НИЙГЭМЭРҮҮЛ МЭНДЯРИЛЦЛАГА

И.Оюунзоригт: 22 жил сувилагчаар ажиллахдаа нэг хором ч шантарч үзээгүй

Хэр баргийн хүн зүрхэлж сонгохгүй, цалин багатай хэр нь цаг наргүй, хариуцлага өндөртэй ажил бол сувилагчийн мэргэжил. Хэдийгээр үүрэх гавъяа, үргэлжлэх алдаргүй ч, тэд бусдын сайн сайхны төлөө сонгосон мэргэжилдээ эзэн болж, бэрхшээлд шантралгүй чимээгүй ажилласаар ирсэн. Гэвч сувилагчийн мэргэжил ховордож “Улаан ном”-д бичигдэхэд тун ойрхон иржээ.

Тухайлбал, Монголын эрүүл мэндийн салбарт дунджаар 13.000 гаруй сувилагч ажилладгаас 7000 орчим нь Улаанбаатар хотод ажилладаг байна. Үүнээс сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлгийн буюу хамгийн хүнд гэгддэг тасагт ердөө 600 хүрэхгүй сувилагч ажилладаг гэх судалгаа бий.

Бид “Олон улсын сувилагчдын баяр”-ын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн байгууллагад 25 дахь жилдээ тууштай ажиллаж буй, Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлгийн тасгийн ахлах сувилагч, өдгөө 50 настай ахмад сувилагчдын төлөөлөл Ичинхорлоогийн Оюунзоригтыг онцолж байна.

Тэрбээр 1972 онд Улаанбаатар хотод айлын бага охин болж мэндэлжээ. Балчир байхдаа эцэг эхээ харамсалтайгаар алдсаны дараа ахын хамт хөгшин ээж дээрээ өсөж хүмүүжсэн байна. Түүнийг зургадугаар ангид байхад төрсөн ах нь гадаад руу суралцахаар явснаар тэрбээр хөгшин ээжтэйгээ хоёул үлджээ. 1987 онд Гачууртын дунд сургуульд наймдугаар анги хүртлээ суралцаж, нагац ахынхаа зөвлөснөөр “Барилгын техником”-д “Сантехникийн техникч” мэргэжлээр суралцсан ч сувилагч болох чин хүсэл нь байсаар байсан тул 1997 онд 25 насандаа ЭМШУ-ны харъяа “Сувилахуйн сургууль”-д суралцаж, 2001 онд төгсчээ. Ийнхүү сувилагчийнхаа анхны гарааг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлгийн тасгийн сувилагчаас эхэлсэн байна.

-ГССҮТ-ӨӨС СУВИЛАГЧ БОЛОХ ГАРААГАА ЭХЭЛСЭН-

-Юуны өмнө танд “Олон улсын сувилагчдын баяр” -ийн мэндийг хүргэе.

-Баярлалаа. Энэ жил коронавирусийн цар тахлаас шалтгаалаад сувилагчдын баярыг нийтээр тэмдэглэх хориотой байгаа. Энх цаг ирж л байвал өнөөдрийн баяр яах вэ л гэж бодож байна. Ер нь жил бүрийн тавдугаар сарын 12-нд “Сувилагчдын баяр”-ийг маш нүсэр, далайцтай тэмдэглэсээр ирсэн шүү.

-Та сувилагчийнхаа ажлын гарааг одоо ажиллаж буй ТТАХНЭ-ээс эхэлсэн гэсэн шүү дээ. Яагаад эл эмнэлэгт ажиллах болсон юм бэ?

-2001 онд “Сувилахуйн сургууль”-ийг төгсөөд энэ эмнэлэгтээ ажлынхаа анхны гарааг эхэлж байлаа. 2003 онд нарийн мэргэжлээр суралцаж Эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагчаар өнөөдрийг хүртэл 22 дох жилдээ ажиллаж байна. Тухайн үед сувилагчаар төгссөн хүүхдүүдийг сургуулиас нь эмнэлгүүдэд зуучилж, гэрээ хийдэг байсан юм. Манай сургуулиас 10 гаруй сувилагч төгссөн. Би ГССҮТ-өөс сувилагчийн гараагаа эхэлсэн учраас тухайн эмнэлэгт орох сонирхолтой байсан. Тйимээс Шинэ Гэмтэлд очоод “Сувилагчаар ажилд оръё” гэхэд намайг “14 хоног дагалдан хий” гэдэг юм.

