ЯРИЛЦЛАГА

Ч.Ундрахбаяр: Надаар дамжуулж олон арван хөгжлийн бэрхшээлтэй иргэн Ерөнхий сайдад зөвлөнө

Ч.Ундрахбаяр хэмээх энэ эрхэм 108 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг төлөөлж, Төрийн ордонд орж ажиллана. “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн тэрбээр хэзээ ч өөрийгөө төрийн ордонд ороод Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана хэмээн төсөөлж байгаагүй тухайгаа ярилцлагын үеэр онцолсон юм. Бид түүнтэй ирээдүйн тухай ярилцлаа.

ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙГӨӨ ТӨРИЙН ОРДОНД, ЕРӨНХИЙ САЙДЫН ЗӨВЛӨХӨӨР АЖИЛЛАНА ГЭЖ БОДОЖ БАЙСАНГҮЙ

-Хүмүүс таныг “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв”-ийн тэргүүн гэж мэднэ. Харин Ч.Ундрахбаяр гэх хувь хүнтэй танилцаад, ярилцлагаа эхэлье?

-Тэгэлгүй яахав. Би эхнэр, гурван хүүхдийнхээ хамт амьдардаг. Япон хэлний багш мэргэжилтэй. Гэхдээ мэргэжлээрээ ажиллаж байгаагүй. Ер нь бол “Түгээмэл хөгжил бие даан амьдрах төв” миний хийж буй анхны ажил. Харин Япон хэл бага зэрэг суралцсаныхаа үр шимээр “Duskin” корпарацийн “Leadership training” хөтөлбөрийн дагуу Япон улсад нэг жилийн сургалтад сууж байсан. Харин дараа нь Санхүү эдийн засгийн их сургуульд бизнесийн удирдлага магистрын зэрэг хамгаалсан.

-Та 2018 онд өгсөн ярилцлагадаа “Хараагаа алдаж, суумгай болж, сонсголоо алдаж үзээгүй хүмүүс яг ийм бэрхшээлтэй хүмүүст зориулсан бодлого, үйлчилгээг бий болгоход хэцүү” гэж хэлсэн байна билээ. Харин одоо та Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллах гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан ямар, ямар бодлого, үйлчилгээг зөвлөж, хэрэгжүүлэх шат хүртэл нь тууштай явья гэж бодож байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд нэг зорилгын хүрээнд уулзаж, ярилцдаг. Тэгэхдээ хэн нэг нь бодлогын түвшинд гараад ирвэл ард талд нь бүгдээрээ хамт ажиллана хэмээн ярьдаг байсан. Тиймдээ ч одоо ганц би биш, надаар дамжуулж олон, олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд Ерөнхий сайдад зөвлөнө гэсэн үг. Баг болж ажиллаж байсан төрийн бус байгууллагуудтайгаа байнгын холбоотой байж, уулзаж, бодлого шийдвэрт санал бодлыг нь тусгахыг хичээнэ.

Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал маш өргөн, хүн гэдэг утгаараа бүхий л асуудалд хамааралтай. Гэхдээ бүгдийг нь өрх савсан юм шиг нэг дор хийгээд дуусгачихна гэж байхгүй. Хамгийн чухал асуудлыг эрэмбэлж, юунаас эхлэж, дунд хугацаанд ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ шийднэ. Түүнээс биш энийг л заавал хийх хэрэгтэй гээд бүх асуудлыг гаргаж тавих юм бол эдийн засгийн талаасаа ч тэр хүн хүчний нөөцийн талаас  ч тэр хэцүү.

-Хийх ажлуудаа эрэмбэлнэ гэлээ. Та яг юунаас эхэлье гэж бодож байна?

