Сурвалжилга, НийтлэлУРЛАГ

“Төгсгөлийн мэдрэмж”: Амьдрал, ой дурсамж гэгч ийм барим тавим эд юм бол, юу чухал гэж - Хайр

-Адриан яг тэр мэтхэнээс болж амиа егүүтгэсэн болж таарна гэж байх уу?

-Адрианы үхлийн шалтгааныг бид тайлж чадахгүй л байгаа. Хүсээгүй байхад өгсөн бэлгээс татгалзаж байна хэмээн өөрөө бичсэн нь л бий. Үнэхээр тэр байсан уу. Асар их логикоор бодож, математикаар томъёолдог хүн шүү дээ.


“ХҮСЭЭГҮЙ БАЙХАД ӨГСӨН БЭЛГЭЭС ӨӨРИЙН ХҮСЛЭЭР ТАТГАЛЗАЖ БАЙНА”

Их Британийн зохиолч Жулиан Барнсын “Төгсгөлийн мэдрэмж” романы тухай. Орчуулагч Д.Мөнххишиг. Ой дурсамж, өнгөрч одсон үйл явдал. Эргэл, ухаарал. Бас дахин үл ухаарал. Түүх гэж ямар барим тавим бүдэг, хувийн сэрэл, мэдрэмжээс хэчнээн их шалтгаалагч эд вэ. Энэ бүхнийг тойрон эргэлдэх романы тухай товчхон хөөрөлдөхөөр Д.Мөнххишиг бид хоёр цаг товлов.

Роман түүний орчуулж, хэвлүүлсэн хоёр дахь бүтээл болжээ. Ихэд даруухан эмэгтэй тэрбээр “Орчуулгын бүтээл” гэх сүржин үг ашиглаж болох эсэхэд ч эргэлзэж буй нь илт.

Жулиан Барнс хэд хэдэн удаа сугарч үлдээд, сая нэг “Man Booker”-ийн шагналыг 2011 онд уг зохиолоороо хүртжээ. Жил, сар бүр ном хэвлэгдэн гарч л байдаг ч “Төгсгөлийн мэдрэмж” хүнд юугаараа өөр, онцгой гойд юм бэ.

Бага, залуу насны дурсамж, дурдатгалууд. Онгойж үлдсэн нэг амиа хорлолт. Юу хэлэх байсныг нь хэн ч үл мэднэ. Гэхдээ л тэр амиа тэвчиж одсон. Харин юу тээж одсоныг нь л яаж ч хичээгээд таамаглаж үл чадах юм. Үлдэж хоцорсон, өтөл хөгшин насандаа дөхөж яваа Тони гэх эр, зохиолын туршид ой санамжаа шүүрдэж суудаг.

-Амиа хорлолтын сэдэв рүү орохоос өөр аргагүй санагдаж байна. Роман нэг талаар амиа хорлолтыг ихээхэн философилог, агуу их утгаар дүрсэлсэн. Гэвч сэтгэл зүйн хувьд асуудлаа даван туулж яваа хүмүүст аль нэг утгаар сэдэл өгөх юм биш биз гэж бодсон?

-Өөрийгөө Адриантай зүйрлээд, түүний замаар явах хүн ховор байх аа. Сэтгэл гутрал гэдэг тусдаа, өөр асуудал болов уу. Мэргэжлийн тусламж авах шаардлагатай гэдэг. Адрианыг сэтгэл гутралд орсон юм уу, үгүй юу гэдгийг бас л хэлж мэдэхгүй байна. Их логикоор бодно, томъёолох гэж үзнэ, тэр.

А.Камю, Ф.Ничег уншчихсан хүн гэж гардаг. Би өөрөө тэдний ном, бүтээлийг сайтар уншиж судлаагүй хүн. Ямартай ч А.Камю, Ф.Ничегийн үзлээс болоод амиа хорлосон байна гэвэл тиймгүй мэт. Тийм ч гутранг үзэл бас биш шүү дээ, Ф.Ничегийнх. Амьдрал утгагүй, иймд амиа егүүтгэсэн нь дээр гэж тулгадаггүй.