Тухайн үед их хэгжүүн. Өөртөө итгэлтэй ч байсан. Би сувилагчийн сургуулийг нь сураад төгссөн, дээр нь дөрвөн жил орчим тухайн эмнэлэгт асрагчаар ажилласан учир шууд л танайд “Дадлага хийхгүй” гэж хэлээд гараад явсан. Ингээд ТТАХНЭ-т материалаа өгөөд ороход намайг дотрын тасагт хуваарилж байлаа. Дотрын тасагт ороод 7 хонож байхад, тасгийн эрхлэгч маань ирээд намайг Сэхээн амьдруулах мэдээгүйжүүлгийн тасагт шилжүүлсэн юм. Ингээд л тэр цагаас хойш энэ эмнэлэгтээ сувилагчаар тогтвортой ажиллаж байна даа.

-СУВИЛАГЧДЫГ ХАЖУУНААС НЬ ХАРЖ, АЖЛЫГ НЬ ҮНЭЛСЭНДЭЭ СУВИЛАГЧ БОЛОХООР ШИЙДСЭН-

-Сувилагч болохын өмнө “Барилгын техником”-д, “Сантехникийн техникч”-ээр суралцаж төгссөн юм билээ. Эмэгтэй хүнд хүндэдсэн мэргэжил шиг санагдлаа?

-Би 1987 онд “Барилгын техником”-д элсэж, дөрвөн жил суралцаад төгссөн. Анхандаа “Сувилагч болъё” гэж бодож байгаагүй л дээ. Би их сургуулиа төгсөөд ГССҮТ-д асрагчаар дөрвөн жил орчим ажилласан гэсэн дээ. Тиймээс энэ хугацаанд сувилагч гэдэг мэргэжлийн сайхныг мэдэрсэн гэхэд болно. Тиймээс ч хожуу гэж хойш суулгүй “Сувилагч л болъё” гэж эрс шийдээд “Сувилахуйн сургууль”-д суралцаж, мэргэжил эзэмшиж байлаа.

Анх сувилагчийн сургууль хоёр жил байсан ч намайг сурч байх үед хүнийг дундаар эмчилнэ гэж байхгүй гээд гурван жил болгосон. Улмаар 2001 онд сургуулиа төгсөж байсан. ГССҮТ-д асрагч хийж байх хугацаандаа “Хүүхдийн түлэнхийн төв” -д ажилладаг байсан л даа. Тухайн үед сувилагчдыг хажуунаас нь хараад хүн бүрт энэрэл хайрыг түгээдэг, хүн бүхнээс талархлын үг сонсдог мэргэжил гэж бодоод, эргэлт буцалтгүй шийдсэн. Тус эмнэлгээс л анх эмнэлгийн үнэрийг мэдэрч, тэндээс сувилагч болох гараагаа эхэлсэн.

-ГССҮТ-д асрагчаар ажилд орсон гэлээ. Мэргэжлээрээ ажиллах боломж байсан уу?

-Тухайн үед биднийг сургуулиа төгсөж байхад жагсааж хуваарь өгдөг байсан. Би тухайн үед дээрээсээ тавдугаар байрт жагсаж байлаа. Тухайн үед сургууль ч үнэ төлбөргүй байсан. Би өөрөө бол өмгөөлөгч болъё л гэж боддог байсан. Гэтэл надад “Барилгын техником”-ын хуваарь ирсэн л дээ.

ХӨГШИН ЭЭЖИЙНХЭЭ ЗАХИАСЫГ БИЕЛҮҮЛЖ, ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГАД 25 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙНА-

Би өөрөө суралцах сонирхолгүй байсан ч тухайн үед нагац ахынхаа зөвлөгөөг дагаж элсэн суралцсан. Тэгээд тус сургуулийг “Сантехникийн техникч” мэргэжлээр дөрвөн жил суралцаад төгссөн. Хүн өөрөө сонирхолгүй салбартаа ажиллах дургүй л байдаг юм билээ. Сонирхоогүй мэргэжил учраас тэр хооронд гэр бүл зохиогоод, үр хүүхдээ төрүүлээд нэг хэсэг завсарласан. Ер нь л ажиллах бодолгүй байсан гэх үү дээ.

ГССҮТ-д би 23 настайдаа анх орж, асрагчаар 4 ажил ажилласан. Гэхдээ маш хүнд байсан л даа. Ялангуяа түлэнхийн тасаг хэцүү нөхцөлд ажилладаг. Тухайн үед асрагчаар ажиллахын тулд адистат авсан байх ёстой байсан. Одоо бодоход адистатаа авах гэж ажиллаж байхдаа л сувилагч мэргэжлийн сайхныг харсан юм болов уу даа. Ажиллаж байхад хөгшин ээж маань цус харваад, би эмчилгээ хийж байлаа.

