УЛС ТӨРЭРҮҮЛ МЭНД

Ж.Чинбүрэн: Донорын насыг 21 болгосноор заавал гадагшаа явж хайртай нэгнээ аврах шаардлагагүй болно

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй өргөн бариад удаагүй байгаа “Донорын тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-АМЬД ДОНОРЫН 25 ГЭДЭГ НАСНААС БОЛЖ 21-ТЭЙ ЗАЛУУ ААВДАА ЭЛГЭЭ ӨГЧ ЧАДАХГҮЙ АЛДАЖ БАЙСАН ТОХИОЛДОЛ БИЙ-

-Хэдхэн хоногийн өмнө та УИХ-ын гишүүн Н.Учрал, Ц.Туваан нартай хамтран “Донорын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулийн төслийн онцлог юу юм бэ?

-“Донорын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьсан. Энэ бол УИХ-ын даргаас томилогдсон эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг нэлээд эрчимжүүлж байгаагийн нэг илрэл. Бид цөөнгүй хуульд өөрчлөлт оруулна. Цус болоод эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах хоёр хууль нэг дор байгаа нь буруу юм. Буруу гэдгийг олон улсын практик тэр чигээрээ харуулж байгаа. Тиймээс бид энэ хоёр хуулийг салгаж, тусгаарлана. Амьдралд тулчхаад хүлээгдээд байгаа тул “Донорын хуулийн нэмэлт өөрчлөлтийг яаравчлан өргөн барьсан.

-Эл хуульд донор болж буй хүний нас 25 байсныг 21 болгох өөрчлөлт оруулж ирж байгаа юм билээ. Энэ нь чухам ямар ач холбогдолтой юм бэ гэдгийг тайлбарлавал?

-Тийм. 25 гэдэг бол арай өндөр нас. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгадаг дэлхийн ихэнх улс орнуудын донорын нас нь 18 байдаг. Маш цөөхөн оронд 21 нас. Нас яагаад чухал вэ гэвэл: Хувь хүн өөрөөр бие даан шийдвэр гаргах биологи болон физиологийн нөхцөл байдал нь хэр сайн бүрдсэн бэ гэдгийг харуулдаг. Энэ утгаараа бид 21 нас гэдэг саналыг энэ хуулийн нэмэлт өөрчлөлтөөр оруулж ирсэн. 25 доош насныхныг донор болгодоггүйн улмаас элэг, бөөр, үүдэл эс, чөмөг шилжүүлэн суулгахад хүндрэл учирдаг. 21-24 настай хүүхдүүд аав ээжийгээ аврахын тулд заавал гадаад руу явж хагалгаа хийлгэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай болдог. Гэтэл энэ хагалгаануудыг дотооддоо хэдий нь хийдэг болчихсон шүү дээ. Энэ нь нөгөө талаараа мөнгөний урсгалыг гадагш урсгах нөхцөл болдог. Бидний нэг том зорилго эх орондоо эмчилдэг байх. Мөн ард иргэдээ өвчнөөс болж ядууруулахгүй байх. Үүнийг хэрэгжүүлэхэд чухал зүйл нь энэ байна.

-25 гэдэг насны хязгаараас, гадагшаа явж чадахгүйгээсээ болж гашуун тохиолдлууд гардаг байх, эмч нар олон ч удаа нүүр тулдаг байх?

-21 настай залуу аавдаа элэгний донор болж чадалгүй алдаж байсан гашуун тохиолдол бий.

-ДОНОРЫН НАСЫГ 21 БОЛГОСНООР ГАДАГШАА ЯВЖ ХИЙЛГЭХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖ МӨНГӨН УРСГАЛ ДОТООДОД ҮЛДДЭГ-

-Донорын насыг 21 болгосноор зарим хагалгаануудыг гадагшаа явахгүйгээр эх орондоо хийлгэх боломж нээгдэнэ гэж ярилаа. Энэ тохиолдолд эмч нарын ур чадвар болоод тоног төхөөрөмжийн бололцоо гэдэг асуудал яригдах байх. Манайд ийм бололцоо бий юу?

-Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв дээр хийж байгаа. Эмч нарын ур чадвар, дадал туршлагаас гадна багийн ур чадвар сайжирсан. Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны дараах эрчимт эмчилгээ, оношилгоо, хүндрэлээс сэргийлэх зэрэг бүх л дэд бүтцүүдийг хийсэн. Насыг багасгавал бид чадах уу, чадахгүй юу гэдэг нь асуудал биш. Мөн ЭМД-аар төр төлбөрийг нь даачихна. Иргэнд санхүүгийн дарамт байхгүй. Хоёр дахь нь үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал. Талбай дээр саяхан дүү нь ахдаа донор болохоор боллоо гээд хандив гуйгаад гадагшаа явсан шүү дээ. Гэтэл энэ хагалгааг нэгдүгээр эмнэлэгт хийхэд бэлэн болчихсон байна. Тоног төхөөрөмжөөр ч хангагдчихсан. Одоо жижигхэн засваруудаа хийгээд Монголдоо илүү олон хүнийг хамруулан эмчилдэг болох боломжтой. 25 нас гэж зааснаас үүсдэн гадагшаа явж буй урсгалыг зогсоох нь чухал байна. Санхүүжилтийг нь ч шийдээд өгчихсөн. Үүдэл эс шилжүүлэн суулгахад 68 сая төгрөг хэрэгтэй байдаг.

