ЯРИЛЦЛАГА

Д.Ганпүрэв: Өндөр хөгжилд хүрээд, хүний мөн чанарыг эрсэн гадаадуудад Монгол диваажин шиг харагддаг

Өнөөдрийн ярилцлагын зочин соёл судлаач Д.Ганпүрэв. “Бөртэ”, “Алтай” хамтлагийн үүсгэн байгуулагч тэрбээр алтай ятгыг археологийн олдвороос хөгжмийн зэмсэг болгон сэргээх ажилд гар бие оролцсон их гавьяатай. Нүүдэлчдийн язгуур соёлыг эгэн судлах, задалж ойлгох, түгээн таниулах чиглэлд сүүлийн 20-иод жил тэр ажиллаж байна.

Сүүлд тэр Монголын Театрын музейн танхимын нэг хэсэгт “Агуй О2” хэмээх соён гэгээрлийн орчин байгуулжээ. Нүүдэлчдийн язгуур амьдралын хэв маягийг санагдуулах энэ танхимд хүүхэд залуус, олон нийтэд зориулсан үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Бид энд ярилцлаа.


ГОЛЛАНДААС ОЛДСОН ТЭР ХУУРЫГ АВЧИРЧ, СУДАЛБАЛ МАШ ИХ МЭДЭЭЛЭЛ ЗАДАРНА-

-Таныг уран бүтээлч, судлаачийн аль алиных нь хувиар нэг их амбицлаад байдаггүй, юм бүтээж үлдээхийн төлөө даруу, шургуу хөдөлмөрлөдөг хүн гэж хардаг. Олонд төлийлөн мэдээлээгүй сүүлийн үеийн сонин сайхан үйл явдал юу байна вэ, хуваалцаач?

-Голландад алтай ятга тоглож сурч буй Ронни (Rowan Lee Hartsuiker) гэж шавь маань бий. Тэр хэдий голланд ч дотоод мэдрэмж нь монгол хүнийх шиг болчихсон. Ронни икэл хуур их гоё тоглож байна. Икэл хуураар дамжуулаад бас хөөмийлөөд сурчихсан байх юм. Алтай ятгыг нэг сар заалаа, сарын дотор боломжийн сонирхолтой хэмжээнд сурчихаж байна. Соёл хил хязгаараа тэлэх, европ хүний сэтгэлгээгээр монгол соёл хөгжиж, этник суурьтай хөгжмийн шинэ урсгал үүсэх үүд хаалга ийм хэлбэрээр нээгдэж болох юм л даа.

Нэг өдөр Ронни “Эндхийн эртний эдлэлийн дэлгүүрт морин хуур зарагдаж байна. Та хар даа” гээд нэг зураг явууллаа. Харахад, 19-р зууны эхэн үеэр Монголд цөөн хэдхэн байсан, гадаадын судлаачид худалдаж аваад хил давуулсан морин хууруудын нэг төрөл байсан. Би “Ердийн хуур биш байна. Битгий заруулаарай. Боломж байвал ямар нэг байдлаар худалдаад аваарай” гэж захисан.

Өнөөдөр чи бид хоёр Монголын Театрын музейд ярилцаж байна. Энд 18-р зууны сүүл үеийн нэг матар хуур бий, нэг арслан толгойтой хуур бий. Өөр эртний сурвалж болох хуур төдийлөн байхгүй. Иймд Голландаас олж авсан тэр хуур асар чухал, үнэт сурвалж  болох юм. Толгойд нь эртний хадаг уясан, хүзүүнд нь улаан утас зүүсэн. Тэдгээр нь нэлээд элэгдэж, сэмэрч, багассан байх юм.

