СПОРТ

Х.Намшир: “Бэлтгэл, инженерийн ажил гэсээр жилийн турш гэртээ 13-хан хонолоо” гэж аавдаа зэмлүүлж билээ

Хэдхэн хоногийн өмнө Ардын багш цолоор энгэрээ мялаасан, Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат Хангайн Намшир гуайтай ярилцлаа. Монголын чөлөөт бөхийн спортоос мэндэлсэн тав дахь (түүнээс өмнө Д.Сэрээтэр 2006, Ч.Дамдиншарав 2008 , С.Магсар 2009, А.Басхүү 2014) Ардын багш тэрбээр бүхий л амьдралаа бөхийн спортыг хөгжүүлэхэд зориулж яваа нэгэн. Олимпийн мөнгөн медальт, дэлхийн хошой аварга, Хөдөлмөрийн баатар З.Ойдов, Хөдөлмөрийн баатар, дархан аварга Д.Цэрэнтогтох, ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны бөх, Гавьяат тамирчин Ш.Чанрав, самбо бөхийн дэлхийн гурван удаагийн аварга, Гавьяат тамирчин Г.Жамсран, чөлөөт бөхийн ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Т.Мөнхтуяа, улсын арслан Д.Ганхуяг, Ж.Хайдав, улсын харцага Г.Элбэг тэргүүтэй олон зуун шавьтай.

Бөхийн бүх төрөлд дэлхийн хэмжээний олон шавь бэлтгэсэн нь түүний гол онцлог. Олимпийн наадмыг Москва хотоос эх орондоо анх удаа тайлбарлан хүргэсэн түүний шавь нараас 20-иод Гавьяат цолтон мэндэлсэн. Тэдний нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга. Тийнхүү Х.Намшир гуай Ардын багш цолоо унаган шавиасаа гардаж авсан нь яахын аргагүй ховор тохиолдол.

АРДЫН БАГШ ЦОЛОО ШАВИАСАА ХҮРТСЭНЭЭ ИХ БЭЛГЭШЭЭЖ БАЙНА

-Юуны өмнө Ардын багш болсонд тань баяр хүргэе. Баяраас нь хуваалцах хүсэлтэй зочид, шавь нарынхаа хөлд нэлээд дарагдаж байгаа бололтой. Хэр их ядарч байна вэ?

-Баярлалаа. Баярт мөчөө хамгийн эрхэм хүмүүстэйгээ хуваалцаад сайхан байна. Сэтгэл хөдөлж, баярлаад ядарч буйгаа ч мэдрэх сөхөө алга (инээв).

-Та Гавьяат дасгалжуулагч болоод нэлээд удсан. Ардын багш цолыг та хэр удаан хүлээв?

-Үнэнийг хэлэхэд тийм хүлээлт байгаагүй. Хоёр жилийн өмнө манай сургуулиас намайг ямар нэгэн цолд тодорхойлсон юм билээ. Би мэргэжлийн дасгалжуулагч биш. Насаараа инженерээр ажилласан хүн. Тийм болохоор ажилласан замналын минь дагуу аж үйлдвэрийн цол өгөх, биеийн тамирын дагуу шагнах эсэхийг би урьдчилан таах аргагүй. Яг аль чиглэлээр нь тодорхойлсныг би мэдээгүй байсан юм л даа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас холбогдоод “Танд Ардын багш цол олгох боллоо. Баяр хүргэе” гэхэд нь л мэдлээ. Өмнө нь гавьяат дасгалжуулагч цол хүртсэн, дахиад шагнуулж магадгүй гээд дуулчихсан байсан болоод ч тэр үү, нэг их баярлаагүй. Харин Ардын багш болно гэж төдийлөн бодоогүй. Харин хань минь үнэхээр их баярласан. Хүүхдүүддээ, ойр дотнын хүмүүстээ хурдан дуулгах, шагнал авахдаа өмсөх хувцсаа бэлдэх гээд юм, юм давхцаад сандарлаа.

-Ардын багш цолоо шавиасаа хүртсэн нь ховор тохиолдол. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа багшдаа юу гэж хэлэв?

-Яг шагнал гардуулахдаа юм хэлээгүй ээ. Бүх хүнд шагнал хүртээснийхээ дараа “Хөдөлмөр нийгэмлэгээр нэрлэгдэж, дасгалжуулагчийн ажлаараа олонд танигдсан Хангайн Намшир багшийг Ардын багш цолоор шагнаж байна. Үе үеийн чөлөөт бөхийн алдартнуудыг амжилтад хөтөлсөн Х.Намшир багшийн шавь нар дунд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, тив, дэлхийн аваргууд олон бий. Миний анхны багш” гэж онцолсон. Ардын багш цолоо шавиасаа хүртсэнээ их бэлгэшээж байна.