-Саяхан Ерөнхий сайд ТББ-уудтай уулзалт зохион байгуулсан. Тэнд есөн асуудал хөндөгдсөн. Хэдий наймхан асуудал бага юм шиг санагдаж байгаа ч утга агуулга нь асар өргөн. Ерөнхий сайд ч тэдгээр асуудлуудыг шийдвэрлэх талаас нь ажиллацгаая гэсэн. Тэгэхээр би ажлаа тэдгээр асуудлуудаас эхлүүлэх байх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шийдвэрлэнэ гэсэн есөн асуудал

  • 2022 оноос шинэ хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж батлуулах
  • Дохионы хэлний хэлмэрч, орчуулагчийг үе шаттай бэлтгэх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулаагүй ажлын байрны төлбөрийг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд зарцуулах
  • Төрийн бус байгууллагатай хамтран ажилд зуучлах, мэргэжлийн сургалтад хамруулах, мэргэшүүлэх, суралцах орчин бүрдүүлэх, суралцагчдын тоог нэмэх
  • Хөгжлийн бэрхшээлийн эрт илрүүлэлтийг сайжруулах
  • Боловсролын цогц үйлчилгээ нэвтрүүлэх
  • Орон сууцжуулах дэд хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Нийтийн тээвэр, барилга байгууламж, гудамж, талбай зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй хэлбэрээр тоноглох, тохижуулах
  • Жижиг, дунд үйлдвэрлэлийн сангаас дэмжлэг үзүүлэх

Гэхдээ дээрх асуудлуудаас яг тэрийг нь эхэлж хийнэ, зөвлөнө гэж ярихад арай эрт байх. Мэдээж очих гэж байгаа ажлын байртайгаа танилцаж, баг хамт олонтой ярилцана.

Манай улс өнөөг хүртэл хөгжлийн бэрхшээлтэй хүний өдөр тутмын асаргаа үйлчилгээг гэр бүлд нь даатгадаг тогтолцоотой. Ийм байх нь давуу талтай байж болох ч маш олон сөрөг асуудлыг дагуулж буй. Нэг хүнийг асрахын тулд гэр бүлийн нэг хүн ажил хийлгүй гэртээ суух болдог. Үүнийг дагаад өрхийн эдийн засагт хүндрэл тулгардаг. Асарч байгаа асруулж байгаа хоёр хүн нийгмээс тасардаг. Энэ мэт үргэлжилсэн асуудал үүснэ. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өөрсдөөр нь сонголт шийдвэрийг гаргуулж, чадахгүй зүйл дээр нь хувийн туслах дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй байгаа юм. Энэ үйлчилгээг бий болгох юм бол гэр бүлд ирдэг ачаалал багасна. Нөгөө талдаа шинэ ажлын байр бий болно. Цагийн ажил хийх хүсэлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусалж, туслалцаа авсан бид амьдралд бодитойгоор оролцож эхэлнэ. Энэ мэт асуудлаас ажлаа эхэлнэ. Гэхдээ цаана нь яригдаагүй олон асуудал бий.

-Ингэхэд та Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллахаар болсноо хэзээ мэдсэн бэ?

-Өнгөрсөн долоо хоногт мэдсэн. Анх санал ирэхээр нь жаахан эмээсэн л дээ. Тэгээд “чадахгүй байх, жаахан бодъё” гэж хэлсэн. Гэтэл “дээр дурдагдсан ажлуудыг түргэн шуурхай хэрэгжүүлье гэхээр бодох, ярилцах цаг тун бага байна. Чи хичээгээд ажилла” гэсэн. Анхандаа жаахан эмээсэн нь чадна, чадахгүйдээ биш шүү дээ. Маш том хариуцлагатай ажил. Хэдий хэр хугацаанд ажилласан ч гэсэн ямар нэгэн байдлаар үр дүнд хүрэх хэрэгтэй. Зөвхөн байгууллага удирдаж байсан бол одоо бүр нийгмийн хамгаалал, хөгжлийн асуудалд зөвлөх тул өмнөхөөсөө илүү судлах, турших, унших хэрэгтэй болж байна. Үүнийгээ дагаад ажлын ачаалал нэмэгдэх байх. Тэр утгаараа жаахан цочирдсон. Хэзээ ч өөрийгөө төрийн ордонд, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллана гэж бодож байсангүй.

-Энэ үйл явдал хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд маш их урам зориг, итгэл найдвар төрүүлж байгаа байх?

