НИЙГЭМ

Жороор олгох эмийг жоргүйгээр худалдах, илэрсэн гаж нөлөөг мэдээлэхгүй нуун дарагдуулах зөрчил ихээр бүртгэгджээ

Улсын ерөнхий прокурорын газраас танилцуулсан мэдээллээр сүүлийн жилүүдэд шинэ төрлийн эм, бэлдмэлүүд зах зээлд нэвтрэхийн хэрээр эм, эмнэлгийн хэрэгсэлтэй холбоотой хууль тогтоомжийн зөрчил тасралтгүй өсөх хандлагатай байна. Тодруулбал, улсын хэмжээнд 2023 онд 107 зөрчил бүртгэгдэж байсан бол 2024 онд 178, улмаар 2025 онд 222 зөрчил болж жил бүр дараалан нэмэгджээ. Эдгээр зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийн биелэлтийг авч үзвэл, 2023 онд ногдуулсан 50 торгуулиас 49-ийг нь, 2024 онд ногдуулсан 117 торгуулиас 114-ийг нь нөхөн төлүүлсэн байна. Харин 2025 онд зөрчлийн тоо өсөхийн зэрэгцээ хяналт шалгалт эрчимжсэнээр нийт 635 торгууль ногдуулснаас 590 зөрчлийн торгуулийг нөхөн төлүүлж чаджээ.

Энэхүү зөрчлийн өсөлт үргэлжилж байгаа бөгөөд энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар улсын хэмжээнд нийт 71 иргэн, хуулийн этгээд эм, эмнэлгийн хэрэгслийн хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдоод байна.

Улсын хэмжээнд эм, бэлдмэл шинээр бэлтгэгдэж байгаатай холбоотойгоор түгээмэл гарч буй зөрчлүүдийг дурдвал, эм, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, худалдах, экспортлох болон импортлоход тавигдах шаардлага, стандартыг зөрчих, түүнчлэн төрийн бүртгэлд бүртгүүлээгүй эм, бодис, хэрэгслийг дур мэдэн зах зээлд нийлүүлэх явдал давамгайлж байна.

Үүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээний шатанд жор баригчид иргэдэд эмийн талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, заавал жортой олгох эмийг жоргүйгээр худалдах, эмч нар жорыг стандартын дагуу бичихгүй байх, мөн эмийн хэрэглээний явцад илэрсэн гаж нөлөөг холбогдох байгууллагад мэдээлэхгүй нуун дарагдуулах зэрэг зөрчлүүд түгээмэл бүртгэгдсэн байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button