НийгмийнЯрилцлага

"Дээлтэй өвөө” Н.Баасандорж: Хуучин номуудаа хямд зарж, бариа засал хийгээд хүүгийнхээ авч өгсөн машиныг засуулна

Жилийн дөрвөн улиралд өнөө л байрандаа, нэг л өнгөөрөө угтах "Дээлтэй өвөө”. Хажуугаар нь зөрөх хүүхэд залууст өмнөө өрөөтэй ном бүрийг сайн харахыг, басхүү ховор гэмээр хуучны түүхийг нь ярьж өгнө. Түүнийг Нацагдорж овогтой Баасандорж гэдэг. Гэвч түүнийг Төв шуудангийн ном худалддаг, дээлтэй ах гэдгээр нь хүн бүр андахгүй. Тэрбээр ийм л төрх, түүхээрээ бидний сэтгэлд нэгэнт хоногшоод амжжээ.

Н.Баасандорж ахынх машинтай болоод удаагүй аж. Цэргийн албанд мордсон хүү нь олсон мөнгөө хоёр жилийн турш хурааж хуримтлуулсаар сая аавынхаа хүслийг биелүүлж, машин авч өгчээ. Ийнхүү тэд гэр бүлийн хамтаар аялж яваад "Estima” маркийн автомашинтайгаа үерийн ус гаталж явахдаа моторондоо ус оруулснаас, өнөөх машинаа эвдчихэж. Хайртай хүүгийнхээ хурааж хуримтлуулсан мөнгөөр авсан машиныг засах, хот руу авчрах зардал нь гурван сая шахсан тул тэрбээр Яармаг дахь хашаа байшингаа барьцаалаад зээл авъя гэтэл банк татгалзжээ. Тиймээс Н.Баасандорж ах өөрт байгаа хуучны номуудаа хямдруулан зарах, түүнчлэн бариа хийлгэж, нандин эрдэнэ бүхий автомашиныг нь засуулан, авчрахад туслахыг ард түмнээсээ хүслээ. Бид үүнтэй холбоотойгоор Н.Баасандорж ахтай уулзаж ярилцлаа.

-БАНКНААС ЗЭЭЛ ХӨӨЦӨЛДӨЖ ЯВАХДАА ӨӨРИЙГӨӨ ХҮНИЙ ТООНООС ХАСАГДЧИХСАН БОЛОХЫГ МЭДЭЖ АВЛАА-

-Таныг олон жилийн өмнөөс ном худалдаалж байгаа гэдгээр нь хүмүүс андахгүй шүү дээ. Сүүлийн үед та хаагуур юу хийж явна вэ?

-Би өнгөрсөн арваннэгдүгээр сард анх ном худалдаж эхэлсэн цагаас хойш 30 жилийнхээ ойг угтсан. Түүнээс хойш 2018 оноос эхлээд би бариа засал хийх эрхээ авлаа. Үнэмлэх нь энд байгаа. 2018 оны долдугаар сараас эхлээд бариа заслын газраа нээгээд, хажуугаар нь хүмүүст фэйсбүүкээр номоо наймаалаад л явлаа. Бариа заслынхаа хажуугаар бас хүнээс нэг таван төгрөг гэхгүйгээр хуучны, хүмүүсийн уншиж байсан сайхан номууд байвал хөлсөнд нь аваад, түүнийгээ эргүүлж зарах маягаар л амьдарсан даа.

-Бариа засал хийдэг төлбөрөө номоор авдаг гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Номоор авч болж байна, бас бус настан буурлуудынх нь хадгалж байгаад "хүүхдүүд хаячих гээд байдаг” тиймэрхүү сав суулга, гаанс зэрэг хэрэглээний юмнуудыг нь бас аваад хэрэгтэй хүнд нь худалдах маягаар төлбөрөө авах жишээтэй. Манайхан чинь баян, хэт баян, дунд зэргийн (түүнийг нь бас хоёр хувааж байгаа юм) ядуу, хэт ядуу гэх мэт зургаан төрөлд орчхоод байна шүү дээ. Тэгэхлээр тэр зургаан төрлийн чинь голцуу дунд зэргийн амьдралтайгаас ядуу нь л бариа засал хийлгэнэ. Ингээд таван төгрөгөө өгч чадах уу, үгүй юу гэсэн прогнозтой байдаг. Тэгэхлээр тэр хүмүүсээс заавал өвчнийг нь илаарьшуулж, намдаасныхаа төлөө хөлс авах гэж зүтгэсний хэрэг байхгүй. Тэр хүнд юу байна, би өөрөө түүнийг нь борлуулаад аль эсвэл цуглуулгадаа хадгалаад болчих зүйлийг нь авахыг зорьдог.

