдэллээ” гэж нэмж шахамдуулвал “За чи тэгвэл мэдсэн юм байна” гээд бүх мөөм надад бүх үнэнг хэллээ. Тэр яриа болсон өдөр аавыг минь чандарлаж байжээ. Үнэхээр харамсалтай шүү, энэ бүхэн. Намайг тэгж хайрлаж өсгөсөн байхад би аавдаа ганц ус аманд нь хийж өгч чадсангүй шүү.

Тиймээс энэ өдрөөс хойш дүүг шинэ гэртэй болгоно гэсэн аавын сүүлийн хүсэлтийг би биелүүлэх ёстой гэж бодон зүтгэж эхлэв. Шөнийн ажлын цагаа улам өндөр болголоо. Үдийн 02 цагаас маргааш өглөөний 08 цаг хүртэл ажиллаж эхэлсэн. Хэдэн цаг ч ажилладаг байсан юм, мэдэхгүй. Нэг сарын цалин 40 түм. Үүнээс гадна цагийн ажил давхар хийнэ шүү, тэр мөнгийг оролцуулаагүй. Тэр олсон мөнгөнөөс би бас мөөмдөө шинэ гэр авч өгчээ. Аавыгаа санасандаа, харгалзаж чадаагүй учраас мөөмөө алсаас яаж халамжлах вэ гэж бодно. Мөөмийн нэр дээр шинэ гэр авч өгөөд түлхүүрийг нь өгсөн. Мөөм ганцаар тэр гэрт байхгүй шүү дээ, хожмын өдөр хэн мөөмийг минь харгалзах вэ тэр хүн шинэ гэрт хамт амьдарч болох юм. Тэр үед мөөм намайг “Чи хүүгээс жаахан ч дооргүй ээ” гэж хэлж байсан шүү. Энэ их том үг ээ.

Би өнгөрөн жилүүдэд зоосоор огт гачигдаагүй ээ. Гэхдээ зоосыг муухайгаар, өвчинд эсвэл гээж гаргахад дургүй. Харин хүнийг харгалзаж гаргахдаа лав гар татахгүй ээ. Үнэхээр баяртай болчихдог. Би энд сургуульд сурахаар ирсэн олон олон хүүхдэд тусалжээ. Нэг туслуулсан хүүхэд дараагийн хүүхдийг туслах хүсэлт надад тавьдаг. Арвин хүүхдэд тусалсан шүү. Тэд ч надад эргээд их баярладаг. 2011 онд Японд том газар хөдлөлт болоход миний тусалсан нэг хүүхдээс чимээ ирлээ. “Чи ирэх үгүй чинь хамаагүй ээ, өөрөө шийд, наашаа хүүхдээ өгч явуул аа” гэсэн. Тэр аюул, эрсдэлтэй үед ийм үг хэлсэнд л би их баярлажээ.

