Ярилцлага

А.Бат-Амгалан: Хоёр хилийн боомтыг хөлөөрөө, хөлсөөрөө холбож, 2690 километр замыг гүйж тууллаа

Алтангэрэлийн Бат-Амгалан. Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрж, өссөн энэ эрхэм Дорнод аймгийн Хавирга хилийн боомтоос Ховд аймгийн Булган хилийн боомт хүртэл 2690 километр замыг 45 хоног гүйн туулж, Монгол улсынхаа хэт холын зайн марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Тэсвэр тэвчээр, хөдөлмөр зүтгэлээрээ үлгэрлэж яваа түүнтэй утсаар холбогдож ярилцлаа.


-Б.БОЛДБААТАР, Э.ДАВААЖАМЦ, Т.РЭНЦЭНБАДАМААС ҮЛГЭР ЖИШЭЭ, УРАМ ЗОРИГ АВСАН-

-2690 км замыг гүйж тууллаа. Зутрав уу?

-Гүйж байх хугацаанд маш олон хүн “Ядарч байна уу” гэж асуусан. Ядралгүй яахав. Гэхдээ би хэнд ч “Ядарч байна” гэж хэлээгүй. Яагаад гэвэл би өөрөө, өөртэйгөө тэмцэж яваа учраас хүмүүст хэлээд байх шаардлагагүй. Ядарч байсан ч сэтгэл, зүрхээрээ даван туулсан. 2690 километр замыг машинаар туулахад хүртэл ядардаг. Гэсэн ч энэ замыг туулж чадна гэсэн итгэл үнэмшил, зориг тэвчээр минь байгалийн бүх саадтай нүүр тулсан ч халширч хойш суулгаагүй. Бороо орж байсан ч би гүйж байлаа. Өөдөөс минь хүчтэй салхи салхилж байсан ч би гүйж л байлаа. 2690 километр замыг амжилттай тулсандаа баяртай байна. Яг одоо хэдэн килограмм болсноо мэдэхгүй байна. Жин маш их хассан.

-Анх барианаас гарахдаа хэдэн килограмм байсан бэ?

-Бэлтгэл хийж эхлэхээс өмнө 70 килограмм байсан. Бэлтгэл хийж байхдаа 5 килограмм хассанаа санаж байна. Одоо хэд болсон юм бүү мэд. Жаахан хүүхэд шиг болсон нь мэдрэгдээд байна. Жаахан хүүхдийг даавуунд ороохоор гарт баригддаггүй шүү дээ. Тийм л болчихсон байна.

-Монгол Улсынхаа хэт холын зайн марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Анхнаасаа рекордыг шинэчилсэн тогтоох гэж зорьж, замдаа гарав уу?

-Тэгэлгүй яахав. Би Монгол Улсынхаа хэмжээнд хэт холын зайд гүйсэн дөрөв дэх хүн болж түүхэнд үлдэж байна. Хамгийн анх гүйсэн хүн Говь-Алтай аймгийн уугуул, 54 настай Б.Болдбаатар. Тэрбээр Алтай хотоос Улаанбаатар хүртэлх 1040 км замыг гүйж туулсан. Харин түүний дараа Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц Ховд-Улаанбаатар-Чойбалсан чиглэлд 2127 километр замыг амжилттай туулсан. Мөн Хилийн цэргийн 0108 дугаар ангийн ахлах ахлагч, спортын мастер Т.Рэнцэнбадам Замын-Үүдээс Сэлэнгэ аймаг хүртэл 1100 километрийн холын зайг гүйж туулж, бариандаа орсон. Миний хувьд энэ хүмүүсээс үлгэр жишээ, урам зориг авч, монгол хүний зориг тэвчээр хаана хүрч болох юм гэдгийг 2690 километрийн зам туулж харууллаа. Надаас илүү зам туулах хүн гарч ирэхийг үгүйсгэхгүй. Тийм хүн байх юм бол тэр хүнийг би дэмжинэ. Яагаад гэвэл тэр зориг тэвчээрийг гаргана гэдэг хэн бүхний чадах зүйл биш. Энэ бол монголчуудыг дэлхийд таниулах үйл хэрэг. Монгол хүн хоёр хөлөөрөө 45 хоногт 2690 километр замыг тууллаа. Хувцсаар яривал энэ чинь монгол брэнд байхгүй юу. Тиймээс миний өмнө гүйж энэхүү амжилтыг эхлүүлсэн хүмүүстээ эрүүл энх, сайн, сайхан бүхнийг хүсмээр байна.

