Ярилцлага

П.Батхуяг: Би зөвхөн багш бус уран бүтээлчийн хувиар ч шавь нартаа үлгэрлэхийг хичээдэг

2020 оны аравдугаар сарын 5-нд нийтэлсэн ярилцлагыг сэргээн нийтэлж байна.


Пүрэвхүүгийн Батхуяг. Хүмүүс түүнийг яруу найрагч, зохиолч, утга зохиол судлаач гэдгээр нь андахгүй. Гэтэл утга зохиолд хайртай залуус түүний нэг ч хичээлд сууж байгаагүй хэр нь ээ “Багш аа” хэмээн хүндэтгэн дууддагийг олон нийт тэр бүр мэдэхгүй болов уу. 23 жил их сургууль, ЕБС-д багшилж яваа түүнтэй цас хуйсганасан өдөр цаг товлон уулзлаа. Бидний яриа уран зохиол гэхээсээ илүү багш хүний тухай, багшийн хөдөлмөрийн тухай байлаа.

-АНХНЫХАА ЦАЛИНГААР ОЙМС АВЧ БАЙЛАА-

-Танд багш нарын баярын мэнд хүргэе. Хэчнээн жил багшилж байна вэ?

-Баярлалаа. Юуны түрүүнд хүний хүүхдийн өмнө зогсож, самбар, шохойтой зууралдаж байгаа мянга мянган багш нартаа баяр хүргэе.  Би 23 жил багшилж байна. Анх Монгол хэл бичгийн дээд сургуульд уран зохиолын хичээл заадаг байлаа. Харин дараа нь өөрийн суралцаж төгссөн сургууль болох Утга зохиолын дээд сургууль буюу одоогийн Их Монгол сургуульд багшилсан. Одоо СУИС-д багшилж байна даа.

-СУИС-д багшлаад хэдэн жил болж байгаа юм бэ?

-2008 онд СУИС-д гэрээт багшаар ороод жилийн дараа үндсэн багш болсон. Одоо жүжгийн зохиол бичих ур чадвар гэдэг хичээл орж байна. Зарим хүн бол зохиол бичихийн тулд заалгадаггүй л гэдэг. Гэхдээ зохиол бичих гэж байгаа хүнд эзэмших ёстой ур чадварууд байх ёстой гэж үздэг. Тэр ч үүднээсээ энэ төрлийн хичээлийг ордог. Мөн утга зохиол, жүжгийн зохиол, театр судлал, кино судлалын чиглэлээр ахисан түвшинд суралцаж байгаа магистрантуудын судалгааны ажлыг чиглүүлэх, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, семинарууд зохион байгуулах чиг үүрэгтэй тэргүүлэх профессорын ажил хийж байгаа.

-22 настайдаа их сургуулийн багш болж байж. Анхныхаа цалинг юунд зарцуулж байв?

-Тэр үеийн ханшаар 48 мянган төгрөг авч байсан. Тухайн үед эхнэр хүүхэд ч үгүй байсан болохоор мөнгөө өөртөө л зарцуулсан. Цалин орсон өдөр зах гараад нэлээд хэдэн оймс авснаа л сайн санадаг юм.

-НАДАД ЗҮГЭЭР Л НЭГ АРХИНД ГҮЙЛГЭДЭГ, ШАВЬ МИНЬ ГЭЖ ДАГУУЛЖ ЯВДАГ, ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД ОРОЛЦОХОД НЬ ТАВАН ОНОО ТАВЬДАГ БАГШ ХЭРЭГТЭЙ БАЙГААГҮЙ-

-Өнөөдөр багш нарын баярын өдөр. Таныг утга зохиол хэмээх их айл руу хөтөлж оруулсан багшийнхаа тухай дурсамж уудлаач?