-Та сая хэллээ шүү дээ. Зургаан төрлийн хүн байдаг гэж. Та өөрийгөө аль ангилалд нь багтана гэж бодож байна вэ?

-Сая хэд хоног зээл хөөцөлдөөд явахад “би чинь ер нь хүний тооноос хасагдчихсан юм биш үү”. Тэтгэвэрт суугаагүй байхдаа бол хүн амьтантай уулзаж ярилцаад, нэг хоёр удаа банкнаас зээл авах нь авч байсан. Тэгэхэд бол надад шууд өгч байсан. Одоо тэтгэвэрт гарсан гэсэн чинь зээл өгөхөө больж. Үнэхээр мэдэх юм алга.

-Та тэтгэвэрт гарахаасаа өмнө хаана, ямар ажил хийж байв?

-Ер нь 30 жил ном зарлаа. Сүүлийн хоёр жил бол бариа засал хийгээд л явж байна. Коронавирус гарснаас хойш аль, аль нь зогсонги байдалд орсон. Тэгээд өнгөрсөн нэг сараас хойш надад бариулаад овоо гайгүй болсон тиймэрхүү хүмүүс маань намайг гэртээ дуудаж, бариа хийлгэж байгаа. Ийм л ажил хийж байна даа.

-БИ ЭХНЭР ХҮҮХДЭЭ ХООЛТОЙ, ДУЛААН БАЙЛГАХЫН ТУЛД Л ХУУЧИН НОМ ЗАРЖ ЭХЭЛСЭН-

-Та анх яагаад ном худалдах болсон юм бэ?

-Би чинь автобусны жолооч байсан хүн шүү дээ. Тэгээд мэргэжлээс шалтгаалах өвчнөөр группд орсон. Автобусны жолооч нар чинь дандаа бэлэн хоол идэж явдаг учраас ходоодны шархлаатай болсон. Одоо үеийн автобусны жолооч нар бол илүү амар. Урд үеийн автобусны жолооч нар бол хүйтэнд ч, халуунд ч дандаа л өөрөө засвар үйлчилгээгээ хийж тээврийн хэрэгслийнхээ дээгүүр доогуур нь орж явдаг байсан. Тиймээс давхар үе мөчний өвчтэй болсон. Тэрнээс гадна саляаркны хордлоготой болчихно. Одоогийнх нь бол тийм зүйл байхгүй. Тийм саляаркны хордлоготой, ходоодны шархлаатай, хэд хэдэн янзын өвчин илрээд л группд орчихсон юм. Группд орсноосоо хойш 1988 оны намар, 1989 оноос эхлээд л би ном зарж эхэлсэн.

Автобусны жолооч байхдаа би доод тал нь 1200 төгрөгийн цалинтай, дээд тал нь 6000 төгрөгийн цалинтай байсан. Их өндөр цалинтай байсан. Тийм хүн чинь грүпп-д ороод 70 төгрөгийн цалин авчихлаар яаж амьдрах юм бэ? Тийм учраас л ном зарж эхэлсэн дээ. Номын талаар бол социалист нийгмийн 60-аад оны үед соёлжих хөдөлгөөн гэж бий болсон. Айл өрх бүр номтой байдаг байсан. Цагаан даавуутай байдаг байсан. Хүн бүр тусдаа ой сойзтой, тусдаа нүүр гарын алчууртай байх ёстой, шалгалт явдаг байлаа. Тийм үед аав ээж маань ч гэсэн номд их дуртай, үлгэр домог их ярьдаг тийм хүмүүс байсан. Тэгээд л ном их цуглуулж эхэлсэн. Тэрэнд нь автаад л хүүхдүүд бид чинь номд их дуртай болсон. Миний ах дүүс ч гэсэн номд их дуртай.