ТУНАМАЛ ЭГЧЭЭР БУДАА ХИЙЛГЭДЭГГҮЙ НӨХӨР

Өдөрт гурван ажил хийдэг байх үед нэгдүгээр ажил нь шөнийн 12 цагаас өглөөний 6 цаг хүртэл хийж байжээ. Тэр үед энэ залуутай хамт ажиллаж байж. Тэр өдөртөө энэ ажлыг надтай хийгээд шөнөдөө тэрэг барина. Сонирхол нь тэрэг. Бид нар чинь тэргээ хайрладаг шүү дээ, гэтэл Япон залуучууд чинь тэргээрээ бүр наадна шүү дээ. Дрифт хийдэг, түүгээрээ наадна. Одоогоороо түүнийгээ хийдэг. Эртний тийм хүн. Би ч гэр рүүгээ буцааж зоос явуулна гэж өдөр шөнийг ялгалгүй ажил хийдэг байв. Тэр үед манай ажлын эргэн тойрны хүмүүс “Чи энэ хүүтэй л хурим хий, тэгвэл чи тун жаргалтай болно, түүний “хүн нь” их сайн шүү” гэж хэлж өгчээ. Зүс нь ч надад сайхан шүү. Гэтэл манай хүнд харин юу гэж хэлснийг мэднэ үү. “Энэ охинтой бүү хурим хий, зөөлөн зантай биш шүү” гэж хэлж гэнэ ээ. Харин бид хоёрыг хурим хийх үед тэд хэлэхдээ “Та хоёрыг хурим хийхийг мэдэж байжээ” гэсэн. Бидний хүн хүнд нь тааруулан, биднийг хурим хийлгүүлэх гэж ийн өөр өөрөөр хэлж ярьсан байдаг. Би энэ залуугаасаа арвин зүйл суржээ. Ажлын хариуцлага гэж юу болохыг надад аав адил нэг нэгээр зааж өгсөн шүү. Чи хүүхэд шиг шүү гэж надад хэлж, арвин их зүйлийг ойлгуулж өгчээ. Би энэ залуугийн урд толгой өндиймгүй талархалтай зүйлс ихийг авсан. Гэхдээ бид ураг сална гэж хэд хэдэн удаа ч явж, арвин удаа хэрэлдэж маргалдаж ч байв. Миний амьдарч байгаа гэр бүлийн амьдрал миний багадаа бодож байснаас, сонин сэтгүүлээс харж байснаас их өөр шүү. Айл гэр болно гэдэг, амьдрал гэдэг бодит байдал дээр тэс өөр өө. Ингээд бодоход арвин арвин бүдэрч явжээ.

“Багаасаа ажаа минь хоол хийж өгдөг байсан болохоор будаа хийж сураагүй. Өнгөрсөн хугацаанд би хоёр удаа хоол хийжээ. Өлсөөд тэсэхгүй хийсэн” гээд Тунамал эгч баахан хөхрөв.

Бид хоёр манай гэрийн даруухан модон ширээний ард өдрийн хоол идэнгээ ярилцаж эхэлсэн юм. Түүний амьдралын хүчир бэрхтэй, тэмцэлтэй түүхүүдийг ярилцаж явсаар нэг мэдэхэд бид Тунамал эгчийн гэрийн гадаа ирчихсэн байв. Тэднийх манай гэрээс 15 км орчим зайтай. Ингээд тэдний орчин үеийн Япон маягийн хоёр давхар байшинд орж, англи үг битүү наасан ширээний дэргэд суун кофе уулаа. Тэдний хоёр муурыг эрхлүүлэнгээ бид яриагаа үргэлжлүүлэв.

Морь унана, үхэр унана, илжиг унана. Багаасаа л номхон хүүхэд байсангүй. Нэг сэрэхэд л газар хаягдчихсан, манарчихсан хэвтэж байдаг байсан. Миний нэрийг Тунамал гэж өгсөн нь зөөлөнхөн зантай хүүхэд болоорой гэж билэгшээж өгсөн учиртай шүү дээ. Гэвч өнөөдөр эсрэгээрээ болчихсон явж байна. Нэрийг минь аав хайрлажээ, сайхан нэр. Харин дүүд минь Сачирхүү гэж өгсөн. Хүү дүү шүү. Бид хоёр яг л эсрэгээрээ төрж. Дүүгээ би хоёр жилийн хэлний сургуульд сургахаар авч ирсэн боловч Японд дургүй гээд буцаад нутаг даа явжээ. Би бүр сургуулийнх нь зоос, гэрийнх нь зоос, замын унааны зоосыг бэлдэж, өгч байхад дунд нь яваад өгчихсөн. Уг нь хоёрдугаар хүүхэд “дүүгээ сайн хамаараад яваа” гээд зөөлөнхөн зантай хүүхэд болгох гэж Тунамал нэрийг өгтөл хаа байсан зөөлөн зан бэ, яг л эрэгтэй хүн шиг шүү би.

АХИАД Л ҮХЭЛ АМЬДРАЛЫН ЗААГТ

-Монголчууд харсан тэнгэр гэж ярьдаг шүү дээ. Танд ямар нэг зүйл тусалдаг шиг санагддаг уу?

