Сурвалжилга, Нийтлэл

РЕВЬЮ: “Достоевскийг ухаантай нь л ойлгодог” гэх хэнд ч хэрэггүй элитист үзлийг тэд бут цохилоо

Хот тэр аяараа, атаархагчид, хий цэцэрхэгчид, баян сэтгэлтнүүд, хүүхэд залуустайгаа “Гэм зэм”-ээр амьсгалж байгааг хараад бачуурсандаа шууд тасалбарын эрэлд гарч, маргааш нь “Орфей” театрыг зорилоо.

Энэ бол Ф.Достоевский. Өнөөх хүнд өгүүлбэрүүд, дэндүү нүсэр роман. Элитистүүдийн “Агуу Досьдойвский бол...” хэмээлцдэг, бидний хувьд оюун санаа, бүтээл туурвилын оргил гэж шүтэгддэг тэр “Гэм зэм” шүү дээ. Яаж драм болгох юм бэ. Барах юм уу, боломжтой юу? Хэн найруулсан гэсэн бэ? Байз, хэн данхгар “Гэм зэм”-ийг жүжгийн зохиол болгосон гэчихэв? Ямар хүмүүс байгаа билээ, яаж хийх юм бэ...

Жүжгийн тухай мэдээллийг аль эрт авч, “Үзнэ дээ” гэж бодож явснаас яг танхимд орж ирээд суухад тийм л бодлууд зөгий шиг дүнгэнэж байв. “Ззз, ззз”. Тэр мөчид л тэднийг ямар том зориглосныг ухамсарлачихсан. Бас яагаад ч юм нэг их айхтар итгэл төрсөн. Гэхдээ “Энэ чинь агуу их...” гэж уухилан бодсоор л байв.

Үзэгчдийн сэтгэгдлийг хэд гурваар нь сонссон, сэтгүүлч Б.Ганчимэг, Б.Энхцэцэг нарын сайхан бичвэрүүдийг уншсан. Б.Ганчимэг “Залуус яагаад авьяаслаг, амжилттай байж болдоггүй юм бэ. Энэ үзлийг хаа сайгүй арчиж хая л даа” гэж уран бүтээлчдийг нь өмгөөлөн өмөлзөж хашгирсан байлаа.

М.Батболд, Я.Баяраа нар ингэж зориглосныхоо төлөө хөшигний ард хэрчүүлж байгаа гэж дуулсан. Ийм болохоор баян сэтгэлтнүүд нь “Гэм зэм”-ийг өмгөөлж үзсэн юм шиг санагдсан. Яг хөшиг нээгдэхийн өмнө бас нэг хүн “Манай улаан Баяраагийн, бидний үеийнхний бүтээл юм шүү” гэж чат бичсэн. Тийм болохоор “Эдний үеийнхэн ийн тэрсэлжээ, амжилт ш дээ” гэж бахдаж, баярлаж үзэх мэдрэмжээ хэргээр дарчихсан юм. Харин нөгөө л элитист үзэлдээ ээрэгдэж, “За, яаж тавьсныг нь харъя” гэж уруулаа шилэмдэвэй.


Анхны сэтгэгдэл навс унав. “Аллага болсноос 150 жилийн дараа” гэж зарлах юм. П.Эрдэнэзаан миний дэргэдээс “Шүүх хурал цахимаар эхэллээ” гээд алх цохих юм. Юу вэ. Сонгодогт ингэж хандаж болдог юм уу. Хөл хорио, цар тахал... мэдэж байна л даа. Хаа сайгүй л ярьж байна. Одоо хэвийн амьдармаар байна. Гэтэл очиж очиж Раскольниковыг цахимаар шүүдэг нь яаж байгаа юм бэ.

Хоёр давхар тайз байна. Дээр нь Раскольников гавтай сууж байна. Сайхан бахим хүзүү, дал мөртэй л Родя юм. Их уй гунигт живжээ. Баруун талд нь өмгөөлөгч, манай Разумухин. “Positive Mongolians”-ийн Түвшөө шүү дээ. Зүүн талд улсын яллагч. Тайзан дээр нь харахыг хүсэн хүлээсэн Д.Ганцэцэг, нүд нь очтоно. Тэд Раскольниковыг шүүж байна. Ингээд Разумухин, улсын яллагч хоёрын мэтгэлцээнд нэг мэдэхэд автжээ. Тэд хайрламаар дүрээ бүтээж байна. Маш хариуцлагатайгаар. Жүжиг өрнөөд явчихлаа шүү.