Хүүхдүүд маань ч гэсэн ном их уншдаг. Тийм учраас аль болох бусармаг үйл явдалтай номыг л хүүхэд залуучууддаа өгөхгүй юм сан, ухааруулах, сэтгэн бодох тэр чадварыг нь хөгжүүлэх юм сан гэдэг үүднээс би анхдагч, хэвлэлийн цэвэр сайхан үг хэллэгийн алдаагүй номуудыг зарж эхэлсэн. Хүүхдийн сурах бичиг бол би огт зарж байгаагүй. Тийм учраас хүүхдийн сурах зараад, байр орон сууцтай болсон, хоёр гурван машинтай болсон тийм хүмүүстэй адилхан хэмжээнд би очоогүй. Зөвхөн л эхнэр хүүхдээ эрүүл саруул хоолтой байлгах, дулаан байлгах гэсэн үүднээс би хуучин номуудыг зардаг байсан.

-Та ханийнхаа тухай манай уншигчдад ярьж өгөөч?

-Би ханьтайгаа суугаад 29 жил болж байна. Тэгээд энэ хугацаанд би ханийгаа Архангай аймагт байгаа өөрийнхөө үеэл эгч дүүтэй танилцуулсан боловч, төрсөн эгчтэйгээ танилцуулаагүй байсан юм. Тиймээс л би ханийгаа эгчтэйгээ танилцуулах гэж авч явж байгаад ингээд хэрэг тарьчихсан царай нь тэр. Танилцуулсан, өөрөө л хэрэг тарьчихлаа. Дэггүйтэж яваад мотор руугаа ус цохиулчихлаа.

Тэр машины хувьд миний том хүү Өмнөговийн армид нэг жил алба хаасан. Тэгээд Дорноговийн хилийн цэрэгт хоёр жилийн алба хаасан. Тэр хоёр жилийн албыг хааж байхдаа цалингийнхаа 70 хувийг хуримтлуулж байж гэр бүлдээ авч өгсөн машин юм. Тийм учраас би тэр машины хойноос ингэтгээ гүйгээд байгаа юм шүү дээ. Яагаад вэ гэвэл энэ чинь миний түүхэнд үлдэх ёстой, бас миний хүүгийн хөдөлмөрийн үр шим. Түүнийг тэр чигээр нь хаячхаж болохгүй, зарж ч болохгүй учраас ард түмнийхээ тусламжтай босгож авах гэсэн тийм л зорилго тавьсан.

-Таныг 90-ээд онд ном худалдаалдаг байх үеийн залуус, одоогийн залуус хоёрын ялгаа юу вэ?

-1997 он хүртэл манай залуучууд ном сайн уншдаг байсан. 1997-2005 он хүртэл ер нь номыг ерөөсөө тоодоггүй байлаа. 2005 оноос хойш "Мүүн”-ий шашины нөлөөллөөс сурах бичгийг элдвийн болгосон шүү дээ. Тэрнээс болоод аав, ээж нар нь ч нэмэр болсон байх. Сүүлийн үед Монголд маань байгаа залуучууд Өвөрмонголчуудын үйл явдлаас шалтгаалаад номыг маш их уншдаг болж байна. Тэр тусмаа түүхэн чанартай номыг их уншиж байна. Яагаад вэ гэхээр Өвөрмонголд Монгол хэлээр хичээл орохыг хориглож, тэр бүү хэл ярихыг нь хориглож байна. Тийм учраас Монголдоо байгаа залуус маань маш ихээр уншиж байна. Сайны хажуугаар саар гэгчээр муухай номууд ч их гарч байна. Залуучууд, дүү нартаа зөвлөхөд болж л өгвөл хайр дурлал, түүх соёл, эрдэм мэдлэгээ дээшлүүлэх талын тийм сайхан номуудыг олж уншиж өөрсдийнхөө амьдрал ахуйдаа зорилго болгож яваасай л гэж хүсмээр байна.

Би өөрөө дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн. Бага балчраасаа ажил хийсэн. Багаасаа трактор компаниас эхлүүлээд жолоо мушгисан тийм хүн. Намайг хүмүүжүүлсэн хүмүүжил бол нэг намын системтэй байсан тийм л хүмүүжил юм. Мөн дээрээс нь их ном уншиж байсан, настан буурлуудаасаа их үг сонсож байсан. Түүнийгээ болж өгвөл амьдралдаа хэрэгжүүлэх гэсэн тийм зорилго тавьж байсан учраас миний амьдрал ямар ч байсан сайхан байна. Би амьдралдаа гутарч яваагүй. Би сайхан байна, сайхан амьдарсан, сайхан ч амьдарна гэж бодож байна.