Адриан нөгөөтээгүүр бусдын үгээр үг хийдэг биш, өөрөө бие дааж боддог хүн шиг байгаа юм. Тэгэхээр тэр хоёроос давж, өөрийнхөөрөө гаргалгааг гаргаж л шийдсэн байж таарна. Түүхийн тухай нэг тодорхойлолт хэлдэг шүү дээ. Багшдаа Патрик Лагранж хэмээх франц хүн хэлсэн гэж хэлдэг. Гэтэл тэр хүн зохиомол дүр юм билээ. Адриан өөрөө тэр тодорхойлолтыг бодож олоод, нэг хүний нэр оноогоод хэлчихсэн мэт санагдсан. Жулиан Барнсын нэрний Барн гэдэг үг нь францаар Лагранж болдог юм байна. Зохиолч өөрийнхөө нэрийг ингэж ийш шургуулсан бололтой.

-А.Камюгийн “Этгээд хүн”-ий тухай философич С.Молор-Эрдэнэ ярьж байсан санагдана. Буруу ойлгосноос болж МУИС-ийн их олон оюутан амиа хорлосон гэж. Нэг үгээр философичдийн санааг буруугаар ойлгоно гэдэг осолтой шиг.

-А.Камю “Сизифийн домог”-ийг бичдэг, тэ? Хүний амьдрал тэр гэх утгагүй нь үнэн бололтой. Гэхдээ л дахин дахин уруу өнхрөх чулууг эргээд дээш түрэх Сизиф өөрөө жаргалтай байгаад байгаа. Тэгэхээр ер абсурдизм, амиа хорлолтын асуудлыг өнгөц битгий ойлгоорой. Сэтгэгчдийн бүтээлийг цааш нь гүнзгийрүүлж уншаарай гэж хэлмээр байна.

Адриан хорин хэдхэн насандаа амиа хорлосон. “Хүсээгүй байхад минь өгсөн бэлгээс сайн дураараа татгалзлаа” гэсэн зурвас үлдээгээд явсан. Харин тэр нь олон жилийн дараа ч найз Тонид нь асуулт өгчилгөсөөр. “Яг яагаад?” гэдэгт хариулах гэж хэчнээн оролдоод чулуун хана мөргөж, суун тусахтай л адил.

Гол нь түүний эл шийдвэрт би нөлөөлчихсөн юм биш биз. Миний буруу байсан юм биш үү. Тийм бол яах вэ гэдэг бодолд, болж өнгөрснөөс нь өч төч жилийн дараа гэнэтхэн ээрэгдэнэ гэдэг гаслан. Тэр мэдэж чадахгүй, тааж л чадна. Хувь нэгний амьдралын замнал хувь нэгэндээ л хамгийн нэгд нэгэнгүй байж чадахаас, өрөөлийн ой санамжид үлдсэн дурдатгал бүхнээр тодрон биежих боломжгүй, ийм л барим тавим зүйл аж.

Тэгсэн мөртлөө хүн санамсаргүй хэлсэн үг,  аминчхан үйлдлүүд бусдын амьдралд нөлөө үзүүлчихдэг гэдгийг тэр бүр анзаардаггүй.

“ХҮН ГАЖУУДУУЛААД САНАЧИХДАГ”

-Тони Адрианы дэргэд нэлээд арчаагүй амьтан мэтээр ойлгогдож болох байх л даа. Гэхдээ хүн төөрөлдөж, бүдчиж явах нь яагаад буруу юм бэ. Хөгширсөн хойноо ч ойлгож, ухаарахгүй байсаар байх нь ч ер яагаад буруу гэж. Өнгөрснийг зөв таньж, ойлгож, ухаарахгүй байх гэдэг өөрөө хүний мөн чанар юм биш үү?

-Зохиолын утга санаа энэ хавьд зангилагдаж байж болох юм. Яах вэ, Тонигийн алдсан зүйл гэвэл хэт их өөрийгөө бодсон байх. Жаахан бэртэгчин дүр.

-Ялангуяа залуу насанд өөрийн мэдэлгүй аминч зан гаргаж, энэ нь бусдын амьдралд том, жижиг гэлтгүй гажаа, сэв суулгачихаж мэдэхээр. Гэхдээ аминч байх нь зөв, эсвэл буруу?

