Сурвалжилга: Унаач хүүхдийн эцэг эх, уяач гурвалсан гэрээ хийж, амь насыг 100 мянгаар даатгуулна

Үндэсний их баяр наадам хаяанд хэдийн ирж. Жил бүрийн энэ үеэр унаач хүүхдүүдийн асуудал хөндөгддөг.Тэдний цалин хөлс, аюулгүй байдал, хувцас хэрэглэл, даатгал, нөхөн олговор, тэдэнд хамаарагдах хууль тогтоомжийн талаар бид сурвалжиллаа.
Ингэхэд,
- Баяр наадмын тухай хуульд зааснаар: Наймаас дээш насны хүүхэд морины уралдаанд оролцох боломжтой
- Уяачид бага насны, жин багатай хүүхэд сонгосноор болзошгүй эрсдэлд өртөх магадлалтай
- Эцэг эх, хүүхэд, уяач хоорондын гурвалсан гэрээг хийсэн байх шаардлагатай. Ингэхдээ нотариатаар гэрчлүүлснийхээ дараагаар наадамд оролцох бүртгэлээ хийлгэх боломжтой
- Унаач хүүхдийн нэг сарын цалин 1-2.5 сая төгрөг
- Даатгалд нэг хүүхдийг 100 мянган төгрөгөөр хамруулж, нөхөн олговор нь 10 сая байхаар тогтоосон
- Хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг худалдаж авахад 300 мянга орчим болдог зэрэг мэдээллийг цуглууллаа.
Уяачид бага насны, жин багатай хүүхэд сонгосноор болзошгүй эрсдэлд өртөх магадлалтай
Улсын их баяр наадамд есөн насны морийг 800-950 орчим хүүхэд унаж, уралддаг аж. Баяр наадмын тухай хульд наймаас дээш насны хүүхэд морины уралдаанд оролцох боломжтой гэсэн байна.
Уяачдын зүгээс бие эрүүл байхаас гадна дуулгавартай, овсгоотой байхыг хүсдэг байна. Мөн бага насны, жин багатай хүүхэд сонгох нь элбэг аж. Ингэснээр болзошгүй аюул, осолд өртөх магадлалтай аж.
Гэрээнд зааснаар: Уралдаанд орох эсэхээ хүүхэд шийдэж, асран хамгаалагчид зөвшөөрөл гаргах эрхтэй
Эцэг эх, хүүхэд, уяач хоорондын гурвалсан гэрээг хийсэн байх шаардлагатай. Үүнд, эцэг эх, асран хамгаалагчийн үүргийг ийнхүү тодорхойлсон байна.
- Уралдаанд оролцох эсэхээ хүүхэд шийдвэрлэж, түүний дараагаар эцэг эх асран хамгаалагчаас зөвшөөрөл гаргах
- Хүүхдийг эрсдэлээс хамгаалах зорилгоор уяач эсвэл морины эзэнтэй гэрээ байгуулах
- Уралдааны бэлтгэлд гарахаас өмнө харьяа дүүргийнхээ эмнэлэгтээ хүүхдээ үзүүлж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, эмчийн тодорхойлолт гаргуулах
- Хичээлийн хоцрогдолд орохгүй байхад нь анхаарах
- Хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангасан эсэхэд хяналт тавих зэрэг эрх, үүргийг хүлээх аж.
Унаач хүүхдийн нэг сарын цалин 1-2.5 сая
Наадам дөхөх үеэр уяач нар гавшгай унаач хүүхдийн эрэлт гарцгаана. Сошиал орчинд “Хурдан морь унаач хүүхэд авна. Цалин өндөр” гэх зар харагдах болов. Бид тухайн зарын дагуу хэд хэдэн хүнтэй холбогдоход нэг сарын цалин нэг саяас 2.5 сая хүртэлх аж.
