НийгмийнСПОРТЯрилцлага

Гавьяат дасгалжуулагч Г.Элбэг: Шавь нараа амжилтад хүргэх сэн гээд 10-аад жил цалингүй багшилж байна

Улсын аварга Г.Эрхэмбаяр, Н.Батсуурь, улсын арслан Ц.Содномдорж, Р.Пүрэвдагва нараас авхуулаад улс, аймгийн алдар, цолтой олон хүчтэнийг бэлтгэн, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэсээр яваа үндэсний бөхийн шилдэг дасгалжуулагчдын нэг нь улсын харцага Гунгаагийн Элбэг.

Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын харьяат тэрбээр хэдхэн хоногийн өмнө Гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм цолны эзэн болсон юм. Гавьяат цол хүртсэнийх нь маргааш (өнгөрсөн баасан гарагт) түүнтэй ярилцлага хийхээр товлон, “Их шавь” дээр очиход тэрбээр аймгийн хурц арслан Э.Ууганбаяр нарын 10-аад шавийнхаа бэлтгэлийг базааж байв. Түүнтэй ярилцлаа.

ГАВЬЯАТ БОЛОХ СОН ГЭХ ХҮЛЭЭЛТ НАДАД БАЙГААГҮЙ

3 хүн, зогсож буй хүмүүс болон дотор гэх мэтийн зураг байж болно

-Юуны өмнө Гавьяат дасгалжуулагч болсонд тань баяр хүргэе. Гавьяат цол хүртсэнийхээ маргааш шууд ажилдаа орсон юм уу?

-Өө, тэгсэн, тэгсэн. Бөхчүүдийнхээ бэлтгэлийг хийлгэх нь миний ажил. Төрийн шагнал авсан гээд ажил, шавь нарын минь бэлтгэл цалгардах учиргүй.

Төрийн дээд шагнал хүртсэндээ баяртай байна. Хийж, бүтээсэнд минь бус “Арай болоогүй шүү. Улам их хичээгээрэй. Олон сайн шавь бэлтгээрэй. Үндэсний бөхийн хөгжил, ирээдүй хойчдоо өвлүүлэн үлдээхэд гол хувь нэмрээ оруулаарай” гэсэндээ намайг Гавьяат болгосон гэж бодож сууна.

Өчигдөр Гавьяат цол хүртэнгүүтээ “Их шавь”-даа ирж ёслон, Х.Намшир багш дээрээ очиж уулзлаа, аавынхаа гал голомтод очиж, хүндэтгэл үзүүллээ.  Тэгээд өнөөдрөөс шууд ажилдаа орлоо.

-Таныг хэзээ гавьяат болох бол гэж хүлээж суусан хүн олон. Зарим хүн “Тийм шагнал авах сан, ийм алдарт хүрэх сэн” гээд хүлээдэг. Гавьяат болчих юм сан гэх хүлээлт танд хэр байв?

-Гавьяат болох юм сан гэсэн бодол надад огт төрж байгаагүй. Би 1996 оноос өнөөг хүртэл “Их шавь”-д багшилж байна. Шавь нар минь өндөр амжилтад хүрээсэй, гавьяа, шагнал аваасай л гэсэн бодол надад бий. Шагнал, урамшуулалд ер ач холбогдол өгч явсангүй. Тийм болоод ч тэр үү надад ямар нэгэн хүлээлт байгаагүй. Тамирчин байсан, спортод элэгтэй Ерөнхийлөгчөөсөө, Ардын хувьсгалын 100 жилийн түүхт ойгоор Гавьяат цол хүртсэндээ их бэлгэшээж байна.

ЭНЭ ТАЛААР ЕТГ-аас ХЭЛЭХЭЭС ӨМНӨ ДУУЛААД ИХ САНДАРЛАА

2 хүн болон зогсож буй хүмүүс гэх мэтийн зураг байж болно

-Таныг энэ шагналыг хүртэх болсон тухай би олон хоногийн өмнө дуулсан. Та хэзээ мэдсэн бэ?