Учир нь тухайн үед харвасан хүнийг эмч үзээд эмчилгээ бичиж өгөөд л явуулдаг байсан. Тиймээс ГССҮТ-д байхдаа мэдсэн зүйлсээрээ хөгшин ээждээ эмчилгээ хийсэн юм. Тэгэхэд “Чи сувилагч л болох ёстой юм байна. Цаашдаа миний охин заавал сувилагч болоорой” гэж надад хэлсэн. Би хөгшин ээжийнхээ захиасыг биелүүлж энэ мэргэжлээр ажиллаад 25 жил болж байна.

-Сувилагчийн мэргэжлээр хожуу суралцсан учир ажиллах явцад бэрхшээлтэй тулгарав уу?

-Нэлээн оройтож сургуульд сурсан учир эхэндээ бэрхшээлүүд олон гарсан. Наанадаж л хүн бүрт хийгдэж буй эмчилгээ нь цаг цагаар өөр. Дээр нь нарийн тунгаар хийх шаардлагатай хүчтэй тарианууд олон байсан учир хариуцлагатай байхыг эрхгүй шаардаж байлаа. Тухайн үед хамт ажиллаж байсан ахмад, туршлагатай сувилагчдаа их шалгаана. Тэд маань ч төвөгшөөлгүй хариулаад өгдөг байлаа. Миний хувьд ганц асуугаад дуусахгүй зарим үед ижил асуултаа дөрөв таван удаа асуух ч үе байсан.

-ХЭДИЙ ХЭЦҮҮ БАЙСАН Ч АЖИЛЛАХ ХЦГАЦААНДАА НЭГ Ч ХОРОМ ШАНТАРЧ ҮЗЭЭГҮЙ-

Түүний хүчинд туршлагажаад, түргэн хугацаанд дадлагажсан. Ингээд өвчтөн бие даан хариуцаж, эмчилгээг нь хийдэг боллоо. Сэхээн амьдруулах тасаг ер нь л чанга шүү. Нойртой, нойргүй 24 цаг босоогоор ажиллана. Цус нөж болсон хүнд хүмүүс их ирнэ. Ихэнхдээ л ухаангүй, сэхээн амьдруулагдаж байгаа өвчтөнүүд байдаг байлаа. Хэдий хэцүү байсан ч би ажиллах хугацаандаа нэг удаа ч шантарч үзээгүй ээ. Хүн дуртай ажлаа хийж байгаа үед хэзээ ч шантарч, бууж өгдөггүйг ойлгосон. Ажлаа хийж байх хором бүрээс аз жаргалыг мэдэрдэг байлаа.

-Ханийнхаа тухай танилцуулаач?

-Хань маань цэргийн хүн байдаг. Их сайхан хүн бий. Ханийнхаа түшиг тулгуур, нөмөр нөөлгийн тусламжтай ажлаа сэтгэл амар, хүүхдүүддээ санаа зовох зовнилгүй хийдэг юм. Ажил мэргэжлийг маань ойлгож дэмждэг учир ар гэртээ түүртэхгүйгээр ажлаа хийдэг. Орой очиход халуун хоолтой хүлээж байдагт нь өдөр бүр л тэдэндээ талархаж амьдардаг даа. Хүүхдүүд маань бас ээждээ их тусалдаг.

-Хүүхдүүдээс нь таны мэргэжлийг өвлөх сонирхолтой хүүхэд байдаг уу?

-Одоогоор бол яг мэдрэгдсэн зүйл алга. Хэрвээ ээжийнхээ мэргэжлийг өвлөх сонирхол байвал би мэдээж дэмжих болно. Гэхдээ яг сэхээн амьдруулах тасгийн сувилагч хүнд мэргэжил учир биеийн эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлдөг юм байна. Залуу байхдаа анзаардаггүй байсан ч цус нөжөн дунд байх, шөнийн нойр авахгүй байх, үргэлж босоогоороо ажиллах зэрэг нь эрүүл мэндэд нөлөөлж байгааг анзаарсан шүү.

-Сэхээний тасагт цус нөж болж, амь нь тэмцэж байгаа хүнд биетэй хүмүүсийг хараад хямарч, эмээж байсан байхдаа?