-Тэгэлгүй яахав. Маш их урам өгч, итгэл үнэмшил нь нэмэгдэж байгаа байх. Уг нь бол Монгол Улс чинь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаатай бодлого шийдвэрээр сайтай шүү дээ. Харамсалтай нь цаасан дээр буусан хуулийн хэрэгжилт нь удаан. Хэрэгжихгүй зүйл нь олон. Харин одоо маш олон хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань хамтрах учраас тэдний оролцоо бас нэг шатаар ахина байх. Тэр утгаараа бол бүхнийг арай өөрөөр л харж, төсөөлж байна.

-Өөрийн үүсгэн байгуулсан ТББ-ынхаа ажлыг хүлээлгэж өгөөд Төрийн байгууллага руу шилжих гэж байна. Чухам юу бодогдож байна вэ?

-Маш гэнэтийн үйл явдал боллоо.  ТББ-ууд ч уулзалт хийж ярилцаад маш түргэн хугацаанд шийдвэрлэчихлээ. Мэдээж одоо надад мэдэхгүй зүйл их байгаа. Төрийн албан хаагчаар ажиллаж үзээгүй учир. Хууль журмынхаа хүрээнд одоогийн ажлаа хүлээлгэж өгнө. Бид ярилцаж байгаа. Эхлээд оффисын хурал хийгээд, дараа нь гишүүдийн хурал хийж, дараагийн тэргүүнээ сонгоно. Ойрын хугацаанд хариуцаж байсан бүх ажлаа хүлээлгэж өгөхөөр бэлтгэлээ хангаж байгаа.

-Хөдөөгийн нэг суманд л гэхэд тусгай сургууль байдгийг мэдэхгүй насанд хүртлээ мал, маллаж байгаа хүүхдүүд бий. Энэ мэт сурч боловсрол эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд рүү чиглэсэн ямар бодлого хэрэгжүүлээсэй гэж та бодож байна. Үүнийг тусгайлан асуумаар санагдлаа?

-Энэ бол маш чухал асуудал. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц дээр уг асуудлыг тусгаж өгсөн байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаа бүс нутагтаа амьдрах ёстой. Амьдрахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг улс орон шийдэх ёстой гэх агуулга байдаг. Архангай аймгийн нэгэн сумын сургуульд байдаг харааны бэрхшээлтэй иргэн тусгай сургуульд сурахын тулд гэр орноосоо гараад Улаанбаатарт ирж, дотуур байранд орох ёсгүй. Уг нь бол Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид тусгасны дагуу амьдарч буй бүс нутагтаа сурч боловсрох ёстой. Тийм орчин нөхцөлийг нь хангаж өгөх хэрэгтэй. Тухайн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан тохируулгуудыг хийж, программын дэмжлэг эсвэл туслах багш гаргаж өгч, бусад хүүхдүүдтэй хамт нийгэмших боломжийг нь бүрдүүлж өгөх нь зүй. Түүнээс биш ганцааранд нь зориулж анги нээгээд байх шаардлагагүй. Шаардлагатай зардлыг орон нутгийн төсөвт суулгаж өгөх хэрэгтэй. Энэ мэт шийдэл хэрэгтэй. Ажиллах хугацаандаа уг асуудлыг анхаарна.

ЗӨВХӨН ХҮРТЭЭМЖИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДСЭНЭЭРЭЭ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ САЙЖИРНА ГЭЖ БАЙХГҮЙ

-Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ярилцах нь зүй байх. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажлын ярилцлагад тэнцлээ ч тухайн байгууллага, ААН рүү тэргэнцэртэй иргэн орох боломжтой налуу зам байдаггүй, тэдэнд зориулсан бие засах өрөө байдаггүй, оффис нь цахилгаан шатгүй байрны гурав, дөрвөн давхарт байдаг гэх мэт хүндрэлүүдээс болоод мэргэжлээрээ ажиллаж чаддаггүй юм билээ. Үүнд дээр хэрхэн анхаарах вэ?

-Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээсээ хамаараад бидний хэрэгцээ шаардлага өөр, өөр байдаг. Бэрхшээлийн хэлбэрт нь тохируулсан төрийн үйлчилгээ дэмжлэгүүд оновчтойгоор явагдах юм бол ажил эрхлэлтэд хувь нэмэр оруулна. Зөвхөн хүртээмжийн асуудал шийдэгдсэнээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт сайжирна гэж байхгүй. Иргэдийн ойлголт, хандлага, тогтолцоог өөрчилж байж бодитой болно. Гэхдээ ямар олон юм хүсдэг юм, хэцүү юм бэ гэж бас харж болохгүй. Энэ тийм хэцүү зүйл биш. Байгаа зүйлүүд дээрээ жаахан өөрчлөлтүүдийг хийж хандлага, ойлголтоо өөрчлөхөд болох юм. Хамгийн үндсэн шийдэл нь хөрөнгө санхүүжилт. Санхүүжилт байж л орчны хүртээмжгүй байдал үгүй болно. Бид гэрээсээ гараад ажил орох хүртлээ асар олон саад тотгортой тулгарна. Алхам тутамдаа хэн нэгэн хүнийг гуйх шаардлага гарна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг шантраадаг. Мөн орчны хүртээмжээс гадна байгууллага доторх орчин нөхцөл маш чухал. Ариун цэврийн өрөө нь тохирч байна уу, үгүй юу, ажиллаж байгаа орчин нөхцөл ширээ сандал нь ямар байна гэдэг чухал.

Гэхдээ ААН-үүд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан орчныг бий болгохын тулд асар их зардал гаргах хэрэгтэй болдог. Уг нь бол орчин нөхцөлөө өөрчлөхөд нь төр анхаарч, дэмжих хэрэгтэй байхгүй юу. ААН-үүдийг торгож, шийтгэнэ гэхээс илүү хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангавал ингэж, ингэж дэмжинэ гэх нь зүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд авч байгаа тухайн ААН-ийн ажилчид ямар ойлголттой байх, ямар орчин нөхцөл шаардлагатайг тэр бүр мэддэггүй. Тэгэхээр ойлголтын зөрүүг ижилсүүлэх хэрэгтэй.

-Та дөнгөж сая Хөдөлмөрийн хуулийн 111 дүгээр заалтад 25 ба түүнээс дээш ажиллагсадтай албан байгууллагад  хөгжлийн бэрхшээлтэй нэг хүртэлх иргэнийг ажилд авах ёстой гэсэн заалтын тухай ярилаа. Таны харж буйгаар энэ заалтын хэрэгжилтэд өөрөөр хэн хэрхэн анхаарах хэрэгтэй бол?

-ААН-үүд хүсээд байгаа ур чадварыг нь хангахуйц хөгжлийн бэрхшээлтэй хүн хаана байгааг, яаж тэднийг бэлтгэхийг мэдэхгүй байгаад учир байгаа юм. Ажилд авах хэрэгтэй гэж хатуу шаардлага тавих биш ажилд авахад нь дэмжлэг үзүүлэх л чухал. Түрүү хэлсэнчлэн орчин нөхцөлөө сайжруулахад нь тусалж, татвараас хөнгөлөх, чөлөөлөх ч гэдэг юм уу ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлж байж тэр ААН урамшина. Торгох систем дээрээ анхаараад байх юм. Тухайн хүнд зориулсан орчин нөхцөл бүрдүүлж байхаар торгуулсан нь бараг ААН, байгууллагуудад зардал багатай байгаа. Тиймээс ч торгуулиа төлөөд явдаг байх. Иймд энэ асуудалд төр уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй.