-Ярилцлагынхаа эхэнд та ихэнх улсад донорын насыг 18 байдаг тухай дурдсан. Манайд 18 болгох боломж бий юу?

-Бид хуулийн төслийг зүгээр сууж байгаад өргөн барьчихдаггүй. Мэргэжлийн байгуулагуудыг оролцуулаад бүтэн нэг жил хэлэлцүүлэг хийдэг. Эрхтэн шилжүүлэн суулгуулсан, суулгах иргэдийн төлөөлөлтэй хүртэл уулзаж хүндрэл бэрхшээлийг нь сонсдог юм. Ингэхэд “Монголд 21 нас одоогийн байдлаар хамгийн тохиромжтой. 18 нас гэдэг бол залуучуудад арай л балчирдахаар байна” гэдэг саналыг гаргаж ирсэн. ДЭМБ-аас тавьдаг шалгуур нь “Хүн төлөвшсөн байх ёстой” гэдэг. Өөрөөр хэлбэл өөрөө хэн нэгний нөлөөлөлгүйгээр бие даан шийдвэр гаргах биологийн нас нь 21 гэсэн судалгаа байдаг. Цаашлаад насан туршдаа гаргасан шийдвэртээ харамсахгүй явахыг л хэлээд байгаа юм.

-Донорын тухай хуульд хоёр удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан юм билээ. Одоо энэхүү нэмэлт өөрчлөлт батлагдсанаар ямар ахиц, дэвшлүүдийг авч ирэх юм бэ?

-Донорын хууль 2018 онд шинэчлэн найруулагдаж батлагдахад эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулах агентлагтай болсон байдаг. Энэ нь тухайн цаг үедээ асар хэрэгтэй байсан. Цаг үеэ дагаад нөхцөл байдлууд хувьсан өөрчлөгддөг. 2018 онд донорын насыг 21 гээд оруулж ирсэн бол батлагдахгүй ч байсан байх магадлалтай. Гэтэл өнөөдөр насыг 25-аас 21 болгон бууруулахад “Болох юм байна” гэдэг итгэл үнэмшил төрж байна. Мөн бид амьгүй донороос эрхтэн авч хагалгаа хийх нөхцөл бүрдүүлэх гэж байна. Энэ утгаараа том дэвшил авч ирнэ.

-НЭГ АМЬГҮЙ ДОНОР 5-7 ХҮНИЙ АМ НАСЫГ АВРАХ БОЛОМЖТОЙ. АМЬГҮЙ ДОНОРЫН ОРШУУЛГЫН ЗАРДЛЫГ НЬ ТӨРӨӨС ДААДАГ БОЛНО-

-Амьгүй донорын тухай зохицуулалтыг хэрхэн тусгасан бэ?

-Амьгүй донор бол хэцүү сэдэв. Ярихад ч төвөгтэй. Гэхдээ эмнэлгийн практикт тулгамдаж буй асуудал учраас ярихаас өөр арга байхгүй. Тухайлбал, тэнгэрт дэвшиж буй ч цогцосноос авсан эд эрхтнүүд 5-7 хүнийг амьд үлдээгээд явах боломжтой байдаг. Үүнийг бурхнаас өгч буй бэлэг ч гэж хүмүүс ярьдаг. Энэ том бэлгийг ашиглах эрх зүйн орчноо бид илүү сайжруулъя гэдэг үүднээс ийм зохицуулалт хийж байгаа. Улмаар бусдыг авраад тэнгэрт хальж буй хүний оршуулгын зардлыг төр даадаг болох өөрчлөлтийг оруулж өгч байна.

-Амьгүй донор эрхтэн авах хагалгаа жилд хэдэн удаа хийгдэж байна вэ. Хууль батлагдсанаар хэд болон нэмэгдэх юм бэ?