-ГССҮТ-д байхдаа маш хүнд нөхцөлд, хэцүү зүйлсийг нүдээр харж, мэдэрсэн учир тэр талын шок гайгүй байсан. Айдастайгаа нүүр тулчихсан, эвлэрсэн байсан гэхэд болно. Ер нь сувилагчийн мэргэжил хүнд. Хүнд хүн ирээд өвчнөө даалгүй нас барахаас эхлүүлээд эмнэлгээс гаран гартал, бүхий л үед талийгаач болон тэдний ар гэрийнхний дэргэд бид байж л байдаг.

Тиймээс бидний ажил ерөөс сэтгэлийн тэнхээг их шаарддаг. Хүн нас барах тоолонд сэтгэлээр хямраад, сэтгэлийн өөрчлөлт харуулаад, гаргаад байж болохгүй. Ийм сайхан хүн дэндүү эрт явчихлаа, даанч яаавдаа гэх харуусал бол цээжний мухарт байж л байдаг. Одоо бодохоор миний хоолоо олж идэх ёстой ажил л сувилагч байсан юм байна гээд мэргэжлээрээ үргэлж бахархаж явдаг.

-ХҮҮХЭД ТҮЛЭГДСЭН ҮЕИЙН ҮНЭРИЙГ МАРТДАГГҮЙ-

-2000 оны эхээр эмнэлгийн байгууллагад хангамж төдийлөн сайн байгаагүй. Ажиллаад явахад бэрхшээл байв уу?

-Тухайн үед нэг удаагийн бээлий болон хамгаалах хэрэгслүүд маш хомс байсан. Одоогийнх шиг элбэг дэлбэг байсангүй. Эмч нар элэгний В,С вирустэй байгаад байгаа нь хамгаалах хэрэгсэл, бээлий хомс байснаас л болж байлаа. Элэгний хатууралтай хүн бөөлжөөд ирэхэд эмч, сувилагчид улаан гараараа л үзнэ шүү дээ. Хүний амийг аврахыг л тэргүүнд тавьж ирсэн.

-Асрагчаар ажиллаж байх хугацаанд сэтгэлд тань тод үлдсэн дурсамжаас бидэнтэй хуваалцаач?

-Би 1995-аас 1998 оныг дуустал ГССҮТ-д ажилласан. Энэ хугацаанд миний сэтгэлд хамгийн тод үлдсэн зүйл гэвэл их л хэцүү ажилладаг байснаа санадаг юм. Нэгээс хоёр сартай нярай хүүхдүүд ахуйн түлэгдэлтэд өртөж, маш хүнд биетэй ирдэг байсан. Би хүүхэд түлэгдсэн үнэрийг ер мартдаггүй юм. Маш хэцүү. Өвчин дотроо түлэгдэлт бол маш хүнд. Ер нь нүдээр үзсэн олон гашуун түүх бий. Одоо ч нүдээ анихад үзэгддэг.

Түлэгдээд ирж байгаа хүүхдүүд ерөөсөө л хайхрамжгүй эцэг эхийн үйлдлээс болдог. Мөн эцэг эх нь хоёулаа сэтгэлийн өөрчлөлттэй, нярай хүүхдээ шарж идэх гэж байна гээд гал руу хийгээд айхтар түлсэн тохиолдолтой таарч байсан. Миний санаанаас ерөөсөө гардаггүй. Хүүхдээ гал руу хийсэн хүн хүүхдээ сахихаар ирсэн ч, сэтгэц нь эрүүл биш учир хөндлөнгөөс харахад хүртэл хүнд байлаа. Аргаа барахдаа өлсөөд уйлах нярайд хажуугийн тасгийн ээжээс хөхний сүү гуйж л явлаа.

-Сувилагчаар сургуульд элсээд суралцаж байх үеээсээ дурсаач?

-Сувилагчийн сургуульд суралцаж байсан үе амьдралын минь сайхан мөчүүдийн нэг. Анх элсэж ороход багагүй бэрхшээл учирсан ч, сайхан хүмүүсийнхээ ачаар би өнөөдөр дуртай мэргэжлээрээ тууштай ажиллаж байгаа юм аа. Яагаад гэхээр тухайн үед сувилагчийн сургуульд элсэхийн тулд шалгалт өгдөг байсан.