-Харин тийм ээ. Надад Гавьяат цол олгох болсон тухай яриа шагнуулахаас нэлээд хэдэн хоногийн өмнө гарсан. “Хүмүүс баяр хүргэе” гэхээр эвгүй санагдаж байлаа, дасаагүй. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчийн Тамгын газраас албан ёсоор надад дуулгаагүй байсан болохоор. Зарим хүн надаар тоглоом, наргиа хийгээд байгаа юм болов уу ч гэж бодогдов. МҮБХ-ны “Их эе”-ийн хурал дээр очиход олон хүн баяр хүргэсэн.

Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн Тамгын газраас яг шагнахынхаа өмнөх өдөр холбогдох хүртэлх хугацаанд эргэлзэж байлаа. Яг Гавьяат цолоор шагнуулахаар болж гээд дуулчихаар хүлээдэг юм байна. Өмнө нь бол тийм бодол огт төрдөггүй, хүлээлт байгаагүй л дээ.

ГАВЬЯАТ ЦОЛ ХҮРТЭХ БОЛСНЫГОО ХАМГИЙН ТҮРҮҮНД ЭЭЖДЭЭ ХЭЛЭХЭЭР ЯАРЛАА

-Ерөнхийлөгчийн тамгын газраас холбогдон, Гавьяат цол олгох болсныг тань дуулгахад баярт мэдээгээ хэнд хэлэхээр яарав?

-Шагнуулахын яг өмнөх орой нь 21.00 цагийн үед ЕТГ-аас холбогдоод, хэлсэн. Мэдээж их баярлалгүй яах вэ. Гавьяат болсон баярт мэдээгээ хамгийн түрүүнд ээждээ хурдан хэлэх сэн гэж яарлаа.

Гавьяат цол энгэртээ зүүх мөчид “Монголын төр улам хичээгээрэй гэж намайг шагналаа” гэж бодож байв. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Хэдэн шавьтай болж байна вэ” гэж асуусан. Тухайн үед яг юу гэж хариулснаа санахгүй байна. Сэтгэл их хөдөлсөн л дөө.

Гавьяат дасгалжуулагч цол хүртчихээд Төрийн ордноос гарч ирэхэд гэр бүлийнхэн, шавь нар маань олуулаа цугларчихсан, уухайлаад угтахад их огшлоо.

НИЙТ 300, УЛСЫН ЦОЛТОЙ 100 ГАРУЙ ШАВЬТАЙ

-Одоогоор та хэдэн шавьтай болоод байгаа вэ?

-Нарийн тоолж байсангүй. Лав 300 гаруй шавь бий. Улсын аварга Г.Эрхэмбаяр маань миний гарын шавь. Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагв, Ц.Содномдорж нарын олон шавь нараараа бахархдаг.

-300 гаруй шавийн тань хэд нь улсын цолтой бол?

-Бас л тоолж байгаагүй юм байна. Барагцаагаар улсын цолтой 100 гаруй шавь бий. Хамгийн гол нь тоондоо, өндөр амжилт гаргасандаа бус жудагтай сайхан бөх, зөв хүн болж төлөвшихөд нь олзуурхдаг. Шавь нар маань зөв хүн болоосой, зөв яваасай гэж би хүсдэг.

-Өнөө жил, аймгийн наадамд та хэчнээн шавиа сойж байгаа вэ?

-Энэ жил коронавирустэй байгаа тул олон бөхтэй ажиллаж чадаагүй. Улсын цолд яригдаж буй аймгийн 20 гаруй арслан бэлтгэлээ миний удирдлагад хийж байна.

12 НАСТАЙДАА Х.НАМШИР БАГШИЙН ШАВЬ БОЛЖ БАЙЛАА

-Та Ардын багш Х.Намшир гуайн шавь. Үндэсний бөхтэй амьдралаа хэрхэн холбож байв?

-Би 12 настайдаа анх бөхийн спорттой амьдралаа холбож байлаа. Ах минь намайг дагуулж очоод Х.Намшир багшийн шавь болгосон юм. Багш намайг хоёр жилийн хугацаанд нэг ч хүнтэй барилдуулаагүй. Тэгж бэлдсэн. 14 насандаа анх барилдан, хүүхдийн барилдаанд зодоглож байлаа.