-Есдүгээр ангид орсон жилийнхээ намар би Хөгжим бүжгийн колежийн үүдэнд нэг найзынхаа үерхдэг охиныг хүлээгээд зогсож байсан юм. Тэгэхэд О.Дашбалбар гуай “64 дүгээр дэлгүүр”-ийн урдуур гартаа талх барьчихсан явж өнгөрдөг юм байна. Монгол цамц өмсчихсөн, үс нь бүргэдийн жигүүр шиг салхинд хийсэж байсан юм. Тэр үед би түүний “Гэрэлт хайр” шүлгийн номыг нь уншчихсан, шөнө тэвэрч унтдаг байлаа. Тэвэрч унтдаг номынхоо зохиолчийг харсан хүн чинь араас нь гүйцэж очоод “Би шүлэг бичдэг” гэж хэллээ. Над руу нэг их сонин харснаа “Аан” гэж л хариулж билээ. Хэдэн хормын дараа би түүнд хэд хэдэн шүлэг уншиж өгсөн юм. Нэг шүлэг минь л огт мартагддаггүй юм.

-Хэрэв та татгалзахгүй бол бидэнд сонирхуулаач?

- “Бараа нь тасран тасарсаар айл нүүлээ

Балдан гуайнх нүүлээ.

Балдангийн бага охин харагдаад л одлоо”. Шүлэг уншиж явсаар нэг мэдэхэд бид хоёр гэрийнх нь үүдэнд ирчихсэн байсан. Гэр рүүгээ орохын өмнө надад “бичээд л бай” гэсэн хоёр үг хэлсэн. Тэр үг надад чи их авьяастай хүүхэд юм байна гэсэн үг шиг санагдсан. Түүнтэй уузсан өдрөөс хойш би өмнөө зорилго тавьж, гадаад төрхөө ч нэлээн өөрчилсөн.

-О.Дашбалбар гуайтай таарснаас хойш үсээ ургуулж, хүзүүндээ эрхи зүүдэг. Бүр хичээлдээ дээл өмсөж очдог байсан гэж та дурсамж эсээндээ бичсэн байсан?

-Тэгсээн. Багш нар сурагч хүний ёс журамд нийцэхгүй хэмээгээд үсийг маань хайчлах гэж оролддог байлаа. Үсээ хайчлуулахгүйн тулд хичээлээ тасалж, Зохиолчдын хороогоор очих болов. Тэнд нэрийг нь сонсож, номыг нь уншиж байсан зохиолчдыг харж, Зохиолчдын хорооны ноль дотор “Өвгөнт” гэдэг архийг амсаж үзэв.

Мөн Жамьянгаравын нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд Гадаадын уран зохиолынх нь бүх хичээлийг О.Дашбалбар багш уншдаг гэдгийг мэдээд 10 жилээ төгсөөд шууд л тэр сургуульд элссэн. Тэр хүний хичээл заадаг газар хувийнх байна уу, улсын байна уу гэдэг надад ямар ч хамаагүй. Тэр хүний амнаас үг сонсож, яруу найрагтай ойрхон л байвал болох юм шиг санагдсан.

Зарим хүн бол улсын сургууль төгссөн гэдгээрээ имиж хийдэг шүү дээ. Тэгсэн мөртлөө амьдралд шалиагүй хүмүүс зөндөө байдаг. Нэг л их улсын сургууль төгссөн гэх хэрнээ нэдэр дээрээ юу ч байхгүй. Магадгүй би тийм хүний нэг ч болох байсныг үгүйсгэхгүй. Тэгэхээр багшийн заяатай гэдэг маань үнэн шиг байгаа юм. Багшийгаа огторгуй болсны дараа би хүүрнэл зохиол бичиж эхэлсэн. Яруу найраг бичих авьяастай даа ч эргэлзэж байсан. Одоо ч эргэлздэг дээ.

-Хүүрнэл зохиол бичиж эхлээд Дарамын Батбаяр гуайтай танилцсан байхаа?

-Би анх өгүүллэг  бичиж эхлээд хэд хэдэн өгүүллэгээ Д.Батбаяр багшид үзүүлсэн. Тэгэхэд багш өгүүллэг чинь чамд дээр юм биш үү гэж хэлсэн. Тэр үгэнд их баярлаж, урам авсан даа. Удалгүй нэг өгүүллэгийн ном гаргасан. Тэр ном маань “Алтан өд” шагнал авчихлаа. Тухайн үед багшийн бичсэн зохиолуудын нөлөө ч бас байсан л байх. Гэхдээ тэр шагнал надад дахин урам өгсөн. Эргэлт буцалтгүйгээр хүүрнэл зохиол бичиж эхэлсэн юм.