Я.Баяраа сэтгүүлч хүний хувьд хамгийн чухлаа түрүүнд нь өгдөг сэтгэлгээг барьж, жүжгийг шүүх хурлаар эхлүүлж, хэрэг явдлыг бага багаар хөврүүлсэн нь яах ч аргагүй зөв шийдэл гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Учир нь тэр хүнд оюун санааг энгийн үзэгчдэд аль болох л ойлгуулах, өгөх ёстой биз дээ. Буулгаж ирэх ёстой. Тэгж байж л хэдэн долоо хоног, сараар мэрж унших романыг 2-3 цагт багтааж үзэх тайзны боломж бий болно. Тэгэхээр үүнд энгийншил хэрэгтэй, бидний хөрсөн дээр буух ёстой. Дараа нь хамгийн гол мотивуудыг тод тексттэй, хүчтэй илэрхийлэмжтэй өгөх хэрэгтэй. Ингэж, ингэж жүжиг эцэстээ Ф.Достоевскийгээ үзүүлэх ёстой, түүнийг хүндэтгэх л ёстой. Ийм бодол төрж байв.

Шүүх хурал өрнөсөөр жүжиг завсарлалаа. Энэ хооронд дүрүүдийн ихэнх нь танилцуулагдчихсан. Тэдний амнаас гарч буй текстүүд маш энгийнээр, “Гэм зэм”-ийг товчлон өгүүлж байв. Харилцан яриануудаар нь жүжгийн үйл явдлын гол нурууг босгоод л авлаа. Үйл явдлын хувьд сайн илэрхийллүүд явж байна. Харин үзэл санааны хувьд, Раскольниковын сонинд бичсэн нийтлэлийг уншсаны дараа мөн л ороод ирж байна. Ерөнхийдөө үзэгчид толгой дотроо “Гэм зэм”-ийн араг ясыг нэлээн чанга хэлхээд авлаа.

15 минут завсарлаад орж ирэхэд дүр бүрийн монологи, асар бодож хийсэн шийдлүүдийг ээлж, ээлжээр нь шидэж гарав.


Үгүй тэр, Мармеладовын монологи уу. П.Эрдэнэзаан. Ард нь амьд хөгжмийн хамтлаг. Тэр яг блюз дуулж байгаа юм шиг л монологи уншив. Түүнийг микрафоноо хөлтэй нь хамт өргөөд, чичирч салганан үсэрсэнд, цовхочсонд, орилсонд, чарласанд ямар их баярлав аа. Мармеладовыг тэсрэхийн өмнөхөн цахилгаан гитарыг тэгж огторгуй руу дуугаргасан хөгжимчнийг хэчнээн их хайрлав аа.

Охиныхоо биеэ үнэлж олсон бутархай мөнгөөр сүүлчийн хундагаа гударч буй Мармеладовын үгэнд нь, өчилд нь биш, зүгээр л энэ монологийг ингэж шийдсэнд нь, чадсанд нь, хийсэнд нь суудлаасаа босмоор, энгэр цээжээ ярмаар.

П.Эрдэнэзаан сайн байв. Харж дассан нөгөө л жүжиглэх хэв маягуудыг нь эрээд олсонгүй. Нэг тийм натурал Мармеладов. Монологи дуусаж, гэрэл унтарсны дараа үзэгчид алга ташив.

Ф.Достоевскийн өгүүлэмж тэгж хувирч, гэрэл цацруулж, цахилгаан татуулж байхыг ахин харахын тулд “Гэм зэм”-ийг одоо ч дахиад үзмээр байна.

Үүний араас яг ийм шийдлүүд л хөвөрсөн. Мөрдөгчийг ихэрлүүлсэн нь. Лужинийг тайчуулсан нь. Соня, Раскольников хоёрыг тэр их гоо үзэсгэлэнтэйгээр, тайзны дээр-доор үүрд дурсагдам гэрэлтүүлсэн нь. Свидригайловын, агуу Ц.Төмөрбаатарын амиа егүүтгэх буун дууг тэгж тас хийлгэсэн нь. Раскольников хэргээ хүлээхээс өмнө дийлдэшгүй хүнд сандлыг хүчлэн чирч, мөрөн дээрээ тохож, тайзны дээд давхар луу дааж ядан гармагласан нь.