Харах болгондоо би түүнээс мэдээлэл авдаг. Сергей Бодров гэж найруулагч бий. “Монгол” гэдэг киногоор нь бид түүнийг мэднэ. Түүнийг Монголд ирэхдээ үнэт эдлэлийн дэлгүүрээс нэг морин хуур худалдаж аваад явсан тухай мэдээлэл байдаг. Эргээд бид тэр хуурыг эх орондоо авчрахдаа анх худалдсан үнээс нь магадгүй 10 дахин их зардал гаргах болж байна. Энд авчраад нарийн түвшинд судлаад ирвэл маш их мэдээлэл дахиж задрах ёстой. Ерөөс ганцын төдий ч болов өвийн төлөө зүрх цохилдог, үнэ цэнийг нь мэдэрдэг болчихвол монгол хүн байх гол суурь дэвсгэр тэнд оршино.

Сониноос гэвэл тэр хуурыг удахгүй Монголд авчрах гэж байна. Шавь Рони өндөр үнээр худалдан авч багшдаа /надад/бэлэглэсэн. Нэг ширхэг мод ч хэлтэрч унаж болохгүй, үртэс нь ч үнэ цэнтэй. Иймд ямар ч гэмтэл учруулахгүйгээр Монголд нь авчирч өгөөч гэсэн хүсэлтийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт өгөөд байна.

Үүнээс гадна ойрд хийж байгаа судалгааны ажлуудаа сонирхуулж болох байх. Язгуур урлаг, ардын урлаг, үндэстний урлаг, угсаатны хөгжмийн урлаг гэдэг бүгд өөр өөр салбарын, өөр урлагууд юм. Харин бид нийлүүлээд л язгуур урлаг гэж ойлгох гээд байдаг. Уг нь манайд угсаатны хөгжмийн урлаг судлал хөгжиж, ангиллуудыг нь задалж томъёолоод гаргаад ирвэл аль нь ардынх, аль нь уламжлалт, аль нь язгуур юм гэдэг нь ойлгомжтой болно. Тэгж гэмээ нь энэ өргөн судлагдахуунаас жаахан нарийн ширийнийг олж харна л даа. Ойрдоо энэ тал дээр судалгаа хийж байна.  

-Язгуур урлаг, үндэстний урлаг зэргийг эрхгүй нэг зүйл л гэж ойлгож явдаг. Яг шинжлэх ухаанчаар хандвал дахин задрах, дэлгэрэх том нөөц өв бидний язгуур урлаг дотор оршиж байдаг шиг. Харин бид язгуур луугаа өнгийхийн оронд гадагшаа ханддаг. “Хүн хэдий чинээ хол аялаад төдий чигээ өөрийг олохгүй” гэдэг шүү дээ?

-Хувь хүн ураг, овгийнхоо хэмжээнд язгуураа судалж болно оо. Соёлын хэмжээнд заавал судлах албагүй. Гэхдээ төрөөс баримтлах соёлын бодлого ийш зайлшгүй, гарцаагүй чиглэх ёстой. Тодорхой институтүүд бий болгож, язгуурын нөөц өвүүдээ, мэдээллүүдээ задалж, тайлах судалгааг заавал хийх хэрэгтэй.

Мэддэггүй юм гэдэг угаас үнэ цэнгүй байдаг. Мэдээд ирэхээр түүний дотор шижир мэдээллүүд байх жишээний. Чиний асуулт газар зүйн байрлалтай уялдлаа. Энэ ч соёл судлалд нэг их анзаарагддаггүй, ярих хэрэгтэй асуудал болоод буй. Өөрөөр хэлбэл тухайн газар зүйн онцлогт соёлын биет бус өвийн амин чанарууд нь шингэсэн байдаг.

Жишээ татаж ярихад, баруун монгол аймгийн биет бус соёлоо өвлөн уламжлагчид төв рүү нүүж, тэнд удам залган амьдрах боллоо. Гэвч газар зүйн онцлог нь өөрчлөгдчихөж байгаа учраас тэнд биет бус соёлын өв уламжлагдаж үлдэх боломж багасна. Шилжилт хөдөлгөөнийг ингэж хүчтэй хийх нь соёлын уламжлалыг таслах магадлал өндөртэй. Цаашлаад Дөрвөд нь ч, Халх нь ч, Баяд нь ч мэдэгдэхгүй шингэмэл соёлууд бий болж, алдаа завхрал гарах магадлал бас үүсчихээд байгаа юм.