-ХИЛИЙНХЭЭ БАГАНЫГ ДЭРЛЭЭД УНТМААР САНАГДАЖ БАЙЛАА-

-Та Баянхонгор аймгийн хүн хэрнээ Дорнод аймгийн Хавирга хилийн боомтоос гүйж эхэлсэн нь сонирхол татаж байна...

-Эх орныхоо нам хэсгээс өгсөж гүйсэн. Хоёрдугаарт наран ургах зүгээс наран жаргах зүг рүү гүйсэн. Боомтуудын хувьд сонголт байсан. Гүйгээд явж байхад Баян-Өлгий аймгийн иргэд их таарч, “Манай хилийн багана дээр очооч” гэцгээсэн. Гэхдээ би Монгол Улсынхаа хэт холын зайн марафон гүйлтийн дээд амжилтыг шинэчлэн тогтоохыг хүссэн учир Дорнод аймгийн Хавирга хилийн боомтоос Ховд аймгийн Булган хилийн боомт хүртэл гүйхээр төлөвлөж, шийдвэрээ гаргасан. Тэгээд энэ хоёр боомтыг хөлөөрөө, хөлсөөрөө холболоо. Монгол Улсынхаа дархан хилийн багана дээр анх удаагаа очиж үзлээ. Бариандаа ороход Булган боомтын ажилчид бас сайхан хүлээж авсан. Болдог бол хилийнхээ баганыг дэрлээд унтмаар санагдаж байлаа.

-Холын зайн гүйлтээ эхлүүлэхээс өмнө хэд хоног бэлтгэл хийсэн бэ?

-Би Ерөнхий цэргийн командын офицер мэргэжилтэй. ЗХЖШ-д таван жил ажиллаж байгаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Бэлтгэлээ Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд байрлах алтны уурхайд туслахын ажил хийж байх хугацаандаа хангасан. Бэлтгэл маань 2021 оны долдугаар сарын 10-нд эхэлж, наймдугаар сарын 10-нд дууссан. Бэлтгэлээ хийж байх хугацаандаа наймдугаар сарын 01-нд Баянхонгор аймгийнхаа Биеийн тамир спортын газрын хамт олон, Өлзийт сумынхаа удирдлагатай уулзсан. Тэгээд наймдугаар сарын 11-нд Баянхонгор аймгийн төвөөс Дорнод аймаг руу машинтай хөдөлж, зорьж байснаараа наймдугаар сарын 15-нд гараанаасаа гарч чадсан. Анхны өдрөө 71 километр гүйсэн.

-Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан төлөвлөгөөндөө хүрээгүй өдөр бий юу?

-Анх өдөрт 60 километр зам туулна гэж төлөвлөж байсан. Гэхдээ олон өдрийн гүйлт гэдэг чинь шууд цаг агаар дээр захирагддаг юм билээ. Хавирга хилийн боомтоос Багануур дүүрэгт хүртэл би тувтан бороон дунд гүйсэн. Гэхдээ барианд орох хүртэл 60 километрээ алдаагүй л дээ. 10 километр гүйж байгаад хэсэг амарч, ус ууж, чанасан өндөг хоёр ширхгийг иддэг байсан. Тэгээд л цааш хөдөлж, 10 километр тасралтгүй гүйдэг байлаа. Мөн би дайрч өнгөрсөн газар орныхоо усыг хэрэглэдэг байсан. Тэглээ гээд миний биед ямар нэгэн өөрчлөлт гараагүй. Ийнхүү туулсаар бариандаа амжилттай орж чадсан. Хамгийн дээд тал нь нэг өдөр 99 километр гүйсэн. Хамгийн багадаа өдөрт 33 километр замыг гүйж туулсан. Учир нь Ховд аймгийн Манхан сумын нутаг их хүйтэн байсан тул биеэ хянаад боломжтой цагаар нь гүйсэн.