-Би хэзээнээсээ л тэгж боддог. Заримдаа бачимдаад, уйлаад, дотроо өмөлзөх үе бий. Гэхдээ энэ миний бодлын учир байх гэж боддог. Хэрэв би муу үйл хийвэл тэр нь надад хоёр дахин үржигдэж ирэх юм байна гэдгийг ойлгосон. Хүн гэдэг чинь үхэх цаг нь зохихгүй бол үхдэг юм бишээ. Би амьдарч байна аа гэдэг чинь би хийх нэг учир байна аа, тиймээс зүгээр сууж болохгүй шүү. Ийм болохоор би хүчирийг өөрөө олж хийдэг, хүчир зүйлс рүү өөрөө явж ордог. Япон хүмүүс Монгол хүмүүстэй адилхан нэг үг хэлдэг. Тэр нь “Хүн гэгч жаргалыг биш зовлонг даадаг” гэх үг.

…зарим шөнөдөө гэрээсээ Кавагүчи хүртэл дугуйгаар явж ажил хийнэ. Тэр ажил өглөөний 03-06 цаг хүртэл ажиллуулдаг ч зоос нь өндөр. Нэг өдөр хоёр Хятад хүнтэй өглөөнийхөө ажлыг хийхээр дэншаны замын доорх газраар, өвсөн дундуур дугуйтайгаа явж байлаа. Тэр хоёр Хятад учраас би төдий сайн таарахгүй. Гэхдээ л ганцаар явахаас айдаг тул аргагүй хамт явна. Тэгэхэд хоёр Хятад урд яваад би ард нь нойрмоглоод л дугуйгаа жийж явав. Нэг хартал тэр хоёр үгүй болчихсон. “Гиаааа” гэсэн дуу гарахаар нь бага шиг нойрмоглонгуй хартал урдаас хувцас өмсөөгүй эрэгтэй хүн ирж байна. Би олж үзсэн даруйдаа дугуйгаа эргүүлэх гэтэл яг гацчихсан. Хуучин дугуй авсан байсан нь чухал үед алдаа болжээ. Үнэхээр их айсан учраас дугуйгаа эргүүлж болдоггүй, нөгөө хүн яг хажууд дөхөөд ирлээ. Айсандаа “ばかや” (тэнэг) гээд чангаар бархирчээ. Гэтэл тэр хүн буцаад гүйчихсэн. Яваад өгөхөөр нь арай тайвшираад дугуйгаа засаад өмнөшөө явлаа. Гэтэл тэр хоёр хүн цаахан талд хүлээгээд зогсож байснаа “Чи хамаагүй юу” гэж асуусан. Үнэндээ тэр үед үнэхээр уур хүрчээ, хоёулаа зугтаачихаад намайг хаяад явжээ, гурвуулаа бол тэр хүн яах л аж. Маргааш нь тэр хоёр хүн айгаад ахиж явсангүй. Надад зоос хэрэгтэй учраас айж байсан ч хамаарахгүйгээр явъя гэж шийдсэн. Гэхдээ бас зүгээргүй ээ, зүсээ хувиргах санаа бодож оллоо. Яг тэр хэсгээр явахдаа тамхи ноцоогоод, нэг малгай дарж өмсөөд, исгэрээд л, яанки (Японы хууль бус зүйлс хийдэг залуусыг нэрлэх нэршил. сурв) маягийн болоод явжээ. Хөөрхөн шүү, би, жаахан байждээ. Өөрийн биеийг өөрөө зоригжуулан тэр замыг дугуйгаар туулан явж байсан өдрийг одоо ч мартдаггүй. Гэвч нөгөөдөр нь арай зориг зүрх хүрсэнгүй, тэр ажлыг хаяжээ.