-БИДНИЙГ ТОМ ТҮҮХИЙН ТОМ СҮҮДЭР 500-ААД ЖИЛ ДАРСАН-

-Яг ингэж мөн чанарынх нь хэмжээнд асуудлыг бодитоор олж хардаг судлаачид хэр олон байдаг нь анхаарал татдаг л даа. Дотоод нөөц шаардлагаа хангах хэмжээнд байж чадах уу?

-Суугаа цэцнээс явсан тэнэг дээр гэдэг дээ. 17 жил бусад улсуудаар явж, бусдын сайн сайхныг үзэж хараад, эргээд “гэр”-тээ ирсэн хүнд соёл асар үнэтэй сэдэв болчихдог. Ганц ширхэг соёлын хэлтэрхийний төлөө ч хамаг байдгаа тавиад өгчихөж чадах, нэг тийм сонин байдалд орчихдог. Уг нь энэ тийм чухал биш л дээ. Ажлын найман цаг ажиллаж, цалингаа авчихаад, орой гэр бүлтэйгээ сайхан хоол хийж идчихээд явдаг энгийн хүмүүст бол. Гэтэл соёлын нарийн мэдээллүүд танигдах тусам хувийн амьдралын элементүүд ч хөдөлгөөнд ордог, нэг цул болчихдог.

Өнөөдөр энэ салбарыг судлах их ажлын суурь Г.Бадрах, Ж.Бадраа гуай нарын цэнхэр номон дээр л тогтож байна. Энэ бүтээлээс шууд эшилж авсан нь байх ч сурвалжийнх нь хойноос дахиж орсон, нягталсан судалгаа байхгүй байгаа. Социализмын үеийн олон судлаачийн хийсэн бүтээснийг үгүйсгэж болохгүй ч одоо бол хийх нь бидний үүрэг болсон. Тухайн цаг үе, нийгэм ямар байв, тэднийг нэгдсэн ямар бодлогоор удирдаж байлаа. Харин өнөөдөр угсаатны хөгжмийн судлалд хангалттай орон зай байна. Судалгаа хангалттай хийгдээгүй гэдгийг би шууд хэлж чадна. Гарцаагүй төрийн бодлого ийш чиглэж байж язгуур соёлоо шинээр, өөр өнцгөөс харах шаардлагатай ийм цаг үед бид амьдарч байна.

-Хөндлөнгөөс харахад хэдхэн хувь хүмүүсийн тархин дээр л тогтоод яваад байгаа юм шиг ажиглагддаг. Энэ том сэдэв цөөн судлаачийн хүрээнд, субъектив хандлага давамгайлсан байдлаар л судлагддаг юм шиг?

-1990-ээд оны өмнө угаас тодорхой бодлого явж байлаа л даа. Миний хувьд бид өөрсдийгөө голж болохгүй. Алдаж оносон ч зөв замаа олоод, хийж бүтээх зүг рүүгээ алхаж байгаа бол түүнийг арай өөр өнцгөөс тайлбарлаж болох. Бидний түүх том байсан. Тийм ч учраас тэр том түүхийн том сүүдэр биднийг 500-аад жил дарсан.

Алтан ургийн үргэлжлэл хийгээд Монголын бүхий л оюун санааны түүчээ нарыг олон зуугаар нь хядсан. Биднийг арчихын төлөөх л харийн бодлого хэрэгжиж байлаа. 19-р зууны эхээр хэдэн зуун мянган л монголчууд үлдсэн байсан. Энэ нь их түүхийн сүүдэр болохоос бид өөрсдөө тийм сул дорой тавилан руу гулсчихсан гэж үзвэл өрөөсгөл. Дотроос нь ч биднийг задалсан. Хэрэв ингэж оюун санааны түүчээ нарыг устгаагүй, үндэстнийг хагалаагүй байсан бол бид өнөөдөр Хятад, Өмнөд Солонгосоос илүү хөгжсөн байх боломжой. Энэ өнцгөөр, устаж үгүй болсон соёлоо дахин сэргээхэд чиглэсэн бодлого өнөөдөр заавал байх ёстой. Зөвхөн социализмын үед ч бус, 1990 оноос хойш ч бид ямар соёлыг устгаж үгүй болгосноо эргэж харах хэрэгтэй.