Ингэхдээ, үүрийн таван жингээс үдшийн бүрийг хүртэл бэлтгэл хийдэг байна. Морь унахаас гадна хашир унаачийн дадалд сурч, наадмын магнай болохоор шамдана.
Унаач хүүхдүүдийн хөдөлмөр “тэвчишгүй” гэх ангилалд багтдаг. Амь өрсөж олсон хэдийгээ ч өөртөө зориулж чаддаггүй
Унаач хүүхдүүдийн хөдөлмөр “тэвчишгүй” гэх ангилалд багтдаг байна. Мөн олон улсын гэрээ конвенцоор, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хориглосон ажлын байрны жагсаалтад орсон байдаг.
Гэхдээ баяр наадмын тухай хуульд наймаас дээш насны хүүхдээр үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа баяр наадамтай холбоотой асуудлаар энэ хууль зохицуулагдана гэсэн тэр зүйл заалтад орсон учир үндэсний их баяр наадмын үеэр наймаас дээш насны хүүхдээр морийг унуулж буй.
Амь өрсөж олсон хэдийгээ ч өөртөө зориулж чаддаггүй. Харин үүргэвчтэй цүнх болоод дотор нь хийсэн хичээлийн хэрэглэл, ууттай амттан тэдэнд оногдож үзэгдэнэ.
Хэрэв шагналт байранд орсон тохиолдолд тухайн шагналын 30 хувийг унаач хүүхэд авна гэсэн журам бий. Гэвч тэдэнтэй шагналаа ийнхүү хуваадаг эсэх нь тодорхойгүй.
ГБХЗХГ: Уяач, унаач, асран хамгаалагч нарын гурвалсан гэрээг нотариатаар гэрчлүүлснийхээ дараагаар бүртгэлээ хийлгэх боломжтой
Хурдан морь унаач хүүхдүүдийн эрх ашгийг хамгаалах цаашилбал үндэсний баяр наадмын үеэр даатгалын компаниудтай ямар байдлаар хамтран ажилладаг талаар Нийслэлийн ГБХЗХГ-ын хүүхдийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Б.Батсайхантай ярилцлаа.

-Хэдхэн хоногийн дараа Үндэсний их баяр наадам болох гэж байна. Энэ жилийн хувьд ГБХЗХГ-ын зүгээс хурдан морь унаач хүүхдийн эрх ашгийг хамгаалах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн ажиллахаар төлөвлөсөн бэ?
-Баяр наадмын хугацаа ойртох үеэр уралдаанч хүүхдүүдийн асуудал хөндөгддөг. Манай байгууллагаас дараах ажлуудыг гүйцэтгэж ажилладаг юм.
Уралдаанч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахтай холбоотойгоор 2016 оноос уралдаанч хүүхдүүдийн бүртгэлийн санг үүсгэж ажилладаг болсон. Энэ жил мөн адил тус бүртгэл мэдээллийн сан хэвийн ажиллах болно.
-Энэ жил бүртгэлийн санд өөрчлөлт орсон гэсэн. Ямар өөрчлөлт оров?
-Бүртгэл мэдээллийн санг бүрдүүлэхэд хэд хэдэн бэрхшээл тулгарч байсан юм. Тодруулбал, уралдааны үед хүүхдийнхээ мэдээллийг бүрэн гүйцэт өгөхгүй байх, хуурамчаар бүртгүүлэх зэрэг. Үүнтэй холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчийг мөн эсэхийг тодорхойлж, дараагаар нь зөвшөөрөл авах ажлыг утсаар шалгаж ажиллаж байсан.
Энэ ажлыг гүйцэтгэхэд хүн хүч, цаг хугацаа шаарддаг, мөн утасны цаанаас бодит мэдээллийг олж авахад бэрхшээлтэй байв. Тиймээс энэ жил уяачдад хариуцлагыг оногдуулж ажиллахаар шийдвэрлээд байна.
-Уяачдад хэрхэн хариуцуулах вэ?