Өөр бас нэг хар өдөр би машинд мөргүүлжээ. Нэг сэртэл танихгүй Япон эмэгтэй намайг тэврээд уйлж байна. “死なない” гээд “Битгий үхээ, битгий үхээ” гэж байснаа, нүдээ нээх үед “Үхсэнгүй ээ, үхсэнгүй” гэж баярлан эргэн тойрныхондоо хэлж байсан санагдана. Түргэн тусламжийн машин ирж хүзүүг цагаанаар ороогоод, надад анхны тусламж үзүүлж байхад нь би “Хүүе би явахгүй бол болохгүй, миний хүүхэд намайг хүлээж байгаа. Цэцэрлэг дээрээ өөр авах хүнгүй, багштайгаа хоёулаа намайг хараад хаалган дээр зогсож байгаа шүү” гэж хэлсэн.

18 цаг болоход цэцэрлэг үүдээ хаана, би яг 18 цаг болтол ажил хийгээд бушуухан дугуйгаа жийгээд очих ёстой. Багшаас нь учирлан гуйсан учир бүх хүүхдүүд явсны дараа цэцэрлэгээ цэвэрлэж, үүдээ барих хүртлээ миний хүүхдийг харж өгдөг байлаа. Би хэдий удаан манарснаа мэдэхгүй, хүүхдэдээ л санаа зовж байлаа. Явмаар байна гэхэд “Үгүй ээ, ийм том учир гарчихаад байна шүү дээ” гэж тэд хориглоно. Хамгийн сонин нь надаас нэг ч цус гарсангүй шүү. Дугуйтайгаа мөргүүлээд тээр хол шидэгдсэн, дугуй надаас ч хол шидэгдэж, харин би унахдаа яг толгойн доороо хоёр түмээр авсан богцоо тавиад унасан байсан. Тэр маш зөөлөн газардуулж, толгой тархиндаа ямар нэгэн гэмтэл аваагүй. Харин нөгөө хүний машин цонх нь хагарч, арвин их гэмтэл авчээ. Дотор нь сууж явсан хүүхэд нь намайг хараад маш их айж уйлж байсан тухай хожим хүмүүс хэлж. Би юу ч мэдээгүй. Дугуй минь ч бүр хумигдаж базагдаад “бру бру”. Эмчид үзлэг хийлгэхэд “Үгүй мөн сонин оо, дугуй нь эвдрээд, машин нь эвдрээд, өөрөө болохоор нэг ч цусгүй” гээд эмч ихэд гайхаж байв. Тэр жолооч эмэгтэй “Хэдий зоос заравч болно оо, үхээгүй чинь л боллоо” гээд уйлж байсан нь хөөрхий. Энэ үед би нөхрөөсөө ураг сална гээд тун асуудалтай үе таарсан учир хүүхдийг минь авах хүн байгаагүй юм даа.

Гэвч түүнээс хойш надад арвин тус хүргэжээ. Мартаж болохгүй арвин их тус үзүүлсэн учир би энэ хүнд үргэлж талархаж явна. Харин одоо бид элэг бүтэн амьдардаг аа. Бид хоёр хоёул архи уудаггүй учир асуудал бага. Охин минь одоо 13 настай, ямар хөөрхөн гэж санана. Түүний төлөө хөдөлмөрлөж, түүнийхээ төлөө хариуцлагатай байж ажилласаар л байна.

Одоо энд хийдэг үндсэн ажил маань шаардлага тун өндөр, алдаа гаргаж болохгүй. Буруудлаа гэсээр бүр гянданд орно. Телевизээр Монгол хүн гээд гарна шүү дээ, ёстой болохгүй. Тийм болохоор анхаарал жаахан ч сарниулж боломгүй. Чи бидний хийдэг оройн ажлыг бол гэрийнхээ яг хажууд юм болохоор хоёрхон цаг сонирхлоороо л хийдэг. Би ажлыг муу хийх дургүй, сайн хийдэг. Хятад хүмүүсийн дунд Хятад хүмүүсээс, Япон хүмүүсийн дунд Япон хүмүүсээс илүү байх гэж хичээдэг. Тиймээс энд тэнд цагийн ажил хийхээр намайг “ирээ, ирээ” гэж буцааж их дуудна. Хэдийгээр би Хятад улсын паспорттой ч хаана ч очсон бүр Монгол л гэж л хэлнэ шүү дээ. Хэрвээ ажлаа сайн хийх юм бол “Монгол хүн сайн хийдэг юм байна, тэгвэл өөр Монгол хүн байна уу, дуудаад өг” гэнэ шүү дээ. Тиймээс би хичээх ёстой.