Би хичээлгүй өдөр, цонхтой цагаараа, боломж л гарвал багшийн өрөөнд ороод суучихдаг байсан. Надад юу хэлж байгаа, бусдад хэлж байгаа үг бүрийг нь сонсож, хэрэгтэйг нь өөртөө шингээж авдаг байлаа. Багшаас асуугаагүй асуулт, бидэнд ярилцаагүй сэдэв үгүй байх аа.

Би хоёр багшдаа аягатай сүү хадаг барьж шавь нь болоогүй. Зүгээр л утга зохиолын амьдрал намайг багшийгаа сонгож, олох боломжийг олгосон. Надад зүгээр л нэг архинд гүйлгэдэг, шавь минь гэж дагуулж явдаг, яруу найргийн наадамд оролцоход нь таван оноо тавьдаг багш хэрэгтэй байгаагүй. Надад сурч мэдээгүй, ойлгож ухаараагүй зүйлийг минь зах зухаас ойлгуулж өгөх хүн л хэрэгтэй байсан. Ойлгуулж өгөх хүмүүстэйгээ ч учирсан. Би багшийнхаа унш гэж хэлсэн ном болгоных нь хойноос хөөж уншдаг байсан. Заримдаа одоо болтол энэ зохиолчийн нэрийг дуулаагүй явж байж гэж өөрөөсөө ичдэг байлаа. Гэхдээ ном сурах хүнд ичих бол илүү л юм байна лээ. Мэдэхгүй байгаагаа, чадахгүй байгаагаа асууж л байх хэрэгтэй. Би одоо ч гэсэн мэдэхгүй байгаа юмаа оюутнуудаасаа асуудаг.

-БИ УТГА ЗОХИОЛЫН АМЬДРАЛААС НЭГ Ч ӨДӨР УРВААГҮЙ-

-Зав л гарвал та багшийнхаа өрөөнд орж суучхаад хэлж, ярьж байгаа бүхнийг сонсоод, асуухыг хүссэн зүйлээ чөлөөтэй асуудаг байсан гэлээ.  Шавь нараас тань тухайн үеийн тан шиг, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөөд явж буй нь хэр олон байна вэ?

-Байлгүй яахав. Өдөр бүхэн биш юм аа гэхэд долоо хоногт нэг удаа утсаар ярьдаг. Бичиж байгаа болон бичих гэж байгаагаа ярилцдаг, хэлэлцдэг шавь нар зөндөө л байна. Гэхдээ би хоёр зарчмыг баримталдаг. Ний нуугүй хэлэхэд зарим хүн бол хорсоод л байдаг юм. Гэхдээ энэ бол үнэн. Би Монголын утга зохиолын нэг биш үеийнхэнд нөлөө үзүүлсэн. Монголын утга зохиолын нэг биш үеийнхэн надтай сайн, муу нэр холбогдсон. Түүнийг миний намтар, Монголын утга зохиолын түүхээс арилгахын арга байхгүй.

Тэр олон охид хөвгүүдийг би утга зохиолын зам мөрд замчилсан. Сайн муу үлгэр дуурайл үзүүлсэн л байх. Би залуу яруу найрагчдыг нэр цохож, тэр нь авъяастай гэж хэлдэг, ярьдаг хүмүүст огтоос дургүй. Тийм хүмүүст би бага байхдаа ч дургүй байсан. Тэр бол маш бүдүүлэг явдал. Яагаад гэвэл залуу оюун ухаан бол хожим юу ч хийж мэднэ. Тиймээс би миний ийм шавь онцгой гэж хүмүүст хэлэхийг хүсдэггүй. Нэг үгээр бол шавь нарыгаа дугаарладаггүй. Дугаарлах эрх надад байхгүй. Хожим дугаарлалтыг цаг хугацаа хийчихнэ.

