Иран Трампыг эсэргүүцэн Аяатолла Али Хамэнэйн хүүг залгамжлагчаар сонгож, газрын тосны үнэ өслөө
Иран өнөөдөр /2026.03.09/ шинэ дээд удирдагчаараа Аяатолла Али Хамэнэйн хүү Можтаба Хамэнэйг тодруулж буйгаа зарлажээ. АНУ-ын тагнуулын алба Алиг хөнөөснөөр Ираны Исламын дэглэм нуран унана гэдэгт эргэлзэж байсан. Тэгвэл Ираны эрх баригчид ийнхүү шинэ дээд удирдагчаа тодруулж, шашны хатуу үзэлтэй дэглэмийн байр суурь хэвээр үлдэнэ гэдгийг харууллаа.
Тус улсын батлан хамгаалах хүчин, бизнес сүлжээнд аавынхаа ачаар нөлөөтэй болсон Можтаба дээд удирдагчаар сонгогдох хамгийн магадлалтай хүн гэгдэж байсан. Тэгвэл Ираны дээд удирдагчийг сонгодог Шинжээчдийн зөвлөл ням гарагт /2026.03.08/ хуралдсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ “Шинжээчдийн зөвлөл шийдвэрлэх санал хураалт явуулж Аяатолла Сейед Хоссэйни Хамэнэйг Ираны Исламын Бүгд Найрамдах Улсын ариун тогтолцооны гурав дахь удирдагчаар томиллоо” гэжээ. Дээд удирдагч болсноор Можтаба Иранд дахь төрийн бүх асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрхтэй болж байгаа юм.
Можтаба Ираны удирдагчаар сонгогдсон нь Трампын дургүйцлийг хүргэх магадлалтай. Учир нь гэвэл тэр ням гарагт хэлэхдээ Ираны удирдагчийг сонгох ажилд АНУ оролцох ёстой гэж байсан юм. Тэр “ABC News” агентлагт хэлэхдээ “Хэрвээ дараагийн удирдагч бидний зөвшөөрлийг авахгүй бол удаан тэсэж үлдэхгүй” гэсэн билээ. Мөн Израил мэдэгдэл хийхдээ дараагийн дээд удирдагчийг ч хөнөөнө хэмээсэн.
Шинэхэн дээд удирдагч тодорсон тул АНУ, Израил болон Ираны дайн намдана гэх найдвар буурч, өнөөдөр газрын тосны үнэ 20 хүртэл хувиар нэмэгджээ. Тодруулбал Брент маркийн газрын тосны фьючерс 19.8 хувиар өсөж баррель нь 111.04 ам.доллар хүрсэн байна. Энэ нь 2022 оноос хойш газрын тос анх удаа 100 ам.доллар давсан тохиолдол юм. Харин АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 16.8 хувиар өсөж баррель нь 106.17 ам.долларт хүрчээ. Өнгөрсөн долоо хоногт Брент 27 хувь, WTI 35.6 хувиар өссөн билээ.
Эх сурвалж: Reuters








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Израйлийн утсан хүүхэлдэй Трампыг үнэндээ л үл тоож байнаа хахаха...
АНУСыг Сталины хоолой болгочихвол дэлхий дахинд энх тайван тогтоно...