Нэг удаа Ерөнхийлөгчийн аав Халтмаа намайг 52 дугаар сургууль дээр хүрээд ир гэв. Би яваад очлоо. Надад харуулж, шинжүүлэх гээд хоёр хүүхдээ (Баттулга, Баттуул) дагуулаад ирж. Баттулга нэг хүүхдийг солгой талд нь өмсөөд давсан. Барьцтай барилдаанд илүү сайныг нь тэгэхэд би анзаарсан юм.

ХЭДИЙГЭЭР АРДЫН БАГШ БОЛСОН Ч ЗАНХАЙЖ ЯРИХ ДЭМИЙ БАЙХ

Ханийн хамт.

-Та их онож шинжиж. Ерөнхийлөгч самбо бөхөөр дэлхийн аварга болсон шүү дээ. Таны удирдлагад бэлтгэлээ хэр удаан хийсэн бэ?

-За, байз юу билээ. Өмнөх юмнуудаа мартдаг болоод байна аа, хүү минь. Зөнөж байгаа нь энэ юм байх даа. Х.Баттулга миний удирдлагад бэлтгэлээ нэг жил, хагас хийсэн шиг санаж байна. Ер нь бөхийн таван төрөлд тавууланд нь миний шавь бий. Одоо сүмод хүртэл шавь маань барилдаж байна. Би мэргэжлийн дасгалжуулагч биш. Хэдийгээр Ардын багш болсон ч тэгдэг, ингэдэг гээд занхайж ярих дэмий байх. Мэргэжлийн дасгалжуулагч нар дургүйцэж магадгүй.

-Юу гэж тэгэх вэ. Та бол Монголын спортод тод мөртэй, хийсэн гавьяатай эрхэм шүү дээ.

-Хүмүүс намайг тэгж магтдаг л юм. Тэгэхээр нь би үнэндээ юм хэлдэггүй. Өөрийгөө магтаж, сагсуурах шиг муухай авир үгүй. “Ардын багш боллоо. Тэгэх, ингэх хэрэгтэй” гээд даналзвал ямар олиг байх вэ. Ер нь би их даруухан хүн. Би өөрөөсөө үл шалтгаалах зүйлийн улмаас зорьсон амжилтаа гаргаж чадаагүй. Тэр дутууг шавь нар минь гүйцээн, өндөр амжилт гаргаж, эх орныхоо нэрийг дуурсган, олны итгэлийг алдахгүй яваагаар нь бахархдаг. Дасгалжуулагч мэргэжлийн онцлог, олон сайхан зүйлийн нэг нь энэ шүү дээ. Би олимп, дэлхийн дэвжээнд зодоглож, медаль хүртэж чадаагүй. Харин шавь нараа тэр амжилтад хүргэж чадсан. Энэ миний хувьд том ялалт.

С.МАГСАР БАГШИД ТЭГЖ ДАРУУЛЖ ЯВАХЫГ БИ ХҮСЭЭГҮЙ

-Та сая өөрөөсөө үл шалтгаалах хүчин зүйлийн улмаас зорьсондоо хүрч чадаагүй гэлээ. Үүнийгээ тодруулахгүй юу?

-Би долоо бил үү найман жил шигшээ багийн тамирчин байсан. Бусад тамирчны адил олимп, дэлхийн дэвжээнд зодоглох, медаль хүртэхийн төлөө хөдөлмөрлөсөн юм. Гэтэл тухайн үед шигшээ багийн ахлах дасгалжуулагч байсан, Ардын багш С.Магсар агсан “Чамайг ДАШТ-д яасан ч барилдуулахгүй. Ямар амжилт гаргасан, өрсөлдөгчөө ялдаг чинь хамаагүй. Чи өөрөө мэх хийхгүй байна” гэж загнасан юм.  

Би тэр үед жиндээ №1 болчихсон, сайн байсан багш тэгээд дараад байхаар урам хугарсан л даа. Би бусдаас тэс өөр арга барилаар барилддаг байв. Зөвхөн би хийдэг, өөрөө зохиосон гурван мэхтэй байлаа.

1968 оны Мехикогийн олимпийн өмнө болсон олон улсын тэмцээнээс би мөнгөн медаль авсан. Тэгэхдээ таван өрсөлдөгчийнхөө дөрвийг нь цэвэр ялсан юм.

-Өөрөө зохиосон мэх гэхээр сонирхолтой санагдаж байна. Ямар, ямар мэх хийдэг байв?

