Харилцан байр суурь: АШУҮИС-ийн захирал Г.Батбаатарын дайрч гэмтээсэн иргэний ар гэр гомдолтой байна
АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар 80 настай иргэнийг гарцан дээр дайрч гэмтээсэн хэрэг өнгөрсөн тавдугаар сарын 15-нд гарсан. Харин энэ хэргийн хохирогч гэмтлийн улмаас өнөөдөр нас баржээ. Талийгаачийн хүү Батболд, охин Сэлэнгэ нар өнөөдөр хэвлэлээр дамжуулан байр сууриа илэрхийлсэн юм.
Хохирогчийн хүүгийн хэлснээр тус хэрэг нь цагдаагийн байгууллагад одоо ч шалгагдаж байгаа аж. Цагдаагийн байгууллага сэтгэцийн эрүүл мэндийн төвөөс талийгаачийг сэтгэцийн өөрчлөлттэй гэж гаргасан. Тэгээд хэрэг хүлээх чадваргүй гэж үзээд өөрийг нь биш хүүг нь хохирогчоор татсан хэмээн тэдний зүгээс мэдээллээ.
“Г.Батбаатар гэдэг хүн аавыг минь дайрчхаад ирж уулзаа ч үгүй. Эмнэлгийн төлбөрийг нь ч хангалттай төлөөгүй. Бүр бидний утсыг залгах боломжгүй болгосон байсан. Хэргийн мөрдөгч Мандах гэдэг хүнд үнэхээр гомдож байна. Батбаатар гэдэг хүний талд илт орж хохирогч болсон бидэнтэй дээрэлхүү харьцдаг байсан. Гэтэл өршөөлийн хууль гарах болохоор хоёр хоногийн өмнөөс хайлсан тугалга шиг болчихсон. Надад бас хардах эрх бий биз дээ. Бид ч бас цагдаагийн газар таньдаг хүнээрээ асуулгасан. Гэтэл “Чи зүгээр чимээгүй бай. Энэ бидний шийддэг асуудал биш юм байна. Амаа үдүүлсэн юм шиг л бай” гэсэн хариуг өгсөн.
Хууль нь өршөөдөг юм байна. Харин хүүхдүүд нь өршөөхгүй гэж Батбаатарт хэлмээр байна” гэж талийгаачийн хүүхдүүд ярьсан юм.
Түүнчлэн “Эмнэлгээс аавыг мөргөснөөс болоод зөнөлтийг нь хурдасгасан гэж хэлсэн. Бас уушиг нь устсан. Гэхдээ энэ тухай эмнэлэгээс гэмтэлтэй огт холбоогүй шүү гээд байсан. Эмнэлэг, цагдаагийнхан бүгд биднийг хохироож байна. Аав минь ч намайг мөргөсөн хүн яагаад ирж уулзахгүй, надтай хүн биш юм шиг харьцаж байгаа юм гэж гомдолтой байсан” хэмээлээ.
Энэ талаар бид АШУҮИС-ийн захирал Батбаатарын байр суурийг хүргэе.
“Гэрлэн дохиогоороо уулзвар өнгөрмөгц хоёр машины дундуур нэг өвгөн гарч ирээд мөргүүлсэн. Би гэмтлийн эмнэлэг дуудаад яаралтай эмнэлэгт хэвтүүлсэн. Тэнд 24 хонуулаад “Бриллиант” гэдэг эмнэлэг рүү ярьж байгаад мөн 10 хоног тэнд эмчилгээ хийлгэсэн. Миний зүгээс хөгшний эрүүл мэндтэй холбоотой бүх төлбөр гээд найман сая 500 мянган төгрөг төлсөн. Гэтэл хүүхдүүд нь үндэслэлгүйгээр 16 сая төгрөг нэмж нэхээд байгаа. Би тэрийг нь төлж болно оо. Хамгийн гол нь материалуудаа хууль зүйн үндэслэлтэй гаргаж ир л гэсэн шаардлагыг өмгөөлөгч маань тавиад байгаа юм. Замын цагдаагийн мөрдөгч “Та эмчилгээний мөнгийг нь төлчихсөн юм байна. Хуулийн дагуу төлбөрийг л үүнээс хойш төлөөрэй. Тэдний хүссэн мөнгийг өгөх шаардлагагүй шүү гэж зөвлөсөн юм. Би хүн учраас тэр хүмүүсийг гудамжинд хаях бодол байхгүй байсан.
Өнөө өглөө гэхэд л “Хохирогч улаан гэрлээр гарчээ. Батбаатар гэдэг хүн ямар нэг байдлаар замын хөдөлгөөний байдлын дүрмийг зөрчөөгүй” гэх ослын дүгнэлт гарсан. Эмнэлгээс гарах өдөр мөрдөгч ,өмгөөлөгч ч тэр энэ хүмүүс дахиж мөнгө нэхэмжилбэл эрүүл мэндэд нь зарцуулсан гэх баримтаа гаргаарай гэсэн. Хохирогчийн гэрээс шөнө дунд ч гэсэн утастаад дарамтлаад байхаар нь утсыг нь хаасан. Миний хувьд хүний амь нас, эрүүл мэндийг хохироосондоо үнэхээр харамсч байна. Гэхдээ бас хүүхдүүд нь настай ааваараа дамжуулан мөнгө олох гээд байгаа нь харамсалтай”.
О.ЭНХЖИН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Yavgan ni gartsaaraa garj mashintai ni yavgandaa zam tavij ogdoggui gees iim gai ih tohioldoj bnshdee ali ali ni zerleg humuus shig yavdag
Setgtsiin uvchtei bol dairch alj boloh yum yumuu arai l yumaa neereee