-Өөртөө жишээлж бодож л байсан. Хүн бүр их бага хэмжээгээр амиа хичээгч зантай. Адриан ч гэсэн өөрийн бодолдоо асар үнэнч хүн. Бэртэгчин байх мэдээж буруу. Гэлээ гэхдээ бид үүнийг амьдралдаа яг таг баримталж, “Бэртэгчин байхгүй байя” гэж чадаж байна уу гэвэл, худлаа шүү дээ. Адрианы насан дээр би өөрөө хямарч байсан. Тэгээд хүнд жаахан дэмтэй л амьдарвал амьдрал утга учиртай болох нь гэж бодоод, түүнээсээ жаахан гарч байсан. Гэхдээ энэ бас л аминч санаа байгаа биз. Өөртөө амгаланг эрэлхийлж, бусдад тустай амьдаръя гэж бодно гэдэг. Ер бодь сэтгэлийг цогцлоож чаддаг сан бол үнэхээр бүх зүйл сайхан болох байх л даа.

Өнөө цагт буддизмыг үнэн цогцоор нь ойлгох бус, өөрт хэрэгтэй хэсгүүдийг нь салгаж аваад, амьдралын хэмнэл, урам зоригийн мухар сургаальд ашигладаг болсон талаар нэг бичвэр уншсан. Нээрэн тэгж дээ гэж бодсон /инээв, Сурв/. Өдөр тутам хэрэгжүүлж чаддаггүй юм гэхэд бодож л явах хэрэгтэй. Тонигийн ахиу насандаа ойлгож, ухаарч буй дурсамжийг залуус уншаад нэгийг бодно байх аа.

-Тэр захидал ч айхавтар муухай үгтэй байсан шүү.

-Аа, аймшигтай. Асар ууртай үедээ бичсэн байх.

-Адрианд атаархаад яваад байдаг байсан юм биш үү. Өөрт нь байхгүй зан чанарыг цогцлоосон хүн гараад ирэхэд ухамсаргүйгээр атаархах мэдрэмж төрдөг. Тонид өөрт нь сул доройг нь мэдрүүлсэн үйл явдлууд Адрианыг гарч ирснээс хойш болсон байх.

-Харамсмаар зүйл хийчихээд, түүнийгээ өөрийн мэдэлгүй мартчихсан юм болов уу. Албаар дарчихсан. Хожим түүнийг нь сэдрээхэд бүх зүйл илэрч гарсан, дахин санагдсан. Эхний бүлэгт гарсан бүх дурсамжууд нь хоёр дахь бүлгээс тэс өөр өнцгөөс харагдах болдог. Дурсамж, ой санамж гэдэг найдаж боломгүй л болчихож байгаа юм. Хүн өөрөө гажуудуулаад саначихдаг.

“Хүн өөрөө гажуудуулаад саначихдаг”. Тони дурсахыг хүссэнээ л дурсаад буйгаараа онцлог. Ерөөс хүн өнгөрснийг эргэн дурсахдаа яг ингэж, өөрийн мэдрэмж, сэтгэгдэлд дийлэнх дулдуйддаг. Гол нь түүнийгээ үнэн гэж бодож, итгэж явдаг. Тэр итгэл үнэмшлээрээ хооллож, ундаалж ч явах нь бий. Гэвч бодит байдал дээр юу болж өнгөрөө вэ.

Ингээд харахаар түүх гэдэг ихээхэн субъектив ойлголт болж буй. Сэтгүүлчдийн дунд “Дэргэд нь лаа бариад зогсож байсан юм шиг бичих” гэж нэг хэлц хэлэгддэг. Яг өрөөлийн амьдрал дахь өнгөрсөнд, шууд дэргэд нь лаа бариад зогсож байгаагүй л бол түүнийг тайлна, дурсана гэдэг өөрийнхөөрөө таана л гэсэн үг.

Харин Тони юу болсныг ойлгочихъё гэж их хичээнэ ээ. Вероника түүнийг “Чи угаас хэзээ ч ойлгодоггүй хүн” гэж даапаална. Хүний мөн чанар ер тэр ч юм бил үү. Өнгөрснийг ойлгодоггүй. Өөрийнхөөрөө л дурсаж явдаг.

-Л.Өлзийтөгс хүүрнэл зохиол бүрдээ бичээд байдаг, аливааг битгий өнгөц дүгнээрэй гэж. Хаанаас, аль өнцгөөс нь харна, төдий олон янзаар ойлгогдох боломжтой. Өөрөөр хэлбэл субъектив дүгнэлт хийж, өөрийнхөөрөө дотроо шүүн таслахыг буруу шүү гэж бичдэг. Үүнийг ойлгуулсан хувь туршлага байдаг уу?