-АЛЬ БОЛОХ БУЯН ҮЙЛДЭЭД ЯВЖ БАЙВАЛ Л БОЛЛОО ГЭЖ БОДДОГ-

-Бариа заслыг яагаад сонирхох болов?

-Бариа заслыг бол би 13 настайгаасаа хийж эхэлсэн. Нууж хааж явж байлаа. Ингээд 2018 онд “Оршихуй Увидас” компанийн сургалтын төвд очиж суралцсан. Миний мэдэхгүй зүйлс их байсан. Нямка багш маань, туслах, онолын багш маань надад маш их тус дэм болсон. Тиймээс ч би өөртөө итгэлтэй байдаг. Миний өөрийн хүмүүжил л байх л даа.

Би өөрөө ч бас ядуугийн зовлон их үзсэн. Тийм учраас хүнээс аль болох мөнгө нэхэхгүйгээр л боломжийн хэрээр хоорондоо ярилцаад төлбөрөө аваад явахыг хичээдэг. Төлбөр өгдөггүй ч хүн байдаг. 2018 оноос хойш 250-иад хүн барьсан байна лээ. Түүний 90 орчим хувьд төлбөр өгөөгүй явсан. Гэхдээ би гомдоогүй. Тэр хүмүүсийг ингээд харахад, нуруу нь тахийсан байсан бол тэнэгэр явж буй нь надад их сайхан харагддаг. Аль болох буян үйлдээд байж л байвал болоо гэж боддог.

-Тухайн үед таны тусалж явсан хүмүүсээс энэ цаг үед эргэн холбоо барьсан, тусалъя хэмээн хандсан хүмүүс байгаа юу?

-Одоо л мэдэгдэх байх даа. Яах вэ, олон түмний маань буян хишиг, нийслэлийн хүндэт иргэн, Соёлын тэргүүний ажилтан зэрэг цолуудыг олон түмэн маань надад хүртээсэн. Маш их баярладаг. Тэр нэр төрийг маань ашигласан хүмүүс надад амлалт өгч байсан. Сая би дэггүйтчихээд, тэр хүмүүстэйгээ уулзах гэсэн болов ч надаас нүүрээ буруулсан. За би тэр хүмүүст гомдохгүй ээ. Тухайн хүний өөрийн араншин л биз. За миний гомдож буй зүйл бол банк болон банк бус санхүүгийн байгууллага. Тэдэнд их гомдож байна. Яагаад тэтгэврийн насны хүн газрынхаа бичгийг барьцаалаад гурван сая төгрөг авч болдоггүй юм. Хүний тооноос хасагдчихсан байдаг юм.

-Таны газар хаана байршилтай, ямар газар вэ?

-Одоо бол Улаанбаатар хотын А зэрэглэлийн газар шүү дээ. Урьд нь хотын төвийг А зэрэглэл гэдэг байсан бол одоо Яармагийг А зэрэглэл болгочихсон. Социалист нийгмийн үеийн 0.3 га газар. Зөвхөн миний нэр дээр байдаг. Гэрчилгээ, кадастр бүх зүйл нь байдаг. Би бүх бичиг баримтаа аваад яваад очиход “та тэтгэвэрт гарчихсан учир хуулиараа үл хөдлөх хөрөнгө барьцаалж зээлэх ёс байхгүй” гэдэг хариу өгсөн.

-Та тэтгэвэр авдаг уу. Нууц биш бол хэдийг авдаг бэ?

-Би 350 мянгыг авдаг. Яагаад гэвэл би 10 жил автобусны жолооч хийж байсан. Түүнээс хойш би 30 жил ном зарсан. Тэр хугацаанд би төлбөрөө хийгээгүй. Тиймээс тэтгэврийн доод хэмжээ болох 350 мянгыг авдаг юм.

-ХҮН ХЭРВЭЭ ЗҮТГЭВЭЛ, ХЭН НЭГНЭЭС ШАЛТГААЛАХГҮЙГЭЭР САЙХАН АМЬДАРЧ БОЛНО ГЭЖ БОДДОГ-

-Тэтгэвэр аваад, номоо зараад, бариагаа хийгээд хэдий хэмжээний орлого олдог вэ. Олсон орлого тань амьдралд хүрэлцдэг үү?

