Нийгэм мэдээ

Дархан-Уул аймгийн газар нутгийн 4.9 хувь нь цөлжилтөд өртсөн

Газар нутгийн хэмжээ бага ч байгалийн баялаг, газар тариалан, мал аж ахуй хөгжсөн Дархан-Уул аймгийн 4.9 хувь нь цөлжсөн гэх тооцоолол гарсан байна.

Үүнийг хөрс хамгаалах, бэлчээрийн талхлалтыг багасгах, цөлжилтийг сааруулах талаар судалгааг сүүлийн 12 жилийн хугацаанд хийсэн судалгааны тайлан, мэдээлэлд тулгуурлан тогтоосон тухайгаа албаныхан мэдээлж буй.

Нийт газар нутгийн бэлчээрийн талбайн 16.9 хувь нь хэвийн, 36.6 хувьд цөлжилт сул, 10.4 хувь нь цөлжилтөд дунд зэрэг өртсөн байна.

Мөн хөрсний мониторингийн судалгаагаар хөрсний А давхаргын ялзмагт давхаргын нимгэрэлт болон хөрсний элэгдэл илт ажиглагдаагүй, хөрсний урвалын орчин буюу PH=5.81-6.96 хооронд буюу саармаг орчноос сул хүчиллэг орчинд шилжсэн хэдий ч "оптимум" ба хөрсний PH тохиромжтой нөхцөлтэй байна гэж гарчээ.

Хөрсний цахилгаан дамжуулах чадвараар давсжилтын зэрэглэлийг үнэлэхэд 0-5 см гүнд давсжилт илүү их, гүн лүүгээ бага давсжилттай үнэлэгдсэн байна. Харин хөрсний ус нэвтрүүлэх чадварыг дан цагаригийн аргаар тодорхойлсон байна. Ус нэвтрүүлэлтийн зэрэглэл "хурдан" ба "хурдавтар"-аас "дунд зэрэг" ба "удаан" зэрэглэлд шилжиж хурд багасаж байна гэсэн дүгнэлт гарсан байна. Уг судалгаануудыг аймгийн хэмжээнд есөн цэгээс сүүлийн 10 жилийн хугацаанд авч, судалгааны ажлыг хийжээ.

Дээрх хугацаанд хийсэн бүх судалгааны нэгдсэн дүнгээс үзэхэд Хонгор сумын нутаг Төмөртолгой орчимд цөлжилтийн төлөв байдлын доройтол илэрсэн. Арван жилийн хугацаанд  гуравдугаар түвшнээс дөрөвдүгээр түвшин рүү шилжсэн бөгөөд энэ нь бэлчээрийн төлөв байдал муудаж буйг илтгэж байгаа юм. Учир нь элсэнцэр хөрсний бүтэцтэй, ялзмагт А үеийн давхарга нь 7 см гэж судлагджээ. Мөн Шарын гол сумын Олон хөтөл орчимд бэлчээрийн доройтол ажиглагдаж байна. Дөрөвдүгээр буюу улаан түвшинд хүрчээ.

Харин Хонгор сумын нутаг Зулзагын гол Цогт-Өндөр, Орхон сумын нутаг Дардай нуур орчимд соргог төрлийн бэлчээртэй буюу бэлчээрийн төлөв байдал 10 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй сайн байна гэж судлагджээ.

Дээрх судалгаанаас үзэхэд бэлчээрийг зүй зохистой ашиглах, хамгаалах, хашаалах зэрэг ажлыг хийх шаардлага тулгарсан гэж УЦУОШТ-өөс мэдэгдлээ.

Аймгийн хэмжээнд дээр дурдсан дөрөвдүгээр түвшинд хүрсэн газруудыг хашаалах, ургамлын сэргэх чадварыг сайжруулах шаардлага үүссэн байна. Ургамлын төрлийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах хамгийн эхний алхам нь хашаажуулалт гэдгийг ч онцлов.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button