Тэнд л бидний дархлаа байсан. Нэг талдаа нүүдэлчдээс үлдсэн соёлыг ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засаг, техник технологийн хөгжил зэрэг нь эргээд устгах, таслах эрсдэл бий болоод байна. Өнөөдөр “The Hu” хамтлаг дэлхийд дуулж байна. Учир нь тэнд нөгөө хөөмий, хархираа, морин хуур байгаа. Язгуур луугаа эгсэн этно-рок. Иймд л болж өгвөл язгуураа судлах, хамгаалах хэрэгтэй гээд байгаа юм.

Нөгөө талдаа бүхнийг өөрчилж, шинэчлээд байж бас болохгүй. Чи хөөмийлдөг бол яг язгуур уламжлалаа барьж, тэр хэлбэрээр нь хөөмийлөөд л явах хэрэгтэй. Харин өөрийнхөөрөө өөрчилчихвөл хөөмийн соёл тасрах магадлалтай. Хэн өөрчлөх вэ гэвэл мэргэжлийн уран бүтээлчид.

-ХҮН ТӨРӨЛХТӨН ЭРГЭЭД ӨӨРСДИЙГӨӨ, БАЙГАЛИА ЭРЖ, ХАЙЖ БАЙНА-

-“The Hu” хамтлагаас хойш хүмүүс яах ч аргагүй нэгийг бодсон. Гэхдээ хувиргаж, өөрчлөөд аваад явчихвал гоё юм байна шүү дээ гэж олонх нь харсан байх. Гэтэл зөвхөн уран бүтээлчид л өөрчлөх эрхтэй гэсэн энэ нюанс тэдэнд төдийлөн хоцрогдсон маягаар буух байх л даа?

-Этно суурьтай хамтлагууд олноор байгуулагдаж, язгуур урлагаа орчин үеийн болгож өөрчлөх оролдлогууд хэд хэчнээн ч хийгдэж болно л доо. Харин гагцхүү цаг хугацааны шалгуур тавигдана.

Төрөөс биет бус соёлын өвлөн уламжлагчдыг бүртгэдэг. Тууль гээд л аваад үзэхэд гарын гарын 10 хуруунд үлдэх туульч л үлдсэн. Туулийг гурван өдөр, гурван шөнө хайлдаг байхад техник технологи орж ирээгүй байлаа. Бид ийм хугацаанд тэр том багтаамжтай, агуу өгүүлэмжтэй, уран сайхны хэллэгтэй соёлын үнэт өвийг сонсож хүмүүжиж байж. Гэтэл өнөөдөр бидний тархины хурд, багтаамж гурван шөнө, гурван өдрөөс гурван минут болж багасчихаад байна. Тийм учраас орчин цагийн энэ өндөр хурданд нүүдэлчдийн соёл шахагдаж байгаа.

Аа, шахаад гаргачихаж бас болно. Ингэж орхигдуулаад л, гадаадын хөнгөн хөгжмийн төрөл зүйлүүдийг сонсоод, давхар гадаадаар хольж яриад яваад байвал аяндаа хүний дотоод давтамж соёлын нөлөөгөөр өөрчлөгдөнө. Ингээл ирэхээр язгуур соёлоо улам л дорд үзэж эхэлнэ.

Энэ нь эцэстээ олон улсын хэмжээнд гарч ирээд “Би монгол” гээд Монголынхоо тухай ярих болоход, Азийн улсууд дундаа хамгийн дархлаагүй үндэстэн гэдгээ олж харах тэр цаг үе рүү хөтөлнө. Сайхан цэвэр агаарт гарч, хүчилтөрөгчөөр цээж тэнийтэл амьсгалж байж амьд явдгийн адил – тухайн үндэстний өрсдийнх нь бүтээсэн соёл оршин тогтнох нэг амин чанар нь байдаг. Тэр нь байхгүй болчихвол эрлийзжээд явчихна. Нүүдэлчдийн олон мянган жилийн соёл өнөөдөр сүүлчийн нүүдэлчид маягаар үгүй болж байж ч мэдэх юм.