-Хүнд тэгтлээ гомдож, Тони шиг өс санаж яваагүй л дээ /инээв, Сурв/. Харин өрөөл бусдыг гомдоож явсан л байх. Дүүдээ багад нь их муухай ханддаг байсныгаа том болсон хойно нь ярилцаад ойлгож байсан. Хүмүүс ер нь тэгээд л дүгнэчихдэг. За, ингэж бодлоо гээд бид “Би буруу бодож байж мэднэ” гэж үргэлж цэнэж явах хэрэгтэй болох нь. Гэвч бид Тони шиг л явдаг нь үнэн.

-Романд түүх гэж үнэн мөн чанартаа юу юм бэ гэдэг санаа их гардаг. Яг юу болоод өнгөрснийг хүн ер нь мэдэж чадахгүй. Өөрийн үзэмжээр л тайлах боломжтой. Яг Тони шиг, өөрийн сэтгэгдлээр тайлсаар өтөл хөгшин насандаа очдог. Энэ л мөн чанар гэдгийг хэлсэн болов уу.  

-Тийм байж болох юм. Амьдрал, дурсамж гэдэг ер ийм барим тавим, субъектив зүйл гэдэг санаа.

“Амьдрал, дурсамж гэдэг ер ийм барим тавим”... Тони энэ мөн чанарыг ойлгоогүй ч өнгөрснөө ойлгох гэж төгсгөл рүүгээ дөхөж буй цэгээс эргэж бүгдийг харж буй нэгэн. Төгсгөлийн мэдрэмж түүнд тийм ч амар, амгалан байсангүй ээ. Бид залуу насандаа эрч хүчээр дүүрэн амьдарч, хийж бүтээж, сэлэм эргүүлж, байлдан тулалдсаар хөгширсөн хойноо “амарна” гэж л санадаг.

Гэвч “тэтгэвэртээ гарах” сэтгэлийн хувьд бүрэн бүхнээс ангижирчихна, бодь сэтгэлтэн болчихно гэсэн үг биш аж. Өнгөрсөнд харваад өнгөрсөн зурвас дурсамжууд гэв гэнэт сэрхийтэл орж ирж, ээрч зовооно. Тайлах гэж, ойлгох гэж хичээнэ. Мэдээж бүтэлгүйтнэ. Зарим ой дурдатгалын эзэд нь амьдралаас харваад одчихсон, зарим нь таньж, тэр гэхийн тэмдэггүй болж хувирч өөрчлөгдсөн байна. Бусдаас тусламж эрээд ч хэлж өгөх нь юу л бол. Ингээд эргээд л өөрийн мэдрэмж, боломжит ой санамжин дундаа найдаж, эргэлдэхээс өөр аргагүй болно.

-“Төгсгөлийн мэдрэмж”-ийг хэр хугацаа зарж орчуулсан бэ. Та өөрөө сонгов уу?

-“Тагтаа”-гаас санал болгосон. Уншаад таалагдсан. Ерөнхийдөө төлөвшлийн роман таалагддаг байсан л даа. “Төгсгөлийн мэдрэмж” зарим агуулгаараа ийм шинжтэй. Бас сүүл хэсэг дэх тайллууд, философийн хувьд дэвшүүлсэн санаанууд нь таалагдсан.

Нэгдүгээр курстээ мөн л адил философийн хичээл үзээд, найзуудтайгаа ярилцан хэлэлцдэг байсан дурсамж бий. Адриан, Тони нарын хүүхэд ахуйн тэр дурсамжтай жаахан төстэй. Өөрийн амьдралтай холбож бодно гэвэл түүгээрээ л төстэй байх. Ер нь хөгширсний дараа хүн амьдралаа хэрхэн эргэж хардаг вэ гэдэг асуудлыг гаргаж тавьж байгаа нь надад сонирхолтой байсан.

-Орчуулагчийн хувьд, уншсан хүмүүс нэг ийм л юм бодоосой гэсэн зүйл байна уу?

-Тони туулж, өнгөрүүлсэн амьдралаа эргэж хараад, дүгнэх гэж, ойлгох гэж оролдож буй. Үүн шиг, яг энэ насандаа төгсгөлийн мэдрэмжийг мэдрэх гэж оролдож үзвэл сонирхолтой байх. Өөрөөр хэлбэл өөрсдийгөө ирээдүйн цагт авчирч тавьж байгаад, өнгөрснөө дурсах туршилт хийж үзэх гэх юм уу. Ингэвэл хүн ямартай ч нэгийг бодох байх аа.