-Улсын их баяр наадмын морио сойж буй уяач, унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах, хамгаалахтай холбоотойгоор эцэг эх, асран хамгаалагчтай нь гурвалсан гэрээ байгуулж ажиллаад тодорхой хугацаа өнгөрсөн. Тэгвэл энэ жил тус гэрээг нотариатаар гэрчлүүлснийхээ дараагаар бүртгэлээ хийлгэх боломжтой болсон юм. Хэрэв нотариатаар гэрчлүүлээгүй тохиолдолд бүртгэл хийхгүй.
Зөвшөөрөлгүй уралдаан зохиогдох нь элбэг. Ингэхдээ, олон нийтийн дунд наадмын шинжтэй зарлал мэдээлэл тараадаг
-Өвөл хаврын морины уралдааныг хориглосон байдаг. Гэвч уралдааныг зохиосон хэвээр байна. Энэ асуудалд танай байгууллага анхаардаг уу?
- Засгийн газрын 57-дугаар тогтоолын дагуу хавар, өвөл, намрын уралдааныг хориглосон байдаг. Үүнд, 10 дугаар сарын 1-нээс тавдугаар сарын нэгэн хүртэлх хугацаа хамаарах юм.
Энэ хугацаанд ямар нэгэн зөвшөөрөл, зохион байгуулах эрхээ аваагүй тэмцээн уралдааныг хувь хүн болон байгууллага зохион байгуулдаг. Ингэснээр унаач хүүхдүүдэд эрсдэл учирдаг юм.
Манай байгууллага зөвшөөрөгдсөн уралдаан тэмцээнүүдэд хяналт тавьж ажилладаг. Зөвшөөрөлгүй тэмцээнүүдэд тэр бүр очих боломж олддоггүй. Яагаад гэвэл манай байгууллага хүн хүч, цаг хугацааны хувьд хязгаарлагдмал байдаг.
Орон нутагт зохиогдож буй тэмцээний мэдээлэл бидэнд одоогоор байхгүй байна. Харин нийслэлд зөвшөөрөлгүй тэмцээн явагдах тохиолдол цөөнгүй.
Жишээ нь, өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд зөвшөөрөлгүй уралдаан Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хоёр удаа зохион байгуулагдлаа. Ингэхдээ, олон нийтийн дунд наадмын шинжтэй зарлал мэдээлэл тараах тохиолдол бүртгэгдсэн.
Гэвч төрийн ямар нэгэн байгууллагад мэдэгдээгүй, захирамж зөвшөөрөл гаргуулаагүй, дур мэдэн зохион байгуулж байсан тус уралдааныг таслан зогсоох арга хэмжээг авч ажилласан.
-Зөвшөөрөгдсөн уралдаанд хэрхэн анхаардаг талаар мэдээлэл өгөөч?
- Тавдугаар сарын 1-нээс хойш морины уралдааныг зөвшөөрдөг бөгөөд энэ хугацаанд уралдаанч хүүхдийн асуудалд цагдаагийн байгууллагатай хамтран ажилладаг. Ингэхдээ, уралдаанч хүүхдийн аюулгүй байдал, хувцас хэрэглэл, бусад шаардлагатай хэрэгслийн стандартыг мөрдүүлж ажилладаг гэсэн үг.
Уралдаанч хүүхдүүдийн болоод уралдаж буй замын нөхцөл байдлаас шалтгаалан осолддог
Унаач хүүхдүүд уралдаж буй явцдаа бэртэх тохиолдол цөөнгүй. Гэвч монголын өв соёл гэдэг утгаараа зохион байгуулагдаад буй. Ямар шалтгааны улмаас бэртдэг талаар судалж үзэв.
Тэгэхэд, уралдаанч хүүхдүүдийн болоод уралдаж буй замын нөхцөл байдлаас уг асуудал үүсдэг байна.