-“Хадгалж үлдье, эргэж харъя” гэсэн санаан дээр хэчнээн нэгдлээ гэлээ ч өөрчлөх аргагүй цаг үеийн өөрчлөлт, шинэчлэлт өөдөөс угтаж байгаа юм биш үү. Хүссэн хүсээгүй л суурьшмал иргэншил рүү орох нь ойлгомжтой болчихлоо гэж бидний олонх нь үзээд байна?

-Яг үнэн. Гэтэл дэлхийн хүн төрөлхтөн өндөр хөгжилд хүрчихээд, эргээд хүн гэдэг дотоод мөн чанараасаа хэт холдсоноо мэдээд, “Байгаль хааччихав аа, бид хааччихав аа” гэж хашгирч байна. Тэдэнд хүн гэгч байгалийн нэгэн бүтээгдэхүүн болж төрсний хувьд аз жаргал хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл Монгол тэдэнд айхавтар аз жаргалтай газар гэж харагдаад байна.

Германд өдөр бүр захиа ирнэ, тооцооны хуудас очно. Дандаа эрхийг нь сануулна, шаардлага хүргүүлнэ. Гэтэл бензин авахгүй хөсөг унаагаар яваад, юу ч мөнгөөр худалдаж авахгүйгээр малынхаа шимээр амьдраад байна шүү дээ, Монголд. “Энэ чинь жинхэнэ хүн байна ш дээ” гэж тэд олж харж байх юм.

“Ингэн тэмээний нулимс”, “Шар нохойн там” гэж Д.Бямбасүрэн найруулагчийн хийсэн киног гадаадынхан үзээд, тэгж шоконд ордог. Бид гадаадуудад эрх чөлөөтэй, амьтны сэтгэл зүйг ойлгодог, байгальтайгаа зэрэгцэн оршсон агуу үндэстэн гэж харагддаг. Гадаад ертөнц ингэж харж байхад бид өөрсдийн нүүдэлчин соёлоо хайбрид байдлаар хадгалж болно. Дэлхийн энэ их бохирдол, доройтлыг нүүдэлчдийн соёл лав бүтээгээгүй. Нөгөө бидний хүсээд байгаа суурьшмал иргэншил дэлхийн нөөцийг ховх сорж, өндөр хөгжөөд, одоо Монголын газар нутаг руу орчихоод байна. Иймд байгалиа, биет бус өв соёлоо хамгаалж, давхар техник технологийн хөгжлөө хүлээж аваад, монгол хүний оюун ухааны нөөцөөр урагш давшиж болно. Хотжилт, нүүдэлчин соёл хоёроо зэрэгцүүлээд авч явах боломж, нөхцөлийг хуулиараа бий болгож болно.

-НҮҮДЭЛЧИН БОЛОН СУУРИН СОЁЛ ИРГЭНШЛЭЭС ГУРАВ ДАХЬ ХУВИЛБАРЫГ ОЛЖ ХАРААСАЙ-

-Дэлхийн томоохон эрдэмтэд ч сүүлийн үед “Бид хөгжих тусмаа өөрсдөдөө л төвөг удсан юм байна. Аз жаргал гэдэг үнэндээ харанхуй бүдүүлэг гэгдэх тэр эрт цагт л бидэнд байж” гэж бичээд байгаа.

-Тийм. Гэхдээ шинжлэх ухаан хөгжих ёстой. Аливаа зүйлийн нууц оньс заавал тайлагдаж явах шалтгаантай.

Диваажин гэдгийг бид Монголдоо бий болгочих бүрэн боломжтой. Бид эгоист байж, эд хөрөнгөө хэмжиж, эзэмшил газар нутгаа таслан хуваах тусмаа эсрэгээрээ хөгжиж байна. Нэг л болохгүй байгаа шалтгаан нь тэр байж болох. Хэрэв бид язгуураа таньдаг бол өөрсдийн эд хөрөнгийг өөрийнхөө төлөө биш бусдын төлөө, улсынхаа төлөө зориулна. Энэ бол оюун санааны өндөр боловсрол байхгүй юу.