-Улсаас халамжийн мөнгө тарааж буйгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд анхаарч байна, дэмжлэг үзүүлж гээд ойлгочихдог. Халамжийн мөнгө олгох төдийхнөөр хязгаарлачихдаг.Энэ ойлголтын зөрүүг яаж нэгтгэх вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төрийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг нь сонирхолтой. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг бодлого үйлчилгээ үзүүлэх нь боломжгүй зүйл. Өөр дээрээ жишээ авъя л даа. Энэ ажлыг хийхэд надад өөрт минь тохирсон тэргэнцэр чухал. Энэ тэргэнцэр гэдэг чинь миний хувьд гутал гэсэн үг. Жижигхэн хөлтэй мөртлөө 40 размерын гутал өмсөөд явбал хэцүү. Түүнтэй л адил энэ тэргэнцэр чинь зөвхөн надад зориулсан суудал байдаг байхгүй юу. Халамжийн бодлого ийм л байх хэрэгтэй. Бүгдэд нь 150 мянган төгрөгийн ижил тэргэнцэр өгчих юм бол тэр дэмжлэг биш. Тухайн хүний бэрхшээл, онцлогт нь тохирсон оновчтой халамж л хэрэгтэй. Зүгээр л “хөөрхий минь” гэсэн халамж хэрэггүй. Бодлого гаргагч хүмүүстэй ойр байж, санал бодлоо хэлж зөвлөх тул энэ боломжийг ашиглаад үүнийг хөндөнө. Гаргаж тавина. Дараа хийсэн ажилтай уулзъя.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

3 Сэтгэгдэл

  1. Төрийн бус байгууллага нэрээр төрийн мөнгө хулгайлахаа байсан цагт улс хөгжинө. Иргэний нийгмийн байгууллагууд ч гэх шиг гоё нэртэй даргад хуулийн дагуу мөнгө идэх том дэмжлэг болдог газар даа. Мөнгө өгөхгүй бол жагсаж, өлсөж ####гана ккк. Ядаж Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын тоог цөөлөөд чанаржуулах т#### дээр ажиллаж жинхэнэ хүндээ хүрдэг үйлчилгээтэй болгох т#### дээр анхаарч ажиллаарай. Та нарыг дарга нарын тархи угааж мөнгө босгосоор байт#### ядарсан олон иргэд хууль ёсны үйлчилгээгээ авах гэж зүдэрч байна шүү.

  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хувьд анхаарах гол хэдэн зүйл бичье. Би 25 жил групт 70%-тай байна.1997 онд УБ хотын ҮЭ групптэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогоочийн курст үнэгүй сургах зар сонсоод 2 удаагын курст бүртгүүлхээр очиход заав#### мөнгө төл гэсэн шаардлага тавьдаг юм байна. 2010- аад онд 11 хороолол хуучин гэмтлийн эмнэлгийн буйранд байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сург####тын төвд 2012 онд тогооч, мэдээлэл комьютерын 2 сург####танд бүргүүлье гэхэд 70%-тай намайг 48-тай хөгшин гэж гадуурхаад аваагүй. Нас зааж ялгаа хийж доромжлон гэдэг арай дэндүү байна.ХӨГЖИЛИЙН бэрхшээлтэй иргэдийн нэрээр ТББ, сан байгуулж мөнгө л иддэг бизнес хэтэрхий газар авсан. 70 %-аас дээш хөдөлмөрийн чадвар ####д####т тогтоогдсон мань мэт нь жижүүр мэтийн ажил олж хийх лөөлөө. Ер нь 40-өөс дээш настай болон групт байдаг бол өөртөө таарсан ажил олж хийх, ц####ин хөлс орлого олно гэдэг мянгуужингын үлгэр болоод удаж байна. Зээл авч ажил, бизнес эрхлэх гэхээр мөрөөдөл групын 6 сарын зээлээс өөр зээл олдохгүй. ХБИргэн аж ахуйн нэгж байгуулж бизнес эрхлэн гэдэг ямар ч дэмжлэг ####га. ХБИргэд бид бүгдийг төлөөлж Ерөнхий сайдын зөвлөх болсон дүүд захихад эхлээд бид бүгдийн сан#### хүсэлтийг авч сайн судлах хэрэгтэй. Миний мэдэхийн 1990-ээд оны эхнээс ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ҮЭ-ийн тэргүүн т####ыгаач ЗИНААМЭДР ээс өөр ХБИ бидний төлөө тууштай дуугарч тэмцдэг хүн ####га!?!!! Дүү ерөнхий сайдын зөвлөх болоод өөрийн эрх ашигтаа хөөцөлдөөд ####га болвоо!!! Монголын олон мянган ХБИ-ийн өмнөөс Ч. Ундрах баярт амжилт хүсье.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button