Би анхныхаа шүлгүүдээ бариад, өрөөний хаалга чимээгүйхэн тогшиж буй хүүхдүүдэд хүний дээд сэтгэл гэж чухам юу байх ёстой юм гэдгийг таниулахын тулд тэдний шүлэг сайн ч бай саар ч бай магтаад л гаргадаг. Тэр яагаад гэвэл ирж яваа хүн байхгүй юу. Мөн нэгэнт бид нарын цаг хугацаанаас явчихсан зохиолчдынхоо тухай хэзээ ч муу үг хэлдэггүй. Би тэднийг аль болох халуун дотноор, хамгийн шинэлгээр, огт хэний ч анзаараагүй өнцгөөр нь ер бусын гайхалтай бүтээлүүдийнх нь мөн чанараар нээж, олонд харуулах юм сан гэсэн зарчмаар бичдэг. Энэ зарчимдаа бол сүүлийн 20 жил үнэнч яваа.

-Таны хичээлд сууж байгаагүй ч утга зохиолд хайртай хүмүүс таныг Батхуяг багш, багшаа гэж дуудаг. Хадаг барьж, багш шавийн барилдлагатай болсон нь хэд вэ?

- Тоолж үзээгүй юм байна. Хамгийн анх хадаг бариад би яруу найрагч болмоор байна аа. Та намайг яруу найрагч болгоод өг гэж хэлсэн хүн бол Б.Оролзод. Гэхдээ би түүнд яруу найрагч болгож өгнө гэж хэлээгүй. Би чадах чадахгүйгээ мэдэхгүй шүү дээ. Хүн намайг гээд сэтгэлээ дэлгээд ирж байхад яаж тэр хүнийг буцаагаад явуулах юм бэ. Дараагаар нь Г.Баяр хадаг бариад таниас л яруу найргийн ном эрдэмийг сонсмоор байна гэж ирсэн. Одоо тэд минь хоёулаа л огторгуй болчихсон юм байна.

-Шавь нартаа унших номноос нь эхлээд л зөвлөдөг үү. Эсвэл....

-Би зөвхөн багш биш, уран бүтээлчийн хувьд шавь нартаа үлгэр байхыг хичээдэг. Өөрөө нэг ч зохиол бичдэггүй байж зохиол бичихийг, өөрөө нэг ч өгүүллэг бичээгүй байж өгүүллэг бичихийг, өөрөө яруу найргийн булангаас мэрээ ч үгүй байж яруу найргийн хичээл заана гэдэг бүтэхгүй зүйл. Тиймдээ ч би жил болгон ном гаргаж, шинэ бүтээлтэй байх юмсан гэж хичээдэг. Миний багш баадуу нь суларчихсан цаг шиг биш, миний багшийн баадуу дандаа чанга, дандаа сэрүүлэг нь хангинаж байдаг. Миний багш жил бүхэн ном гаргаж, утга зохиолын ертөнцөд сайныг нь хийдэггүй юмаа гэхэд ямар ч байсан амьд байдаг юм аа гэдгийг миний шавь нар жил бүхэн мэдрээсэй  гэж боддог.

Тиймдээ ч би зохиолч гэдгээрээ  үлгэрлэл байхыг хүсдэг. Тэрнийхээ төлөө ч амьдардаг. Би шавь нарынхаа дэргэд архи уудаггүй. Нэг ч удаа архинд гүйлгэж үзээгүй. Яахав байвал хуваагаад уучхаж байсаан. Тэрийг юуг нь нухав. Би нэг удаа хоолонд даалгахыг боддоггүй. Утга зохиолын амьдрал руу орж байгаа залуу хүмүүс яаж амьдрах юм, мөнгө яаж олох юм гээд ирээдүйдээ итгэл муутай байдаг.Тиймээс би амьдралаараа үлгэрлэе гэж боддог.Энэ мэргэжлээсээ нэг ч өдөр урвалгүй, бүх оюун санаа, амьдралаа зориулаад явбал, над шиг амьдарч болно шүү гэдгийг тэдэндээ харуулахыг хичээдэг.