Уралдаанч хүүхдүүдийн хувьд,
- Хүүхдүүд бие биеэ татаж унагаах
- Уралдааны явцад морийг үргээж болзошгүй эд зүйлсийг хэрэглэх. Үүнд, шүгэл, гялгар цаасан уут, холбооны станц, хадаг гэх зэрэг багтана.
- Хамгаалалтын бүсийг уралдаж буй явцдаа тайлах
- Хэмжээнээс урт ташуур хэрэглэх. Ташуураараа хамт уралдаж буй хүүхдүүдийг татаж унагааж болзошгүй
- Тавиач хүүхдийн асуудал. Тавиач хүүхэд гэдэгт өөрийнхөө морийг түрүүлгэх зорилготойгоор уралдаанд оролцож буй хүүхдүүдийг хамааруулдаг. Тэд уралдаан будилаантуулах, бусад морьдыг зогсоох, хүүхдийг унагаах зорилготойгоор, аль эсвэл өөрийн морины аюулгүй байдлыг хамгаалдаг. Ихэвчлэн том, өсвөр насны хүүхдийг оролцуулдаг байна.
Замын хувьд,
- Тухайн замыг урьдчилж тооцоолоогүй
- Урьдчилсан бэлтгэл сургуулилт хийгээгүй
- Гараанаас гарахдаа том талбайгаар гардаг. Задгай газарт уралдаж буй морьд тухайн хөндийн бүх хэсгээр явах боломжтой. Үүнтэй холбоотой замын нөхцөл байдлыг шалгаагүйгээс ангал, болон жалгатай газраар явах
- Бороо хур элбэг үед хальтаргаа гулгаа их байдгаас үүсэж бэртдэг байна.
Даатгалын талаар эцэг эх, хүүхэд болон уяачид бүрэн ойлголтгүйгээс нөхөн олговроо авч чаддаггүй
Хурдан морь унаач хүүхдүүдийг гэнэтийн ослын даатгалд хамруулж эхлээд тодорхой хугацаа өнгөрсөн.Түүнд тавих шаардлага, даатгал хийх компаниудын талаарх мэдээллийг шалгаж үзэв.
Унаач хүүхдүүдийн гэнэтийн ослын даатгал хийдэг 13 компани байна. Тус даатгалд нэг хүүхдийг 100 мянган төгрөгөөр хамруулж, нөхөн олговор нь 10 сая байхаар тогтсон байдаг юм байна.
Тухайн даатгалын компанийн үйлчилгээ нь зөвхөн уралдааны үед унаж бэртсэн хүүхдэд үйлчлэх бус бүтэн жилийн хугацаанд тухайн хүүхдэд ямарваа нэгэн эрсдэл учирсан тохиолдолд даатгалаас нөхөн олговор авах боломжтой байхаар зохицуулалт хийгдсэн байдаг аж.
Даатгалын талаар эцэг эх, хүүхэд болон уяачид бүрэн ойлголтгүйгээс нөхөн олговроо авч чадахгүй нөхцөл байдал үүсдэг байна.
Тэд хүүхдийн байгууллагад шалгуулах л үүрэгтэй хэмээн ойлгоод байдаг. Гэтэл ямар нэгэн байдлаар амь нас эрсэддэггүй юм аа гэхэд бусад байдлаар гэмтэх тохиолдолд нөхөн олговор авч болох юм. Мөн даатгалд хамрагдсан хугацааны туршид хэдэн ч удаа нөхөн олговрыг авч болох аж.
Хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг худалдаж авахад 300 мянга орчим болдог
Унаач хүүхдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажилладаг тухай мөн цалин, хөдөлмөр эрхлэлтийн талаар тодруулахаар Увс аймгийн залуу уяач Б.Отгонбаяртай холбогдлоо.

-Сайн байна уу. Сайхан зусаж байна уу. Энэ жилийн наадамд хэчнээн морь сойж байна?
