ОХУ-ын эдийн засаг одоохондоо барууны хоригийг аргацааж байгаа ч ирээдүй нь бүрхэг

Тун удахгүй Орос-Украины дайн хоёр дахь жилийнхээ нүүрийг үзнэ. Дайн эхэлсний дараа барууны орнууд Москвагийн газрын тосноос олдог ашиг болон цэргийн технологи гэх мэт зүйлсэд хориг тавьсан. Тэгвэл хориг үйлчилж байна уу?
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэгдүгээр сард болсон чуулганы үеэр “Бидний эдийн засаг өсөж, тэднийх буурсан. Тэд таазыг нь цөмөрч гарсан их асуудалтай тулгараад байгаа. Бидэнтэй харьцуулах ч зүйл биш” хэмээсэн юм.
Түүний хэлсэн зүйл үнэний ортой. Учир ОХУ-ын төр газын тос болон алмазын экспортоосоо сар бүр олон тэрбум ам.долларын ашиг олсоор байгаа. Мөн зэвсэгт хүчин нь үйл ажиллагаагаа хэвийн явуулж, ОХУ-ын ихэнх банкнууд олон улсын санхүүгийн системд холбоотой хэвээр.
ОХУ барууны орнуудын тавьсан янз бүрийн хоригуудад дасан зохицох арга хэмжээ авсан. Үүний хариуд тус улсын эдийн засаг дайн эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад 1 хувиар өссөн байна.
Богино хугацаанд хоригийг тойрч, эдийн засгийн өсөлт үзүүлж чадсан ч урт хугацааны хэвийн төлөв нь тийм ч гэрэлтэй биш байгаа юм. Учир нь дайн эдийн засгийг гажуудуулж, зэвсэгт хүчний үйлдвэрлэл ОХУ-ын нөөцийг тогтворгүй хэмжээгээр сорж буй.
Хоригоос бултан, тойрч гарж байна
2022 оны хоёрдугаар сараас хойш ОХУ-ын дайтах хүчин чадлыг нь бууруулахын тулд эрчим хүч, ашигт малтмалын экспортоос олох орлогыг бууруулж, мөн технологи, санхүүгийн бололцоог нь боосон.
“The Atlantic Council” тинк танкын үүсгэсэн мэдээллийн сангаас харвал барууны орнууд ОХУ-ын 15 мянга гаруй аж ахуйн нэгж, хувь хүнд хориг тавьжээ. Гэсэн хэдий ч ОХУ-ын бүтээгдэхүүнийг худалдан авах хангалттай олон үйлчлүүлэгч байсаар байна.
Тухайлбал Азийн ихэнх орнууд хоригт нэгдээгүй. ОХУ-ын нефтийн экспортын 90 хувийг Энэтхэг, БНХАУ худалдан авч байгаа. Их Долоон орны гишүүд ОХУ-ын газрын тосноос авах орлогыг нь хязгаарлахын тулд барууны хөлөг онгоцнууд баррель нь 60 ам.доллароос даваагүй ОХУ-ын нефтийг л зөөвөрлөх болсон.