-Тэгэхээр та өөрийгөө утга зохиолоос нэг ч өдөр урваагүй гэж байгаа юмаа даа.

-Би утга зохиолын амьдралаас нэг ч өдөр урваагүй. Би үүнийг бурханы өмнө ч хэлнэ. Бугийн өмнө ч хэлнэ. Надад бичихгүй өдөр байсан юмаа гэхэд бодохгүй өдөр байгаагүй гэж манай нэг зохиолч хэлсэн байдаг шиг надад утга зохиол бодоогүй нэг өдөр, нэг цаг ч байгаагүй. Би одоо овоож оцойсон олон тэрбум төгрөгтэй хүн биш ч  энэ цаг үедээ хүнээс дутахааргүй амьдралтай болж чадсан.

Миний шавь нар багш шигээ утга зохиолын амьдралд үнэнч байвал хүний унадгийг унаж, хүний суудагт сууж, хүний эдэлдгийг хэрэглэж болох юм байна гэсэн итгэл үнэмшлийг өөртөө бий болгоосой гэж л хүсдэг дээ. Би үүний төлөө  хичээсэн. Яг үнэндээ би шавь нартаа мундаг ном заая даа гэж хичээгээгүй байж магадгүй шүү. Зүгээр л буй биеэрээ үлгэрлээд, гэрэл гэгээ нь болдоггүй юмаа гэхэд салхивчаар нь орж байгаа үл мэдэгхэн зөөлхөн салхи байя л гэж бодсон.

-ЭХНЭР МААНЬ БАГШ ХҮН БОЛОХООР ОЙЛГОЛЦОХОД АМАР БАЙДАГ-

-Багш нарын хичээлээ заах арга барил харилцан адилгүй байдаг. Та ямар арга барилаар хичээлээ заадаг вэ?

-Заах арга бол олон л янз. Дан ганцхан аргатай бол тэр хамгийн ядуу багш. Миний хувьд утга зохиолын сургалтад хэрэглэж болох ямар арга л байна, тэр бүгдийг л хичээлдээ туршиж, хэрэглэдэг. Яахав миний өөртөө бий болгосон нэг арга бол багшийн уран уншлагын арга. Нэг үгээр бол тухайн зохиолчийн бичсэн зохиолыг тарни шиг цээжилж, уран уншигчид шиг ярьдаг. Онгирч байгаа юм биш шүү. Би С.Эрдэнэ гуайн арваад өгүүллэгийг цээжээр мэднэ.

-Та олон арга барилыг туршиж үзсэн гэлээ. Нууц биш бол өөр аргуудаасаа сонирхуулаач?

-Ажил мэргэжлийн нууц (инээв). Би ерөнхий боловсролын сургуульд багшилж байхдаа булангийн аргыг хэд хэдэн удаа туршиж үзсэн. Тэр арга манайд сургалтын практикт туршигдаагүй. Хүүхэд бүхэн өөрсдийн гэсэн булантай. Тэр буланд бичсэн бичвэр, зурсан зургаа хийх боломжтой. Багш нь ч үнэлгээг нь өгөөд буланд нь хийчихдэг. Нэг нэгнийхээ хэд авч байгааг ангийнхан нь мэдэх боломжтой. Нөгөөтээгүүр эцэг эхчүүд хуралд ирэхдээ манай хүүхэд ямар байна гэж асуудаггүй. Хүүхдийнхээ буланг л очоод харчихдаг. Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт их хэрэг болохуйц арга гэж боддог доо.

-10 жилийн сургуульд хүртэл багшилж байсан юм байна шүү дээ. Ямар сургуульд хэдээс хэдэн оны хооронд багшилж байсан юм бэ?

- Дунд нь хэд хэд завсардсаныг эс тооцвол 1997 оноос хойш ноднин хүртэл Сант сургуулийн дунд болон ахлах ангид уран зохиолын хичээл заасан. Оюутнуудад хичээл заах, сурагчдад хичээл заах аргын хувьд тэнгэр газар шиг ялгаатай ойлголт. Гэхдээ оюутнуудад хичээл зааж байсан маань хүүхдүүдэд хичээл заахад эргээд надад том туршлага болсон.