-Сайн. Энэ жилийн баяр наадамд уралдуулахаар 14 морь сойлоо.
-Унаач хүүхдүүдийн хувьд хэдэн насны хүүхдүүд байна вэ?
-Хүүхдүүд 10-14 настай.
-Тэдний нэг сарын цалин хэд вэ. Тухайн хүүхдүүд ямар хөдөлмөр эрхэлдэг вэ?
-Цалин хөлсний тухайд орон нутагт тогтсон дүн бий. Нэг сарын цалин нэг сая төгрөг. Мөн хичээлдээ орох үед нь хичээлийн хэрэгсэл, бусад зүйлсийг бэлдэж өгдөг.
Хүүхдүүд энэ хугацаандаа морьтой холбоотой хөдөлмөр эрхэлж байна. Үүнд морь үсэргэх, сунгах, хөлслөх зэрэг ажлууд орно. Зарим хүмүүс унаач хүүхдүүдээрээ ахуйн бусад ажлаа хийлгээд байдаг. Надад зохисгүй санагддаг. Яагаад гэвэл эцэг эх, хүүхэдтэй гэрээ байгуулан ажилладаг. Тухайн гэрээнийхээ дагуу л ажиллавал зохино.
-Унаач хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллаж байна. Аюулгүйн хувцас хэрэгслээ хаанаас хэдэн төгрөгөөр авч байна?
-Хүүхдийн хамгаалалтын хувцас хэрэгслийг худалдаж авахад 300 мянга орчим болж байна лээ. Өөрт ойрхон малын эмийн сангаас авах боломжтой.
Миний хувьд хүүхдүүдийнхээ аюулгүй байдлыг энэ тэргүүнд тавьдаг. Яагаад гэвэл бүхэл бүтэн хүний амь нас “адгуусны” нуруун дээр давхиж яваа шүү дээ. Тиймээс хариуцлагатай хандах нь чухал.
Уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлийн стандарт шинэчлэгдээгүй

Уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс хамгаалах зүйл бол хүүхдийн хувцас хэрэглэл. Унаач хүүхдийн хамгаалалтын хувцсанд өөрчлөлт орсон эсэхийг шалгаж үзэв.
Ингэхэд, уралдаанч хүүхдийн хувцас хэрэглэлийн стандарт шинэчлэгдээгүй байна. Тодруулбал, 2019 онд батлагдсан стандарт мөрдөгдөөд явж буй гэсэн үг.
Хүүхдийн хамгаалах хувцас, хэрэгслийн стандартад ташуур, малгай, гутал, нүдний шил, тохойвч, цээживч, өвдгөвч зэргийг багцаар нь ойлгож болно.
Сонирхуулах үүднээс, хурдан морь унаач хүүхдийн гуталд тавих стандартыг хүргэж байна.
- Шилбэ бүрхсэн түрийтэй гутлаас өөр төрлийн богино түрийтэй, пүүз, үдээстэй гэх мэт төрлийн гутал өмсүүлэхийг хориглоно,
- Хүүхдийн хөлийн хэмжээнд тохирсон байна, холхиж сугардаг болон бариу байж болохгүй,
- Гутлын бүтэц нь шагай болон шилбийг хамгаалсан нэмэлт хатуулга, хамгаалалттай байж болно. Энэ нь хөдөлгөөнд саад учруулахгүй.
- Гутлын өсгийний зузаан 20 мм-ээс ихгүй байна. Өсгийгүй гутал өмсөхийг хориглоно
- Гутлын ул, өсгий нь зөөлөн резин болон каучик материалаар хийгдсэн байх ба гулсах материал болох арьс, шир гэх мэт байж болохгүй.
- Гуталд нэмэлт тоноглол хийхийг хориглоно.
Уралдааны стандартыг дан ганц уралдаанч хүүхэд бус уралдаж буй моринд хүртэл тогтоодог. Жишээлбэл, эмээл, дөрөөг хамааруулж болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.