Би 1988 онд улсын наадмын хүүхдийн барилдаанд шөвгийн наймд үлдээд унасан. Тэр жил одоогийн улсын аварга Д.Сумъяабазартай тунаж барилдаад өвдөг шороодсон юм. Дараа жил нь бид хоёр үзүүр, түрүүнд үлдэн, би түрүүлж билээ. Тэгэхэд улсын тулгат гэдэг цол хүртсэн юм. Сүүлд улсын зааны даваанд Д.Сумъяабазартай барилдахад би унаж, Сумъяа тэр чигтээ түрүүлж, улсын аварга болсон юм. Д.Сумъяабазар бид хоёр хэн, хэнээрээ цолд хүрдэг бөхчүүд.

-Та багадаа үеийнхнээсээ хавьгүй өсгөлүүн, биерхүү байв уу?

-За, байз би 15 настайдаа чөлөөт бөхийн өсвөр үеийн улсын аваргад түрүүлэхдээ 90-ээд кг жинтэй байлаа. Намайг хүмүүс “Үйлдвэр комбинатын бүдүүн хүүхэд” гэдэг байсан юм. Тэр хавийнхаа хамгийн биерхүү хүүхэд нь би байлаа.

Би аавынхаа төрсөн нутаг болох Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумаар овоглож явдаг. Уг нь би Улаанбаатар хотын тэр тусмаа “Үйлдвэр комбинат”-ын унаган хүүхэд.

Самбо, жүдо, чөлөөт бөхийн Дүүргийн аваргад намайг шууд оролцуулдаг байлаа. Би жүдогийн залуучуудын шигшээ багт анх багтаж билээ.

Би чөлөөт бөхийн УАШТ-д насанд хүрэгчдийнхэд гурав, залуучуудынхад тав, өсвөр үеийн ангилалд 2-3 удаа түрүүлсэн.

22 НАСАНДАА ЧӨЛӨӨТ БӨХӨӨР БАРИЛДАХАА БОЛЬЖ, ДАСГАЛЖУУЛАГЧ БОЛСОН

-Таныг томоохон тэмцээнд оролцуулаагүй гол шалтгаан юу байсан бол?

-Би сайн мэдэхгүй юм даа. Улсын аваргад түрүүлээд, яг оролцох гэж байхад “Энэ тэмцээнийг өнжчих, дараагийнхад нь оролцоорой” гэнэ. “ДАШТ-ийг өнжөөд, Азийн АШТ-д намайг оролцуулахаар болж” гээд бэлтгэлээ хийж байтал дахиад болиулчихна. Одоо ч Монголын чөлөөт бөхийн холбоонд тийм бугшсан зүйл байдаг юм билээ. Ямар тэмцээнээс хасагдлаа байз, тэгэнгүүт нь чөлөөт бөхөөр барилдахаа гэнэт больсон юм.

Чөлөөт бөхөөр тууштай барилдан, олимп, ДАШТ-ий дэвжээнд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн бол гэж харамсалгүй яах вэ. Тийм харамсал одоо ч бий. Би ДАШТ, Азийн АШТ-д нэг ч удаа барилдаж үзээгүй.

Одоо эргээд бодоход би юу ч мэдэхгүй, 22 настай байхдаа багш болж байж. Тухайн үед их шазруун байв. Чөлөөт бөхийн улсын аваргад түрүүлчихээд байхад ДАШТ-д байтугай Азийн АШТ-д оролцуулахгүй байгаад нь гомдсон, шаралхсан. Тэгээд тийм залуудаа багш болж байлаа.

Х.Намшир багшийгаа дагаад, багштайгаа хамт бэлтгэл хийгээд, эсвэл бэлтгэл хийж, барилдахад хажуугаас минь зөвлөх, намайг бэлдэх, алдаа, оноог минь хэлээд өгөх дасгалжуулагчтай байсан бол миний амжилт арай өөр байх байсан гэж боддог. Х.Намшир багштайгаа үргэлжлүүлээд хамт байсан бол гэж бодохоор...