Ингээд шалгалтаа өгөх гээд сургууль дээрээ очиход шалгалтын хугацаа нь дуусчихсан байсан. Ингээд ээлжээ тараад харьж явахад нагац ах маань залгаад, сувилагчийн сургуулийн шалгалт хараахан дуусаагүй байгаа юм байна. Миний дүү захирал дээр нь шууд яваад оч гэлээ. Би ахын хэлснээр захирал дээр нь ороод сургалтын төлбөрөө яах вэ л гэж асуусан. Сургуульдаа тэнцээд элсэх эсэх нь тодорхойгүй хэр нь төлбөртөө л их санаа зовж байсан байгаа юм. Тухайн үед сургалтын төлбөр 60.000 төгрөг байсан л даа.

Асрагчийн цалингаар бол яагаад ч сургуульд сурч чадахгүй байсан учраас элсээгүй хэр нь захирлаас нь “Би үнэхээр сувилагч болмоор байна та надад туслаач” гэхэд “Миний охин эхлээд шалгалтаа өгчихөөд эргээд ороод ирээрэй” гэсэн юм. Физик, Хими хичээлийн шалгалт өгчихөөд дүнгээ сонсоход тэнцсэн байсан. Асрагчийнхаа ээлжнээс буусны дараа хажуугаар нь хэрэндээ л хичээлээ бэлддэг байлаа. Тэгээд сайн бэлдсэний дүнд л тэнцсэн.

-СУВИЛАГЧ МЭРГЭЖЛИЙН ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЖ, ЦАЛИН ҮНЭЛГЭЭГ НЭМЭЭСЭЙ-

Сургуульд тэнцсэний дараа би “Бүтэн өнчин” гэдэг утгаараа тэтгэлэгт хамрагдах гэж их явсан. “Сувилахуйн сургууль”-ийн нягтланд би одоог хүртэл талархаж явдаг. Нэрийг нь асууж чадаагүй учир хожим олж уулзаж чадаагүй. Тэр хүний ачаар би сувилагч болсон юм. Хэрэв миний яриаг харвал, хожимдсонд ч гэсэн талархсан сэтгэлээ илэрхийлмээр байна.

-Сувилагчийн мэргэжил сонгож, суралцах залуусын тоо жилээс жилд буурах хандлагатай байгаа шүү дээ. Үүний шалтгааныг та юу гэж боддог вэ?

-Сувилагчийн мэргэжил үнэлгээ багатай. Би сувилагчаар ажиллаж эхлээд авсан анхны цалин маань 11.000 төгрөг байсан. Бага цалин авлаа гээд бид бага ажилладаггүй. Ээлжинд хононо, цай уугаад суух ч чөлөө зав олддоггүй. Ялангуяа манай Эрчимт эмчилгээний тасаг маш онцлогтой. Яагаад вэ гэхээр бид дандаа л ухаангүй, амь тэмцсэн хүнд хүмүүстэй ажилладаг. Тэдгээр хүмүүстэй 24 цагийн турш зогсоогоороо ажиллаад буух үеүүд олон л доо.

24 цаг ажиллаад буухдаа баярлах бус тухайн өвчтөний тэнхэрсэн байгааг, шөнө амгалан нойрсож чадсан эсэхэд л баярладаг. Тиймээс төр засгаас сувилагчийн үнэ цэнэ, цалин хангамжийг цааш цаашдаа нэмээсэй л гэж хүсэх байна. Эс бөгөөс энэ мэргэжлээр суралцах, зориглоод ажиллах залуус хомстож байна. Дээр нь хүнд хүчирт шантарч, бууж өгөх нь их байна. Сувилагчийн мэргэжлийн шатлалыг ахиулж байж бидний цалин 700.000 хавьцаа болж ирлээ. Түүнээс бус өнгөрсөн жил 500.000 төгрөгний үндсэн цалинтай байлаа шүү дээ.

Илүү цагаар ажиллаж байж арай илүүхэн мөнгө авдаг. Тиймээс ч залуус сувилагчийн ажлын хажуугаар өдрөөр, шөнөөр өөр эмнэлэгт цагийн ажил хийх зэргээр биеэ их ядрааж, удахгүй шантарч байна л даа. Гэхдээ үнэхээр л сувилагч болъё, суралцъя гэдэг залуус цалин мөнгийг нь бага гэж гололгүй ажлаа л хийдэг. Яагаад гэхээр бид сонгосон мэргэжилдээ үнэнч байж, бусдын сайн сайхны төлөөх сэтгэлээр л ажлаа хийдэг юм.

-Бидэнтэй цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. ХАРИУЦСАН АЖИЛДАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ҮНЭН Ч ИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС Л ЭНЭ МОНГОЛЫГ МИНЬ АВЧ ЯВНА ДАА. БАЯРЛАЛАА.АМЖИЛТ ХҮСЬЕ..

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button