“Бид өөдөөс угтах юмсыг өрсөн бодох дуртай атлаа мөнөөх ирээдүйнхээ төлвөөс өнгөрснөө дурсаж буйгаар ер төсөөлж чаддаггүй. Цагийн аясаар шинэ шинэ сэтгэл хөдлөлд суралцахыг ч бас...”

Өтөл төгсгөлийн мэдрэмжийг мэдэрч үзэлгүй, цэл насандаа амьдралаа тасласан Адрианыг Тони “Зөв ч, сайхан ч амьдарчээ. Би л харин дундаж нэгэн хэвээр амьдарч” гэж боддог. Үгүй дээ, Тони. Алдаж болно. Харин алдаа хийснээ хожим ойлгож, засах гэж оролдож буй нь л хамгийн зөв.

Хүний өнгөрсөн гэж барим тавим зүйл юм байна. Бид өөрийн мэдэлгүй өрөөл бусдын амьдралд нөлөөлчихдөг, цаг хугацаа харваад одчихдог юм байна. Өнгөрсөнд бид тэнэг л байдаг юм байна. Тэгээд яах гэж?

Хайр гэдэг агуулга. “Амьддаа бие биеэ хайрла” гэж эшлэвэл хэт хуучинсаг болчихож мэднэ. Угтаа тэр юм л даа. Залуу насанд, романтизмд автан хуйларч, хийсэж явахдаа бусдыг бодох нь тийм ч олонтой биш. Гэвч өтөл насанд гань ганцаар үлдчихээд...
Бид өрөөлийн сэтгэлд гэгээ гэрэл бадрааж, аз жаргал бялхааж байхыг хүсэх, миний алдсан боломжийг тэр хүн атгасан бол атаархах биш олзуурхан баярлахын чухлыг ойлгох хэрэгтэй бололтой.

Харин бусад нь абсурд. Иймд бас өөрийн дурсамжийг шүүрдэхдээ ч, өрөөлийн амьдралыг шүүх гэж оролдохдоо ч “Зөвхөн миний л өнцөг шүү” гэж ганц нэг бодож үзэх нь сая нэг боловсорч яваа ухаанаас гарах үйлдэл болов уу.

Уншигчдад хэр хэмжээний асуулт үлдээж буйгаар нь зохиолын чанарыг хэмжиж болно гэж ойлгодог. Та уншаад өөрөөр ч бодож мэднэ, илүү баялаг тайлж ч болно. Орчуулагч бид хоёрын товчхон хөөрөлдөөн ийм байна.

Эшлэлүүд:

“Дурсамж бол бидний мартчихсан гэж боддог зүйл” гэж хэн хэллээ?

“Хүн ер нь өрөөл бусдын өдрийн тэмдэглэлийг унших ёсгүй”

Та бидний реализм гэгч чинь аливаа асуудалтай нүүр тулах бус, нуугдаж бултахын л нэр аж. Цаг хугацаа... он цаг улирахын хэрээр бат нот шийдвэрээсээ гуйвж, итгэл төгс юмсад хүртэл эргэлзээ төрөх ажгуу.

“Удаан амьдрах тусам улам бага ойлгодог” гэж хэн хэллээ дээ?

Ялангуяа өнгөрсөн зам мөрөө үнэлж, цэгнэхэд харууслаас өөр ханиар яах билээ.

Хэтэрхий болгоомжтой амьдарч ирсэн над шиг хүн амьдралын талаар юу мэдэх сэн билээ. Ялсан ч үгүй, ялагдсан ч үгүй, зүгээр л амьдралын аясаар урсаж ирсэн нь энэ бус уу?

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
уншина аа
уншина аа
2021-05-18 09:17

завтай болоод уншина ааа

Зочин
Зочин
2021-05-18 16:19

Ниче биш Ницше

тэнэг
тэнэг
2021-05-18 18:25

ийм сайхан уншихгүй гээд яахав

Иргэн
Иргэн
2022-03-03 14:17

Сонгодог тийш явцгааж бна даа, явж бх нь гол...

Холбоотой мэдээ

Back to top button