-ЕСДҮГЭЭР САРЫН 9-НД ЭХНЭРТЭЭ ХУРИМЫН ОЙН БАЯРЫН БЭЛЭГ БАРЬЖ 99 КИЛОМЕТР ЗАМ ТУУЛСАН-

-Гүйлтийнхээ хэд дэх өдөр 99 километр зам туулсан бэ. Үүнийг жаахан дэлгэрүүлээч?

-Есдүгээр сарын 9-нд эхнэртээ хуримын ойн баярын бэлэг барьж 99 километр зам туулсан. Эхнэр хүүхдүүд маань одоо хотод байгаа. Би одоо Ховд аймгийн Мөст суманд гэртээ байна. Гэргийн маань төрсөн нутаг. Энд бид хоёр гал голомтоо бадраасан юм. Маргааш өөрийн төрж, өссөн нутаг руугаа явна. Тэгээд хот руу явна. Манайх хотод төвлөрч амьдрахаар шийдээд байгаа. Одоо хувиараа юм хийж эхэлнэ дээ.

-45 хоног гэрээсээ, эхнэр хүүхдээсээ хол байна гэдэг хэцүү.  Гэр бүлийнхэнтэйгээ өдөр болгон ярьж амждаг байв уу?

-Өдөр болгон ярьж амжихгүй. Заримдаа сүлжээгүй газар хононо. Гүйхээс өмнө сар бэлтгэл хийж байхдаа гэрээсээ хол байсан. Үндсэндээ 3 сар эхнэр хүүхдээсээ хол байна. Гүйсээр Улаанбаатарт орж ирээд 22-ын товчоо өнгөрөхийн өмнө гэргий маань хоёр хүүхэдтэй ирж, уулзсан. Эхнэр хүүхэдтэйгээ уулзах сайхан байсан. Хурдан уулзмаар байна.

-Нийт хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй гараанаас гарч, барианд оров?

-Хавирга хилийн боомтоос Улаанбаатар хотод орж иртэл нутгийн маань ах, ээж, дүү гурав хамт явсан. Харин Улаанбаатараас хөдлөхөд дүү маань миний жижиг тэргийг унаад ээжтэй хамт хөдөлсөн. Тэд маань намайг гүйж байхад дагаж явна. Түрүүлж очоод майхнаа бариад хоол хийнэ. Арыг маань бат даасан. Биеийг минь хянаад хамт явсан эмч бол байсангүй. Би өөрөө, өөрийнхөө биеийг хянаж явсан.

-Одоо таны биеийн байдал ямар байна вэ?

-Жин хассанаас өөрөөр өөрчлөлт гараагүй. Бие маань хэвийн байна. Гүйж байгаад огт гүйхгүй өнжихөөр бие булардаг бололтой.

Мөн цаг хугацаа явдаггүй юм байна. Байсхийгээд л цаг хэд болж байгааг харах юм. Цагийн зүү хөдөлж ядаад байгаа мэт санагдах болжээ.

-Машин зам дагаад гүйж байхад замд таарсан хүмүүс хамт зургаа татуулж, бичлэг хийцгээж байна лээ. Нутгийн иргэд болон замд таарсан хүмүүс хэрхэн хүлээж авч, ямар асуулт тавьж байна вэ?

