УЛС ТӨР

СЦЕН: ҮХЦ Шүүхийн хуулийг “гацаа”-наас гаргаж, У.Хүрэлсүхийн улс төрийг дэмнэх үү

Хавраас хойш хуралдаагүй ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өнөөдөр 09.30 цагт эхэлсэн. Үүгээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хүсэлтийг хэлэлцэх юм.

Тодруулбал, Ерөнхийлөгч асан Х.Баттулга Шүүхийн тухай хуулийн зарим зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн цэцэд хүсэлт гаргасан байдаг. Энэ дагуу, цэц хууль зөрчжээ хэмээн үзэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан.

Тэгвэл У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн статусын хувиар анх гаргасан хүсэлтээс бүхэлд нь татгалзах хүсэлт гаргаад байгаа юм. Эл хүсэлтийг хүлээж авах эсэхийг өнөөдөр ҮХЦ-ийн их суудлын хуралдаан дэнслэх гэж байна.


Тус хууль улс төрийн агуулгаараа үе, үеийн Ерөнхийлөгчдийн шүүх засаглалд нөлөөлдөг байсан эрх зүйн байдлыг зогсоох дээр зангидагддаг.

Яг нарийндаа Ерөнхийлөгч бүх шатны шүүгчийг болон УДШ-ийн Ерөнхий шүүгчийг томилдог хэвээрээ. Гагцхүү ШЕЗ болон ШСХ-ны гишүүдийн томилгоонд л нөлөөлж чадахаа больсон.

Сүүлд ЕТГ-ын дарга Я.Содбаатар “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүх эрх мэдлээс татгалзлаа” гэсэн утгатай мэдээлэл хийсэн. Энэ нь У.Хүрэлсүх “Би хонгилын түлхүүрийг атгахгүй, Х.Баттулга шиг Шүүхийн тухай хуулийг гацаахгүй” гэсэн улс төрийнх нь ил мессеж болж уншигдсан.

Тэгэхээр эл логикоороо ҮХЦ-ийн Их суудлын хуралдаан өнөөдөр У.Хүрэлсүхийн хүсэлтийг хүлээж авбал, тэрхүү улс төрийг нь дэмнэн, дэмжсэн үйлдэл болно.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ҮХЦ-д У.Хүрэлсүх илтэд нөлөөлсөн дүр зураг уншигдсан. Тэгж Х.Баттулгыг дахин нэр дэвших эрхгүй болгосон. Энэ бүрэлдэхүүн, уур амьсгалаараа бол одоо ҮХЦ Шүүхийн тухай хуулийг гацаанаас нь гаргаж, У.Хүрэлсүхийн “Би хонгилын түлхүүрийг атгахгүй” гэсэн улс төрийг л дэмжих магадлал өндөр юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button