Өдөр нар эгц дээр байхад эхэлсэн яриа нар байшингуудын цаагуур орж, тэнгэрт хөх саарал өнгө татах хүртэл үргэлжлэв. Манайд, машинд, гудманд, тэднийд, манай ажлын гадаа…. “Хөөх, тиймүү, яанаа, ямар аймар юм бэ, хөөх Тунамал эгч ээ, тэгээд…” гэж би хэдэн ч удаа хэлсэн юм, бүү мэд. Уулгамчхан сонссоор дараа нь хэдэн өдөр Тунамал эгчийн амьдрал толгойд эгээ л киноны дүрс мэт тодоор төсөөлөгдөн явав. “Хөөх, хөөх” гэсээр нийтлэлээ ч заавал ингэж гарчиглана даа гэж тэр өдөр дотроо шийдсэнээ ийн санаснаар болгов.

…сар гаруйн дараа бид ахин нэг уулзаж, бичвэрээ эхнээс нь бүгдийг чанга дуугаар дуудан, уншиж өгвөл Тунамал эгч хааяа нэг толгой дохихоос өөрөөр огт чимээ гаргахгүй сонсохдоо хэдэнтээ нулимс унагав. Тэгээд хамгийн сүүлд нь “сайхан бичиж шүү” гээд над руу дулаахнаар инээмсэглэсэн билээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

12 Сэтгэгдэл

  1. Ямар мундаг гүргэр эмэгтэй вэ. Миний өвөрмонголчууд ийм л х####уун сэтгэлтэй, амьдр####д нөмөртэй, зовлон зүдгүүрийг туулсан улс байдаг даа. Зовлон хүнийг бурхан болгодог, буг ч болгодгийн эерэг жишээ болсон сайхан хүн байна

  2. АЖИЛСАГ МОНГОЛ БҮСГҮЙ БАЙНА. ГАДААДАД АЖИЛЛАЖ, АМЬДАРДАГ ХҮМҮҮС ӨӨРИЙГӨӨ БОДДОГГҮЙ, ЦАГ, НАРТАЙ УРАЛДАЖ АЖИЛЛАДАГ. БИ 2016 ОНД MGLRADIO.COM- Д БНСУ-Д АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БАЙСАН ОН ЖИЛҮҮД ГЭСЭН ӨӨРИЙНХӨӨ ТУУЛСАН АМЬДРАЛЫН ТУХАЙ НИЙГЛЭЛ БИЧСЭН.

  3. Хов жив,хэрүүлэхнээр хонзон маргаанаар энэ хорвоог туулах гэдэг охид бүсгүйчүүд олширчдээ. үүнийг уншаасай. Миний монголчууд этгээд зан чанартай болж болохгүй шүү. Үйлс бүтдэггүй юм.

  4. Ямар мундаг хүн бэ!!! Унших тусам хайр хүрмээр!!! Тиймээ бид монголчууд!!! Баярл####аа Тунам####аа монгол нэрийг өндөрт өргөж явдагт!!!

  5. Жинхэнэ монгол эмэгтэй ийм дайчин, х####уун сэтгэлтэй шүү. Ганц биеийг тойглолгүй хамаг ахан дүүсээ энэрдэг…

  6. Үнэхээр монголчуудад үлгэрлэм мундаг зориг зүрхтэй бүсгүй юмаа. Харваас бидний монгол төрх хааш хаашаагаа байна. Амьдрахын тулд ажиллана гэдэг энэ юм.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button