ЗАЛУУ БӨХ БАЙХДАА ШУУД УЛСЫН ЦОЛТОН БОЛСОН

-Таныг улсын харцага гэдгээр, үндэсний бөхийн амжилтаар нь монгол түмэн илүү сайн мэднэ. Улсын харцага цолоо ахиулах боломж хэр байв. Та бүрэн ашиглаж чадсан уу?

-Би анхандаа аймаг, сумын цол хүртэх зорилготой барилдаад санасандаа огт хүрч чадаагүй. Бөхийн спортыг багаасаа амьдралаа болгосон тул аймаг, сумын цолыг хэзээ бол хэзээ авна гэдэгтээ итгэлтэй байВ. Аймаг, сумын цолгүй, залуу бөх 1997 оны төрийн наадамд барилдахдаа шууд улсын начин болж билээ. Тэр жил улсын гарьд П.Сүхбатаар зургаа даваад, долоогийн даваанд Ц.Цэрэнпунцаг гарьдад унаж билээ.

Түүнээс хойш олигтой барилдаагүй. Тэгж явсаар 2006 онд, 32 насандаа зургаа давж, цолоо баталсан. 2007 онд улсын заан цолны даваанд Д.Сумъяабазартаа унасан. За, тэгээд ийм л богинохон амжилттай хүн дээ.

Намайг хүүхэд байхаас авхуулаад үндэсний бөхийг Д.Цэрэнтогтох аварга надад заасан. Х.Намшир багшийн хажуугаар. Би Д.Мөнх-Эрдэнэ арслантай бэлтгэлээ үргэлж хамт хийнэ. Надаас 10 насаар ах ч найзууд, төрсөн ах, дүүс шиг дотно байлаа.

-Та 22 насандаа дасгалжуулагч болсноосоо хойш “Их шавь”-д багшилж байна. Ж.Мөнхбат аварга таныг энд багшлахыг урьж, санал тавьсан гэдэг, үнэн үү?

-Үнээн. 1996 онд Ж.Мөнхбат аварга “Сургуульдаа багшаар үлдэх үү” гэсэн, би зөвшөөрсөн. Тэгээд л энд багш болон үлдэж байлаа. Анхандаа чөлөөт бөх, үндэсний бөх заадаг байв. Одоо үндэсний бөхөө дагнаж байна. “Их шавь”-ийн дээд сургууль татан буугдсан, одоо “Их шавь” сургалты төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Хакүхо М.Даваажаргалын санаачилгаар энэ заалыг барьсан юм.

-Хэдхэн хоногийн өмнө МҮБХ-ны “Их эе” хуралдсан. Тэргүүнээрээ Ц.Магалжавыг сонгон, хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Үндэсний бөхөд тулгарсан гол асуудал, гажуудлыг та юу гэж тодорхойлох вэ?

-Би МҮБХ-ын Тэргүүлэгчээр 20-иод жил ажиллаж байна. Үндэсний бөхийг хөгжүүлэхийн төлөө олон гаргалгааг эрэлхийлдэг.

Чөлөөт бөх, жүдогоор барилдаж байгаад, ажил төрлөө хийж яваад улсын наадамд зодоглодог байсан үе тэс өөр болсон. Одоо үндэсний бөхийн спортын мэргэжлийн хэмжээнд хүрсэн. Тиймээс энэ түвшинд хөгжүүлж, бөхчүүдээс өөр шаардлага тавьдаг болох хэрэгтэй. Хэн нэгэн бөхөөс допинг илэрлээ, бэртлээ гэхэд ард нь клуб, дэвжээ байхгүй бол хэцүү.

Барьц сонгоог халсан, допинг илэрсэн бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал яригдаж байгаа. Дөрвөн жил гэдэг тухайн бөхийн ид үе дуусах хугацаа.