-Жилд бид долоон удаа л хийж байна. Энэ тоо нэмэгдэж байж бид олон хүний амь насыг аварна. Эрүүл хүнээс тал эрхтнийг нь авахгүйгээр олон хүний амийг авардаг болно. Энэ хууль батлагдсанаар амьгүй донороос эд эрхтэн авах хагалгаа 10-аас дээш хийгддэг болно гэсэн өөдрөг төсөөлөл бий. Гэхдээ энэ сэдэв маш хэцүү. Гэнэтийн аваар осолд орсон, харвалт өгсөн, тархи нь ажиллагаагүй болж үхэжсэн хүмүүсийг донор болгодог гэсэн үг. Ар гэр нь асар их гашуудалтай байхад эд эрхтнийг нь авна гээд яриад, төсөөлөөд үз дээ. Ямар хэцүү ажил болох нь ойлгогдоно. Тиймээс эд эрхтэн шилжүүлэн суулгалтыг зохицуулах агентлаг ажилладаг. Агентлаг гэр бүлтэй нь тохироод эд эрхтнийг нь авахаар боллоо гэхэд зөрүүлээд буяны ажлыг нь хийдэг болчихвол асар хэрэгтэй шүү дээ. Нэг амьгүй донор 5-7 хүний амийг аврах боломжтой байдаг. Тиймээс ядаж оршуулгын зардлыг нь дааж байж ар гэрт нь сэтгэлийн гуниг, өнчрөлийг нь жаахан ч гэсэн нимгэлэх дэмжлэг байх ёстой.

-Амьд донорын ч асуудлыг тусгасан юм билээ шүү дээ?  

-Яг тийм. Амьд донор болсон хүмүүсээ бид бас яах вэ. Хэн нэгнийг аврахын төлөө хагалгаанд орж өөрийн эрхтнийхээ талыг өгөх нь баатарлаг үйлс. “Чи амьд донор болоод эрхтнийхээ талыг өг” гэхэд хүн бүр “За” гэж хэлж чадахгүй. Учир нь энэ бол хайр энэрэл, асрал, баатарлаг үйлс. Тиймээс бид амьд донор болсон хүмүүсээ жилд нэг удаа сувилалд үнэгүй хэвтүүлчихдэг, эрт илрүүлэгт хамруулчихдаг боломжуудыг бий болгох хэрэгтэй. Одоогоор 370 гаруй хүн бий.  

-ДАРААГИЙН УДААД ЦУСНЫ ДОНОР, ЭД ЭС ЭРХТНИЙ ДОНОРЫГ ТУСАД НЬ САЛГАЖ ХУУЛЬЧИЛНА-

-Ёс зүйн хороог эмнэлгээс салгаж яамны харъяанд байгуулах тухайд?

-Дараагийн асуудал нь ёс зүйн хороо байгуулах. Эрүүл мэндийн салбарын төрийн захиргааны байгууллагад ёс зүйн хороо байгуулъя. Одоогийн байдлаар хэн нэгэн ах дүү, аав ээж, амраг садандаа эрхтнээ өгөх гэж байгаа нь чин сэтгэлийнх үү, үгүй юу гэдгийг шийддэг байгууллага. Энэ байгууллага эмнэлэг дээр байх нь буруу. Эмнэлгээс тусдаа, хамааралгүй болж байж илүү зөв тогтолцоо бүрдэх юм.

-Бүртгэлийн байгууллагад ямар өөрчлөлт оруулах вэ?

-Дараагийн нэг чухал өөрчлөлт нь эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар бүртгүүлсэн хүмүүсийг бүртгэдэг бүртгэлийн байгууллага. Хэн, хэзээ, хэддүгээрт орох юм бэ гэдэг бүртгэл шилэн байхгүй бол болохгүй. Гэхдээ шилэн тунгалаг байна гээд хүмүүсийн нэрийг зарлаад байхгүй шүү дээ. Амьгүй донороос эрхтэн гарлаа гэхэд тэрхүү бурхны бэлгийг хэн авах вэ гэдэг дарааллыг тогтоох чухал үүрэгтэй. Ингэж бүртгэлжүүлэхгүй бол эмнэлгүүд хардалтад өртдөг. Тиймээс энэ нь эмнэлгийн байгууллагуудыг хардалтаас сэргийлэх том өөрчлөлт болж байгаа юм. Энэ мэтчлэн чухал өөрчлөлтүүдийг “Донорын тухай хууль”-д оруулахаар бид өргөн бариад байна.

-Дараагийн төлөвлөгөө?

-Дараагийн удаад “Цусны донор”, “Эд эс эрхтэн шилжүүлэн суулгах” хоёрыг тус тусад нь бие даасан хууль болгон өргөн барина. Мөн нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг илүү сайжруулах, оновчтой болгох, одон нийтийг хамарсан өвчинтэй төр яаж тэмцэх вэ, Үндсэн хулиар олгогдсон эрүүл орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх, боловсролыг дээшлүүлсэн хуулийн төсөл өргөн барина.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нэргүй
Нэргүй
2022-05-12 09:09

25 нас бол хэцүү босго

guyuu
guyuu
2022-05-12 17:18

ug n sn emch gedeg ym , suuliin ued gishuun bolood jaahan demiirdeg uvchtei bolj ,shar hadniihan 1 anhaarai!

Холбоотой мэдээ

Back to top button
2
0
Would love your thoughts, please comment.x
()
x