Ямар шинэ, ямар их хайраас төрсөн шийдлүүд байв аа. Монологи бүр чанга. Ф.Достоевскийгоо өгөөд байгаа мөртлөө хүнд хүчтэй хүрээд, ойлгогдоод байгаа нь яах ч аргагүй жүжгийн зохиолчийн оюун санаа. Тэр нь тийм тавилтуудаар биежиж, тэрслэн хашгирч байгаа нь найруулагчийн бүтээх их эрмэлзэл, авьяас билэг л байлаа.

Нийт хэсгүүдээс Раскольниковын гэрт - ээж, Дуня хоёр болон Лужины хамтын хэсэг хамгийн сул болсон санагдсан. Нэг тийм төвөгтэй, хийтэй. Энэ үеэр Ш.Доржсүрэн яг хошин урлагийн тайзан дээр тоглодог шигээ нааш цааш эргэж буцан алхаж, чихэнд бүр дассан өнгөөр дуугараад, түүнд нь үзэгчид инээгээд байсан нь таалагдсангүй. Бас Раскольников цааш харж суучихаад, Лужиныг үг хэлэх бүрд нэг их танхай, балмадаар “Ха!”, “Ха, ха!” гэж дуу алдаад байсан нь гол зурав.

Үүнээс улбаалаад Раскольниковын тухай өгүүлье. Родя бол балмад этгээд биш. Зэрлэг бүдүүлэг амьтан ч биш. Тэр бол гэмт хэрэг үйлдчихсэн, асар гүнзгий бодолтой, дэндүү өргөн сэтгэлтэй бодгаль. Харин үүгээр түүгээр явж л байдаг, сэтгэл зүйн хувьд мухардахдаа адган хашгирч, үймээн зодоон өдөөж, эрсэлдэн байлдаж, мунхаглан цээжээ дэлддэг энгийн нэг эр амьтдын нэг биш л дээ. Даанч энэ Раскольников офицерыг заамдаж аваад сүрдүүлж байгаа нь, Лужиныг тохуурхаж байгаа нь, жүжиг эхэлснээс хойш л хүн үргэмээр чарлаж, эр бяраа хадааж байгаа нь даанч хазайгаад явчихсан гэлтэй.

Гэхдээ энэ дүр бүтсэн. Яагаад гэвэл имижийг нь сайн бүрдүүлжээ. Яг тийм үс, яг тийм бие хаа, яг ийм хувцастайгаар нь одоо бид ийм нэгэн Раскольниковыг үргэлж санаж явах болно.

Харин Д.Лхагва хэргээ хүлээхээр эргэлзэж эхэлдэг хэсгээс хойш дүрдээ илүү дөхүү орсон. Сонятай уулзсанаас хойш бүр л болоод явчихлаа. Ээж, дүү хоёроо өмгөөлөх сэтгэл зүйн илэрхийлэл гаргах үедээ бас л дөхөх гээд байх шиг. Гэхдээ л “Би түүнийг алсан... гэвэл чи итгэхгүй биз дээ?” гээд дургүй хүрмээр инээснийг нь уучилж чадашгүй нь. Ерөнхийдөө өнгөн талдаа Раскольников бүтсэн ч, оюун санаа талдаа арай л дутуудуулчихлаа гэлтэй.

Энэ хэсэгт тэр хамгийн сайн Раскольниковыг бүтээсэн.

Ялангуяа сэтгэл зүйн зөрчилд орж буй жүжиглэлтүүд дээр илүү сайн шүүсийг нь шахаж ажиллах байжээ. Тэр зүгээр нэг самуурсан, ядарсан, сэтгэлийн чадалгүй эр биш, хүн төрөлхтний мөнхийн асуултыг өөртөө тавьж, шаналж, дарагдаж, солиорох шахан тэмтчиж яваа гэгээ гэрэлт оршихуйн биелэл шүү дээ.

Бидэнд тун нүд хужирлам, бас хайрлам, тэврэм Раскольниковыг өгсөнд баярлалаа. Шүүмжилж бичсэндээ харамсмаар ч юм шиг мэдрэгдэх нь түүнийг тэгж их хайрласных, ойлгож хүлээж авсных биз.