“ИХ ШАВЬ”-д 10 ЖИЛ ЦАЛИНГҮЙ БАГШИЛЖ БАЙНА

-Допингтой хэрхэн тэмцэх нь хамгийн зөв гаргалгаа вэ. Сүүлд допинг илэрсэн гурван бөхийн барилдах эрхийг 11 сараар хассан, тухайн бөхчүүд энэ жил наадмаар барилдана. Гэтэл хоёр жилийн өмнө эрхээ хоёр жилээр хасуулсан Д.Цэрэнтогтох начин өнөө жил зодоглох боломжгүй. Энэ мэт бөхчүүдийг алагчилсан, үзэмжийн шийдвэр допингийг улам өөхшүүлээд байх шиг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Уялдаа холбоо муу байгаагийн илрэл. Нутаг усны юм яригдаад л байдаг. Энэ жил нэлээд эвгүй юм болох байх. Цар тахлын улмаас барилдаан болохгүй удаж байна. 11 жилээр эрхээ хасуулсан гурван бөхөд ашигтай байлгүй яах вэ. Бусад бөх ч мөн барилдаагүй юм чинь.

Жишээ татъя. “Их шавь” дэвжээ 20 бөх цалинжуулж, нэр дээрээ барилдуулдаг, МҮБХ-той хамтарч ажилладаг гэж бодъё. Хэрвээ манай дэвжээний бөхөөс допинг илэрлээ гэж бодоход тухайн бөхтэй, дэвжээтэй нь хариуцлага ярьдаг болох хэрэгтэй. Заавал ганц бөх бүлтэгнээд яваад байх бус эрх ашгийнх нь төлөө хамтдаа дуугардаг, хариуцлага хамтдаа үүрдэг болох чухал.

Би сүүлийн 10-аад жил энд Нарангэрэлтэйгээ хамт цалингүй ажиллаж байна. Үндэсний бөхийн хөгжил, шавь нарынхаа амжилтын төлөө гүрийсээр өдий хүрлээ. Үүнийг системд оруулаад өгчихвөл өөр болно. Бөхчүүд, шавь нар маань энд барилдааны бэлтгэл хийдэг. Хүчний бэлтгэлээ өөр газар базаадаг. Хүч авах, масс нэмэх чинь өөр газар хийгдээд байгаа байхгүй юу.

ҮНДЭСНИЙ БӨХИЙН МЭХНИЙ 30-50 ХУВЬ НЬ УСТСАН

-Хүчний бэлтгэл гэснээс бөхчүүдийн уян хатан чанар алдагдан, уран, хурц барилдаан улам ховордсоор. Одоо ер нь бөхчүүд хэдэн мэх хийж байна вэ?

-Үндэсний бөхийн  мэхний 30-50 хувь нь устсан. Хонгодох, хутгах, мордох, мушгих, мурих, суйлах зэрэг олон мэх огт хийгдэхээ болилоо. Өмсөх мэх нүдний гэм боллоо. Тухайн мэх хийгдэхгүй байгаа тул устахаас өөр аргагүй. Бөхчүүд хүчний бэлтгэл хийн, масс их нэмсэн нь үүнд нөлөөлж байна. Чөлөөт бөх, жүдогийн бага жингийн бөхчүүд яаж барилддаг билээ. Хүнд жингийн бөхчүүдийнх нь ямар билээ. Яг л түүн шиг.

Өнөөгийн бөхчүүд 8-12 мэх л хийж байна. Х.Баянмөнх үндэсний бөх 666 мэхтэй гэсэн судалгаа гаргасан байдаг. Ер нь 24 мэхээс салбараас 400 гаруй мэх бий гэж томъёолсон нь бий.

-Тэгэхээр үндэсний бөхийн спорт утгаараа хөгжихгүй байгаагийн илрэл.

-Тиймээ. Устах аюулд орж байна гэсэн үг. Өнөө цагт улсын харцага Т.Баасанхүү, Зоригтбаатар нар яаж барилдаж байгаа билээ. Хоёулаа хөнгөн жинтэй, жижиг биетэй. Хэчнээн гоё барилдаж байна вэ. Гэхдээ өнөө л хэдхэн мэхийг л хийж байна.