-Миний одоо ярихыг монгол хүн л ойлгоно. Эхнийх нь “жирэмлэх”. Дараагийнх нь “оломлох”, сүүлчийнх нь “шон”. Нэрийг өөрөө өгсөн энэ гурван мэхээрээ л би өрсөлдөгчөө ялдаг байсан юм. Мэх бас арга ч гэж хэлэх боломжтой. Энэ гурван мэхийг би л ганцхан хийдэг байлаа.

Би УАШТ-ээс лав таван медаль авсан байх, хоёр нь түрүү. Би Аж үйлдвэрийн комбинатад инженерээр сайн ажиллахын хажуугаар чөлөөт бөхөөр хичээллэн, амжилтын төлөө зүтгэсэн юм. Шигшээ багаас тал, байгууллагаасаа бүтэн цалин авдаг байв. Үндэсний шигшээгийн тамирчид чөлөөт бөхөөр дагнан хичээллээд, амжилтын төлөө зүтгэдэг. Гэтэл би инженерээр ажиллах, спортыг хослуулаад амжилт гаргасан нь зарим хүнд таалагдаагүй. С.Магсар багш намайг том тэмцээнд оролцуулахгүй гэдгээ шууд хэлсэн. Инженерээр ажиллаж байсан болохоор үнэндээ царай алдаж тэсэхийг хүсээгүй. Чөлөөт бөхөөр барилдахгүй гэж шийдээд, уйлаад харьж билээ. Одоо эргээд бодоход багшид гомдсон шиг байгаа юм.

ААВЫНХАА ЗАХИАСААС ЗӨРЖ ЗҮРХЛЭЭГҮЙ

-Жиндээ шилдэг нь байсан ч томоохон тэмцээнд оролцуулахгүй байхаар нь гомдоод барилдахаа больчихсон юм уу?

-Ер нь бараг тэгсэн. Үүнд нөлөөлсөн өөр нэг зүйл бий.

-Юу вэ?

-Аав минь захиас. Тэр үед аав нэлээд тэнхээрхчихсэн байв. Намайг дуудаад “За, чи манай ганц хүү. Бэртэж, хүний гарт орохоосоо өмнө одоо барилдахаа боль. Хань, эмэгтэй дүү хоёроо зовоож мэдэх нь. Өнөөдөр гэртээ хоно. Бэлтгэл, инженерийн ажил гэсээр энэ жил чи гэртээ 13-хан хонолоо” гэж зэмлэж билээ. Аавынхаа үгнээс зөрж би зүрхлээгүй. Нөгөө талаар багшид тэгж “даруулж” явахыг хүсээгүй. Барилдахаа больсон ч хоосон хоночихгүй, инженерийн ажил маань байна гээд тоогоогүй байхгүй юу.

-Жилд гэртээ 13-хан хоносон гэхээр бэлтгэл, ажилдаа бүхнээ зориулдаг байсан бололтой.

-Бүхэл бүтэн нэг жилийн хугацаанд гэртээ 13-хан хоносон гээд бод доо. Өнөө цагт тийм хэнхэгтэй хүн байх уу. Тийм хүнийг ойлгоод ханилаад явах эмэгтэй олдох уу. Би хөдөлмөрч, мундаг байсан гэхээс илүү хань минь намайг үнэхээр сайн ойлгож, дэмждэг байсан. Одоо цагт хань шиг минь эмэгтэй олдохгүй ээ. Юун жилд байтугай нэг сарын хугацаанд гэртээ 13 хонобол салаад явах байлгүй.

-Барилдахаа больсноосоо хойш дасгалжуулагчийн замналаа хэрхэн эхлүүлэв?

-Олон жил жин хасан, өндөр формтой явсан хүн гэнэт барилдахаа болих ёстой хэцүү юм билээ. Бие яг тийм ачааллаа үгүйлнэ, шархирна. Шөнө нойр хүрэхгүй. Тэгээд бүр тэсэхээ байгаад “Хөдөлмөр” нийгэмлэг дээр очиход бэлтгэлийн жижиг өрөө гаргаж өгөв. 1971 онд юм байна. Инженерээр ажиллахынхаа хажуугаар тамирчин бэлтгэж, дасгалжуулагч болсны эхлэл тэр. Инженерийнхээ цалинг ханьдаа өгнө, гэр бүлдээ зарцуулна. Дасгалжуулагчийн цалингаа шавь нартаа, бэлтгэл, сургуулилалтад нь хэрэглэдэг байлаа. Би анх бэлтгэлээ 60-аад хүүхэдтэй эхлүүлсэн. Дэлхийн анхны аварга шавь минь Чанрав. Дараа нь З.Ойдов ДАШТ-д хоёр, Г.Жамсран гурван удаа түрүүлсэн. Шавь нараас анх цойлж, дэлхийн аварга болсон нь энэ гурав. Дараа нь ДАШТ-ээс анхны мөнгөн медалийг Б.Жамсран хүртэн, М.Хойлогдорж дэлхийн дэд аварга болсон. Тэгээд шавь нарын минь амжилтын цуваа үргэлжилсэн дээ.

