Байр суурь: Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн үзэл баримтлалаа зарлах нь зөв үү

Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн чиг баримжаагаа зарладаггүй. Барууны хэвлэлүүд шиг ил зарлах ёстой" гэх нийтлэг шүүмжлэл хөвөрдөг. Хөгжлийн түүх, соёлын түвшин, улс төрийн нөхцөл байдал, геополитикийн хачин жигтэй үе туулж буй бид өөрсдийгөө барууны хэвлэлүүдтэй харьцуулах нь энэ тохиолдолд зөв үү. Тэднээс өөр. Гэхдээ зүйтэй байх арга зам бий зэргээр асуудлууд хөвөрдөг. Уг сэдэв маш том агуулга. Үүнд редакциуд үзэл баримтлалаа зарлах нь ЗӨВ, БУРУУ гэсэн хоёр оролцогчийн байр суурийг онцолж байна.
АСУУЛТ: Монголд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд улс төрийн чиг баримжаа, үзэл баримтлалаа нээлттэй зарлах цаг үе, орчин нөхцлийн бодит шаардлага үүссэн үү. Өнгөрсөн хугацаанд зоригтой зарлаагүйн улмаас нийгэмд ямар гажуудал үүссэн бэ?
Л.Нарантөгс: Хэвлэлүүд улс төрийн чиг баримжаагаа зарлаж, үзэл санаагаараа өрсөлдөх ёстой
/News.mn агентлагийн Ерөнхий продюсер, тоймч/
Мэдээж улс төрийн намууд нь үзэл баримтлалын учраа олоогүй байхад хэвлэл мэдээлэл үзэл баримтлалаа зарлах ёстой гэх нь заримд маань тэнэг сонсогдож магадгүй. Барууны гээд буй АН-ын хэрэгжүүлсэн сургуулийн үдийн цай хөтөлбөр шиг ийм лут халамжийн тогтолцоо хуучин нийгэмд ч байгаагүй. Гэтэл энэ мэт бодлогыг хэрэгжүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч өөрсдийн хувь нэмрээ оруулсан.
Одоо ч хэвлэл мэдээлэлд хуучны зүүний үзэл бат нот оршсоор байна. Бид төлбөрөө төлсөнд нь бус ямар үзэл санаа, чиг баримжааг дэмжих вэ гэдгээ одоо зарлах цаг болсон. Үгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл улстөрчдийн пропаганда хийдэг талбар, хуучны суртал ухуулгын сонин, мэдээллээс ялгарах юмгүй, хараат хэвээрээ байсаар байх болно. Сошиалд ч байр сууриа бүр мөсөн булаалгана.
Нуулгүй хэлэхэд сэтгүүчид маань ч эрх чөлөөний үзэл санааг улстөрчөөр төсөөлөх нь олонх байна. Үүнээс болоод өөр хоорондоо тэс өөр үзэл санаануудыг бүгдийг нь хольж хутгаад бантан болгон буцалгахаар бид оролдсоор жонхуу болгочихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд социализмын үе шиг хүний амьдралыг бүхэлд нь төр бүрэн мэдэх ёстой биш юм гэхэд ямар нэгэн байдлаар оролцох ёстой гэсэн үзэл санаа зонхилж байна.
Тиймээс улс төрийн чиг баримжаагаа зарлаж, үзэл санаагаараа өрсөлдөх нь чухал. Өнөөдөр ганц үзэл баримтлал нь тодорхой сонин гэвэл “Үнэн”. Уншигчид нь тодорхой. Эрх баригчдын эсрэг, иргэдийн талд зогсох уу, ивээлд нь багтах уу гэдгээ өөрсдөө зарлах нь соёл. Гадны хэвлэлийн эрх чөлөө хөгжсөн орнуудад энэ зайлшгүй болчихсон зүйл. Ингэж байж бидэнд ялгарал гарна.
Ц.Чимэддондог: Үзэл санаа, чиг баримжаагаа зарлах цаг нь арай болоогүй байна
/Эрэн сурвалжлах сурвалжлагчдын төлөө төвийн үүсгэн байгуулагч, сургагч/
Манайд хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн үзэл баримтлалаа зарлах цаг болсон уу? Монголд улс төрийн үзэл баримтлалаа ил тодоор зарласан хэвлэл мэдээллийн байгууллага нэг ч алга. Улс төрийн намуудын дэргэдэх хэвлэлийг эс оруулбал шүү дээ.
- “Монголын үнэн” сонин гэхэд МАН-ын төв хэвлэл гээд эзэмшил, харъяалалаа бичсэн байдаг. Яахав зарим эзэд аль талд байдгаа хэлсэн нь бий.
- "Өдрийн сонин"-ы Ерөнхий эрхлэгч Ж.Мягмарсүрэн гуай одоогоос арав гаруй жилийн өмнө “Манай сонины сэтгүүлчид Ц.Элбэгдоржийг муулах л юм бол би турсагыг нь хуулах юм чинь” гэж хэвлэлд ярьсан нь бий.
- Н.Энхбаярыг “Зууны мэдээ” хэзээ ч мөшгөхгүй.
- “Өнөөдөр” сонины архиваас Н.Багабандийн тухай ширүүн шүүмжлэл бүү хэл жаахан хазгай хэл ч олдохгүй.
Өөрөөр хэлбэл манай хэвлэл мэдээллийн байгууллага үзэл баримтлал гэхээсээ илүү улс төрчийн хувь хүн талд нь үйлчилдэг нь нууц биш.
Нөгөө талаар,
- Улс төрийн олон талт үзэл баримтлалыг шингээж бодлого хэрэгжүүлэх ёстой улс төрийн намууд манайд сонгодог утгаараа хөгжөөгүй,
- Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний эрх зүйн орчин бүрдээгүй,
- Үзэл баримтлалаас үл хамааран хараат бусаар ажиллах сэтгүүл зүйн үндсэн үүргээ ухамсарлах боловсрол, соёл сэтгүүлчдэд хангалттай хүрээнд төлөвшөөгүй,
- Олон нийтийн улс төр болоод мэдээллийн боловсрол туйлын хангалтгүй байна.
Энэ мэт өөр олон шалтгааны улмаас манайд аль нэг улс төрийн үзэл баримтлалыг нийтлэлийн бодлогодоо тусгасан хэвлэл мэдээллийн байгууллага хэрвээ байсан ч үзэл санаа, чиг баримжаагаа зарлах цаг нь арай болоогүй байна гэсэн байр суурийг би хэлэх байна.
Ингэж зарлаад ч олон нийтийн итгэл үнэмшил, зах зээл дэх өрсөлдөөн, нийтлэл нэвтрүүлгийн чанар, санхүүгийн менежментэд онц нөлөө үзүүлэхгүй юм. Харин ч хэн нэгний халаасанд бүр яваад орчихсон муу нэр зүүж, сахил хүртээд шал дордов гэгчийн үлгэр болох эрсдэлтэй.
“Эгүүр”-ийн сэдэв: Монголын сэтгүүл зүйг ямар ирээдүй хүлээх вэ. Бид юуг өөрчилж бас хэвээр авч үлдэх вэ контентыг бүрэн эхээр нь ЭНД дарж уншина уу.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.