-Та түрүүн энд 10-аад жил цалингүй ажиллаж байгаа гэсэн. Ар амьдралаа хэрхэн зохицуулж байна вэ?

-Хүүхдүүд минь том болчихлоо, надад нэг жижиг бизнес бий. Түүгээрээ л болгож байна. Хань минь намайг, үндэсний бөхийн спортыг маш сайн дэмждэг, ойлгодог. Ханьдаа маш их баярлаж явдаг.

-Өнөөг хүртэлх хугацаанд “Цалингүй юм чинь өнөөдөр амарчихъя” гэж бодогдож байв уу?

-Ёстой тэгж байгаагүй. “Бэлтгэлээ халаалтгүй хийж байгаад бэртчих вий” гэж яарсаар ажилдаа ирдэг.

-“Үндэсний бөх мэргэжлийн дасгалжуулагчгүй боллоо” гэж бөхчүүд санаа зовнисоор байгаа. Өнөө цагт үндэсний бөхөөр Адъяахүү начин та хоёр дагнан ажиллаж байна гэхэд буруудахгүй байх.

-Үндэсний бөхийн спорт клубийн системд шилжчихвэл ийм байдал өөрчлөгдөнө.

НААДМЫН БЭЛТГЭЛД ЭНЭ САРЫН 10-НААС ХОЙШ ГАРНА

-Өнөө жил Ардын хувьсгалын 100 жилийн ойтой. Хоймор нутгийнхаа, шавь нарынхаа наадмын бэлтгэлд хэзээ гарах вэ?

-Манай нутгийн бөхчүүд наадмын бэлтгэлдээ зургаадугаар сарын 10-наас хойш гарна. Ц.Содномдорж арсланг төрийн наадамд түрүүлэх болов уу гээд нэлээд том юм харж сууна. Содномын бэлтгэл сайн байгаа. Дээрээс нь Хөхчирэнгэр, Ганхуяг, Давааням, Даваа-Очир нарын начингууд, улсын цолд зүтгэх хэд хэдэн аймгийн цолтон бий. Бүгдийг нь амжилтад хүргэхийн төлөө хичээнэ.

Би дөрвөн хүүхэдтэй. Нэг хүү минь барилддаг, аймгийн начин цолтой. Батсуурь хүү минь энэ жил нэлээд юм дуулгах байх гэж итгэж байгаа.

Намайг дэмжиж явдаг монгол түмэндээ, хоймор нутгийнхандаа, Улаан-Уул сумынхандаа, ээж, ханьдаа, шавь нартаа баярлаж явдаг.

ГЭРЭЛ ЗУРАГ, БИЧЛЭГИЙГ Б.ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
авлига ҮНЭРТҮҮЛСЭН ШИЙТГЭЛ
авлига ҮНЭРТҮҮЛСЭН ШИЙТГЭЛ
2021-06-07 09:31

ДОПИНГ илэрсэн Батсуурь тэргүүтэй бөхчүүдийн эрхийг 11 сар хасах шийдвэрийг хэн гаргасан юм вэ? ЗАРЛААЧ. ЯАХААРАА БУСАД ДОПИНГ ИЛЭРСЭН БӨХЧҮҮД НЬ ЭРХЭЭ ХОЁР ЖИЛЭЭР ХАСУУЛАХ ЁСТОЙ ЮМ ВЭ? энэ авлига ҮНЭРТҮҮЛСЭН ШИЙДВЭРЭЭ ЭРГЭЖ ХАРААЧ.

Зочин
Зочин
2021-06-07 15:18

za jinhene boh, bagsh hun ba lee. olon tumen n toirood bucheed hureeeldeeg hairladag towchhondoo mundag tom hun sn hun n ilerhii haragdjiin

Зочин
Зочин
2021-06-08 14:33

допннг нь илрэхгүй бол бас өөр хэн нэгний ид үе дуусах байлгүйдээ

Холбоотой мэдээ

Back to top button