-Гэр бүлийн тань хүн бас багш шүү дээ. Ойлголцохоос эхлээд адилхан мэргэжилтэй байхын давуу тал их биз дээ?

-Манай эхнэр монгол хэл уран зохиолын багш. Нэг ижил мэргэжлийн хүмүүс болохоор ойлголцоход амар. Би “Мөрдэндэвийн Ядамсүрэн” гэхэд манай хүн “аан” гэх бол огт өөр мэргэжлийн хүн байсан бол ямар хүн байдаг юм гэж асуух байхгүй юу. Яахав заримдаа  үзэл бодлын ялгаа гарна. Гэхдээ тэр нь ихэвчлэн ном уншихад гардаг.

-Гэргийтэйгээ танилцаж байсан түүхээ сөхөж болох уу?

-Бид хоёр 1997 онд танилцаж байлаа. Намайг Монгол хэл бичгийн дээд сургуульд багшлаад нэг жил болж байхад гурван залуу багш ирлээ. Би хүний нөөцөөс тэр гурвийн хувийн хэргийг аваад үзтэл нэг нь Дундговийн бүсгүй байна.  Би ч тэр үед Д.Батбаяр багш Дундговийнх, дээрээс нь миний унших дуртай Б.Дашдооров гуай Дундговийнх. Дундговийнхон их хүн сайтай хүмүүс байдаг юм гэнэ лээ гэж бодоод эргүүлж эхэлсэн. Гэхдээ их өвөрмөц аргаар эргүүлсэн.  Багш нарын хурал дээр сууж  байхад, өөрийг нь зураад дөрвөн мөр шүлэг бичээд шидчихдэг байсан. Өдөр бүхэн тийм үйлдэл гаргаад байхаар эхнэр маань намайг үгүйлж эхэлдэг юм байгаа биз дээ. Үгүйлж эхлэхээсээ гадна намайг анзаарч эхэллээ. Би энэ талаараа хэнд ч хэлж байгаагүй юм байна. Хүмүүс чихэр, жимс өгдөг шүү дээ. Гэхдээ яг үнэндээ бол би эхнэрийгээ яруу найргаар эргүүлсэн.  

-ХЭРЭВ ЕСДҮГЭЭР АНГИД ХУВИАРЛАГДААГҮЙ БОЛ ШҮЛЭГ БИЧДЭГ ТОГООЧ БАЙХ БАЙСАН-

-Одоо хоёулаа хүүхэд насны тань тухай ярилцъя. Та ер нь ямар хичээлдээ сонирхолтой хүүхэд байв?

-Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийг төгссөн. Манай сургууль Мишигийн Цэдэндоржийн нэрэмжит байсан юм. Зохиолч П.Батхуяг Монголын 20 дугаар зууны онцгой үзэгдэл М.Цэдэндоржийн нэрэмжит 50 дугаар дунд сургуульд суралцаж төгсжээ гэвэл зарим хүнд зүгээр л сонсогдох байх. Надад бол их гоё сонсогддог.

Би алгебр гэсэн бусад хичээлийг мэддэггүй байлаа. Бүр мэдэхийг ч хүсдэггүй байсан. Уран зохиолын хичээл л дандаа орж байх юм шиг, өөр хичээл орж байсан ч би шүлэг бичиж байх юм шиг санагддаг байсан. 10-р ангид байхдаа Б.Мөнхгэрэл багшид “Та нарын наад хичээл зааж байгаа арга чинь буруу гэж хэлдэг” байсан. Гэхдээ ямар зөв арга байгааг мэдэхгүй. Багштайгаа их мэтгэлцдэг. Багш гэдэг хүн бол өөр хүн байх ёстой. Би хэзээ ч та нар шиг багш болохгүй гэж хэлдэг байсан. Гэтэл амьдрал эргээд надад ямар оноолт өгснийг хар л даа. Тэгэхээр амьдралд ам гарч болдоггүй л юм байна.