Сүүлийн 30-хан жилд өрнөсөн үйл явц жаахан үлдсэн үндэстний дархлааг маань дахиад л устгах гээд байх шиг. Гэхдээ энэ бол ард түмний биш төрийн бодлогын асуудал л даа. Ард түмэн энгийн, энгүүн амьдрах ёстой. Харин 12-р ангиа төгсөж буй хүүхдийг яаж монгол дотортой, зөв монгол хүүхэд болгох  вэ гэдэг л асуудал.

-Язгуурыг сануулдаг урлагийн төрлүүдээс хөгжим хамгийн хүчтэй нь гэж санагддаг л даа. Сонсонгуут л угаас цээжин гүнд байсан нэг аялгууг татаад, гаргаад ирэх шиг болдог. Дарагдсан язгуурын мэдрэмжийг тэгж сэрээдэг гэлтэй. Тэр үүднээс таныг хөгжмөөр нь дамжиж соёл судлал руу орсон азтай хүн гэж хардаг юм?

-Чиний нүдийг боож байгаад олон үндэстний хөгжим сонсуулахад монголоо шууд танина. Энэ ч их учиртай. Учир нь бидний хэлний бүтэц, нутгийн аялга, онцлог зэрэг нь өөрөө үндэстний хөгжмөө бүтээсэн байдаг. Хэлийг авиа бүтээнэ. Харин авиа бол давтамж. Хөгжим ч бас давтамж. Давтамж хүний биед нөлөөлж, дотоод үелзлүүдийг бий болгож байдаг учраас эд бүгд хоорондоо холбоотой.

Ингээд ярихаар бас нэг сонирхолтой өнцөг бий. Юу гэвэл, бид эхэлж үндэстний дархлаатай болж амжихгүйгээр гадаадын соёлын орон зай руу хэт ороод ирвэл хүний дотоод давтамж өөрчлөгдөж, сэтгэлгээ ч хувьсах боломжтой. Тэгэхээр төрийн бодлого үүн дээр ч бодомжтой явах ёстой л доо.

Чи сая “Дотор байсан аялгууг татаж гаргадаг” гэж хэлсэн. Дуу авиа гэдэг зүйлд ерөөс биднийг бүтээсэн сансрын орон зай, газар зүйн онцлог, соёл гээд бүгд оршиж байгаа. Бүгд нийлээд тэр авиаг үүсгэдэг.

Миний ард, ханан дээр хөгжмийн зэмсгүүдийг дүрсэлсэн байгаа биз. Тэр бол хэл хуур. 3000 жилийн түүхтэй, дөрвөлжин булшаа дагаж хөгжсөн хөгжмийн зэмсэг. Хэл хуурын нэг дуугаралт авиа үүсгэнэ, энэ авиа агаарт үелзэл үүсгэнэ. Энэ үелзэл чам руу шингэж ордог.

“Морин хуураар гэрийнхээ жаврыг үргээе” гэж ярьдаг шүү дээ. Хүн орж гарахгүй удчихсан газар, булан тохойд авиа очихгүй байвал  тогтонги орон зай үүсэж, энерги нь буруу болдог. Харин энэ энерги хүний аурад сөрөг нөлөө үзүүлж байдаг. Тэгвэл дуу авиа булан тохойд хүрч, тогтонги энергийн орон зайг өөрчилдөг учраас “Жавар үргэдэг” шалтгаан энэ.

Хэл хуур ч тийм онцгой. Нүүдэлчдийн дэлхий даяар түгээн тараасан хөгжим гэж болно. Италийн Сицил арал дээр, Германы Бавар мужид хэл хуур тоглож байна. Тэгвэл 3000 жилийн өмнөх эх олдвор нь бидэнд байдаг. Бид энэ үнэ цэнийг ойлгодоггүй. Ингээд харахаар, язгуурын мөн чанараа таних тусмаа л “Би хэн бэ” гэдэг тодордог. Танихгүй байх тусмаа гадаадын сургуульд сурч, хэчнээн амжилт гаргалаа ч тэдний хөгжлийг л давтаад урагшилдаг. Гэхдээ би давтмааргүй байна. Нүүдэлчин болон суурин соёлын дундаас гурав дахь хувилбарыг олж хараасай гэж хүсдэг.