Яаж ч харсан хувь хүн нь өөрөө биш, дүр нь л харагдаад байсан жүжигчнийг Д.Түвшинбаяр гэж дүгнэсэн. Түүнийг их хайрлав. Түвшөө гэж ямархуу эр болохыг монголчууд влогуудаас нь хэдий нь мэддэг болсон. Харин “Гэм зэм”-ээс лав түүнийг олж харахгүй. Харин зөөлхөн, хүнлэг, эрэмгий Разумухиныг л харна. Тэр элдэв хурц хөдөлгөөнгүй, царцанги маягийн жүжиглэлттэй ч текстээ танхимаар нэг цацаж, өгүүлж уншдаг юм байна. Ерөнхийдөө үүгээр түүгээр давхихгүй мөртлөө дүр нь сэтгэл дүүргээд байлаа.

Соняд тоглосон Г.Золзаяа бас дүрээ концепцынх нь хувьд сайн илэрхийлсэн санагдав. Хэтийдсэн эмзэг, энхрий дүртэй гэмээр харагдсан ч түүнээс хиртсэн ч ариун тунгалаг хэвээр Соняг яахын аргагүй олж харж байв.

Харин Д.Ганцэцэг тусдаа нэгэн оршихуй байлаа. Тэр жүжгээс гадна яваад байгаа ч юм шиг. Гүйцэтгэл нь төгс, дүр нь гайхалтай амар хялбараар бүтчихээд байсан ч “Гэм зэм”-ийн нэг хэсэг болсонгүй, гадуур үлдчих шиг санагдсан нь дүрдээ л байгаа болов уу.

Ерөнхийлж үзвэл жүжигчид бүгд л хийгүй ажиллах гэж хичээж байлаа. Тэр, энэ гэж онцгойлох шаардлагагүй, хэрэггүй санагдав. Тэд хамгийн чухал нь нэг баг болж чадсан байв.


Раскольниковыг цөллөгт явуулах шүүхийн шийдвэр гарч, Родя дараа нь ялаа эдэлж дуусгаад тэнгэр ширтэж байгаа төгсгөлийн дүрслэл нь миний анхны элитист үзлийг зүгээр л бутарган, үйрүүлсэн билээ. “Гэм зэм” чинь ийм энгийн бил үү. Бас ийм агуу бил үү? гэсэн бодол төрж, зөгийн дүнгэнээн аг жиг намжин, бал бурам амталсан шиг л боллоо. “Ийм энгийн, бас ийм агуу бил үү...”

Зохиолч Я.Баяраа нэгэнтэй “Урлаг Монголд хөгжихгүйн төлөө” гэж бичиж байв. Ингэж урлагийн хөгжил, түүнийг үнэлэх үнэлэмж бидний дунд хэрхэн хөсөр хаягдсаныг ёжилж, өгүүлсэн удаатай. Хүмүүний оюун санааг шинэ сэдлээр тэтгэгч, сэтгэл дотор нь дарагдаж, үжирсэн мэдрэмжийг суга татан сэрээгч, адгууслаг чанараас нь улам бүр ангижруулан, төсөөллийн ертөнцийг нь өргөжүүлэн хөгжүүлэгч урлаг хэмээх зүйл манай нийгэмд дутдаг аа. Жинхэнэ урлаг дутдаг. Үүргээ биелүүлдэг урлаг дутдаг.

Гэвч бид үүнийг авчрахын төлөөх тэмээн жинд нэгэнт гарчихсан юм байна. Үзэгчид нь ч, уран бүтээлчид нь ч. Хамтдаа гарчээ. Харанхуй татахгүй нь гэсэн итгэл төрлөө.

Танхим руу орохын өмнө “Гэм зэм”-ийг үзэхээр ирсэн улсын байр байдлыг ажиглахад нөгөө л элитист үзэл ханхлаад байсан. Зарим нь романаа нэг их гуутай бурхан аятай сугавчилчихсан, хөдөлж ядаад л. Зарим нэг нь бүр онолдож зогсоно. Буруу биш л дээ. Гэхдээ өөрийн минь элитист үзэл “Гэм зэм”-ийг үзээд гарч ирсний дараа нуран унасан талаар дээр өгүүлсэн нь учиртай юм.