-Би их үндсэрхэг үзэлтэй, малчин айлын хүүхэд. 30 дахь өдрийн гүйлтээрээ Говь-Алтай аймгийн Шарга сумын нутагт орж ирээд монгол хүн гэдгээ мэдэрсэн. Эхлээд аргал түүж яваа эмээ таарч “Миний дүү гүйж яваа юм уу. Манайхаар ороод цайны сүү аваад яваарай” гэсэн. Араас дагаж яваа машин гүйцээд ирэхээр нь хэлээд бид очиж цайны сүү авсан. Тэгээд цааш гүйгээд явж байхад нэг мотоциклтой хүн давхиад ирсэн. Тэр хүн бол Говь-Алтай аймгийн сайн малчин н.Тулга. Энэ хүн надад монгол хүний ёс заншил, өв уламжлалыг мэдрүүлсэн. Ирээд надтай уулзаад хүсэл зорилгыг минь сонсож, “Мотоциклоор малаа эргүүлэхэд хэцүү байдаг. Гэтэл хүн гүйгээд явж байна. Яасан сайхан юм бэ” гэж хэлээд замын хүнс өгөөд явуулсан. Түүнээс өмнө ямар ч малчин хүн надтай таараад ийм халуун дулаан сэтгэл дэвсээгүй. Яахав зам дагуу машинтай хүмүүс зөндөө таарч, сэтгэлээрээ ундаа, ус өгч зургаа даруулсан. Замд таараад, намайг зориод ирсэн хэн бүхэнтэй “Сайн байна уу” гээд гар барьсан. Хүмүүсийг халдвартай байх вий гэж огт айгаагүй. Анхнаасаа сэтгэл зүйгээ бэлтгэсэн байсан. Коронавирус туссан ч гүйж, бариандаа орно гэж бодсон.

-Та маш идэвхтэйгээр зургуудаа оруулж, аль аймгийн нутгаар дайран өнгөрч байгаа мэдээлсээр байсан. Утсаа машиндаа цэнэглэж байв уу?

-Хавирга хилийн боомтоос гарахдаа дагаж яваа машиндаа бензин хийх мөнгөгүй байлаа. Тухайн үед миний он жав н.Батбаяр 100 мянган төгрөгийн хандив өгсөн. Түүгээр нь бинзен авч, үлдсэнээр нь миний ээж гар чийдэнтэй “Power bank” авсан байсан. Тэр ч утгаараа зарим шөнө харанхуйд гэрэл тусгаж  байгаад гүйсэн. Учир нь өдөрт 60 километр гүйнэ гээд өөртөө амалчихсан тул харанхуй болсон ч зорилгынхоо төлөө зогсолтгүй гүйсэн.

-МАНХАН СУМЫН ЗАМЫН ЦАГДААГИЙН ПОСТ ДЭЭР АЛБА ХАШИЖ БАЙСАН ХОЁР АЛБАН ХААГЧ МАХ ЧАНАЧХААД НАМАЙГ ХҮЛЭЭГЭЭД СУУЖ БАЙСАН-

-Зарим хүн “Энэ хүмүүс юуны төлөө гүйгээд байгаа юм бэ” гэж гайхацгааж байгаа харагдсан?

-Би 2690 километр замыг туулж, энэ зорилгын ард гарч үеийн залуус болон өөрөөсөө дооших дүү нарт үлгэр болохыг л хүссэн. Зорилго тавьж, зорьсондоо хүрэхийн тулд хөлсөө дуслуулдаг юм. Хамгийн гол нь сэтгэл, зүтгэл чухал гэдгийг харуулахыг хүссэн учраас бор зүрхээрээ явлаа. Өсөж, төрсөн Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг дарга болон хамт олны зүгээс надад багахан хэмжээний тусламж үзүүлсэн.

Би 2690 километр замыг туулахдаа “Баянхонгор аймаг 80 жил”, “Өлзийт сум 100 жил”, “Нутгийн хөгжилд миний оролцоо” гэсэн бичигтэй туг үүрч явсан. Энэхүү гүйлтээрээ би хүний төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй монгол түмнийхээ, тэр дундаа Баянхонгор аймгийнхаа нийт ард иргэдэд бэлэг барьсан.

-Цар тахлын хүнд нөхцөлд гүйлээ. Тэр утгаараа аймаг, сумдын постуудаар дайрч өнгөрөхөд хүндрэл бэрхшээлтэй нүүр тулав уу?