-Та давхар багшилдаг хүн шүү дээ. Хүүхдүүд хөгжмийн сургуульд дээрх агуулгаар нь харж орж ирэхгүй байгаа. Энэ хөгжмийг тоглоод ямартай ч амь зуух ёстой л гэж ойлгоно…

-Харин тийм, бас эцэг эхчүүд нь ойлгохгүй. Тэр бүү хэл манай мэргэжлийн хүмүүс ч сайн ойлгохгүй. Би ч анх контрбассист байлаа, симфони найрал хөгжимд. Сонгодгийн орон зайнаас ардын, үндэсний урлагийг харахад болхи, бүдүүлэг. Контрбассист байхдаа хараад хөгжмийн зэмсэг нь ямар болхи бүдүүлэг, тоглож байгаа хүмүүс нь ямар замбараагүй юм гэж бодож явсан. Сонгодог хөгжим гэдэг шинжлэх ухаанаар чигчий хуруу орох зайгүй задалж, тайлбарлаж, онолдсон урлаг. Бүр хэвшчихсэн.

Тэгээд хүн гэдэг хөгжих тусмаа аливааг задалж ойлгох шалтгаантай юм. Би их хуур хөгжмийн анхны мэргэжлийн хуурчаар давхар төгссөн юм л даа.  Энэ үүднээс, их хуураар дамжиж ардын урлагт хөл тавьсан. Ардын урлагийн мөн чанарыг задалж, ойлгох шалтгаан тэгж үүссэн.

Мэргэжлийн хүмүүс нь ардын урлагийг ойлгохгүй, мэдэхгүй байх олон шалтгаан бий. Дээрээс нь хүүхдүүдийн аав, ээж мэдэхгүй. Тэгэхээр  үүнийг хэн мэдүүлэх ёстой вэ гэхээр дахиад л нөгөө төрийн бодлого. Хэлбэр хэмжээний ард мөн чанар, амин чанар хоёр байдаг. Төрийн бодлого хэлбэр төдий явж, амин чанараа хөндөж чадахгүй байгаа учраас энэ бүх хугацаанд ард түмэн ядарч байна л даа.

-Төрийн бодлого байх ёстой гэдэг дээр хамгийн эхэнд санал нэгдлээ гэж бодъё. Гэхдээ хүүхэд бүрийг хэл хуур аваад, тоглоод сур гэж болохгүй. Нэгэнт өнөөдөр гар утасны хэрэглээнийх нь орон зайг орлоход хүнд болчихлоо. Төр бодлогоо явуулж чадахгүй байгаа энэ нөхцөлд тэгэхээр үлдэж байгаа гаргалгаа нь юу байж болох юм. Хэн, ямар үүрэг хүлээж болох вэ?

-Хамгийн нэгдүгээрт төрийн хараа хурц байх ёстой. Энэ нийгэмд хэн бүтээж, хэн гүйцэтгэж, хэн хүртэж байна гэдгийг төр ялгаж салгаж, хардаг байх хэрэгтэй. Бүтээж байгаа хүмүүсийг төр нь санхүүжүүлж, дэмжиж байх ёстой. Гэтэл өнөөдөр бүтээгчдийг биш гүйцэтгэгчдийг нь дэмжээд байгаатай зарим асуудал холбоотой гэж хардаг. Жишээ нь, хөгжмийн зохиолчид бол бүтээдэг хүмүүс. Дуурь бүтээхэд 60 сая төгрөг байя гэж бодъё. Үүнд “Ямар их мөнгө вэ, юу гэж дээ. Нэг тоглолт зохион байгуулаад, хэдэн дуучид аваад ирвэл арай дээр” гэж харамлавал соён гэгээрэл нийгэмд явагдахгүй л дээ. Бүтээж байгаа хүмүүст бодлого чиглэж, тэр нь гүйцэтгэгчдээр дамжаад ард түмэнд очиж байвал энэ л зүй нь юм.