Арван жилд байхдаа багш мэргэжлийг хамгийн муу муухай мэргэжил гэж боддог байсан бол тэр бодол маань 100 хувь өөрчлөгдсөн. Энэ мэргэжлийнхээ амтанд ороод мэдсэн сурснаа бусадтай хуваалцмаар санагддаг сэтгэл зүрх, хандлага аажимдаа бий болсон.

-Тэгэхээр 10 жилдээ нэлээд дэггүй хүүхэд байжээ?

-Хүүхэд л юм чинь дэггүйтэлгүй яахав. Гэхдээ би бусдаас онцгой, дэггүй сахилгагүй хүүхэд байгаагүй. Ер нь ноомойдуу талын хүн байсан. Гэхдээ би өөрийгөө их азтай хүн гэж бодоод байдаг юм. Учир нь миний багш болж надтай учирсан хүн бүхэн хүний л дээд байсан. Амны хишиг байх. Бага ангийн багш Д.Гаваа уран зохиолд дуртай хүн байсан. Тэр багш маань зохион бичлэг бичих бүрд минь урамшуулдаг байсан. Харин тав, зургадугаар ангид ороод зохиолч болох шийдвэрийг гаргахад монгол хэлний Б.Хандаа маань надад их тус болсон. Учир нь ээж намайг наймдугаар анги төгссөний дараа миний хүү тогоочийн анги сонгочих гэж хэлсэн. Тэр нь одоогийн “Хүнсний технологийн коллеж” л юм шиг байгаа юм. Би ч бас эртхэн ажилтай болчихоод аав ээждээ тусалбал зүгээр ч юм уу гэж бодоод тогоочийн хувиар авахаар зогсож байлаа. Тэгэхэд манай монгол хэлний багш орж ирээд, энэ хүүхэд замын дундаас өөр тийшээ явах хүүхэд биш ээ. Энэ хүүхэд монголын уран зохиолыг хөгжүүлэх хүний нэг. Би их итгэж байгаа гээд бусад багш нарыг учиргүй ятгасан. Тэгж л би  есдүгээр ангид хуваарилагдсан. Хэрэв би есдүгээр ангид хуваарилагдаагүй, техник мэргэжлийн сургуульд орчихсон бол шүлэг бичдэг тогооч л байх байсан биз. Эсвэл яруу найрагт хайртай, Болор цомыг жил болгон үздэг тогооч ч байх байсан юм бил үү. Гэхдээ би сайн багшийн нөлөө, хүчээр би цааш үргэлжлүүлэн сурсан.

-Та тэр багшдаа баярлалаа гэж хэлж байв уу?

-Харамсалтай нь үгүй. Их залуу, их гэнэн байжээ. Ямар их ач тус хүргэснийг нь хожуу л мэдсэн. Тэр үед мэдсэн бол би хэлэх л байсан байх даа. Бидний хамт байсан цаг хугацаанд баярлалаа гэж хэлээгүй боловч өөр цаг хугацаанд байгаа тэр хүнд миний баярлалаа гэдэг үг сонсогдож байгаа гэдэгт би итгэдэг.

Э.БУЛГАН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Б.БУЯНДОРЖ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Хөх Толбот
Хөх Толбот
10 сар 5, 2020 09:49

Сайхан ярилцлага байна.

Чимэг
Чимэг
10 сар 5, 2020 10:20

Сайн сайхан хүмүүстэй учруулж байдаг хувь тохиолдоо т�##�архдаг

Шавь
Шавь
10 сар 5, 2020 10:36

Ёстой л бгш хүн дээ

Зочин
Зочин
10 сар 6, 2020 00:29

Сайхан ярилцлага болжээ.

Зочин
Зочин
1 сар 7, 2022 18:37

Хорвоогоос сайн хүмүүс нь л эрт буцах юм даа

Авид
Авид
1 сар 7, 2022 19:27

Мэргэжилдээ жинхэнэ эзэн болсон, эрдэмтэн, авъяастай хүмүүн, соён гэгээрүүлэгч, хайран сайхан з�##�уу

Яачив даа?
Яачив даа?
1 сар 7, 2022 20:07

Б�##�иар КОВИД уу?

Холбоотой мэдээ

Back to top button