-Гүйгээд өнгөрөхөд хүмүүс хараад л үлддэг. Намайг зогсоогоод “Чи хаачих гэж байгаа юм” гэж нэг ч хүн асуугаагүй. Ховд аймгийн Манхан сумын гурван замын уулзвар гээд замын цагдаагийн пост дээр гүйгээд ирэхэд алба хашиж байсан хоёр албан хаагч мах чаначхаад намайг хүлээгээд цонхоороо хараад сууж байсан. Бид чанасан махаа хувааж идсэн. Үнэхээр сайхан сэтгэл гаргасан. Тэд намайг очиж байгааг цахим хуудаснаас маань мэдсэн юм билээ.

-Хол замд гүйнэ гэдэг нэг бодлын бясалгал ч юм шиг. Гүйлт гэдэг дурсамж дуртгал, алдаа оноогоо дэнсэлж, өөр рүүгээ өнгийх цаг хугацаа ч юм шиг. Гүйгээд явж байхад чухам юу бодогддог юм байна?

-Гүйж байхдаа өөрийнхөө тухай бодож амжсангүй. Гүйлтийнхээ явцад зургаан гутал элээж, Монгол орныхоо байгалийн сайхныг л мэдэрлээ.

-Тэгэхээр гэр бүлээрээ очиж үзнэ гэж бодсон, төлөвлөсөн газар байгаа байх нь?

-Би 9 аймгийн нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн. Хэчнээн сумын нутгаар явснаа мэдэхгүй нь. Гэр бүлээрээ очиж үзнэ гэхээс илүү монголчууддаа хандаад уриалмаар байна. Монголынхоо үзэсгэлэнт сайхан газруудыг очиж, үзээд байгалийн сайханд удаан саатаарай гэж хүсэх байна.

-Таныг Э.Даваажамц тосож авч, Ховд аймгаас гүйж гаргаж өгсөн байсан. Төгсгөлд та хоёрын дунд өрнөсөн бол?

-Би 37 дахь өдрийнхөө гүйлтээр Ховд аймаг руу гүйж орсон. Тэгэхэд Э.Даваажамц надтай холбогдоод 14 километрийн өмнө тосож авч, Ховд аймаг руу хамт гүйж орсон. Хамт гүйх сайхан байсан. Дараа нь хамт гүйсэн бичлэгээ сонирхож үзээд өөрийгөө хэрхэн гүйдгийг харсан. Тэгээд “Би хэзээнээс гүйж сурсан юм бол” гэж бодсон, эргэцүүлсэн. Тэгээд бодоод байхад би 10 гаруй жил өөрийгөө бэлтгэсэн юм билээ. Хүмүүс холын зайн гүйлтийн анхдагч нь Э.Даваажамц. Чи бол хоёр дахь бараг гүйгээд дэмий дээ гэцгээж байсан. Би тэдгээрийг тоогоогүй. Тэгээд өөрийгөө ялсан.

-Сүүлийн асуултыг танд үлдээе?

-Хол замыг гүйж туулна гэхэд ээж маань дэмжиж байсан. Бусад хүмүүс бол нэг их итгэхгүй, гайхаж байсан. Залууст бүтээлч, хөдөлмөрч, зорьсон зорилготой байж, түүнийхээ төлөө тэмүүлж, түүндээ хүрэхийн тулд тууштай тэмцдэг байгаасай гэж үлгэрлэхийг хүссэн. Хичээгээрэй залуусаа.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-01 08:55

iim ursgal garchee

Зочин
Зочин
2021-10-01 09:00

Гүйгээд бай, гүйгээд бай.

IOP
IOP
2021-10-01 10:22

Za darga naraa bairaa bairaa. Bi odoo ajlaasaa 10 jiliin naiziinhaa hajuu ailiin emeegiin 99 nasnii oid zoriulj guiheer shiidlee. Gehdee amerik ruu.

Зочин
Зочин
2021-10-01 10:59

Хүн бүр л гүйдэг болж дээ
Монгол шарын даваанаас Буйр нуур хүртэл гүйдэг юм уу даа !

Зочин
Зочин
2021-10-01 18:37

Эр хүн

Зочин
Зочин
2021-10-01 19:38

Bi bas guideg ch ymuu

Холбоотой мэдээ

Back to top button