-Ер нь барилдах таны багын мөрөөдөл байв уу?

-Үгүй ээ. Манай удамд дархан хүн байсан юм билээ. Би өөрөө бөхийн талаар төдийлөн мэдэхгүй, дархан болох хүсэлтэй байлаа. Инженерийн ангид орвол дархан болж магадгүй гээд элссэн юм. Насаараа инженерийн салбартай холбохын гараа тэндээс эхлэлтэй.

Наймдугаар ангид байхдаа үндэсний бөхийн УАШТ-ий хоёр насны ангилалд барилдаад алт, хүрэл медаль хүртэв. Хичээлийнхээ завсраар зааланд барилдана. Дархан аварга Б.Түвдэндорж гуай “Ийм жижигхэн биетэй хүн үндэсний бөхөөр барилдах хэцүү. Чи чөлөөт бөхөөр хичээллэ” гэлээ. Тэгээд энэ спортоор хичээллэн, амжилтын төлөө зүтгэсэн юм.

БИ БӨХИЙН ТАВАН ТӨРӨЛД 300 ГАРУЙ ШАВЬТАЙ

-Та түрүүн бөхийн таван төрөлд шавьтай гэлээ. Ер нь нийт хэдэн шавьтай вэ?

-Ёстой тоолж байгаагүй. Овоо хэдэн юм бий. 300 хол гарсан байх шүү. Дасгалжуулагчийн замналын маань хамгийн оргил үе нь 1980-1990 он. Одоо эргээд бодоход багшийн зөв байж. Мэх хийхгүй хүн ялдаг бөх утгагүй. Тийм бөх байгаа бол эртхэн барилдахаа болиод замаа хөөсөн нь дээр. Тиймээс би нөгөө гурван мэхээ шавь нартаа заадаггүй.

-Багштайгаа энэ талаар сүүлд ярилцаж, ойлголцсон уу?

-Үгүй ээ, ерөөсөө дахиж ярилцаагүй. “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч болоод зам, замаа хөөсөн.

-Та ойрд нутаг руугаа явсан уу?

-Сүүлийн 10-аад жил бие чилээрхээд, ийш, тийшээ явж чадахгүй байгаа. Нутагтаа очоогүй олон жил болж байна. Маш хүндээр цус харван, зүрхний шигдээс болсон юм. Би Цонжинболдогт бөхчүүдийн бэлтгэл хийлгэж байхад гэнэт цус харвасан. Спортын өгөөжөөр л өдий зэрэгтэй явна. Жилд 1-2 удаа эмнэлэгт хэвтдэг, амралт, сувилал руу явдаг. Энэ жил коронавирусийн халдарын улмаас эмнэлэгт хэвтээгүй. Төр засгийнхаа шийдвэрийг хүндлээд ийш, тийшээ явахгүй байгаа. Шавь нар маань намайг эргэж ирэхээр, хэн нэгэнтэй спортын тухай ярихаар сэтгэл сэргэдэг, эрч хүч авдаг. Ёстой ядарч, өвдөж буйгаа мартдаг шүү.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ С.БОРГИЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
2020-10-12 10:21

ямар сайхан буур�##� вэ. Урт нас�##�ж удаан жаргаарай

Кса
Кса
2020-10-12 16:32

Чөлөөт, самбо болон бусад бөхийн олон улсын тэмцээнүүдийг гоё баргил хоолойгоор тайлбарладаг байж билээ. Бас сонин л юм. Намайг Гэлэг багшаас Жамсран багш аваад бас дарах маягтай, хажуугаар нь аав дургүй. Ингээд миний бөхийн замн�##� дуусч билээ. Намшир багштай төстэй ч юм шиг. Сайхан буурай минь эрүүл энх байж урт наслаарай.

Зочин
Зочин
2020-10-12 16:47

Намшир багш гэж зөндөө дуулсан. Шагн�##� нүдээ олжээ. Таньд урт нас�##�ж удаан жаргахын ерөөл өргөе.

Холбоотой мэдээ

Back to top button