Өөрөөр хэлбэл “Ф.Достоевскийг элитүүд л ойлгодог. Элитүүд л уншдаг” гэж онхилон тусгаарлагч энэ хандлагыг харин хаа сайгүй үгүй болгох сон гэсэн хатуу бодолтой би алга ташин суусан юм. Агуу их Ф.Достоевскийдоо биш, тэр юу хэлсэн бэ, тэр юуг хөндсөн бэ гэдэг нь өнөөдрийн соёлт нийгэмд хүн бүрийн л мэдэж байвал зохих агуулга шүү дээ.

150 жилийн дараах хугацаанд түүний дэвшүүлсэн санаа, асуусан асуулт олон олон уран бүтээлд туссаар, дахин дахин асуугдсаар, дэвшүүлэгдсээр ирлээ. Үе, үеийн нийгмийг оюун сэтгэлгээнийх нь хувьд бойжууллаа.

Харин орчин үед бид заавал түүнийг “Агуу их” гэж дээдлэн тахих албагүй ээ. Утга зохиолын салбарын хүмүүсийн хувьд өөр хэрэг. Харин нийт иргэдэд Ф.Достоевский 150 жилийн өмнө яг юу гэж хашгирсан нь энгийн, ойлгомжтой хүрдэг байвал зохилтой. Энэ бол соёлын бодлого.

Яг энэ үүднээс “Гэм зэм” постдрамын жүжиг нийгмийн ач холбогдол талаасаа асар өндөр үнэлэгдэх учиртай юм. Зөвхөн Ф.Достоевский биш. Ийм хэлбэрээр, монголчуудынхаа оюун санааны хөгжлийн төлөө зоригтой хөдөлж гэмээ нь тэд аажимдаа сонгодгуудыг сонирхдог, үнэлдэг болцгооно. Урлагийг бас хүндэтгэдэг болно.

Тэгээд нэг л өдөр “Гэм зэм”-ийг бүтнээр нь уншиж дуусгаад сэтгэлээ дүүртэл гүнзгий амьсгаа авна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-12-03 09:11

Devergej duviilguh heregui, yamar tuvshind baina, ter hemjeendee l hiigdsen.

Зочин
Зочин
2021-12-03 10:52

Сайхан шүүмж болжээ. Гэм зэм жүжгийг үзсэн хүмүүс сэтгэгдлээ бичиж байхыг хараад үзэгчид бид хөгжсөний шинж юм уу даа.

Зочин
Зочин
2021-12-03 15:22

маш сайн бичсэн шүүмж байна. амжилт хүсэе

Зочин
Зочин
2021-12-03 15:22

үзсэн юм шиг л нүдэнд харагдт�##� үнэхээр мундаг бичсэн байна. амжилт

Зочин
Зочин
2021-12-03 15:23

Бүтэн 3 цагийн турш догдолж, гайхаж, биширч, гэмшиж үзсэндээ. . Монголын театрын урлагт томоохон тэсрэлт болж байна. Гайх�##�тай.

Зочин
Зочин
2021-12-03 15:24

Некрасов анх Достоевскийн "Ядуу хүмүүс" зохиолыг нь уншчихаад Оросын аугаа их шүүмжлэгч Виссарион Белинскийд "Шинэ Гоголь төрлөө" гэж захид�##� бичиж байсан гэдэг. Достоевскийг дэлхийн соёл урлагийн ертөнц өөрийн орд өргөөнийхөө сэнтийд з�##�сан гэхэд болно. Суут Достоевскийг амилуулж байгаа тайзны мастерууддаа баяр хүргэж улам их амжилт хүсье! Гоё байна, бас сайхан байна, Достоевский гэж бодохоор... "Красота спасет мир" (Ф.Достоевский)

Зочин
Зочин
2021-12-03 15:32

үзэх гээд мөнгө маань хүрэхгүй гороогойд байсан юм энийг уншаад ингээд л үнэгүй үзчих байсан юмуу. нүдэнд харагдт�##� үнэхээр сайн бичжээ

зочин
зочин
2021-12-04 11:01

сонгодог бүтээлийг амилуулсан ойлгосон з�##�ууст баярл�##�аа сайхан шүүмж байна

Холбоотой мэдээ

Back to top button