-Надад хангалттай байдаг юм. Яагаад гэвэл нэг хүү маань тусдаа гарчихсан. Одоо гурван хүүхэдтэйгээ амьдардаг. Том хүү маань ажил хийгээд явж байна. Хоёр оюутантай. Тэгээд болгоод л байна. Нэг оюутан маань энэ жилээс 200 мянган төгрөгийн тэтгэмж авах юм билээ. Тэр маань өөрийгөө болгоод явчих байх. Хажууд нь эхнэр бид хоёроос бас орой үдшийн хоолны мөнгө, унаа зэрэг л гарах биз. Эхнэр маань улсад зүтгэж байгаа.

Тэр маань хэсгийн ахлагч хийдэг юм. 450 мянган төгрөгийн цалингийн доод хэмжээтэй. Ингээд бид гурав нийлэхэд Анагаахын их сургуульд сурч байгаа, Этүгэнд сурч байгаа охинуудынхаа төлбөрийг болгочих байх аа. Ерөнхийд нь тэгээд хоол ундтай даарч хөрөхгүй, өвчин зовлон тусахгүйгээр амьдарч болно. Би бол түүндээ итгэлтэй байгаа. Коронавирус тавигдчих юм бол бариа засал хийх газраа олоод нээхэд өдөрт ямар ч байсан нэг таван хүн барихад би 100 гаруй мянга олоод л байна. Хуучин байрлаж байсан газар маань намайг гаргаад, айлд түрээсэлчихсэн юм. За тэгээд болно доо. Амьдрал сайхан шүү дээ. Хүн хэрвээ зүтгэвэл хүнээс шалтгаалахгүйгээр сайхан амьдарч болно. Харин дэггүйтэх юм бол хэцүү л юм байна.

-Таны барьж эмчилсэн хүмүүс эргээд талархлаа хэрхэн илэрхийлдэг вэ?

-Өө, талархлаа илэрхийлэлгүй яах вэ. Хэлэхгүй байсан ч, тэр хүний өвчин зовлон арилаад цэх явж байгаа нь харагдах юм бол миний хувьд ямар ч байсан бурхны өмнө буруу зүйл хийсэн гэж хэлүүлэхээргүй болчхож байгаа байхгүй юу.

-Та ихэвчлэн ямар хүмүүсийг барьж байна вэ?

-Би цэгэн бариа хийдэг. Нуруу тэгшлэх, хий хуй гаргах, бөөр савны хануур хийх зэргийг хийчихнэ. Нэрийг нь дурдаад яах вэ, автын осолд ороод 10 жил болсон охин, тэр хугацаанд тэргэнцэр дээр суугаар бөгсөн бие нь турж эцээд яс арьс болчихсон над дээр ирсэн. Тэр охиныгоо би өвдөг дээрээ суулгадаг болсон. Коронавирусийн улмаас битгий ирээрэй гээд хэлчихсэн байгаа. Тэр охин одоо хөөрхөн махалчихсан. Эцэг эх нь надад маш их баярлаж буйгаа илэрхийлсэн. Тэр бол бодит үнэн явдал учраас би бол үнэнг ярина. Хэрвээ коронавирус гараагүй байсан бол би тэр хүүхдийг суга таяганд оруулчих байсан байх аа. Цаашилбал босгоно л гэж үзэж байсан.

-МИНИЙ ГУДАМЖИНД ӨМСӨӨД ЗОГСДОГ БАЙСАН ДЭЭЛ ХУВЦСЫГ ЭХНЭР МААНЬ 29 ЖИЛ ОЁЖ ӨГСӨН-

-Таны хэлж байгаа боломжтой юу?