Чиний асууж байгаа, ард түмнийг шууд хэл хуур сур гэх юм уу гэдэг асуудал байна. Ард түмнийг хэзээ ч оюун санааны хувьд дарангуйлж болохгүй. Харин соёлтой нь тулж ажиллах ёстой. Соёлоороо дамжуулж язгуур онцлог маань хэрэглэгдэхүүн болох учиртай.

Жишээ нь, бүүвэйн дуу дэлхийн түүхэн дэх нэлээд эртний соёл. Дөрвөн тон, таван эгшгийн хэмжээнд л багтдаг, маш энгийн шинжтэй. Үр хүүхдээ амар амгалан байлгах, аюулаас хамгаалах дотоод зөнгөө ээж хүн дуу авиагаар дамжуулж, үрдээ шингээж байгаа нэг хэлбэр. Үр хөврөл усан дотор хөгждөг. Харин ус гаргууд мэдээлэл дамжуулагч. Тэгэхээр ээж хүн алтай ятга тоглоод, бүүвэйн дуугаа тоглоод суувал эх, үр хоёр хоёул бүүвэйлүүлж, эгшиг дуу нь үрд шингэнэ. Түүхэнд, энгийн ятгатай бүүвэйлэх уламжлал байсан тухай сурвалж олддог. Ингэж төрсөн хүүхэд ээжийнхээ гэдсэнд байхдаа сонсдог байсан хөгжмийн зэмсгийн аялгууг сонсоод л амархан унтчихна. Цэцэрлэгт ороод хүүхдийн дууг ятгаар төвөггүй тоглоод сурчихна, цөөхөн утастай, хялбар. Энэ бол монгол хүнийг соёлоор нь бүтээж байгаа нэг жишээ л дээ.

Нэг үгээр хүүхдийг эхийн хэвлийд бүрэлдэхээс нь эхлээд л шинэ үеийн монгол хүн болгож бэлдэнэ үү гэхээс одоо том болсон хойно нь өөрчлөх боломжгүй. Төрж, бас явж байна. Тийм учраас ундаргыг нь цэвэр байлгахын тулд л хичээх хэрэгтэй. Ингэж чадвал 10 жилийн дараа монголчууд цэвэршээд л босоод ирнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

9 Сэтгэгдэл

  1. Монгол соёл уламжл#### хайрлан хамга####ах, хойч үедээ өвлүүлэн ёс заншлаа таниулах маааш их чух#### гэж үздэг.

  2. Маш зөв бодол шүү. Бидний амьдр#### дөнгөж хөгжил рүүгээ тэмүүлж байгаа харагдаж байгаа шүү

  3. Бүгд л уламжл####аа хүндэлж дээдлэдэг. Эрхэм ах Бадрах Бадраа гуай шиг ажиллав#### болох бишүү. Бусад нь байшингаа бариад модоо хөрөөдөөд явж байя. Урьд нь зөндөө л яригдсан сэдэвшдээ. Хийх л үлдээд б.гаа. тиймээс эндээсс хоолоо олдог нөхөдтэйгээ яарих нь зүгээр дээ

  4. Цөөн ч гэсэн ийм хүмүүс өв соёлоо хадг####ж үе уламжлан үлдээж чадаж байгаа нь бахархууштай

  5. маш хрэгтэй сэдэв санааг хэн ч ойлгож хүлээж авахаар ярьсан танд т####архаж байна. Таны уран бүтээл, суд####гааны ажилд амжилт хүсье

  6. Нээрээ л “Бөртэ”, “Алтай” хамтлагийн үүсгэн байгуулж, ####тай ятгыг археологийн олдвороос хөгжмийн зэмсэг болгон сэргээх ажилд гар бие оролцсон их гавьяатай хүн дээ.

  7. Засаг төр нь авлигаар бузардсан, хэл яриа нь Пиздагаар бузардсан Монголоос мөс чанар олох бол уу даа, тэд хөөрхийс?

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Back to top button