Сурвалжилга, НийтлэлЭДИЙН ЗАСАГ

ОЮУ ТОЛГОЙ: Арбитрын ажиллагаа эхэлснээр Туркоиз Хиллийн хувьцааны үнэ өсөж эхэллээ

Арваннэгдүгээр сарын 5-нд “Turquoise Hill Resources” компани “Rio Tinto”-д холбогдох нэхэмжлэлийг Арбитрын шүүхэд гаргасан. Хэдий хоёрхон сарын өмнө хоёр компани Оюу толгойн асуудлаар хэлэлцээрийн ширээнд суусан ч тохиролцоонд хүрч чадалгүй, Арбитрын шүүх руу ийн гулсчихаад байгаа.

-АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 20-НД АРБИТРЫН АЖИЛЛАГАА ЭХЭЛСЭН-

Арбитрын ажиллагааг 3-5 сарын дотор үргэлжилж дуусна гэсэн тооцоололтой буйгаа Туркоиз талаас мэдэгдсэн. Тэгвэл гурав хоногийн өмнө буюу энэ сарын 20-нд ажиллагаа хийгдэж эхэлсэн юм. Харин Арбитрын сургаар “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны үнэ өсөх хандлагатай болж иржээ.

Тодруулбал, Нью-Йоркын хөрөнгийн бирж дээрх тус компанийн хувьцааны үнэ арваннэгдүгээр сарын 12-ны байдлаар 8.16 ам.доллар байснаа 20-н гэхэд 10.39 болж, 2 орчим ам.доллараар нэмэгдээд байна.

Гэхдээ Арбитрын асуудал хэвлэлд мэдээлэгдсэний дараахан Туркоизын хувьцаа бага зэрэг унасан гэдгийг тодотгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргасан арваннэгдүгээр сарын 5-ны өдөр 8.46 ам.доллар байсан хувьцаа 12-ны өдөр хүртэл 8.16 болж буугаад байсан юм.

Ойлгомжтой хэлэхэд, Арбитрын сургаар Туркоизын хувьцааны үнэ буурах шинжтэй болоод, удалгүй буцаад өсөж эхэлсэн гэсэн үг. Арваннэгдүгээр сарын 20-нд Арбитрын ажиллагаа эхэлснээр хувьцаа цаашид үнэд орох нь ойлгомжтой харагдаж байна.

-АРБИТРААС НААШТАЙ ХҮЛЭЭЛТ ҮҮСЭЖ, ТУРКОИЗЫН ХУВЬЦАА ӨСӨВ-

Мэдээлэл анхлан гарахад шинжээчид уг Арбитрын маргааныг Рио Тинто талд ашиггүй, улам алдагдал хүлээхэд хүргэнэ гэж үзсэн талаар өмнө нь мэдээлсэн. Рио Тинто алдагдал хүлээх тусам Туркоиз өөрөө өрнөөсөө гарахын тулд улам л хүнд байдалд орох юм. Ийм ч учраас Арбитрт хандсан тухай мэдээлэгдсэн эхний өдрүүдэд “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа унасан гэж дүгнэж болно. Харин өсөж эхэлсэн нь Арбитрын шүүх маргааныг нааштай шийдэж магадгүй гэсэн шинэ хүлээлт үүсгэснийг баталж байна.

Туркоиз Хилл Арбитрын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ, маргааныг гуравдагч талын оролцоотой шийдүүлж, өөрийн алт олборлох эрхээ худалдах замаар санхүүжилт босгох төлөвлөгөөтэй буйгаа дурдсан байдаг. Рио Тинто талаас одоо хүртэл байр суурь илэрхийлэгдээгүй байна.

Сануулахад, “Оюу толгой” төслийн 66 хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг юм. Харин “Rio Tinto” тус компанийн 50.6 хувийг эзэмших замаар “Оюу толгой” төслийг удирддаг.


Хоёр талын маргааны тухай товч мэдээлэл багтсан өмнөх контентыг энд дарж уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төр, эдийн засаг болон урлагийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button