-Боломжтой. Бариа засалд тухайн бариачаас гадна эмчлүүлж буй хүний сэтгэл зүй маш их онцлог шалтгаантай байдаг. Тухайн хүний сэтгэл зүйтэй ч мөн ярилцах шаардлагатай байдаг. Ганц хүний сэтгэл зүй бус, гэр бүлийн сэтгэл зүйтэй нь ч гэсэн ярилцах хэрэгтэй байдаг. Тэр гэр бүлийн хүүхдүүд, нөхөртэй ярьж байж бариа засал хийнэ. Тэгэхгүйгээр зүгээр нэг “ яахав дээ” гэсэн бодолтой ирсэн хүний тахийсан нуруу нь тэгшрэхээс өөр зүйлгүй. Сэтгэл зүй бэлэн болж байж тэр хүнийг бариад өгөхөөр адаглаад таван цул эрхтэн нь нөлөөлөөд, сэтгэл зүйд нөлөөлдөг байхгүй юу. Бариа засал, ардын уламжлалт эмчилгээг Анагаах ухаан өөрсдөө эмчилгээний арга барилд оруулаад байгаа. Жишээ нь компьютерт донтоод СЭМҮТ-д гурван удаа хэвтэж эмчлүүлсэн хүүхэд гангатай толгойн бариаг хийлгээд 12-р ангиа амжилттай төгсөж байлаа. Дахиж донтож тоглоогүй.

-Таны хувьд гарын дүйтэй учраас анх бариа хийж эхэлсэн үү?

-Үгүй дээ. Заавал гарын дүйтэй байх албагүй. Ойр зуурын бариаг бол “өөрийн сэтгэл санаа бэлэн болсон тэр үед тэр хүн хийж чадна” гэж багш маань сургасан. Хамгийн гол нь хүний төлөө гэсэн сэтгэлтэй байх нь чухал. Зааж сургаад гарын дүйтэй болно. Угаасаа удмаасаа уламжлагдсан тийм хүн байдаг. Гэхдээ чи ч гэсэн сурч болно.

-Бариагаа хийгээд явж байхад таныг үгүйсгэх хүмүүстэй хэр олон таарч байв?

-Байлгүй яах вэ. Олон шүү дээ. Эхнэрээс эхлээд үгүйсгэх хүн олон. Эхнэр бие нь өвдөөд ёолж байсан хэр нь бариад өгөхөөр маргааш өглөө нь “миний бие өвдөхөө больчихлоо” гээд явж л байгаа юм чинь. Ер нь ямар ч мэргэжилтэй хүний ар гэр чинь яг тэр мэргэжилтэй хүнийгээ “чадах уу даа” гэж асуудаг байхгүй юу. Тэгсэн хэр нь үр шимийг нь хүртчихээд л байдаг байхгүй юу. Гэхдээ миний хань бол миний төлөө л байдаг. Миний гудамжинд зогсохдоо өмсөж байсан дээл хувцас, хувцсыг маань 29 жилийн турш хийж байсан. Тийм учраас миний хань, миний төлөө л байдаг.

-Тантай уулзаж бариулъя гэвэл хаана хандах вэ?

-Хэрвээ тухайн хүний бие, байгаа газартаа зохицож л байвал намайг байгаа газартаа дуудаж бариулъя гэвэл би яваад л очино. Одоохондоо би явж очихоос өөр аргагүй байгаа. Зүгээр яах вэ тархи толгой өвдлөө гэхэд дуудсан газарт нь очоод барьчихна.

-НАДАД ТУСАЛСАН ХҮМҮҮСИЙН ТУСЫГ ЗҮГЭЭР ӨНГӨРҮҮЛЭХГҮЙ, ЧАДАХААРАА ХАРИУ БАРИНА-

-Та цаашдын таван жилийн амьдралаа хэрхэн харж, төсөөлж байна вэ?

-Ямар ч байсан чадах чинээгээрээ хүний төлөө явах юм сан. Буруу зүйл хийхгүй байх сан л гэж бодож байна. Өөр бодсон зүйл алга даа.

-Танд тусалъя, хандив тусламж өгье гэсэн хүмүүс хэр их холбогдож байна вэ?

-Ярьж байна өө. "Хонда Моторс”-оос хандив өгсөн. н.Баттулга гэж цагдаа байсан хүү маань БНСУ-д ажиллаж амьдарч байгаа. Тэр хүү маань надтай холбогдож хандив өгсөн. Би ямар ч байсан надад тусалсан хүмүүсийн тусыг зүгээр өнгөрүүлэхгүй, өөрийн чадах зүйлээр тусална.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

Хэрвээ та Н.Баасандорж гуайтай холбогдож, сэтгэлийн дэм өргөхийг хүсвэл дараах утсаар холбогдоорой.

Утас: 88447153 Хаан банкны данс: 5028684958

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button