Үүнийг тойрон гарахын тулд ОХУ шинэ тээвэрлэлтийн сүлжээ бий болгож Энэтхэг, БНХАУ руу газрын тосоо үргэлжлүүлэн нийлүүлсээр байна. “The Atlantic Council” тинк танкын тооцоолсноор ОХУ нь газрын тосныхоо экспортын 71 хувийг эзэмшил, бүртгэлийн мэдээллийг нь далдалсан “сүнс” флотоор дамжуулан явуулж байгаа аж.
“Windward” компани өнгөрсөн есдүгээр сард нийтэлсэн тайланд барууны орнуудын хоригийг үл тоон 1,400 гаруй онгоц ОХУ-ын газрын тосны экспортод оролцсон байна. Хоригоор даатгалын компаниуд ч гэсэн баррель нь 60 ам.доллароос хэтэрсэн газрын тос зөөвөрлөж буй онгоцонд үйлчилгээ үзүүлэх ёсгүй. Тэгвэл тэдгээр онгоцнуудын ихэнх нь даатгалгүй тээвэрлэлт явуулж байгаа юм.
Барууны албан тушаалтнууд энэ “бултах” аргыг нь таслан зогсоохоор ажиллаж буй. Өнгөрсөн жилийн аравдугаар сард АНУ-ын Сангийн яам Турк, АНЭУ-д бүртгэлтэй компаниудыг ОХУ-ын нефтийг үнийн хязгаараас давсан үнээр тээвэрлэсэн хэмээн хориг тавьсан.
Газрын тосноос гадна ОХУ нь хориг тавьсан зэвсэгт хүчинд нь хэрэгтэй өндөр технологи бүхий хэрэгслүүдийг гуравдагч орноор дамжуулан авч байгаа аж. Их Британийн гэмт хэрэгтэй тэмцэх үндэсний агентлаг мэдэгдэл гаргахдаа “ОХУ нь Их Британийн хориг тавьсан бүтээгдэхүүнийг гуравдагч орнуудаар дамжуулан худалдах авахыг оролдож байна” хэмээжээ.
Үүнтэй тэмцэх арга хэмжээг барууны орнууд мөн авч байгаа юм. Өнгөрсөн арван хоёрдугаар сард АНУ-ын Сангийн яам хэд хэдэн Турк компанид хориг тавьсан байна.
Гэхдээ урт хугацаандаа хортой
Хоригууд нь ОХУ-ын эдийн засагт урт хугацаандаа нөлөө үзүүлнэ гэж Европын Комисс үзэж байгаа юм. 2023 оны дундуур нийтэлсэн тайландаа Европын Комисс “Хоригийн нөлөө нь ОХУ-ын төсөв, санхүүгийн зах зээл, гадаадын хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, технологийн секторт урт хугацаандаа нөлөө үзүүлж, цаг ирэх тусам эрчимжинэ” хэмээжээ.
ОХУ нь цэргийн хэрэгслүүдэд хэрэгтэй өндөр технологи бүхий бүтээгдэхүүнүүдийг гуравдагч орнуудаар дамжуулан авч байгаа. Финландын банк Оросыг тэдгээр технологиудыг өндөр үнэ төлж авч байгаа хэмээсэн юм. Тус банкны тооцоолсноор ОХУ-ын БНХАУ-аас худалдан авч буй дайнд шаардлагатай барааны үнэ 2021 оноос 2023 оны хооронд 78 хувиар өссөн байна.
Украины дайнд гаргаж буй зардал нь ОХУ-ын эдийн засагт гүн нөлөө үзүүлж байгаа. Шинжээчдийн тооцоолсноор ОХУ нь 2024 онд төсвийнхөө 40 хувийг буюу улсын орлогын 8 хувийг зэвсэгт хүчний салбарт зориулах төлөвтэй.

Финландын банк “ОХУ нь одоогийн цэргийн үйлдвэрлэлд анхаарлаа хандуулж, иргэний хөгжилд зориулах нөөцийг сарниулан урт хугацааны өсөлтийг хангадаг гол тулгуур болсон салбаруудыг орхигдуулж байна” гэсэн юм.
ОХУ-д зээлийн хүү их хэмжээгээр өссөн. Тодруулбал ОХУ-ын төв банк өнгөрсөн зургаан сарын хугацаанд бодлогын хүүгээ 7.5-аас 16 хувьд хүргэсэн юм. Үүний улмаас өнгөрсөн намар судалгаанд хамрагдсан Орос бизнес эрхлэгчдийн гуравны нэг нь зээлийн хүү нэмэгдсэний улмаас шинээр зээл авах боломжгүй болсон гэж хариулжээ.
Мөн дайн эхэлсний дараа олон мянган залуу мэргэжилтнүүд Оросыг орхин гарсан нь чадварлаг боловсон хүчний хомсдол үүсэхэд хүргэсэн байна. Ажилд зуучлагч агентлагуудын мэдээлснээр ОХУ-ын компаниудын 80 гаруй хувь нь шинэ чадварлаг ажилчин олж авч чадахгүй байгаа аж.
Энэ нь урт хугацаандаа ОХУ-ын бүтээмжийг бууруулах сөрөг нөлөөтэй билээ.Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалаар бол ОХУ-ын төсвийн амин сүнс нь болсон газрын тос, байгалийн хийн экспорт 40-өөс 50 хувиар буурч магадгүй аж.
Дээрх дурдсан шалтгаануудаас харахад ОХУ-ын эдийн засаг богино хугацаандаа өсөлт үзүүлсэн ч урт хугацааны хэтийн төлөв нь хэцүүхэн байх бололтой.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний нутагт шунасан хулмасууд